| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2022/02442/И |
| Дугаар | 102/ШШ2022/04443 |
| Огноо | 2022-12-15 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2022/04443
| 2022 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2022/04443 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо тоотод оршин суух Х овогт А Д /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 18 дугаар хороолол тоотод оршин суух А овогт Ж Ж /РД: /
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо тоотод оршин суух Ж овогт Н А /РД: /
10,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагч Н.А, хариуцагчийн өмгөөлөгч З.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа
Хариуцагч Ж.Жд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйтул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Днь хариуцагч Ж.Ж, Н.А нарт холбогдуулан 10,150,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хариуцагч Ж.Жтай харилцан тохиролцож, *УБГ улсын дугаартай тоёота харриер маркийн автомашиныг хоногийн 120,000 төгрөгөөр 4 хоног хот дотор унах нөхцөлтэй түрээслэхээр болсон ба гэрээ байгуулах болоход дүү Н.Аийг явуулъя гэсэн. Үүний дагуу 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Автомашин түрээслэх” гэрээг Н.Атай байгуулж, уг гэрээний дагуу *УБГ улсын дугаартай тоёота харриер маркийн автомашиныг Н.Ат хүлээлгэн өгсөн.
1.2. Хариуцагч Ж.Ж нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж автомашиныг орон нутаг руу унаж явсан байсан ба 2021 оны 6 дугаар сарын 19-ний шөнө зам тээврийн осол гаргаж, автомашинд хохирол учруулсан.
1.3. Дээрх ослын улмаас автомашинд учирсан хохирол болох сэлбэг хэрэгсэл худалдан авсан төлбөр 1,830,000 төгрөг, вьетнам засварын газарт засвар үйлчилгээ хийлгэсэн 3,700,000, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2,800,000 төгрөг, алданги 1,316,000 төгрөг, оношилгоо болон мотор цэвэрлүүлсэн төлбөр 234,000 төгрөг, салхины шилний үнэ 220,000 төгрөг, ражаторын таг болон антиперезир үнэ 30,000 төгрөг нийт 10,150,000 төгрөгийг шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч Н.А нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.2. Дээрх автомашинтай холбоотой хохирол төлбөрийг Ж.Ж төлөхөөр болж тохиролцсон гэж А.Д надад хэлж байсан. Мөн Ж.Ж нь надтай ярихдаа “энэ төлбөрийг нь төлнө гээд хэлчихсэн, санаа зоволтгүй, чамайг ямар нэгэн асуудалд оруулахгүй” гэж хэлж байсан.
2.4. Энэ асуудал надад хамаагүй бөгөөд гэрээн дээр гарын үсэг байгаа учраас ямар ч байсан чамайг хариуцагчаар оруулж байна гэж нэхэмжлэгч өөрөө хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч Ж.Ж нь хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд түүний өмгөөлөгч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байна. Үүнд:
3.1. Хэрэгт авагдсан бичгээр байгуулагдсан гэрээг Ж.Жтай байгуулаагүй байдаг.
3.2. Ж.Жгийн хувьд осол болсон талаар маргадаггүй ба харин төлбөрийн хувьд хохирол, төлбөртэй холбоотой баримтууд нь санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй, эргэлзээтэй байна. Жнь: сэлбэг хэрэгсэл худалдсан байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй, ямар засвар үйлчилгээ хийлгэсэн, яаж зассан талаар баримт байхгүй, нотлогдохгүй байна.
3.3. Нэхэмжлэгч нь машин түрээсэлж орлого олж амьдардаг байдлаа нотлоогүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэж байна.
3.4. Зам тээврийн осол гарч түрээсийн харилцаа цааш үргэлжлэх боломжгүй болсон учраас түрээсийн төлбөр авах үндэслэлтэй эсэх, үүнээс алданги тооцох ёстой эсэх асуудал яригдана. Иймд түрээсийн төлбөр болон алдангийг төлөх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Автомашин түрээслэх гэрээ, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрэл зургууд, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Ж.Жгийн бичсэн гэх баталгааны бичиг, зарлагын баримтууд, засварын даалгавар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/00563 дугаартай шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2022/06541 дугаартайзахирамж, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 26ж2-3/2216 дугаартай албан тоот, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 5-12, 14-19, 40-41 дугаар тал/
5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн гэх D хаягаас хариуцагч Ж.Жгийн гэх E гэх хаягт харилцаж байсан instagram чатад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна. /ХХ-ийн 56-86, 118-127 дугаар тал/
6. Хариуцагч талын хүсэлтээр 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Ж.Жгийн гэх E хаягаас хариуцагч Н.Аийн гэх m хаягаар харилцаж байсан instagram чатад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Автомашин түрээслэх” гэрээ байгуулж, гэрээний дагуу * УБГ улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашиныг хариуцагчид хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Хариуцагч Ж.Ж нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашиныг Хөвсгөл аймаг руу унаж явахдаа Төв аймгийн Заамар суманд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасан. Иймд ослын улмаас автомашинд учирсан хохирол болох сэлбэг хэрэгсэл, оношлогоо болон бусад зардал, засвар хийлгэсэн төлбөр, түрээсийн төлбөрийн үлдэгдэл, алданги нийт 10,150,000 төгрөгийг шаардаж байна
3. Хариуцагч Н.А нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Ж.Жгийн хүсэлтээр А.Даас автомашиныг авч, Ж.Жд өгсөн, автомашины холбоотой хохирол төлбөрийг Ж.Ж төлөхөөр болж тохиролцсон гэсэн, энэ асуудал надад хамаагүй гэжээ.
4. Хариуцагч Ж.Жгийн өмгөөлөгч дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд: Гэрээг Ж.Жтай байгуулаагүй, Ж.Жгийн хувьд осол болсон талаар маргадаггүй, харин төлбөрийн хувьд хохирол, төлбөртэй холбоотой баримтууд нь санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй, эргэлзээтэй байна. Мөн нэхэмжлэгч нь машин түрээсэлж орлого олж амьдардаг байдлаа нотлоогүй. Зам тээврийн осол гарч түрээсийн харилцаа цааш үргэлжлэх боломжгүй болсон учраас түрээсийн төлбөр, алданги авах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. А.Д, Н.А нар 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Автомашин түрээслэх гэрээ”-г бичгээр хийсэн байх ба уг гэрээгээр Н.А нь А.Дын өмчлөлийн *УБГ улсын дугаартай тоёота харриер маркийн автомашиныг хот дотор унах зориулалтаар 96 цагийн хугацаагаар эзэмшиж, ашиглах, 1 хоногийн төлбөрт 120,000 төгрөг төлөхөөр тохиролцож, мөн өдөр автомашиныг Н.А хүлээн авч, хариуцагч Ж.Жд шилжүүлжээ. Дээрх гэрээний гол нөхцөлийн талаарх тохиролцоог А.Д, Ж.Ж нар хийж, Ж.Жгийн хүсэлтээр гэрээг Н.А өөрийн нэрийн өмнөөс байгуулж, гарын үсэг зурсан үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй.
Дээрх гэрээний агуулга, шинж, гол нөхцөл, талуудын эрх, үүргээс дүгнэвэл Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” гэж заасан ба энэхүү санал буюу нэг талын гаргасан хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж гэрээ байгуулагдсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл гэрээ нь 2 буюу түүнээс дээш этгээдийн харилцан нийцсэн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдана.
2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний оролцогчоор Ж.Жг тодорхойлоогүй, түүний нэрийн өмнөөс гэрээг байгуулаагүй, Н.А өөрийн нэрийн өмнөөс гэрээг байгуулж, гарын үсэг зурсан байна. Энэ нь гэрээний нэг талыг Н.Аийг гэж үзэх үндэслэл болохгүй юм. Учир нь:
Эд хөрөнгө хөлслөх гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлагыг хуульд заагаагүй, харин гэрээний талууд хүсвэл бичгээр хийж болох ба тухайн гэрээний гол нөхцөлийн талаар амаар харилцан тохиролцсон бол уг гэрээг хийсэн гэж үздэг. Энэ талаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ” гэжээ. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний гол нөхцөл нь “хөлслөх эд хөрөнгө, хөлсний хэмжээ” байхыг заасан. Иймд А.Д, Ж.Ж нар нь эд хөрөнгө хөлслөх гэрээний гол нөхцөлийн талаар амаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан байна. Иймд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар А.Д, Ж.Ж нарын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно”, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно” гэж заажээ. Энэ журмаар төлөөлөл хэрэгжүүлэх тохиолдолд Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж заасан үр дагавар бий болно. Өөрөөр хэлбэл дээрх журмын дагуу гэрээг Ж.Жгийн нэрийн өмнөөс байгуулсанаар тухайн гэрээний эрх, үүрэг нь Ж.Жд бий болно гэж ойлгоно. Энэхүү журмаар гэрээг байгуулаагүй боловч А.Д, Ж.Ж нарын хооронд амаар байгуулагдсан гэрээг бичгээр баримтжуулж, гэрээнд Н.А гарын үсэг зурсаныг тухайн гэрээний эрх, үүрэг Н.Ат үүссэн гэж үзэхгүй.
Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч нь *УБГ улсын дугаартай тоёота харриер маркийн автомашиныг Ж.Жгийн хүсэлтээр Н.Ат шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар зохигч маргаагүй. Иймд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.” гэж зааснаар нэхэмжлэгчийг үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж үзнэ.
Дээрх гэрээгээр Ж.Ж нь автомашиныг 96 цаг буюу 4 хоног эзэмшиж, ашиглахаар тохирсон байх ба энэ хугацаа дууссанаар Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болж, автомашиныг буцаан өгөх үүрэгтэй. Энэхүү үүргээ хөлслөгч биелүүлэлгүй автомашиныг ашиглаж байхдаа 2021 оны 6 дугаар сарын 19-ний шөнө зам тээврийн осол гаргаж, автомашинд эвдрэл, гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна. Уг ослын талаар нэхэмжлэгч нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн гэх ба автомашиныг ашигласан хугацааны хөлсийг 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд төлөхөөр Ж.Жтай тохиролцсон гэж тайлбарласан, уг тайлбарыг хариуцагч тал эсэргүүцээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар хөлс төлөх хугацааны талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг Ж.Жг зөвшөөрсөн гэж үзэв. Мөн Ж.Ж нь 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд “түрээс” гэсэн утгаар 1,200,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ. Хөлс төлөх талаарх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт “Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй” гэж заасантай нийцэж байна. Иймд 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 24 хоногийн хугацаанд эд хөрөнгө ашигласны хөлсөнд 2,880,000 төгрөг төлөх үүргийг хөлслөгч хүлээжээ.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5 дахь хэсэгт зааснаар хөлслөгч нь гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хөрөнгийг эвдэж гэмтээсэн, устаж үгүй болсон нь хөлслөгчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэлтэй холбоотой бол Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгах үүрэгтэй байна.
Гэрээний зүйл болох автомашинд учирсан эвдрэл, гэмтэл хөлслөгчийн буруутай үйлдлийн улмаас бий болсон нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар маргаагүй. Харин автомашинд учирсан хохиролд холбогдох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эргэлзээтэй гэж маргажээ.
Нэхэмжлэгч нь автомашины солих эд анги, сэлбэг хэрэгсэл худалдан авсан зардал 1,830,000 төгрөг, шилэн дээврийн үнэ 220,000 төгрөг, вьетнам засварын газраар засварлуулах зардал 3,700,000 төгрөг, оношлогоо хийлгэж мотор цэвэрлүүлсэн 234,500 төгрөг, үүнтэй холбоотой ражаторын таг авсан 20,000 төгрөг, антиперезир үнэ 30,000 төгрөг нийт 6,034,500 төгрөгийн зардал гарсан болохыг хөлслөгчид мэдэгдэж байсан, уг үнийн дүнг эсэргүүцээгүй болох нь тэдний инстаграм чатаар харилцсан зурвасуудаар тогтоогдож байна. /ХХ-ийн дугаар тал/
Иймд дээрх нотлох баримт нь тухайн үед хариуцагчийг нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлын хэмжээг мэдсэн, түүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Мөн нэхэмжлэгчийн данснаас шаардаж буй мөнгө /зардал/ нь үнийн дүн тус бүрээр зарлагаар гарсан байх ба ийм хэмжээний бодит хохирол автомашинд учраагүй болохыг хариуцагч баримтаар нотлоогүй болно. Өөрөөр хэлбэл хариуцагч нь гэм буруугийн асуудлаар маргаагүй, учирсан хохирлын хэмжээнд маргаж байгаа бол нэхэмжлэгчийн шаардаж буй хэмжээгээр автомашинд хохирол учраагүй болохыг нотлох үүрэг хүлээнэ. Энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй, ямар нэг баримт гаргаж өгөөгүй, хуульд заасан хугацаанд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь автомашинд учирсан хохиролд 6,034,500 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэв. Үүнээс нэхэмжлэгч нь 6,034,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг автомашиныг буцаан хүлээлгэж өгөөгүй, өөрөө олж аван засварын газраар засваруулж авсан гэх ба тухайн хугацааг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тодорхойлж, энэ хугацааны олох байсан орлогыг нэг хоногийн 100,000 төгрөгөөр тооцохоор Ж.Жтай тохирсон гэжээ. Уг тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар дээрх тайлбарыг хариуцагч зөвшөөрсөн гэж үзэв. Энэхүү хохирол нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5 дахь хэсэгт зааснаар хөлслөгч нь эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой байна. Иймд хариуцагчийг автомашиныг бүрэн бүтэн буцааж өгөх хугацааг 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хожимдуулсан буюу хойшлуулсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ хугацаанд учирсан хохирлыг Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт “Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй” гэж зааснаар шаардах эрхтэй. Хариуцагч нь гэрээгээр эд хөрөнгө ашигласны нэг хоногийн хөлсийг 120,000 төгрөгөөр тохиролцсон ба үүнийг нэхэмжлэгч багасгаж хохирлыг тодорхойлсон нь дээрх зохицуулалтад нийцнэ. Иймд Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 28 хоногийн 2,800,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь гэрээний үүрэгт 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 430,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 1,200,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл “Ж.Ж” гэсэн утгаар 2,400,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “ачилга” гэсэн утгаар 300,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлжээ. Үүнээс 300,000 төгрөгийг хариуцагчийн хүлээсэн гэрээний үүрэг болон хохирлоос хасч тооцох үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн төлсөн 4,030,000 төгрөгийг түүний төлбөл зохих хөлс, хохирол болох нийт 11,714,000 /2,880,000 + 6,034,000 + 2,800,000/ төгрөгөөс хасч 7,684,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг хүлээсэн үүргээ хууль болон гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож хуульд заасан хэмжээнээс хэтрүүлэлгүй гэрээгээр тогтоосон хэмжээгээр төлнө. Талуудын гэрээгээр тогтоосон алдангийн хэмжээ нь алдангийн агуулгад нийцэхгүй, мөн гэрээний үндсэн үүргийг хэдий хугацаанд гүйцэтгэхээр тохирсон нь тодорхойгүй байх тул алданги шаардах эрхгүй байна. Иймд хариуцагчаас 7,684,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 2,466,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6, 295 дугаар зүйлийн 295.4, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж Жгаас 7,684,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А Дт олгож, нэхэмжлэлээс 2,466,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Н.Ат холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,300 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Жгаас улсын тэмдэгтийн хураамжид 137,894 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Дт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА