Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1287

 

 

 

 

 

 

 

 

 

П.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/01265 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч П.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Г-д холбогдох

 

88 580 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч П.О-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч С.Г-тай 2014 онд танил болсон, тэгээд С.Г нь надад Засгийн газраас хэрэгжүүлж байгаа жижиг дунд үйлдвэрийн сангаас 1 тэрбум төгрөгийн зээл авах гэж байгаа зээл бараг бүтсэн харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр төлбөр болон бусад зээлүүдээ барагдуулах юм бол зээл гарлаа. ЖДҮ сангаас зээл авахад мөнгө хэрэгтэй надад 1 тэр бум төгрөгийн зээл гартал мөнгө зээлүүлээч гэж удаа дараа гуйдаг байсан. Шанд нь 1 тэрбум төгрөгийн зээл бүтэхээр 10 000 000 төгрөг шагнал болгож, 150 000 000 төгрөгийг 0,7 хувийн хүүтэй зээлдүүлнэ гэж хэлж байсан. Ингээд түүнд итгээд өөрт байсан мөнгө, таньдаг найзуудаасаа мөн мөнгө зээлдэг хувь хүнээс 10% хүүтэй зээл, банк болон банк бус санхүүгийн байгууллагад өөрийн болон ойр дотны хүмүүсийн эд хөрөнгийг хүртэл барьцаанд тавиад мөнгө зээлж авч С.Г-д мөнгө өгсөн. Зээлийн эргэн төлөлт хийх болоход С.Г- надад мөнгө байхгүй байна чи аргалаад төлчих зээл гарахаар бүгдийг нь төлнө гэж хэлдэг байсан. Ингээд зээл гарахаар бүх мөнгөө авна гэж бодоод түүнд 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1 500 000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 9-ний өдөр 5 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 4-ний өдөр 1 920 000 төгрөг, 9 дүгээр сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 15-ны өдөр 8 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 26-ны өдөр 8 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 31-ний өдөр 2 500 000 төгрөг, 10 дугаар сарын 3-ны өдөр 2 000 000 төгрөг, 12 дугаар сарын 17-ны өдөр 3 700 000 төгрөг, 12 дугаар сарын 24-ний өдөр 7 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 5 000 000 төгрөг, мөн оны 2 дугаар сарын 4-ний өдөр 7 700 000 төгрөг, 3 дугаар сарын 31-ний өдөр 4 940 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 700 000 төгрөг нийт 60 980 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу бэлнээр болон дансаар шилжүүлсэн. Мөн П.О- С.Г- нар орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны урьдчилгаа төлбөр 27 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь өөрийн Хаан банкны 5077186422 данснаас С.Гүлдарийн Хаан банкны 5006015710 дансанд 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр шилжүүлсэн. Энэ мөнгийг хариуцагч нь өнөөг хүртэл буцааж өгөөгүй. ... хариуцагч С.Г- нь 2015 оны 4 дугаар сарын 24-ний өдөр над руу утсаар яриад надад 600 000 төгрөг хэрэг болоод байна, маргааш буцаагаад төлнө зээлчих гэсэн. Ингээд энэ өдөр өөрийн Хаан банкны данснаас С.Гүлдарийн Хаан банкны төгрөгийн 5006015710 дансанд 600 000 төгрөг шилжүүлсэн. Эдгээр шилжүүлсэн мөнгөнүүдийг хариуцагчаас буцаан төлөхийг шаарддаг боловч төлнө гэсээр өнөөг хүрсэн. Иймд хариуцагч С.Гүлдариас зээлийн гэрээний үүрэг 61 580 000 төгрөг, худалдах худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 27 000 000 төгрөг нийт 88 580 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь нийт 16 340 000 төгрөг төлсөн нь тогтоогдож байх тул үүнийг нэхэмжлэлээс хасч тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч С.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хавтаст хэрэгт авагдсан банкны дансны хуулгаас харахад нэхэмжлэгч П.О-ас миний дансанд 23 120 000 төгрөг дансаар шилжиж орж ирсэн. 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1 500 000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 9-ний өдөр 5 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 4-ний өдөр 1 920 000 төгрөг, 9 дүгээр сарын 3-ны өдөр 3 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 15-ны өдөр 8 000 000 төгрөг, 2015 оны 11 сарын 5-ны өдөр 600 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 700 000 төгрөг тус тус нэхэмжлэгчээс зээлж авсан нь үнэн. Үүнээс гадна орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн 27 000 000 төгрөг нийт 50 120 000 төгрөг миний дансанд шилжиж орсон нь үнэн. Гэхдээ эдгээр авсан мөнгөнүүдийг нэхэмжлэгчид өөрт нь болон түүний өмнөөс зээл, татвар, хураамж байдлаар бусдад төлбөр төлөх замаар нэхэмжлэгчид буцаан төлсөн.

Тухайлбал, нэхэмжлэгчийн эзэмшлийн банкны дансанд 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 10 100 000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөг, 10 дугаар сарын 24-ний өдөр 50 000 төгрөг, 12 дугаар сарын 18-ны өдөр 2 400 000 төгрөг, 12 дугаар сарын 26, 28-ны өдөр тус бүр 290 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 170 000 төгрөг, 5 дугаар сарын 1-ний өдөр 980 000 төгрөг, мөн өдөр 215 000 төгрөг, 800 000 төгрөг, 5 дугаар сарын 5-ны өдөр 300 000 төгрөг, 5 дугаар сарын 21-ний өдөр 80 000 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 60 000 төгрөг, 5 дугаар сарын 21-ний өдөр 80 000 төгрөг тус тус шилжүүлсэн. “Марико” ББСБ-д нэхэмжлэгчийн өмнөөс 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 310 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр 620 000 төгрөг, 9 дүгээр сарын 15-ны өдөр 540 000 төгрөг, 11 дүгээр сарын 18-ны өдөр 130 000 төгрөгийн зээлийг тус тус төлсөн. Нэхэмжлэгчийн өмнөөс 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс Б.Баасандоржид бэлнээр өгсөн. Мөн нэхэмжлэгч П.О-ын өмнөөс Төрийн банкинд 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 360 000 төгрөг, 1 дүгээр сарын 26-ны өдөр 200 000 төгрөг, 2 дугаар сарын 5-ны өдөр 120 000 төгрөгийн зээл төлсөн. Орон сууцны урьдчилгаанд авсан 27 000 000 төгрөгийн хувьд миний бие Ариг банкны зээл чөлөөлүүлсэн гэрээтэй холбоотой Баасандоржид 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нийт 18 000 000 төгрөг өгсөн ба 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид өөрт нь 5 000 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт 11 463 475 төгрөг тус тус өгсөн тул орон сууцны урьдчилгаанд тооцож авсан мөнгийг буцаан өгсөн гэж үзнэ.     

Миний бие нэхэмжлэгчид зөвхөн дансаар 38 595 000 төгрөгийг шилжүүлж, 34 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс зээл төлсөн байна. Харин 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зээлсэн 700 000 төгрөгөөс 200 000 төгрөгийг нь төлсөн, үлдэх хэсгийг төлөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Гүлдариас 31 380 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 57 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нийт 774,450 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 173 600 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Гүлдариас улсын тэмдэгтийн хураамж 314 850 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч П.О-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч С.Г- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээ гэж үзэн үүрэг 4 380 000 төгрөг, орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 27 000 000 төгрөг нийт 31 380 000 төгрөгийн хангаж шийдвэрлэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. П.О- бид хоёрын шийдвэрт дурдагдсан дээрх данснаас гадна хавтаст хэрэгт авагдсан С.Г- миний Голомт банкны 1715007822 данс болон мөн төлбөрийн баримтууд, гэрээгээр П.О-ын бусдад төлөх өр төлбөрийг төлсөн баримтууд байгаа бөгөөд дээрх баримтуудаас шинжлэн судлахад С.Г- би нийт 83 058 475 төгрөгийг төлсөн болох нь нотлогдож байна. Иймд дээрх шүүхээс нэхэмжлэгчид төлүүлэхээр шийдвэрлэсэн 4 380 000 төгрөгийг төлөх нь үндэслэлгүй байна.

Шүүх шийдвэртээ орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 27 000 000 сая төгрөгийг үндэслэлийг гаргахдаа С.Гүлдарийн өмчлөлийн Хан-уул дүүрэг 1 дүгээр хороо үйлдвэр /17041/хд 40 байр 10 тоот гурван өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 27 000 000 сая төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна мөн дээрх орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлд шилжээгүй болох нь баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэн дээрх урьдчилгаа 27 000 000 төгрөгийг эргүүлэн төлөх нь зөв гэж шийдвэрлэсэн байна. Энэ нь ямар ч үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч П.О- болон С.Г- бидний хооронд 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр “Орон сууц худалдах худалдан авах” баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн дүгнээгүй гэх үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дэх хэсэгт энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн; мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын сарын 15-ны өдрийн дугаар 184/ШШ2019/01265 шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч П.О- хариуцагч С.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 61 580 000 төгрөг, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 88 580 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 500 000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрөн маргажээ.

 

            Нэхэмжлэгч П.О- нь хариуцагч С.Г-д 23 120 000 төгрөг шилжүүлсэн үйл баримтад маргаагүй байна.            

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд зээлдэгч С.Г- гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул зээлдүүлэгч П.О- гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хаан банк дахь нэхэмжлэгч П.О-ын 5077186422 тоот, хариуцагч С.Гүлдарийн 5006015710 тоот харилцах дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч П.О-ас хариуцагчид 20 720 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн, С.Гүлдарийн 5006015710 тоот данснаас 16 340 000 төгрөг нэхэмжлэгч П.О-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байна.

 

            Мөн хэрэгт Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч С.Гүлдарийн “Баталгаа гаргах тухай” баримт, нэхэмжлэгч П.О-, хариуцагч С.Г- нарын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Эвлэрлийн гэрээ” зэрэг бичгийн баримтуудаар авагджээ.

 /хх 91, 172 дугаар тал/

 

            Шүүх, талуудын тайлбар, дансны хуулга болон бусад бичгийн баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч С.Г- 4 380 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ“ ... орон сууцны урьдчилгаа төлбөрт 27 000 000 төгрөг шилжүүлж авсан, гэхдээ энэ мөнгийг Баасандоржид 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 18 000 000 төгрөг төлснөөр буцаан төлсөн“ гэж тайлбарлажээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” байгуулсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч П.О-ас хариуцагч С.Г-д 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 27 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хх 33 дугаар тал/

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” бөгөөд хариуцагч С.Г- нь байрны урьдчилгаа төлбөрийг буцаан төлсөн гэсэн тайлбараа нотолсон, нэхэмжлэгчийн тайлбарыг няцаасан нотлох баримтыг шүүхэд гаргаагүй уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

            Талуудын хооронд хийгдсэн дээрх гэрээ нь биелэгдээгүй байх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээний харилцаа цуцлагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заалттай нийцсэн, шүүх худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 27 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн        167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/01265 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                      ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО