Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/246

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар П.Ундрах

Улсын яллагч П.Итгэл

Шүүгдэгч Г.Т-г оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т-д холбогдох эрүүгийн 1738000000010 тоот хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Т-,

Шүүгдэгч Г.Т- нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоотод өөрийн бэр Г.Ц-тай маргалдаж улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Г.Т- нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоотод өөрийн бэр Г.Ц-тай маргалдаж улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч Г.Ц-гийн: 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр орой 19 цагийн үед би гэртээ дүү Б-, 2 хүүхэд, аав Г.Т-тэй цуг гэртээ байж байгаад байгаад хадам аавтай хэрэлдээд хадам аавыгаа танайхан гуйлгачин, та дандаа архи ууж байхын гэж хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон чинь манай хадам аав Г.Т- гэрээс гараад явсан. Тэгээд 30 минутын дараа хадам аав хашааны гадаа ирээд хашааны хаалга нүдээд байхаар нь хаалга онгойлгож өгөөгүй та цаашаа зайл, чиний гэр гэж энд байхгүй гэж хэлээд би гэртээ орсон. Хадам аав хашааны хаалга нүдээд л байсан. Тэгээд хашааны хаалга онгойлгож өгөөд хадам аавыг жаал харааж загнаж байсан хадам аав уурлаад махан дээр тавьсан байсан хутга бариад авахаар нь хутгыг нь авах гэж ноцолдож байгаад өөрийнхөө хэвлийн тус газар хутганд өртсөн. Тухайн үед хадам согтуу байсан. Гэхдээ хутга барьж авсан ч гэсэн намайг хутгалах гэж дайраагүй би хутгатай ноцолдож байгаад барьж авсан цагаан өнгөтэй тонгорогонд өртсөн гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,

Гэрч Ө.Ц-н: 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ байж байтал барагцаагаар 17 цагийн үед гаднаас манай 2 хүүхэд орж ирээд А- ахын эхнэр нь аав, ээж 2-ынхоо нэгийг нь дуудчихаач гэнээ гэхээр нь яасан юм болдоо гээд хашаанаас гараад Г.Т- ахын хашааны үүдэнд очсон чинь хашааны үүдэн дээр Г.Т- ах согтуу сууж байсан. Тэгэхээр нь яав, юу болов гэсэн чинь Г.Т- ах ахыг нь оруулахгүй байна, хашааны хаалга түгжчихлээ гэхээр нь би хашааны хаалгыг нүдээд байтал Г.Ц-гийн дүү нь гарч ирээд хаалгаа онгойлгож өгөхөөр нь Г.Т- ахыг орж унт гээд дагуулаад орсон. Тэгтэл Г.Ц- гэдэг хүүхэн Г.Т- ахыг балай өвгөн минь зайл, чиний гэр орон гэж байхгүй гэсэн чинь Г.Т- ах чи муу миний хүүхдийн гэр оронд байгаа биздээ миний хүү чамайг тэжээж байгаа биздээ гэсэн чинь Г.Ц- нь чам шиг юманд хүүхэд гэж юу байдаг юм. Чиний хүүхэд биш гэсэн биздээ гээд хэрэлдээд дайраад байсан. Ингэж байхдаа Г.Т- ах гэрийн зүүн талын орон дээр суусан чинь Г.Ц- нь чи гараач гээд татаж чангаагаад, зууралдаад чирж гулдраад байхаар нь Г.Т- чи миний хүүхдийг байхгүйд энэ орон дээр таксины жолооч авч ирж унтаа биздээ гэсэн чинь Г.Ц- уурлаад чи юу гээд байгаа юм гэж дайраад Г.Т-г орон дээр түлхээд унагаасан, Г.Т- ах орон дээр унаад босоод ирэхээр нь дахиад түлхээд унагаагаад дайрч байх шиг харагдсан. Тэгтэл гэнэт Г.Ц- нь намайг хутгалчихлаа гэхээр нь гайхаад харсан чинь Г.Т-гийн гарт нь хутга байсан. Тэгтэл Г.Т- ах шууд гараад явчихаар нь би араас нь очоод та чинь яаж байгаа юм бэ хутгаа нааш нь өг, хүний хүүхэд аллаа ш дээ гэсэн чинь Г.Т- ах би ахин дахиж зодуулж байж чадахгүй. Би очдог газраа очъё гээд яваад өгсөн. Тэгэхээр нь би гэрт эргэж ороод Г.Ц-г аваад эмнэлэг явсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

Гэрч Н.Б-н: Би энэ өдөр ээлжинд гарч байсан. Энэ өдрийн орой 19 цаг 45 минутанд манай эмнэлгийн хүлээн авах дээр 2 эмэгтэй хүн ирсэн. Тэр 2-ын нэгийг нь Г.Ц- гэдэг ба тэр эмэгтэй нь хэвлийдээ хутгалуулсан байдалтай байсан. Би тэр хүнийг үзэхэд артерийн даралт 110, зүрхний цохилт, 73-тай хүчилтөрөгчийн хангамж 95 хувьтай халуун 36.2-той амьсгал 19-тэй байсан. Би энэ хүнийг шууд тухайн өдрийн мэс заслын эмчид үзүүлээд ЭХО, рентгенд харуулаад эмийн эмчилгээ хийгээд тухайн өдрөө 21 цаг 15 минутанд эмнэлэгт хэвтсэн юм. Тухайн эмэгтэй болон хамт ирсэн гэх эмэгтэй нь хадам аавдаа хутгалуулсан гэж ярьсан гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 458 дугаартай:

- Г.Ц-гийн биед хэвлийн баруун доод хэсэгт хэвлийн хөндий нэвтэрсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгах, зүсэх үйлчлэлээр үүсгэгднэ.

- Г.Ц-гийн биед учирсан гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

- Цаашид энийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 24-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон субьектив санаа зорилгын хувьд шууд санаатай бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас түүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Ц-, гэрч Ө.Ц- /хх-ийн 18-р тал/, яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан байх тул зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цагаан өнгийн эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгсөд даалгалаа.

Шүүгдэгч Г.Т- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 3 8-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн 1738000000013 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.7.3.3, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигин овогт Гомбосүрэнгийн ТүмэнӨлзийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Г.Т-г хохирогчын зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цагаан өнгийн эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.АРИУНЖАРГАЛ