Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/525

 

 

 

 

 

 

   2021             5              25                                       2021/ДШМ/525

 

 

   Д.Г-эд холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Серикжан,

шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Т.Мөнхтуяа,

хохирогч Г.Б-гийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-, түүний өмгөөлөгч Б.Отгонтуяа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Х.Даваахүү, хохирогч Г.Б-гийн хууль ёсны төлөөлөгч Г.Г- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Г-эд холбогдох эрүүгийн 2003003420262 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Харгана овгийн Дэжидмаагийн Г-, 19.... оны .. дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ..............мэргэжилтэй, “..............” сонины эрхлэгч ажилтай, ам бүл ............ хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............./;

Д.Г- нь 2020 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 цаг 16 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Кувейтийн ам салдаг уулзвараас зүүн хойш “Хаан банк”-ны амралтын газрын харалдаа замд “Toyota land cruiser 200” маркийн 88-14 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч 52 настай Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, 35 настай Г.Б-, 34 настай Д.Д- нарын амь нас хохирсон автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Г-ийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.Г-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, Д.Г-ийн В ангиллын 435243 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ээс 16.498.066 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-д, 13.957.701 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-ид тус тус нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Д.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Д.Г-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... би шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас болж нөхрөө алдаж, 1-15 насны 4 хүүхдийн хамт өнчирч үлдсэн. Би энэ гэмт хэргийн улмаас өөрт болон үр хүүхдүүдэд маань учирсан хохирлоо нэхэмжилж, гэм буруутай этгээдээс гаргуулж өгөхийг хүсэж шүүхэд иргэний нэхэмжлэл гаргасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний гаргасан иргэний нэхэмжлэлээс аль хэсгийг хангасан эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, миний бие Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу гэм хор учруулсан төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар иргэний нэхэмжлэл гаргасан боловч шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ талаар гаргасан иргэний нэхэмжлэлийн шаардлагыг шийтгэх тогтоолдоо огт дурьдаагүй ба мөн хэрхэн шийдвэрлэсэн болон үүнтэй холбоотой гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлсэн эсэх талаар эргэлзээтэй байдлаар хэргийг шийдвэрлэсэн. Би Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т заасны дагуу гэм буруутай этгээдээс гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй гэж өөрийгөө үзэж байгаа. Тухайн осол болох үед манай нөхөр талийгаач Г.Б- нь tv4 телевизэд сэтгүүлчээр ажилладаг байсан болох нь тухайн байгууллагын тодорхойлолтоор, хэдэн төгрөгийн цалин авдаг байсан болох нь цалингийн тодорхойлолт, “Хаан банк”-ны хуулга, гэрч Н.А-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогддог. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасаж” тооцно гэж заасан. Гэтэл шүүх дээрхи иргэний нэхэмжлэлийн асуудлыг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжтой байтал орхигдуулсан явдал нь шүүх хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Мөн шүүх иргэний нэхэмжлэлийг хангасан болон хангаагүй талаараа тодорхой нэг бүрчлэн зааж өгөх ёстой байсан байх. Гэтэл энэ талаараа огт дурьдалгүй тоймлосон байдлаар миний гаргасан иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш их хохирсон. Цаашид ч гэсэн цаг хугацааны хувьд хохирч үлдмээргүй байна. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгчийг анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцох хүртэл тэрээр өөрийгөө тухайн гэмт хэрэгт гэм буруугүй гэж үзсээр байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай илрүүлж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон, шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд энэ хуулийн зорилго нь оршино гэж заасан. Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахиж ажиллах ёстой. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас манай нөхөр амь насаа алдсан. Хэдийгээр энэ гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг боловч манай нөхрийн амьд явах эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа үйлдэл юм. Манай нөхрийн амьд явах эрхийг үгүй хийснээр миний болон хүүхдүүдийн маань ч эрхэнд бүдүүлгээр халдаж, тодорхой эрхүүдийг байхгүй болгосон. Хүүхдүүд маань аавгүй, би хань ижилгүй амьдарч байна. Бидний ажил хөдөлмөр эрхлэх эрх хязгаарлагдаж, хүүхдүүд маань насан туршдаа сэтгэлийн зовнил, өнчрөл хагацлыг үзэж байна. Ийм зүйл болоогүй байсан бол манай гэр бүл элэг бүтэн, аз жаргалтай амьдрах байсан. Гэтэл бидний амьдралаас дээрх бүгдийг авч, ийм байдал учруулсандаа шүүгдэгч огт гэмшдэггүй. Эрүүгийн хариуцлага нь өөрөө гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой гэж би үздэг. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний гаргасан иргэний нэхэмжлэлийн шаардлага болох Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан гэм буруутай этгээдээс гэм хор учруулсны төлбөрийг гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч нь анхан шатны шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нараас нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулан бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаагаа илэрхийлсээр байсан. Тэрээр анх удаа тохиолдлын шинжтэй санамсар болгоомжгүйгээр тухайн хэргийг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хувийн байдлын хувьд шударга ёс тогтоохын төлөө уран бүтээл, эрхлэн гаргадаг сониноор дамжуулан дуу хоолойгоо хүргэж явсан тэргүүний сэхээтэн, яруу найрагч билээ. Иймд шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт заасан 3 жил 3 сарын хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жилийн хорих ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-ын өмгөөлөгч Б.Отгонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өөрийн үйлчлүүлэгчийн өмнөөс нь давж заалдах гомдлыг тайлбарлаж байна. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шийтгэх тогтоолд тусгаагүй. Хохирогч нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутай этгээдээс хохирлыг нэхэмжилсэн. Үүнийг анхан шатны шүүх шийдвэрлээгүй нь үндэслэлгүй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч үзэж байна. Өмгөөлөгчийн хөлсийг анхан шатны шүүх гаргаагүй. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид эд хөрөнгийн болон гэм хорын хохирол учирсан. Иймд өмгөөллийн хөлсийг Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасны дагуу гаргах үндэслэлтэй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч үзэж байна. Тухайн осол гарснаас хойш 3 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй тул олох ёстой байсан орлого болох 3.150.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг мөн адил иргэний хуульд заасны дагуу эд хөрөнгийн хохирол гэж үзэж нэхэмжилсэн. Иймд эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанаар гэм буруутай болохыг нь тогтоох хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар хорих ялаас доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү гэснийг хүлээн зөвшөөрдөггүй. ...” гэв.

Шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Х.Даваахүүгийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Өмгөөлөгчийн хөлсний тухайд бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн зохицуулалт нь арай өөр зохицуулалт байдаг. Төрийн байгууллагын ажилтны буруутай үйлдлээс болж учирсан хохирлыг төлөхөөр зохицуулсан зохицуулалт байдаг. Иймд өмгөөлөгчийн хөлсийг гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр төлбөл зохих хохирол төлбөрийг төлж барагдуулсан хууль ёсны хохирогч нарт бүхий л баримтын хүрээнд хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч тал хэдийгээр төлөх үндэслэлгүй хэдий ч 21 хоногийн баримт бүрдүүлж ирсэн тул төлж барагдуулсан. Шийтгэх тогтоолд баримтаа бүрдүүлж иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш 4 сарын хугацаанд энд хоригдож байна. Энэ хугацаанд 24 цагийн турш хаалттай хорих ангид цоожтой байсан хэрнээ Соvid-19 өвчин туссан. Одоо болтол амтлах үнэрлэх мэдрэмж байхгүй болсон. Иймд нэн яаралтай шийдвэрээ гаргаж, намайг нээлттэй хорих анги руу явуулж өгнө үү. Шүүх ямар ч шийдвэр гаргасан бай магадлалаа хурдан гаргаж өгнө үү. Эрх чөлөөтэй байхад нэг л мэдэхэд өдөр болж нэг мэдэхэд орой болдог байсан. Харин энд бол минут бүр үнэтэй байна. ...” гэв.

Прокурор Т.Серикжан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Г-ийг гэм буруутайд тооцох хүртэл шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Мөн шүүгдэгч өмнө нь ял шийтгүүлж байсан. Гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг шүүхийн шатанд төлж барагдуулсан хэдий ч хор уршгийн шинж чанар нь арилаагүй гэж үзэж байна. Үүний нэг тод жишээг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлоос харж болно. Харин шүүхийн шийтгэх тогтоолд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь зааж өгсөн учир холбогдох баримтыг бүрэн бүрдүүлж иргэний шүүхээр нэхэмжлэх эрх нь нээлттэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Д.Г- нь 2020 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 цаг 16 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Кувейтийн ам салдаг уулзвараас зүүн хойш Хаан банкны амралтын газрын харалдаа замд “Toyota land cruiser 200” маркийн 88-14 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч 52 настай Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, 35 настай Г.Б-, 34 настай Д.Д- нарын амь нас хохирсон автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Б.Мөнхзулын “... шөнө танихгүй дугаараас залгахаар нь утсаа авахад нэг залуу “энд аймаар аваар болсон байна. Нэг хүн тань руу залгаад өгөөч гээд энэ дугаарыг өгсөн” гэхээр нь гайхаад бүрэн ойлгож амжаагүй утсаа тасалчихаад удаагүй эргэж залгаад юу болсон талаар асуухад “машин онхолдоод аваар болсон, хүмүүс нь газарт уначихсан, энэ тэндгүй хэвтэж байна. Бид нар түргэн болон цагдаагийн байгууллагад дуудлага өгчихлөө” гэж хэлэхээр нь нөхөртэйгөө ярья гэж гуйж байгаад утсаар ярихад манай нөхөр утас аваад “би зүгээрээ унтаж амарч бай” гэж хэлэхээр нь утсаар залгасан нөгөө хүнтэй дахиж холбогдоод “манай нөхөр зүгээр байна гэж байна шүү дээ” гэхэд “үгүй ээ эгчээ, нүд хальтирмаар аймаар аваар болоод түргэний эмч ирээд 2 хүнийг нь аваад явсан, 2 хүн нь газар дээрээ нас барчихсан байна” гэж хэлэхээр нь зуслан дээр байсан болохоор өөрийн эмэгтэй дүү болон нөхрийнхөө ахад хэлж, Гэмтлийн эмнэлэг дээр очуулаад болсон асуудлыг мэдсэн. ...” /1хх 80-81/,

гэрч Б.Мөнхзоригийн “... “Toyota land cruiser 200” маркийн машин гүйцэж түрүүлээд урсгалдаа ороод удаагүй эргэлтэн дээр эргэхгүй шууд чигээрээ замаас гараад тоос манараад явсан. ...Хойд суудал дээр сууж явсан зорчигч нар алга байна, хайгаарай гэсэн. Би шууд хойшоо яваад утасны гэрлээр ойр орчмыг тусгаад хартал хүний амьсгалж байгаа хүржигнэсэн дуу гараад байхаар нь яваад очиход амьсгаатай, залуухан эрэгтэй хүн хөД- байхгүй бас зам дээр өөр машин ирсэн, жолооч нь миний хажууд явж харагдсан. Дотуур цус алдсан байж магадгүй гээд “битгий хөдлөгө” гэж тэнд байсан хүмүүст хэлсэн. Тэгээд бид хэд нөгөө хүнийг хайтал машины урд хэсэгт дарагдсан 2 хөл нь харагдаж байсан. ... 103 машин ирээд эмч нь хол шидэгдсэн хүн дээр очоод тусламж үзүүлсэн, өнгөрчихлөө гээд машин доогуур байгаа хүн дээр очоод үзлэг хийсэн хариу өгөхгүй байна, 2 зорчигч нас барсан байна гэж хэлээд гэмтсэн гэх жолооч, жолоочийн хажуу талын зорчигч нарыг гэмтлийн эмнэлэг аваад явсан. ...” /1хх 83/,

шүүгдэгч Д.Г-ийн яллагдагчаар өгсөн “... Явж байсан чинь руль ээ зүүн тийш дарсан чинь дийлдээгүй, замаас гарсан. Тормоз гишгэсэн ч зогсоогүй. Чадлаараа дарсан ч машин өнхөрсөн. Нэг сэрсэн чинь найз Б- хажууд ёолоод байсан. Тэгээд би хамгаалах бүсээ тайлаад эргээд харсан чинь ард сууж байсан 2 зорчигч байхгүй байсан. Би Б-гийн хамгаалах бүсийг тайлаад татаж гаргах гэтэл баруун хөл нь хаалганы төмрөнд дарагдсан, гаргаж болохгүй байсан. ...” /2хх 197/,

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би ийм хэрэг гарсанд үнэхээр харамсаж байна. Энэ хэрэгт санаатай зүйл нэг ч байхгүй. Одоо би өөрөө амьд гарсандаа гутарч байна. Тэр үед амь хохирогч нартай хамт үхчихгүй яавдаа гэж боддог болсон. ...” /2хх 172/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 4/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 9-11/,

осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх 21/,

гэрэл зургийн үзүүлэлт /1хх 22-33/,

амь хохирогч Г.Б-, Д.Д- нарын цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 36-43, 46-53/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8260 дугаартай “... Б.Б-гийн биед цээжний зүүн талын 5 дугаар хавирганы далд хугарал, баруун талын 5 дугаар хавирганы цууралт, тархи доргилт, баруун сарвуунд шарх /сорви/ гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт/1хх 108/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 1321 дугаартай “... Талийгаач Д.Д-ий цогцост баруун нүдний ухархайн дээд хана, дух, суурь ясны шугаман хугарал, баруун шилбэ, баруун зулайн хуйх, зүүн доод зовхинд шарх, баруун дунд чөмөгний далд хугарал, баруун гуя, бугалга, баруун, зүүн мөр, цээжинд цус хуралт, дух, баруун, зүүн шанаа, хацар, эрүү, зүүн чих, хамар, баруун шагай, зүүн бугалга, шуу, өвдөг, шилбэ, баруун мөр, бугалга, шуу, зүүн бугуй, цээж, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдлаар нас баржээ. Талийгаач нь нас бараад 6-8 цаг болсон байна. ...” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт /1хх 117/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1329 дугаартай “... Г.Б-гийн цогцост хоёр талын олон хавирганы зөрөөтөй хугарал, гялтан хальсны цус хуралт, үнхэлцгийн шарх, цус хуралт, үнхэлцгийн хөндийн цус хуралт /50мл/, зүрхний баруун тосгуурын урд ханын шарх, хоёр уушгины олон тооны няцрал, өвчүүний хугарал, хоёр уушгины уг, элэгний саран, титэм холбоосын цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн язрал, дух, зулай, чамархайн хуйханд цус хуралт, дух, зүүн дээд зовхи, хоёр шанаа, хацар, хамар, дээд уруул, зүүн мөр, зүүн дал, хоёр бугалга, хоёр шуу, зүүн тохой, баруун сарвуу, цээж, хэвлий, зүүн гуя, хоёр өвдөг, хоёр шилбэнд зулгаралт, шарх, зүүн дээд зовхи, баруун хөхний шарх, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрхи гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай ба гэмтэл үүссэн дэс дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаач нь цөс чулуужих өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь зүрхний баруун ховдлын шарх гэмтлийн улмаас зүрх зогсож нас баржээ. Цогцост анх гадна үзлэг хийсэн эмчийн тэмдэглэснээр талийгаач нь 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 04-06 цагийн хооронд нас барсан байх боломжтой байна. ...” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт /1хх 134/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминиластикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторын ахлах шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 3082 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн “Land Cruiser 200” маркийн 88-14 УБЗ улсын дугаартай автомашин гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. ...” гэсэн дүгнэлт /хх 151/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминиластикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторын ахлах шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 3082 дугаартай дүгнэлтэд хавсаргасан эд ангийн эвдрэл гэмтлийн үзлэг ба шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 152-173/,

мөрдөгчиийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаартай “... Toyota Land Cruiser 200” маркийн 88-14 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зорчигч Г.Б-, Д.Д- нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол гарахад замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. ...” гэсэн магадлагаа /1хх 191-192/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 819 дугаартай “... Д.Г- нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн хийж буй үйлдлээ зөв ойлгон удирдах чадвартай байсан байна. ...” /1хх 198-199/ дүгнэлт зэрэг  мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Г-ийг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Д.Г-ийн “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг буюу хоёр хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Г-ийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэсэн байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-аас “шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс болж, нөхрөө алдаж, 1-15 насны 4 хүүхдийн хамт өнчирч үлдсэн. Шүүх миний иргэний нэхэмжлэлийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийн хамт шийдвэрлээгүйд гомдолтой тул иргэний нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэсэн,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарын нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жилийн хорих ял болгож өөрчилж өгнө үү” гэсэн тус тус утга агуулга бүхий давж заалдсан гомдлуудыг гаргажээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан хохирол, хор уршгийн шинж байдлыг тодорхойлсон баримтуудаас үзэхэд, амь хохирогч Г.Б- нь ТВ4 телевизэд сэтгүүлчээр 800.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан талаар тухайн байгууллагын тодорхойлолт авагдсан боловч нийгмийн даатгалын санд шимтгэл төлдөг байсан эсэх талаар баримт байхгүйгээс гадна Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж заасан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-д тэтгэврийг 300.000 төгрөгөөр тогтоосон баримт хэрэгт авагдсаныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан зөрүүг нь энэ эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ашиггүй байдлаар тогтоогдох нөхцөл байдал байгаа тул энэ талаарх баримтуудаа бүрдүүлж жич нэхэмжлэх талаар болон өмгөөллийн хөлсийг гаргуулах үндэслэлгүй талаар заасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул уг гомдлыг хүлээн авах боломжгүй.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн тохирох хэсгийг журамлаж, шүүгдэгчид оногдуулсан ялыг багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлүүлэх тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Уг гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирснаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэхийг шүүх хэргийн үйл баримт болон тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг бусад байдалтай холбон авч үздэг.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Д.Г-ийн өмгөөлөгч Х.Даваахүү, хохирогч Г.Б-гийн хууль ёсны төлөөлөгч Г.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ