Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
Хэргийн индекс | 181/2021/03300/И |
Дугаар | 181/ШШ2023/00862 |
Огноо | 2023-03-21 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2023/00862
2023 03 21 181/ШШ2023/00862
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: БТ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БН ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 69,653,888 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 1,938,132 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, хариуцагч БН ХХК-ийн захирал С.Б, өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч БТ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Т.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БТ ХХК нь БН ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 19/008 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 140 айлын барилгын вакум цонх, цонхны хаалтыг нийлүүлэн, суурилуулах иж бүрэн ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч БН ХХК нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороонд байрлах 140 айлын орон сууцанд 1048 м.кв хэмжээтэй цонх, 714 м.кв хэмжээтэй цонхны хаалт, 379 м.кв хэмжээтэй орцны хаалт, 191.4 м.кв хэмжээтэй шилэн фасат зэргийг 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд чанарын шаардлага хангасан материалаар ил, далд ажлын акт үйлдэж, ажлын явцыг фото зургаар баталгаажуулан 14 хүний бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэх, захиалагч БТ ХХК нь ажлын хөлсөнд нийт 385,043,200 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.
Гэтэл гүйцэтгэгч БН ХХК нь гэрээнд заасны дагуу ажлыг чанартай, хугацаанд нь бүрэн гүйцэтгэж чадаагүй тул дахин 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 19/008-1 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, өмнөх гэрээнд өөрчлөлт оруулсан. Тус гэрээгээр зөвхөн 1048 м.кв хэмжээтэй цонхыг үйлдвэрлэн суурилуулж, захиалагчид акт үйлдэн хүлээлгэн өгөх ажлыг хийхээр болж, бусад ажлуудыг хүчингүй болгосон. Гэвч гүйцэтгэгч БН ХХК нь мөн л гэрээт ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөлгүй өнөөдрийг хүрлээ.
Захиалагч БТ ХХК нь дээрх гэрээнүүдийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 34,653,888 төгрөгийг, 2019 оны 10 сарын 17-ны өдөр 35,000,000 төгрөгийг тус тус ажлын хөлсөнд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч "БН ХХК нь захиалагчид ажлын үр дүнг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй, захиалагч "БТ ХХК нь ажлын үр дүн хүлээн аваагүй боловч ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт нийт 69,653,888 төгрөгийг гүйцэтгэгч БН ХХК -д төлсөн байна.
Захиалагч БТ ХХК нь гэрээг цуцалж, өөр компаниар цонхны ажлыг гүйцэтгүүлсэн тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 69,653,888 төгрөгийг БН ХХК -иас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч БН ХХК -ийн захирал С.Б, өмгөөлөгч Б.Б нар нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Талууд 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 19/008 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц бартераар худалдах-худалдан авах гэрээ-г тус тус байгуулсан. Ажил гүйцэтгэх 19/008 тоот гэрээгээр БН ХХК нь Цонх-1048 мкв, цонхны хаалт-714 мкв, орцны хаалт-379 мкв, шилэн фасат-191.4 мкв-г захиалгаар нийлүүлэх-ээр тохирсон.
БТ ХХК нь дээрх гэрээнүүдийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 34,653,888 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгө шилжин орж ирсэний дараа БН ХХК нь нийт 425.0875 мкв буюу 71,592,020 төгрөгийн үнэ бүхий цонхны ажлыг гүйцэтгэсэн.
Гэтэл захиалагч тал төлбөрөө төлөхгүй байсан тул бид арга буюу ажлаа зогсоосон. Ингээд захиалагч талтай дахин ярилцаж 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 19/008-1 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Энэ гэрээгээр гүйцэтгэх ажлын хэмжээ өмнөх гэрээнээс багассан байдаг. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 35,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд шилжүүлсэн. Энэ мөнгө нь урдчилгаатайгаа нийлээд бидний хийсэн нийт ажлын төлбөрт л таарсан. Бид нэмэлт ажлыг хийх болвол дахин 15,000,000 төгрөгийн санхүүжилт хүсэхэд боломжгүй гэх агуулгатай мэдэгдлийг ирүүлсэн. Ингээд бид санхүүжилтгүй болж ажлыг зогсоохоос өөр аргагүй байдалд хүрсэн юм.
Харин нэхэмжлэлд дурдаад буй ... Гэвч гүйцэтгэгч БН ХХК нь мөн л гэрээт ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэн өгөлгүй өнөөдрийг хүрлээ. ... Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч БН ХХК нь захиалагчид ажлын үр дүнг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй, захиалагч БТ ХХК нь ажлын үр дүнг хүлээн аваагүй боловч ... гэсний хүлээн зөвшөөрөхгүй байна.
БН ХХК нь 19/008 ба 19/008-1 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Гэрээний 5.2-т зааснаар Ажлын гүйцэтгэл акт гарч, төлбөрийн нэхэмжлэл хүлээн авснаас хойш Захиалагч нь нэхэмжилсэн мөнгөн дүнг, гүйцэтгэгчид ажлын тав (5) хоногийн дотор төлнө гэжээ. Гэтэл ажлын гүйцэтгэлийн санхүүжилтээ авах гэхээр инженерүүд нь өөр өөр зүйл ярьж ажил явуулахад хүндрэл учруулж байсан.
Удалгүй БТ ХХК-д дотоод асуудал гарч удирдлагууд, инженер техникийн ажилчид солигдож таг чимээгүй болсон. Энэ хугацаанд манай байгууллагаас ажлын гүйцэтгэлээ өгөх гэж удаа дараа холбогдон, очиж уулзсан боловч менежер н.Зоригтбаатар гэх этгээд би мэдэхгүй, хүлээж авахгүй гэж хүндрэл учруулсан. Ямар шалтгаантайг мэдэхгүй инженерүүд нь ажил дээрээ байхгүй, барилгын ажил ч явагдахгүй зогсоосон байдалтай удсан.
Ингээд бид 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэрээний дагуу эхлүүлсэн ажлаа тайлагнаж 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг БТ ХХК-д хүргүүлсэн. Мэдэгдлийн агуулга нь Бид ажлаа хиймээр байна аа, гэтэл танай н.Зоригтбаатар менежер өмнө нь ажиллаж байсан н.Лхагва гэж инженерээс ингэж хийлгэнэ, тэгж хийлгэнэ гэсэн бичиг авчир гээд, харин н.Лхагва инженерээс нь асуухад одоо надад хамаагүй болсон гээд ажил явуулахгүй хүндрэл учруулж байна. Энэ бол танай дотоод асуудал. Манай зүгээс шалтгаалсан зүйл байхгүй ээ. Ажлаа цааш үргэлжлүүлье гэвэл санхүүжилтээ өгнө үү гэсэн утгатай.
Бид мэдэгдэл явуулах үедээ урьдчилгаанд 69,653,888 төгрөг авсан, ажлын гүйцэтгэл 71,592,020 төгрөг болчихсон байсан. Өөрөөр хэлбэл авсан урдчилгаанаас 2 сая орчим төгрөгийн ажил илүү хийсэн байх бөгөөд гэрээгээр хийх нийт ажлаас дутуу үлдсэн ажил бас байсан ба түүнийг нэмэлт санхүүжилт авахгүйгээр хийх ямар ч боломжгүй болсон тул санхүүжилт өгөх хүртэл ажлаа зогсоосон юм.
2019.03.10-2019.04.12-ны өдрийн хооронд БН ХХК -ийн цонх хаалганы үйлдвэрээс БТ ХХК-ийн барилгын талбай руу нийт 476,61 мкв цонх ачигдаж тээвэрлэгдсэн байдаг. Үүнээс тээвэрлэх болон ажил хийх явцад болон элэгдэл, хорогдол гарч нийт 425.0875 мкв цонх суурилуулагдсан байна. Зарим том цонхнуудыг барилгын талбай дээр салгаж, шиллэх, рам солих зэргээр өөрчилсөн болно. Цонх суурилуулагдсан хугацаа нь 2019.03.10-ны өдрөөс 2019.08.10-ны хүртэл.
Мэдэгдэл өгснөөс хойш 3 сар орчмын дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр БТ ХХК-иас манай байгууллагад мэдэгдэл ирсэн бөгөөд өмнөх гэрээнүүдээ цуцалж байна, дутуу ажлаа гүйцээж тооцоо дуусгана уу гээд бидний хийсэн ажлыг өөрсдийн инженерүүдээр дүгнүүлсэн акт үйлдэж хавсаргасан байсан Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурсдсан шиг юу ч хийгээгүй биш 122.8 мкв буюу 37,443,420 төгрөгийн актын зөрүү гарсан. Бид өөрсдийн хийсэн ажлын тоо хэмжээнд бүрэн итгэлтэй байна.
БТ ХХК-ийн инженерүүд нь ажлаа хүлээж аваарай гэхээр огт үндэслэлгүй шалтаг хэлээд хүлээж авдаггүй, дутуу ажлаа хийх гэхээр санхүүжилтээ олгодоггүй, таг алга болчихдог.
Гэрээний 9.2.1-т Хэрэв захиалагч гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөгүй, бичгээр урдчилан мэдэгдэхгүйгээр гэрээг зөрчсөн гэж үзвэл Гүйцэтгэгч нь энэхүү заалтыг дурдан гэрээг цуцлах тухай мэдэгдэл Захиалагчид өгч болно. Хэрэв мэдэгдлийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор зөрчил арилаагүй бол Гүйцэтгэгч гэрээт ажлын нэг хэсгийг эсвэл бүхлээр нь зогсоож болно гэж тусгасан. Гэвч захиалагч болох БТ ХХК-д албан мэдэгдэл өгсөөр байтал санхүүжилтээ өгөлгүй ажил гацаасан, царцаасан. Бид яах учраа олоогүй, улмаар ажлаа зогсоохоос өөр гарцгүй болсон.
Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасан байна. БН ХХК -аас БТ ХХК-д 2020.02.14-нд өгсөн албан мэдэгдлийн хавсралтаар гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ тайлагнасан, захиалагч нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй тул хуульд зааснаар хүлээн авсан гэж тооцох үндэслэлтэй. Бид ийнхүү ажлаа тайлагнаснаас хойш энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргатал даруй 22 сарын хугацаа өнгөрчээ. Энэ урт хугацаанд барилгын талбай дээр юу болж өнгөрснийг бид мэдэхгүй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 69,653,888 төгрөгийг БН ХХК -аас гаргуулах гэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч БН ХХК сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БТ ХХК болон БН ХХК нар Баянгол дүүрэг, 19-р хороо, 140 айлын орон сууцанд 1048 мкв цонх, 718 мкв цонхны хаалт, 379 мкв орцны хаалт, 191,4 мкв шилэн фасатийн ажлын 385,043,200 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцож 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 19/008 дугаар "Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан.
Гэрээний 5.1.4-т "Гэрээний урьдчилгаа гэрээний 231,025,920 төгрөгийн 15% буюу 34,653,888 төгрөгийг гэрээ баталгаажсан өдрөөс эхлэн 5 хоногийн дотор гүйцэтгэгч байгууллагын дансанд шилжүүлнэ" гэсний дагуу БТ ХХК 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр урьдчилгаа төлбөр болох 34,653.888 төгрөгийг шилжүүлсэн.
Урьдчилгаа төлбөрийг шилжүүлснээс хойш бид ажлаа эхэлсэн. Захиалагч буюу БТ ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээний 5.1.4 Үлдсэн төлбөрийг гүйцэтгэлээр ажлын акт болон нэхэмжлэлийг үндэслэн санхүүжилтийг тус тус олгоно". 5.2.1 Ажлын гүйцэтгэлийн акт гарч, төлбөрийн нэхэмжлэл хүлээн авснаас хойш Захиалагч нь нэхэмжилсэн мөнгөн дүнг, гүйцэтгэгчид ажлын 5 хоногийн дотор төлнө гэж тус тус заасны дагуу ажил гүйцэтгэх акт, нэхэмжлэлийг БТ ХХК-ийн нярав, хяналтын инженер Э.Зоригбадрах, барилгын инженер Г.Ганбат нар хүргэж өгч байсан боловч нэхэмжлэлийн дагуу төлбөр төлөөгүй, санхүүжилт хийгээгүй учир гүйцэтгэж байсан ажлыг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрсэн.
Захиалагч талтай дахин ярилцаж тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 19/008-1 тоот "Ажил гүйцэтгэх гэрээ"'-г байгуулсан. Энэхүү гэрээгээр 2019 оны 02 дугаар 27-ны өдөр байгуулсан 19/008 дугаар гэрээгээр харилцан тохиролцсон гүйцэтгэх ажлын хэмжээг багасгаж, 1048 мкв цонхыг үйлдвэрлэж, барилгад суурилуулахаар харилцан тохиролцсон. Энэхүү гэрээг байгуулснаас хойш 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 35,000,000 төгрөгийг манай байгууллагын данс руу шилжүүлсэн. Энэхүү шилжүүлсэн мөнгө нь манай компанийн өмнө нь хийж гүйцэтгэлийн ажлын хөлсөнд таарч байсан.
БН ХХК нь 2019 оны 02 дугаар 27-ны өдөр байгуулсан 19/008 дугаар "Ажил гүйцэтгэх гэрээ", 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 19/008-1 тоот "Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ажлын тоо, хэмжээг БТ ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/14 тоот албан бичгээр хүргүүлж байсан.
Манай байгууллага 150*1550 хэмжээтэй цонх 60 ширхэг, 1550*1750 хэмжээтэй цонх 28 ширхэг, 1550*1950 хэмжээтэй цонх 78 ширхэг 1550*0.975 хэмжээтэй цонх 2 ширхэг, 2200*0,775 хэмжээтэй цонх 2 ширхэг нийт 170 ширхэг 425,0875 мкв ажлыг хийж гүйцэтгэсэн. Гүйцэтгэсэн ажлыг захиалагч буюу БТ ХХК-ийн ажилтан хяналтын инженер Э.Зоригбадрах, барилгын инженер Г.Ганбат нар мэдэж байгаа. Эдгээр хүмүүст ажил хүлээлгэн өгөх талаар удаа дараа утсаар ярьж, ажлын байран дээр нь очиж уулзсан боловч "би мэдэхгүй, хүлээж авахгүй" гэдэг байсан. Өөрөөр хэлбэл үндсэн нэхэмжлэлд дурдсан ажлын үр дүнг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй нь манай байгууллагын буруугаас шалтгаалах зүйл биш болно. Бид хийсэн ажлаа хүлээлгэн өгөх гэсэн боловч захиалагч байгууллага шалтгаангүйгээр хүлээн авахаас татгалзаж байсан.
Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 1,938,132 төгрөгийг БТ ХХК-иас гаргуулж өгнө үү
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.
БТ ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БН ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ "Манай байгууллага 1150*1550 хэмжээтэй цонх 60 ширхэг, 1550*1750 хэмжээтэй цонх 28 ширхэг, 1550*1950 хэмжээтэй цонх 78 ширхэг, 1550*0,975 хэмжээтэй цонх 2 ширхэг, 2200 х 0,775 хэмжээтэй цонх 2 ширхэг, нийт 170 ширхэг 425,08~5 м.кв ажлыг хийж гүйцэтгэсэн" гэж сөрөг нэхэмжлэлдээ бичжээ.
Талууд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 19/008-1 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь 1048 м.кв хэмжээтэй цонхыг үйлдвэрлэн суурилуулж, захиалагчид акт үйлдэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гүйцэтгэгч нь тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.2, 6 дугаар зүйлийн 6.3.11 дэх заалтад зааснаар ажлыг МТЧ8 5830:2007 техникийн шаардлага, МХ8 5802:2007 техникийн ерөнхий шаардлагыг хангахаар гүйцэтгэж, фото зургаар баталгаажсан актаар хүлээлгэн өгөх бөгөөд захиалагч тус шаардлагыг хангахгүй тохиолдолд хүлээн авахаас татгалзах эрхтэй байна.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ дурдсан 425.0875 м.кв хэмжээний ажлын тоо, хэмжээг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй, нотлох баримтгүй байна. БН ХХК-аас шүүхэд гаргасан 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/14 дугаар албан бичигт 425.0875 м.кв ажлын тооцооллыг дурдсан байх боловч ажлын тоо хэмжээ нь нотлогдохгүй, тооцсон үнийн дүн зөрүүтэйн дээр энэхүү албан бичгийг манайд ирүүлж байгаагүй.
Харин энэхүү хариу тайлбарт хавсаргаж өгсөн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ажлын тоо хэмжээнд зааснаар 1150*1550 хэмжээтэй цонх 96.2 м.кв. 1550*1750 хэмжээтэй цонх 59.6 м.кв, 1550*1950 хэмжээтэй цонх 48.3 м.кв, 1550*0.975/2200*0.775 хэмжээтэй цонх 6.4 м.кв, нийт 210.5 м.кв ажлыг тооцоог нэгтгэж талууд баталгаажуулан гарын үсэг зурсан.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг баталгаажуулсан акт үйлдэж Иргэний хуулийн 466 дугаар зүйлд зааснаар тооцоо нийлсэн байхад ажлын тоо хэмжээтэй маргах нь үндэслэлгүй юм.
Иймд хариуцагч БН ХХК нь дурдсан 425.0875 м.кв цонхны ажлыг гүйцэтгээгүй, ажлыг актаар хүлээлгэн өгөөгүй болно. Тодруулбал гэрчийн мэдүүлэгт дурдсанаар Баяннэгүл" ХХК-д хүлээж авч болохуйц, бүрэн гүйцэтгэсэн нэг ч цонх байгаагүй байна.
"БН ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ "Бид хийсэн ажлаа хүлээлгэн өгөх гэсэн боловч захиалагч байгууллага шалтгаангүйгээр хүлээн авахаас татгалзаж байсан" гэжээ.
"БН ХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад зааснаар ажил дууссан бол захиалагчид бичгээр мэдэгдэн, актаар хүлээлгэн өгөх ёстой. Гэтэл хариуцагч бодитоор ажил хүлээлгэн өгөх үйлдэл идэвх огт гаргаж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан талуудын харилцсан албан бичиг болон гэрчийн мэдүүлгээс тодорхой харагдана. Гэтэл манай компанийг ажлаа хүлээн аваагүй. авахгүй байсан гэж илэрхий худал мэдүүлэг шүүхэд гаргажээ.
Тодруулбал БТ ХХК-аас БН ХХК-д хүргүүлсэн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2/133 дугаар, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2/18 дугаар болон 2020 оны 03 дугаар сарын 24-ний 2/46 дугаар албан бичгүүдээр удаа дараа ажлаа гүйцэтгэж, актаар хүлээлцэхийг шаардаж байсан нь нотлогдоно. Харин хариуцагч Баяннэгүл" ХХК нь ажлаа хүлээлгэн өгөх тухай хандаж байгаагүй тул шүүхэд гаргах баримт байхгүй гэж үзэж байна.
БН ХХК нь гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй тул БТ ХХК нь "Шинэ шинэчлэлт" ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 19/130 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Баянгол дүүрэг 19 дүгээр хороонд байрлах 140 айлын орон сууцны цонх угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн.
Улмаар "Шинэ шинэчлэлт" ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19/130-1 дугаар, 2020 оны 03 дугаар сарын 26-ны 19/130-2 дугаар, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 19/130-3 дугаар гэрээнүүдийг нэмэлтээр байгуулж цонхны ажлыг бүрэн дуусгаж, нийт 131.071.495 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг талууд баталгаажуулан 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байна.
Иймд БН ХХК нь 71,592,020 төгрөгийн ажлыг бодитоор гүйцэтгэсэн байх боломжгүй юм гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.08.27-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2019.02.27-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2019.10.17, 2019.03.01-ний өдрийн төлбөрийн даалгавар, БТ ХХК-ийн 2019.08.09-ний өдрийн 2/133 дугаар албан бичиг, БТ ХХК-ийн 2020.02.17-ны өдрийн 2/18 дугаар албан бичиг, БТ ХХК-ийн 2020.03.24-ний өдрийн 2/46 дугаар албан бичиг, 2019.11.20-ны өдрийн 19/130 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, 2020.02.19-ний өдрийн 19/130-1 тоот Ажил гүйцэтгэх гэрээ нэмэлт, 2020.03.26-ны өдрийн 19/130-2 тоот Ажил гүйцэтгэх гэрээний өөрчлөлт, 2020.04.01-ний өдрийн 19/130-3 тоот Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт, Гэрээ дүгнэсэн акт 2022.07.07, БТ ХХК 2020.05.04-ний өдрийн 2/113 тоот албан бичиг, БН ХХК -ийн хийсэн цонхны ажлын тоо хэмжээ А блок, Б блок, Цонхны ажлын тоо хэмжээний нэгтгэсэн дүн 2020.10.01-ний өдрийн 20/101 тоот Ажил гүйцэтгэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
хариуцагч талаас 2019.02.27-ны өдрийн 19/008 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, БН ХХК -ийн цонх хаалганы үйлдвэр бараа материал гаргах зөвшөөрөл, 2019.02.27-ны өдрийн орон сууц бартераар худалдах, худалдан авах гэрээ, 2019.08.27-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, БН ХХК -ийн 2020.02.14-ний өдрийн 01/14 дугаар албан бичиг, БН ХХК -ийн 2020.02.14-ний өдрийн 01/14 дугаар Ажлын гүйцэтгэл гаргах тухай албан бичиг, БТ ХХК-ийн 2020.05.04-ний өдрийн 2/113 дугаар албан бичиг, БН ХХК -ийн хийсэн цонхны ажлын тоо хэмжээ А блок 2х, БТ ХХК-ийн 2020.09.28-ны өдрийн 2/206 дугаар албан бичиг, БН ХХК -ийн цонх хаалгны үйлдвэр бараа материал гаргах зөвшөөрөл 6 х, БН ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Цонх угсралт суулгалтын зураг 5х, БН ХХК -ийн дансны хуулга зэргийн нотлох баримтаар өгсөн.
Шүүхийн журмаар Үндэсний төв архивын 2022.05.16-ний 03/557 дугаар албан бичгээр ирүүлсэн Баянгол дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах БТ ХХК гүйцэтгэсэн үйлчилгээтэй 16 давхар, 100 айлын орон сууцны барилгын ил далд актаас цонх суулгасан акт, гэрэл зураг болон барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийн 4 дүгээр дэвтэр нийт 42 хуудас, Үндэсний төв архивын 2022.05.24-ний 03/605 дугаар албан бичгээр ирүүлсэн Баянгол дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах БТ ХХК гүйцэтгэсэн үйлчилгээтэй 16 давхар, 100 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийн 4 дүгээр дэвтэр нь 2019.04.10-ний нээгдсэн байгаа талаархи албан бичиг, 3 хуудас баримт, гэрч Г.Ганбатын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.12.05-ны өдрийн 2883 дугаар Шинжээчийн дүгнэлт, ийн тэмдэглэл зэргийг бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч БТ ХХК нь БН ХХК -д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 69,653,888 төгрөгийг гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 1,938,132 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний дагуу ажлыг гүйцэтгэн, ажлын үр дүнг зохих ёсоор хүлээлгэж өгөөгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөрөө буцаан шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, ажлыг гүйцэтгэн хүлээлгэж өгөх гэсэн боловч хүлээж аваагүй, ажлын гүйцэтгэлийн дагуу хөлс төлөөгүй тул ажлыг зогсоохоос өөр аргагүй болсон, төлсөн төлбөрөөс илүү ажлыг гүйцэтгэсэн гэх үндэслэлээр ажлын хөлс 1,938,132 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.
Шүүх хуралдааны явцад хариуцагч БН ХХК нь БТ ХХК-иас 2020.05.29-ний өдөр цонхны санхүүжилтэд 3,500,000 төгрөг шилжүүлж, ажлын хөлсийг бүрэн төлсөн байна гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. БТ ХХК нь БН ХХК -тай 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 19/008 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, гүйцэтгэгч БН ХХК нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороонд байрлах 140 айлын орон сууцанд 1048 мкв хэмжээтэй цонх, 714 м.кв хэмжээтэй цонхны хаалт, 379 м.кв хэмжээтэй орцны хаалт, 191.4 м.кв хэмжээтэй шилэн фасат зэргийг 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч БТ ХХК нь ажлын хөлс 385,043,200 төгрөгийн 60% болох 231,025,920 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 40% болох 154,017,280 төгрөгийг орон сууц бартераар төлөх, мөнгөн төлбөрийн 34,653,888 төгрөгийг гэрээ баталгаажсан өдрөөс эхлэн 5 хоногийн дотор шилжүүлэх, үлдсэн төлбөрийг гүйцэтгэлээр ажлын акт болон нэхэмжлэхийг үндэслэн олгохоор харилцан тохиролцжээ. /хавтаст хэргийн 10-13 хуудас/
Талууд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 19/008-1 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-гээр, өмнөх гэрээгээр тохиролцсон 4 үндсэн ажлын 3-ыг хүчингүй болгож, 1 дэх ажил буюу Цонх shide, 72 рам 1048 мкв хэмжээтэй цонхыг үйлдвэрлэж, орон сууцанд суурилуулан дуусгаж, захиалагчид ажлын гүйцэтгэлийн акт үйлдэн хүлээлгэн өгөх ажлыг 2019.08.27-ны өдрөөс 2019.10.25-ны өдөр хийхээр, захиалагч нь ажлын хөлс 176,064,000 төгрөгийн 19,6% болох 34,653,888 төгрөгийг урьдчилгаанд гэрээ байгуулсан өдрөөс хойш 5 хоногийн дотор шилжүүлэх, үлдсэн төлбөрийн 30% болох 52,819,200 төгрөгийг бартераар төлөх, үлдэгдэл 79,787,712 төгрөгийг ажлын гүйцэтгэлийн акт, нэхэмжлэхийг үндэслэн олгохоор харилцан тохиролцжээ. /хавтаст хэргийн 8-9 хуудас/,
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
2. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
2.1. Захиалагч БТ ХХК нь дээрх гэрээнүүдийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 34,653,888 төгрөгийг, 2019 оны 10 сарын 17-ны өдөр 35,000,000 төгрөгийг тус тус ажлын хөлсөнд шилжүүлсэн талаар зохигч маргаагүй.
2.2. Гүйцэтгэгч БН ХХК нь гэрээнүүдийн дагуу Цонх shide, 72 рам 1048 мкв хэмжээтэй цонхыг үйлдвэрлэж, орон сууцанд суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй.
2.2.а. Гүйцэтгэгч БН ХХК нь эхний гэрээ байгуулагдсаны дараа 2019.3.10-наас 2019.8.10 хүртэл хугацаанд нийт 425.0875 мкв буюу 71,592,020 төгрөгийн үнэ бүхий цонхны ажлыг гүйцэтгэсэн, ажлын хөлсөнд шилжүүлсэн 69,653,888 төгрөг нь гүйцэтгэсэн ажлын зардлаас бага байсан тул дахин 15,000,000 төгрөгийн санхүүжилт хүсэхэд боломжгүй гэсэн хариу өгч, ажлын хөлс олгоогүйгээс ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон гэж тайлбарласныг захиалагч БТ ХХК эс зөвшөөрч, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.2, 6 дугаар зүйлийн 6.3.11-д зааснаар ажлыг зураг төслийн дагуу МNS 5830:2007 техникийн шаардлага, МNS 5802:2007 техникийн ерөнхий шаардлагыг ханган гүйцэтгэж, фото зургаар баталгаажсан актаар хүлээлгэн өгөөгүй тул захиалагч ажлын үр дүнг хүлээж аваагүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2.-д Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасан.
Гүйцэтгэгч БН ХХК -ийг 2019.3.10-наас 2019.8.10 хүртэл хугацаанд нийт 425.0875 мкв буюу 71,592,020 төгрөгийн үнэ бүхий цонхны ажил гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь: БН ХХК -ийн 2020.02.14-ний өдрийн 01/14 тоот Ажлын гүйцэтгэл гаргах тухай албан бичгээр БТ ХХК-д нийт 425.0875 мкв буюу 71,592,020 төгрөгийн үнэ бүхий цонхны ажил гүйцэтгэсэн талаар мэдэгдсэн байх бөгөөд захиалагч БТ ХХК нь 2020.04.28-ны өдөр БН ХХК -ийн хийсэн цонхны ажлын тоо хэмжээ А блок, Б блок, Цонхны ажлын тоо хэмжээний нэгтгэсэн дүн зэргийг гаргаж, БТ ХХК-ийн 2020.05.04-ний өдрийн 2/113 тоот албан бичгээр БН ХХК -д хийгдээгүй ажлыг хавсралт №1-д заасны дагуу 2020.05.11-ний өдрийн дотор хийж гүйцэтгэн тооцоо дуусгахын мэдэгдсэн байна. 2020.05.29-ны өдөр БТ ХХК-иас 3,500,000 төгрөгийг 140 айл цонхны санхүүжилт шилжүүлэв гүйлгээний утгатайгаар БН ХХК -ийн дансанд шилжүүлсэн байна. /1-р хх-195-198, 45-47х, 2-р хх-8 хуудас/
Энэ үйл баримтаас дүгнэхэд БТ ХХК-ийг гүйцэтгэгч БН ХХК -ийн хийж гүйцэтгэсэн цонхны ажлыг хүлээн авч, үлдэгдэл санхүүжилтыг олгосон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн захиалагч ажлын үр дүнг хүлээж аваагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Мөн БТ ХХК нь ШШ ХХК-тай 2019.11.20-ны өдрийн 19/130 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, барилгын 3-16 давхарт балконы вакум хаалга угсрах ажлыг, 2020.02.19-ний өдрийн 19/130-1 тоот Ажил гүйцэтгэх гэрээ нэмэлт-г байгуулж, техникийн давхрын вакум хаалга цонх болон 1-2 давхрын вакум цонх угсрах ажлыг, 2020.03.26-ны өдрийн 19/130-2 тоот Ажил гүйцэтгэх гэрээний өөрчлөлт-өөр гэрээний үнийн дүнгийн 5%-аар чанарын гүйцэтгэлийн баталгаа суутгахаар, 2020.04.01-ний өдрийн 19/130-3 тоот Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт-ээр 1-2 давхарын 8 ширхэг, 31.15мкв металл вакум цонх болон 3-17 давхрын үлдсэн 53ш вакум цонх, 1 ш вакум хаалга, 160.18 мкв вакум хаалга цонх угсрах ажлыг тус тус гүйцэтгүүлэхээр тохиролцсон байна. /1-р хх-181-194 хуудас/
ШШ ХХК-ийн дээрхи гэрээнүүдийн дагуу гүйцэтгэсэн ажил нь цаг хугацааны хувьд БН ХХК -ийн хийсэн цонхны ажлын тоо хэмжээг БТ ХХК 2020.04.28-ны өдөр гаргахаас өмнө хийгдсэн тул БН ХХК -ийн хийсэн цонхны ажлын доголдлыг арилгасан гэж үзэх боломжгүй, харин 1048 мкв цонхны ажлаас БН ХХК 425.0875 мкв-ыг хийсэн тул хийгдээгүй үлдсэн цонхны ажлыг хийсэн гэж үзэх боломжтой байна.
Захиалагч БТ ХХК нь 2020.04.28-ны өдөр БН ХХК -ийн хийсэн цонхны ажлын тоо хэмжээ А блок, Б блок, Цонхны ажлын тоо хэмжээний нэгтгэсэн дүн зэргийг гаргаж, БН ХХК -ийн захирал С.Боор гарын үсэг зуруулсан болох нь гэрч Г.Ганбатын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /хх-163-168, 218-231 х/
Уг нэгтгэсэн дүнд бүрэн цонх хийгдсэн 210.5 мкв гэж тодорхойлсон боловч нуухгүй, шилгүй, хагархай, цонх хийгдээгүй, суулгаагүй нийт 322,94 мкв байгаа тодорхойлсон боловч 2020.05.29-ны өдөр БТ ХХК-иас 3,500,000 төгрөгийг санхүүжилтыг олгосон тул ажлын үр дүнг хүлээн авч, үлдэгдэл санхүүжилтыг олгосон гэж үзэх үндэслэлтэй байна. мөн нэхэмжлэгч БТ ХХК нь ажлын үр дүнг гэрээнд заасны дагуу хүлээлгэж өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан, доголдлын талаар маргаагүй тул шүүх эд хөрөнгийн доголдлын талаар дүгнэлт хийх боломжгүй юм.
2.3. Нэхэмжлэгч БТ ХХК нь нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ БН ХХК -ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д заасан гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан шаардах эрхтэй гэж тайлбарласан.
2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 19/008-1 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний 5.1.4-д ...ажлын гүйцэтгэлийн акт, нэхэмжлэхийг үндэслэн ажлын хөлсийг шилжүүлэхээр тохиролцжээ.
Гүйцэтгэгч БН ХХК нь ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгч, санхүүжилтээ авах гэхээр инженерүүд нь өөр өөр зүйл ярьж ажил явуулахад хүндрэл учруулж байсан, БТ ХХК-д дотоод асуудал гарч удирдлагууд, инженер техникийн ажилчид солигдсон, манай байгууллагаас ажлын гүйцэтгэлээ өгөх гэж удаа дараа холбогдон, очиж уулзсан боловч менежер н.Зоригтбаатар гэх этгээд би мэдэхгүй, хүлээж авахгүй гэж хүндрэл учруулсан, инженерүүд нь ажил дээрээ байхгүй, барилгын ажил ч явагдахгүй зогсоосон байдалтай удсан гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан Үндэсний төв архивын 2022.05.16-ний 03/557 дугаар албан бичгээр ирүүлсэн Баянгол дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах БТ ХХК гүйцэтгэсэн үйлчилгээтэй 16 давхар, 100 айлын орон сууцны барилгын ил далд актаас цонх суулгасан акт, гэрэл зураг болон барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийн 4 дүгээр дэвтэр нийт 42 хуудас баримтаас үзэхэд ил далд ажлын акт 2019.04.24-ний өдрөөс 2020.04.10-ны өдрийг хүртэл бичилт хийгдээгүй, гэрч Г.Ганбатын мэдүүлэгээр барилгын инженер солигдсон байх тул дээрхи тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.
Гүйцэтгэгч БН ХХК нь 2019.3.10-наас 2019.8.10 хүртэл хугацаанд нийт 425.0875 мкв буюу 71,592,020 төгрөгийн үнэ бүхий цонхны ажлыг гүйцэтгэсэн байхад санхүүжилтийг шилжүүлээгүй, БН ХХК -ийн 2020.02.14-ний өдрийн албан бичгээр 15,0 сая төгрөгийн санхүүжилт хүссэний дараа БТ ХХК-ийн 2020.02.17-ны өдрийн болон 2020.03.24-ний өдрийн албан бичгээр гэрээ цуцалж байгааг мэдэгдэж, гүйцэтгэсэн ажил байгаа бол хяналтын болон барилгын инженерт акт үйлдэн хүлээлгэн өгч, санхүүгийн тооцоо нийлэхийг мэдэгдсэн байна.
Иймд БТ ХХК-д Иргэний хуулийн 225.1-д заасны дагуу гэрээнээс татгалзах эрх үүсээгүй, гүйцэтгэгч БН ХХК нь 71,592,020 төгрөгийн цонхны ажлыг гүйцэтгэсэн тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д заасан дагуу БТ ХХК ажлын хөлсний урьдчилгаанд шилжүүлсэн 69,653,888 төгрөгийг буцаан шаардах эрхгүй байна.
Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч БТ ХХК-ийн гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 69,653,888 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч БТ ХХК-ийн хариуцагч БН ХХК -д холбогдуулан гаргасан гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 69,653,888 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч БН ХХК нь БТ ХХК-иас гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 1,938,132 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч БТ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 506,219 төгрөгийг, хариуцагч БН ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,961 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.