| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 195/2025/0076/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1176 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ, Б.Саруул-ирээдүй |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1176
2025 04 28 2025/ШЦТ/1176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Б.Оюунцэцэг,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ, Б.Саруул-ирээдүй,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М,
хохирогч Л.Н, Ж.Б, Б.Б, А.Э, Ж.Д,
хохирогч С.Б, түүний өмгөөлөгч М.Хувцагаан,
хохирогч Р.Э, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар,
хохирогч Б.Б-ны өмгөөлөгч Д.Туяа,
иргэний нэхэмжлэгч О.Б,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч “*” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү,
шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Туяа, Б.Дашдорж,
шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Б.Гомбо нарыг оролцуулан,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Э-н С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт;
Н овогт Ж-н Б,
Ц овогт Э-н Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102000100068 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, * оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, * настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл найм, 06 сараас 14 насны долоон хүүхдийн хамт * дүүргийн * дүгээр хороо, * тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч одоо * дүүргийн * дугаар хороо, * дугаар байрны * тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Э-н С(РД:).
2. Монгол Улсын иргэн, * оны 6 дугаар сарын 11-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав эхнэр, гурван хүүхдийн хамт * дүүргийн *дугаар хороо, * тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н овогтой Ж-н Б (РД:).
3. Монгол Улсын иргэн, * оны 11 дүгээр сарын 28-ны өдөр * аймагт төрсөн, * настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, * ХХК-нд агуулахын ахлан ажилтнаар ажилладаг, ам бүл гурав, хоёр дүүгийн хүүхдийн хамт * дүүргийн * дүгээр хороо, * тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц овогтой Э-н Б (РД:).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
1. Яллагдагч Э.Снь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр:
-өөрийгөө Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорац зэрэгт ажилладаг, Монгол Ардын намын шугамаар зэх зээлийн үнээс хямд байр байна хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд оруулна гэж гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2018 оны 1 дүгээр сараас 2021 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 40 удаагийн үйлдлээр бусдад 2,854,006,744 (хоёр тэрбум найман зуун тавин дөрвөн сая зургаан мянга долоон зуун дөчин дөрөв) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
-яллагдагч Э.Бтай бүлэглэж 2018 оны 11 дүгээр сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдад 1,749,900,710 (нэг тэрбум долоон зуун дөчин сая есөн зуун мянга долоон зуун арав) төгрөгийн хохирол учруулсан,
-яллагдагч Ж.Бтай бүлэглэж 2018 оны 3 дугаар сараас 2021 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 52 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдад 3,412,340,000 (гурван тэрбум дөрвөн зуун арван хоёр сая гурван зуун дөчин мянга) төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
2. Яллагдагч Ж.Б нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр “Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорацын болон Монгол Ардын намын шугамаар зэх зээлийн үнээс хямд байр байна хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд оруулна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөл оруулж 2018 оны 12 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 13 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 434,740,000 (дөрвөн зуун гучин дөрвөн сая долоон зуун дөчин мянга) төгрөгийн хохирол учруулсан,
- Э.Стой бүлэглэж 2018 оны 3 дугаар сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 52 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад 3,412,340,000 (гурван тэрбум дөрвөн зуун арван хоёр сая гурван зуун дөчин мянга) төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
3. Яллагдагч Э.Б нь 2018 оны 11 дүгээр сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Э.С-г гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдад 1,749,900,710 (нэг тэрбум долоон зуун дөчин сая есөн зуун мянга долоон зуун арав) төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-н С-г үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж ”залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар;
-шүүгдэгч Н овогт Ж-н Б, Ц овогт Э-н Б нарыг үргэлжилсэн үйлдлээр, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн, мөн гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцож хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж ”залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б овогт Э-н С-г 8 (найм) жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н овогт Ж-н Б-г 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял, Ц овогт Э-н Б-г 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С, Ж.Б, Э.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.С-н 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр,2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 96 (ерэн зургаа) хоногийг; шүүгдэгч Ж.Бын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 (дал) хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн найман ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.С, Э.Б, Ж.Б нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Сос нийт 7,270,018,913 төгрөг, шүүгдэгч Ж.Баас нийт 295,609,571 төгрөг, шүүгдэгч Э.Баас нийт 435,298,625 төгрөгийг тус тус гаргуулж шийтгэх тогтоолын хавсралтад заасны дагуу хохирогч нарт олгосугай.
8. Хэрэгт Б овогтой Э-н С-н өмчлөлийн “*” ХХК (РД:), “*” ХХК (РД:), “*” ХХК (РД:), “*” ТББ (РД:), “*” цэцэрлэг ТББ (РД:), “*” цэцэрлэг ТББ, “*” цэцэрлэг ТББ; * УБР улсын дугаартай Toyota Sai загварын цагаан өнгийн (*) тээврийн хэрэгсэл, Хас банкны эзэмшлийн * УБИ улсын дугаартай Volvo загварын чирэгч толгой (*), * УБО улсын дугаартай Лексус 450 загварын, Тoyota Prius-20 загварын * УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Н овогтой Ж-н Б-н өмчлөлийн * дүүргийн * дугаар хороо, * тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй газар, Э.С, Ж.Б, Э.Б нарын эзэмшлийн Арилжааны банкнууд дахь харилцах дансны мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг бүхэлд нь хязгаарласан прокурорын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч тус бүрд ноогдох хувийг зарж борлуулан тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий 115 хохирогч нарт төлөх хохиролд тооцож шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Э, иргэний нэхэмжлэгч “*” ХХК, “*” ХХК, “*” ХХК, “*” ХХК нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
10. Иргэний нэхэмжлэгч/хариуцагч “*” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны * тоот дансанд байршуулсан 451,000,000 (дөрвөн зуун тавин нэгэн сая) төгрөгийн буюу мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, хохирогч П.Д*д 25,000,000 (хорин таван сая) төгрөг, Д.М*д 20,000,000 (хорин сая) төгрөг, Ж.Б-т 140,000,000 (нэг зуун дөчин сая) төгрөгийг тус тус гаргуулах, үлдэх мөнгийг шийтгэх тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий 115 хохирогчид хувь тэнцүүлэн хуваан олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
11. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-н төрүүлсэн хүүхдүүд болох 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн 13 настай О-н Т, 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн 11 настай О-н Т, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн 9 настай О-н Б, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Б-ны Х, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн 2 настай О-ны М, М, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн 5 сартай О-ны Г нарын асран хамгаалагчийг тогтоох асуудлыг шийдвэрлэхийг харьяалах * дүүргийн Засаг даргад даалгаж, эрх бүхий байгууллагаас шийдвэр гарах хүртэл хугацаанд бага насны хүүхдүүдийг өөрийн асрамжид байлгахыг шүүгдэгч Э.С-н эцэг С.Э-д хариуцуулсугай.
12. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ж.Б, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Э.С, Э.Б, Ж.Б нарт энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх хорих ялыг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс тоолсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С, Ж.Б, Э.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН
ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ