Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/00990

 

 

2000 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2000/0000                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөрийн үлдэгдэл болон засварын зардал, ашиглалтын зардалд нийт 37,916,000 /гучин долоон сая есөн зуун арван зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б....,

Хариуцагчийн төлөөлөгч Р....,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.... /ШТЭД: ..../,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие Б.... нь 2015 оны 5 дугаар сарын 01ний өдрөөс 297 м.кв ажлын байрыг сар бүр түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан. 2019 оноос эхлэн тус ажлын байрны В1 давхар буюу 194 м.кв нэмж дахин тохиролцож сар бүр 4,800,000 төгрөгөөр тохиролцсон. 2021 оноос түрээсийн төлбөр биелээгүй учраас 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн байраа сулласан. 2021-2022 оны 8 дугаар сар хүртэл түрээсийн төлбөр болох 26,400,000 төгрөг, байр ашигласны хохирол, засвар үйлчилгээний 9,000,000 төгрөг, ашиглалтын зардалд 2,516,000 төгрөг, нийт 37,916,000 төгрөгийг өнөөг хүртэл төлж барагдуулаагүй тул энэ асуудлыг шийдэж өгнө үү.

2015 онд гэрээ хийгээд 2020 оноос хойш түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан учраас би намар байрыг чөлөөлж өг гэж хэлсэн. Ямарваа нэг хохирол учруулсан бол засаж янзална гэх байдлаар гэрээнд тусгасан байгаа. Гэвч хариуцагч нь түрээсийн төлбөр төлөөгүйгээс гадна эвдрэл гэмтэл гаргаж, янзлуулахгүйгээр удаан хугацаанд надад хүндрэл учруулсан. Тэгсэн алтаа татгалзаад байгааг ойлгохгүй байна. Үүнийг хариуцагчийн төлөөлөгч сайн мэдэж байгаа. Уг нь асуудлыг шийдвэл хэн хэнд нь ашигтай. ... ХХК бие биедээ нэхэмжлэл өгөхөөр болж харилцан тохиролцохоор салсан тул ашиглалтын зардал буюу ус дулааны зардлаас татгалзаж байна. ...гэв.

2.Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч Р.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Дэлхий даяар тархсан ковидын нөхцөл байдлын улмаас бизнесийн орлого доголдож түрээсээ цаг хуагцаанд нь төлж чадахгүй байх нөхцөл үүссэн бөгөөд энэ хугацаанд өөрийн орж ирсэн орлогоос өмнө үүссэн өрийг тогтмол төлж ирсэн. 2022 оны 1 дүгээр сараас бид тухайн байранд тодорхой хэмжээнд засвар хийн үйл ажиллагаагаа өргөтгөн ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүхий л талаар эрж хайн төлөвлөсний дагуу ашиг орлого жигдэрч эхлэх үеэс тухайн байранд улсын цэцэрлэг оруулах тухай мэдэгдэж, биднийг байраа суллаж өгөхийг шаардсан. Ид зуны амралт эхлэх цагаар буюу 7 дугаар сарын 10-ны дотор суллахыг шаардсан нь бусад түрээслүүлэх барилгын эзэд амарч, түрээсийн байр ховордох, үнэд орох зэрэг нь бидний хэвийн үйл ажиллагаанд томоохон доголдлыг бий болгож, тогтмол орлого алдагдаж эхэлсэн. Энэ нь үргэлжилсээр одоог хүртэл байгууллагын хэвийн үйл ажиллагаа жигдрээгүй нөхцөл байдалтай байна. Ковидын улмаас түрээсийн байрууд хөнгөлөлттэй үнээр түрээсээ авч байхад бид үндсэн үнээрээ л төлж байсан. Бидэнд ямар нэгэн хөнгөлөлт урамшуулал олгоогүй. Түрээсийн төлбөрийн 26,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ төлбөрийг 9-12 дугаар сарын хугацаанд байгууллагын орлогоос хуваан төлөх боломжтой тул энэ талаар зөвшилцөлд хүрэх саналтай байна. Засвар үйлчилгээний зардлын 9,000,000 төгрөг нь үндэслэлгүй үнэлгээ ба бид байраа хүлээлгэж өгөхдөө шинээр засвар хийсэн паркетан шал, шинэ гипсээр хийсэн ханын хуваалт, таазны лед гэрэлтүүлэг зэргийг бүгдийг үлдээсэн бөгөөд гадны нөлөөгөөр гадна талын давхарга шил нь хагарсан вакум цонх 5 байсан. Бусдаар бид тэр байрны үндсэн хийцэд хохирол учруулаагүй, харин ч бидний хийсэн ханын хаалтыг дахин ашиглаж цэцэрлэгийн зориулалттай засвараа хийсэн байна. Бидний үлдээсэн хана болон паретан шал зэрэг нь бодит өртгөөрөө 3,5 сая гаруй төгрөг болсон ба бид энэ төлбөрийг нэхэмжлээгүй. Ус дулаан ашигласны төлбөрт үүссэн 2,516,000 төгрөг нь ... ХХК болон орон сууц нийтийн ашиглалтын ... ХХК-ийн хоорондын гэрээгээр зохицуулагдах төлбөр юм. Тухайн төлбөр төлөгдөөгүй шалтгаан нь подвалын давхарт ус алдахад яаралтай ирж хааж өгөөгүй, өдөржин ус алдсаны улмаас ... ХХК-ийн хэвлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд хэт чийгтэй, шагайгаар татсан устай орчинд олон өдөр сул зогсож, ажил хэвийн явагдах боломжгүй болсноос их хэмжээний орлогоо алдсан. Үүнийг ... ХХК гэрээгээр заасан үйлчилгээгээ үзүүлж чадаагүйн улмаас бид хохирсон гэж үзээд асуудлыг шийдэгдтэл төлөхгүй гэдгээ тухайн байгууллагад мэдэгдсэн байгаа. Тэд 8 дугаар сараас хойш бидэнд ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй байгаа нь өөрсдийн гэм буруугаа хүлээж биднээс төлбөр авахгүйгээр шийдсэн гэж ойлгосон. Хэрэв тэд төлбөрөө нэхэмжлэх бол бидэнд учирсан хохирлыг барагдуулсны дараа төлбөрөө нэхэмжлэх эрх шүүхийн байгууллагаар гэм буруутай этгээдийг тогтоож шийдвэрлүүлэх бүрэн боломжтой ба дээрх төлбөр нь иргэн Б....тэй огт хамааралгүй төлбөр гэж үзэж байгаа тул төлөхөөс татгалзаж байна. Түрээсийн төлбөр дээр тодорхой хэмжээний график гаргаад, тохиролцоод төлье гэх саналтай байгаа. Завсар үйлчилгээнд гарсан 9,000,000 төгрөгийн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Цэцэрлэгийн зориулалтаар засвар хийсэн зардал болох 9,000,000 төгрөгийг надаас нэхэмжлээд байна гэж ойлгож байна. Хэрэв төлөх дээрээ тулбал зөвхөн хагарсан шилний зардлыг төлж болно. Өөрөөр төлөх боломж байхгүй. ... ХХК-ийн үнийн саналын хэмжээгээр хариуцахыг зөвшөөрч болно.

Өмгөөлөгч: Ажлын байр түрээслэх гэрээг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл буюу 36 сарын хугацаатайгаар байгуулсан. Гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээг сунгах талаар бичгээр байгуулсан зүйл байхгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Уг хуулийн заалтын дагуу гэрээг хүчин төгөлдөр бус байна гэж маргаж байгаа. Мөн дээрээс нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 2021 оныг хүртэл 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Иймд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

- 2015 оны Ажлын байр түрээслэх гэрээний эх хувь /хх-4-7/, 2022 онд талуудын тооцоо нийлсэн гар бичмэл баримтын эх хувь /хх-8/, ... ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-15/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-35-36/, нэхэмжлэгч тал 2022 онд Нийслэлийн боловсролын газартай байгуулсан Сургалтын зориулалтаар ашиглах байр, анги, танхим түрээслэх, түрээслүүлэх гэрээний эх хувь /хх-52-56/, түрээсийн зүйлийн фото зураг /хх-57-59/ зэрэг болно.

4. Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргасан Б...., Р.... нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-9-10, 16/, ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-11/, Цэцэрлэг гэх байгууллагын бараа худалдаж авсан Зарлагын баримтын хуулбар /хх-12/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-13-14/, ... ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх гэх хэвлэмэл баримт /хх-17-18/ зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.

5. Хариуцагч тайлбар, татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-28/, ... ХХК-ийн 2023 оны ... тоот цонхны үнийн саналын эх хувь /хх-61/ зэрэг болно.

6. Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар захирамжаар ... ХХК-ийн ажилтан Р....аг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж, түүнээс шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг авсан. /хх-41/

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч Б...., Б.... нарын нэхэмжлэлийн шаардлагаас 27,660,000 төгрөгийг хангаж, үлдэх 7,740,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нэхэмжлэгч хариуцагчаас шаардсан ус, дулааны зардал 2,516,000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нар нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 26,400,000 төгрөг, түрээсийн зүйлд засвар үйлчилгээ хийсний зардал 9,000,000 төгрөг, ус дулаан ашиглалтын төлбөр 2,516,000 төгрөг, нийт 37,916,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

3. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгч Б.... нь хариуцагч ... ХХК-иас ус, дулаан ашиглалтын зардал 2,516,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Нэхэмжлэлийн үлдэх шаардлага буюу түрээсийн төлбөрийн үлдэгдэл 26,400,000 төгрөг, засвар үйлчилгээ хийсний зардал 9,000,000 төгрөг, нийт 35,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч тал 2021 оноос түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир энэ хугацааны түрээс 26,400,000 төгрөгийг гаргуулна. Мөн хариуцагч түрээсийн байрыг хүлээлгэн өгөх үед цонх цуурсан, хагарсан байдалтай байсан учир солиулахад 9,000,000 төгрөгийн зардал гарч бидэнд хохирол учирсан тул шаардана гэж нэхэмжлэгч тодорхойлсон.

5. Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлээс түрээсийн төлбөрийн үлдэгдэл 26,400,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, энэ шаардлагатай маргаагүй. Харин засвар үйлчилгээний зардал 9,000,000 төгрөг эс зөвшөөрч марган, татгалзлын үндэслэлээ ...түрээсийн байрыг хүлээлгэж өгөхдөө шинээр засвар хийсэн, 5 ширхэг вакум цонхнуудыг заавал рамаар нь солиулах шаардлага байгаагүй, 9,000,000 төгрөгийн зардал гарсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй, цонх шилэн хийцийн компаниас авсан үнийн саналын дагуу 1,260,000 төгрөгийн хэмжээгээр төлөхийг зөвшөөрч болно гэж тайлбарлан маргаж байна.

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангаагүй учир хүчин төгөлдөр бус хэлцэл болох бөгөөд нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус гэрээний дагуу түрээсийн төлбөр шаардах эрхгүй, бичгээр байгуулсан гэрээ 2015 онд хийгдсэн ба уг гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэхэмжлэгч шаардах эрхгүй болсон гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

7. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 онд байгуулагдсан Ажлын байр түрээслүүлэх гэрээний эх хувь, 2022 онд талуудын үйлдсэн тооцоолол бүхий гар бичмэл баримт, Б....ийн Хан-Уул дүүргийн ... цэцэрлэгтэй байгуулсан түрээсийн гэрээний эх хувь, түрээсийн зүйлийн гэх фото зургууд, ... ХХК-ийн цонхны үнийн санал, гэрч Р....агийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

7.1. Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ... тоот хаягт байршилтай 194,29 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ... тоот хаягт байршилтай 297 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг нэхэмжлэгч Б...., Б.... нар хамтран өмчилдөг байна.

7.2. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч Б.... нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Ажлын байр түрээслүүлэх гэрээгээр 297 мкв талбай бүхий өргөтгөлийн зөвшөөрөлтэй байрыг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 36 сарын хугацаатай ... ХХК-д сар бүр 4,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцож бичгээр гэрээг байгуулан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулжээ.

7.3. Талууд гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй бөгөөд хариуцагч тал түрээсийн зүйлийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ашиглаж, талууд аман хэлбэрээр харилцан тохиролцож сарын түрээсийг 4,800,000 төгрөг болгож өөрчилсөн байх бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн төлбөр 2021 оны үлдэгдэл 12,600,000 төгрөг, 2022 онд түрээс төлөөгүй ба 2022 оны 6 сарын төлбөр 28,800,000 төгрөг, нийт 41,400,000 төгрөгийн үлдэгдэл байгаа тухай түрээслүүлэгч Б...., түрээслэгч ... ХХК, ... хэвлэх үйлдвэрийн Р.... нар гарын үсэг зурж баталгаажуулан тооцоо нийлсэн байна.

7.4. Хариуцагч ... ХХК түрээсийн зүйлийг нэхэмжлэгч Б....д хүлээлгэж өгснөөс хойш 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн ... цэцэрлэгтэй гэрээ байгуулан түрээсийн зүйлийг тус цэцэрлэгт түрээслүүлж байна.

7.5. Нэхэмжлэгчийн солиулсан гэх 5 ширхэг вакум цонхыг солиулахад ямар зардал гарах талаар хариуцагч тал ... ХХК-иас үнийн санал авахад хуванцар 2 давхар шилтэй цонх 290,000 төгрөг, хуванцар 3 давхар шилтэй цонх 320,000 төгрөг, металл 400,000 төгрөг, 2 давхар шил солиход 110,000 төгрөг, 3 давхар шил солиход 140,000 төгрөг болох талаар нэгжийн үнийг тодорхойлжээ.

8. Зохигчид түрээсийн гэрээг нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлээгүй талаар, бичгээр байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дуусахад гэрээг сунгаж, түрээсийн төлбөр сарын 4,000,000 төгрөг байсныг 4,800,000 төгрөг болгон өөрчилсөн, түрээслэгч тал 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээсийн зүйлийг ашигласан, тухайн байранд хариуцагч аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байсан, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 26,400,000 төгрөг байгаа талаар маргаагүй.

9. Харин түрээсийн зүйлийг сулласны дараа 5 ширхэг вакум цонхыг солиулж, засвар үйлчилгээ хийлгэхэд 9,000,000 төгрөгийн зардал гарсан эсэх, тийнхүү цонхнуудыг рамаар нь солиулах шаардлагатай байсан эсэх талаар зохигчид, талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус, улмаар хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу түрээсийн төлбөр нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх зэрэг үндэслэлийг хариуцагчийн өмгөөлөгч гарган тус тус маргаж байна.

10. Талууд 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Ажлын байр түрээслүүлэх гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлээгүй ба үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй болох нь гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдсон.

11. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Хэрэв хуульд заасан энэхүү шаардлагыг хангаагүй бол Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой тайлбар үндэслэлтэй бөгөөд талуудын байгуулсан түрээсийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

12. Гэрээний талууд 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр харилцан тооцоо нийлж, түрээсийн сарын төлбөр болон түрээсийн төлбөрийн нийт үлдэгдлийн талаар тооцоо нийлсэн бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт ...56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан. Гэвч талуудын байгуулсан дээрх тооцоо нийлэх агуулга бүхий хэлцэл нь Түрээсийн гэрээний үндсэн шинжийг агуулсан байх тул хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байна.

13. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар хуульчилсан бөгөөд хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байгаа боловч уг гэрээний хугацаанд түрээслэгч нь түрээслүүлэгчийн хөрөнгийг ашиглан үйл ажиллагаа явуулсан хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй тул хариуцагч ... ХХК-иас 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Б...., Б.... нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг ашигласны төлбөр 26,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

14. Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох түрээсийн байр ашигласны хохирол, засвар үйлчилгээний зардал 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч дээрх шаардлагатай холбогдуулан 9,000,000 төгрөгийн зарлагын баримтын хуулбарыг хэрэгт нотлох баримтаар гаргасан боловч уг баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, мөн түүнээс 9,000,000 төгрөгийн зардал гарсан гэх байдал хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогдсонгүй.

15. Харин хариуцагч талын зүгээс түрээсийн байрны 5 ширхэг цонхнуудын зарим нь хагарч, зарим нь цуурсан зэрэг үйл баримтын талаар маргаагүй ба ... ХХК-иас цонхны үнийн санал авч, уг үнийн саналын дагуу төлбөр хариуцах боломжтой гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан учир хариуцагч талын зөвшөөрсөн хэмжээгээр буюу тэрхүү үнийн саналд дурдсан нэгж үнийг нэгтгэн 1,260,000 төгрөгийг хариуцагч ... ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б...., Б.... нарт олгож, илүү нэхэмжилсэн 7,740,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

16. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч талаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347,530 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох тэмдэгтийн хураамж 296,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан гаргасан ус, дулаан ашиглалтын зардалд 2,516,000 /хоёр сая таван зуун арван зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... ХХК-иас 27,660,000 /хорин долоон сая зургаан зуун жаран мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б...., Б.... нарт олгож, нэхэмжлэлээс 7,740,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас тэмдэгтийн хураамжид төлсөн 347,530 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 296,530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн 1 дэх заалтын хүрээнд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА