| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/06131/И |
| Дугаар | 102/ШШ2023/01101 |
| Огноо | 2023-03-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2023/01101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...
Хариуцагч: ...
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,847,806.49 /есөн сая найман зуун дөчин долоон мянга найман зуун зургаан төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б...., Л....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Л....ы хамт гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Б.... нь ... ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ... тоот Кредит карт эзэмших зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг бэлэн гүйлгээний жилийн хүү 28,8 хувийн, сарын 2,4 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 21,6 хувийн, сарын 1,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар зээлж авсан. Банк нь Кредит карт эзэмших зээлийн гэрээ-ний дагуу зээлдэгч Б....ы ... дахь ... тоот кредит картын дансанд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээлжих эрхийг олгосон. Зээлдэгч нь 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Кредит карт эзэмших зээлийн гэрээний 2.8, 3.4-д заасан эргэн төлөлтийг удаа дараа зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн, энэ нь тухайн зээлийг нэг талын санаачилгаар цуцлах бүрэн үндэслэл болж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4,951,500 төгрөг, үндсэн хүү 3,114,539.41 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 1,745,531.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,235.92 төгрөг, нийт 9,847,806.49 төгрөг хуримтлагдаж банкийг хохироож байх тул хариуцагч Б....аас энэ хэмжээгээр шаардаж байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан. Кредит карт эзэмших гэрээ нь онцлог гэрээ бөгөөд хугацаа хэтрэлтийн шимтгэлийг гэрээний 2.7.2, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү гэж үзэн төлөгдөөгүй хамгийн бага төлбөрийн нэг хувиар тооцдог. Зээлдэгч нь гэрээ байгуулснаас хойш зээлжих эрхээ бүрэн ашигласан. Зээлжих эрхээ ашиглахдаа бэлэн 455,000 төгрөг, бэлэн бус 4,496,000 төгрөг ашигласан байна. Иймд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
2.Хариуцагч Б.... 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Зээлийн тооцоолол /хх-8/, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-9/, Кредит карт эзэмших гэрээ /хх-10-13/, Кредит дансны хуулга /хх-14-15/, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх-16/, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт /хх-17-18/, зээлдэгчийн ажлын байранд мэдэгдэл хүргүүлснийг баримтжуулсан гэх фото зураг /хх-19/, зээлдэгчтэй харилцсан мессежний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-20-21/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн болон иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-22-23/, Зээлдэгчийн анкет /хх-24/, Кредит картын өргөдөл, судалгааны маягт /хх-25-26/, Барс тооцооны төв-ийн зээлийн хорооны хурлын шийдвэр /хх-27/, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-иас ...инд хүргүүлсэн Б....ы цалингийн тодорхойлолт /хх-28-29/, Иргэний хаягийн мэдээлэл /хх-30/, Иргэний гэрлэлтийн мэдээлэл /хх-31/, Иргэний нийгмийн даатгалын мэдээлэл /хх-32/, Б....ы Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-33/, Б....ы харилцах дансны хуулга /хх-34-49/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
4.Хариуцагч тал шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүхэд аливаа нотлох баримт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
5.Хариуцагч Б.... шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар бичгээр гаргаагүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагч талын эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгч ... ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б....аас Зээлийн гэрээний үүрэгт 9,847,806.49 /есөн сая найман зуун дөчин долоон мянга найман зуун зургаан төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.Шүүх ... ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хариуцагч Б....ыг шүүхэд ирүүлэхээр дуудсаны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд мөн хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
4.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу шаардана гэж тодорхойлсон.
5.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Кредит карт эзэмших гэрээ, Кредит дансны хуулга, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт, зээлдэгчийн ажлын байранд мэдэгдэл хүргүүлснийг баримтжуулсан фото зураг, зээлдэгчтэй харилцсан мессежний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн иргэний үнэмлэхийн болон иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Зээлдэгчийн анкет, Кредит картын өргөдөл, судалгааны маягт, Барс тооцооны төв-ийн зээлийн хорооны хурлын шийдвэр, Б....ы зээл авахдаа хувийн байдлаа тодорхойлохоор бүрдүүлсэн баримтууд, Б....ы харилцах дансны хуулга зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
5.1.Нэхэмжлэгч ... ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ... тоот Кредит карт эзэмших гэрээг хариуцагч Б....тай байгуулж, зээлдэгчийн хэрэглээнд зориулан 5,000,000 /таван сая/ төгрөгийн зээлийн лимит бүхий ...т картыг 2 жилийн хугацаатай олгох, зээлдэгч уг нөхцлийн дагуу кредит картын төлбөрийг банкинд буцаан төлөх, бэлэн гүйлгээний хүү жилийн 28,80 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 21,60 хувь, зээлийн лимит хэтрүүлсний шимтгэл хэтрүүлэн ашигласан дүнгээс 2 хувь, хугацаа хэтрүүлсний шимтгэлд төлөгдөөгүй хамгийн бага төлбөрийн 1 хувь байхаар болон бусад нөхцлийг харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн байгуулжээ.
5.2.Зээлдэгч Б.... гэрээний дагуу кредит картаар бэлэн 455,000 төгрөг, бэлэн бус 4,496,000 төгрөг тус тус ашиглаж, гэрээний хугацаа дуусахад ашигласан зээлийн төлбөрөө буцаан төлөх үүргээ биелүүлэлгүй, зээлийн үлдэгдэл 4,951,500 төгрөг, үндсэн хүү 3,114,539.41 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 1,745,531.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,235.92 төгрөг, нийт 9,847,806.49 төгрөгийн хуримтлал үүссэн нь Кредит дансны хуулга, гэрээний үүрэг биелүүлэх тухай зээлдүүлэгчийн мэдэгдэл, хүү тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5.3.Зээлдүүлэгч ... ХХК-иас зээлдэгч Б....тай 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд 23 удаа зээлдэгчтэй утсаар холбогдохоор залгаж, зээлдэгчийн ажлын байранд очиж мэдэгдэл хүргүүлэн, цахим шуудангаар холбогдож шаардаж байсан нь Зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт, фото зураг, харилцсан мессежний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдсон.
6.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
7.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд тус тус заасан шаардлага хангаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцож гэрээнд энэ талаар тусгасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.
8.Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгчид 5,000,000 төгрөгийг ашиглаж эрх олгосон, улмаар зээлдэгч бэлэн 455,000 төгрөг, бэлэн бус 4,496,000 төгрөг ашигласан болох нь хүү тооцоолол, кредит дансны хуулга, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, зээлдэгчтэй харилцсан мессеж, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдсон. Иймд зээлдэгч Б.... нь гэрээний дагуу авч ашигласан зээл 4,951,500 төгрөг, үндсэн хүү 3,114,539.41 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 1,745,531.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,235.92 төгрөг, нийт 9,847,806.49 төгрөгийг зээлдүүлэгч ... ХХК-д төлөх үүрэг хүлээнэ.
9.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,514.90 /нэг зуун далан хоёр мянга таван зуун арван дөрвөн төгрөг ерэн мөнгө/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б....аас 172,514.90 /нэг зуун далан хоёр мянга таван зуун арван дөрвөн төгрөг ерэн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б....аас 9,847,806.49 /есөн сая найман зуун дөчин долоон мянга найман зуун зургаан төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,514.90 /нэг зуун далан хоёр мянга таван зуун арван дөрвөн төгрөг ерэн мөнгө/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б....аас 172,514.90 /нэг зуун далан хоёр мянга таван зуун арван дөрвөн төгрөг ерэн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА