Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/247

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал

Улсын яллагч П.Итгэл

Хохирогч Л.А-

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал

Шүүгдэгч Д.Н-г оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-д холбогдох эрүүгийн 1738000000014 тоот хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.Н-,

Шүүгдэгч Д.Н- нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод Л.А-тай маргалдаж ноцолдох явцдаа гарыг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Д.Н- нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод Л.А-тай маргалдаж ноцолдох явцдаа гарыг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч  Л.А-гийн: 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр Мөнхөр бид 2 найз болох Д.Б-гийн гэрт очсон юм. Тэдний гэрт очиход Д.Б- ганцаараа байсан бөгөөд Д.Б- найзууд ирлээ гээд нэг шил архи 0.75 литртэй архи задлаад бид 3 хувааж уусан. Гэхдээ би нэг их уугаагүй хийж өгсөн зарим нэг хундагатай архийг нь асгаад байсан юм. Угаасаа би өөрөө ч гэсэн архи ууж чаддаггүй. Бид 3-ыг тэгээд байж байтал миний танил найз болох Д.Н-, Бямбаа гэж эмэгтэйтэй хамт гаднаас орж ирсэн. Тэр хоёрын ирсэн шалтгаан нь Д.Б-г хөдөө авч явах гэсэн юм билээ. Д.Н- гаднаас орж ирсэн цагаасаа хойш орж гарч гүйгээд хялалзаад уурлаад байхаар нь би тэсэлгүй чи юундаа хялалзаж, сохолзоод байгаа юм гэж хэлээд өөр бас ганц хоёр хатуу үг хэлсэн тэгсэн чинь Д.Н- шууд гүйж ирээд юу гээд байгаа хөгшин банзал авгай вэ гэснээ үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд оролдож байтал миний 2 гарнаас бариад тавихгүй байсан энэ үед миний зүүн талын гар эвгүй болоод өвдөөд байхаар нь би гар өвдөөд байна ш дээ гэсэн чинь гараа тавиад Батцэрэнгийн гэрээс гараад явчихсан. Би 7 дугаар сарын 19-ний өдөр эмнэлэгт үзүүлсэн чинь гарны савх яс хугарчихсан байна гэсэн. Д.Н- над руу ирээд намайг үсдээд хойш нь дарчихсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд оролдож байтал миний гарыг 2 гараараа бариад хүчтэй атгаад мушгичих шиг болсон. Тэгсэн л миний гар эвгүй болоод өвдөөд эхэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 5-8р тал/,

Гэрч Б.М-ийн: 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн найз Д.Б-гийн гэрт очоод нэг шил архи хувааж уугаад байж байтал араас манай эхнэр Л.А- ирсэн. Л.А-г ирэхэд Д.Б- бид 2 архиа хувааж уугаад дуусаж байсан. Л.А-г ирэхээр нь архинаас хундагалж өгсөн. Гэхдээ архи бараг дуусаж байсан болохоор Л.А- нэг их уугаагүй. Би архиа ууж дуусаад согтоод унтчихсан байсан. Тэгсэн нэг мэдсэн эмэгтэй хүн гар ёоё ёоё гээд хашгираад байхаар нь сэрээд хартал манай Л.А- зүүн гараа барьчихсан гар сонин болчихлоо гар хугарчих шиг боллоо гэчихсэн байж байсан. Тэгэхээр нь би Л.А-гаас гараа яачихав гэсэн чинь Д.Н- ирээд түүнтэй маргалдаад миний үснээс зулгаахаар нь тавиулах гэсэн чинь гарнаас барьж аваад гарыг маань базаад мушгиад гар маань сонин болчихлоо гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

Гэрч Л.Б-гийн Тухайн өдөр би хөдөө явах ёстой байсан юм. Тэгээд явахдаа Д.Н- утсаар яриад хамт хөдөө явах уу гэсэн чинь ачаа буулгаж байна. Хэсэг хүлээвэл хамт явъя гэхээр нь би хүлээж байя гээд Д.Б-гийн гэрт ганцаараа очсон. Тэгсэн чинь тэнд Д.Б-, Л.А- эгч, Б.М- нар архи уучихсан байж байхаар нь би Д.Б-г архи уучихсан байна. Согтуу юм яршиг яршиг гэж бодоод гараад ирсэн чинь араас дагаад гараад ирэхээр нь би чи хөдөө хамт явах юм уу гэсэн чинь явъя гэхээр нь чи тэгвэл нэмж архи уухгүй байж байгаарай гэж хэлчихээд урагшаа 6 дугаар хороонд байдаг Баянсүмбэр барилгын материалын дэлгүүр орчихоод явж байтал Д.Н- залгаад бид 2 гэрт нь хамт ортол Д.Б- газраар унтчихсан Б.М- болохоор орон дээр цаашаа хараад унтчихсан. Л.А- эгч Б.М-ийн хажууд орон дээр сууж байсан. Би Д.Б-г авах гэж очсон болохоор согтоод унтчихсан болохоор нь уур хүрээд буцаад гараад ирсэн. Тэгсэн Д.Н- надтай хамт гарч ирээд Д.Б-г авъя л даа гээд буцаад гэр рүү орсон. Би ч хашааны гадаа гараад машин дотроо Д.Н-г гарч ирэхийг хүлээгээд байж байтал Д.Н- гарч ирээд бид 2 хөдөө явсан. Надад зодоон, цохион хийсэн шинж ажиглагдаагүй. Ямар ч байсан Туяа солиорч байна. Намайг Б.М-тэйгээ холбоод элдвээр хэлээд байна гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/,

Гэрч Д.Б-гийн: 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр намайг гэртээ байж байтал манай найз Б.М- манай гэрт ирсэн тэгэхээр нь би гэрт байсан нэг шил архиа задалж өгөөд нөгөөхийгөө уугаад сууж байтал Б.М-ийн эхнэр Л.А- араа хүүхдээ дагуулчихсан ирсэн. Л.А-г ирэх үед Б.М- бид 2ын ууж байсан архи дуусаж байсан. Тэр архинаас Л.А-д хундагалж өгснийг Л.А- ууж байсан. Эхний нэг шил архиа дуусгачихаад би дахиад нэг шил архи аваад тэр архинаас ууж байгаад би согтоод тасарчихсан байсан. Нэг сэрэхэд би гэртээ ганцаараа унтаж байсан. Тэгэхэд маргааш нь 7 дугаар сарын 18-ны өдөр болчихсон байсан. Тэгээд байж байтал утас дуугарахаар нь аваад ярьтал Б.М- байсан. Тэгснээ Л.А-гийн гар хугарчихсан байна. Д.Н- зодолдсон байна. Одоо эмнэлэг явлаа гэж хэлээд утсаа салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/

Шүүгдэгч Д.Н-гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Хохирогч үгээр доромжилж миний үснээс зуураад авахаар нь хоёр гарнаас нь шуунаас нь барьж түлхээд гарсан. Тэрэнд бол гар нь хугараагүй байх гэж бодож байна биеэ авч явж чадахгүй согтуу байсан учир харих замдаа унаж бэрсэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 455 дугаартай:

  • Лхагважавын Л.А-гийн биед гэмтэл тогтоогдлоо.
  • Лхагважавын Л.А-гийн биед талын шуу, богтос ясны далд хугарал бүхий гэмтэл учирсан байна.
  • Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
  • Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.
  • Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  • Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 16-р тал/,

Шинжээч эмч Р.Ням-Осорын: Л.А-гийн биед үзлэг хийхэд зүүн гарын шуу яс дунд хэсгээрээ хугаралтай гэх дүгнэлт /хх-ийн тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Хохирогч биеэ хянах чадваргүй байсан гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна. Гэрч Д.Б-гийн “...1 шил архи уугаад дуусахад Л.А- араас ирсэн. 2 дахь шил архиа гаргасан байсан. Шүүгдэгч Д.Н- мөн 1 шил архи уугаад дээрээс уусан архи байсан....” /хх12/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.М-ийн “...Хүн ёолохоор нь сэртэл эхнэр гар мушгиад гэмтээсэн. Тэндээс гараад гэртээ харьсан...” /хх 10/ гэж мэдүүлсэн байх тул хохирогчийг биеэ хянах чадваргүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Н- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 28-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн 1738000000010 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хохирогч нь эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д.Н-г бусдын бие махбодид хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь эмчилгээний зардал болон бусад хохиролоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ