Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 221/MA2017/0123

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 08 өдөр          Дугаар 221/МА2017/0123            Улаанбаатар хот

Иргэн В.*******ийн нэхэмжлэлтэй                                                                захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гуравдагч этгээд М.******* нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээд М.*******ын давж заалдах гомдлоор, иргэн В.*******ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Халхгол сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24ий өдрийн 39 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 159.2, 159.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Халхгол сумын Сонгуулийн хороонд холбогдох, нэхэмжлэгч В.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Халхгол сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10-р сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын В.*******т холбогдох хэсэг, “Санал хураалтын дүнгийн тухай” 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолын М.*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, В.*******ийг Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад оруулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тогтоол гаргаж, үнэмлэх олгохыг Халхгол сумын Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд М.******* давж заалдах гомдолдоо:

“М.******* миний бие Дорнод аймгийн Халхгол сумын Сонгуулийн хороо хариуцагчтай В.******* нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд М.*******ыг оролцуулан шийдвэрлэсэн Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 39 дүгээр шийдвэртэй танилцаж дараах гомдлыг гаргаж байна.

Дорнод аймгийн Халхгол сумын Сонгуулийн хорооны 2016 оны 05 тоот тогтоолоор бие даагч Ваанжил овогтой *******ийг мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагаар хянуулаагүй гэсэн үндэслэлээр бие даан нэр дэвшигч В.*******ийг нэрийн жагсаалтаас хасаж шийдвэрлэсэн юм.

Улмаар Дорнод аймгийн Халхгол сумын Сонгуулийн хороо.ны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн санал хураалтын дүнгийн тухай 10-р тогтоолоор Манжил овогтой ******* би Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон.

Гэтэл Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 39 дүгээр шийдвэрээр Дорнод аймгийн Халхгол сумын Сонгуулийн хороо-ны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 тоот тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Шүүх Сонгуулийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

 Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д “Дараах этгээд сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна”, 67.5.2-т “бие даан нэр дэвшигч” гэдэг нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийг төрийн аудитын байгууллагаар зайлшгүй хянуулахаар хуульчилжээ.

Хуулийн шаардлага хангаагүй бичиг баримттай бие даагч нэр дэвшигчийг Сонгуульд оролцуулахаар бүртгэхгүй ба бүртгэсэн тохиолдолд тухайн бүртгэл хүчингүй гэсэн утга илэрхийлэгдэнэ.

Сонгуулийн тухай хуулийн 5-р зүйлд Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах зарчмыг тодорхойлсон байдаг ба үүнд хууль дээдлэх, шударга ёсыг сахих гэж заасан энэ нь сонгуулийн байгууллагын үйл ажиллагаанд нэн тэргүүнд баримтлах ёстой зарчим билээ. Иймд уг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч В.******* нь “...Хуулийн дагуу нэр дэвшигчийн үнэмлэхээ авч сонгуулийн сурталчилгаа хийж байх үед сумын Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн тухайд сонгуулийн хууль зөрчсөн, материал дутуу гэж хэлж ярьсан зүйл байгаагүй, ...санал хураалт дууссаны дараа бие даан нэр дэвшигч нар мөрийн хөтөлбөрөө аудитаар баталгаажуулаагүй гэсэн үндэслэлээр 05 дугаар тогтоолыг танилцуулсан... сумын Сонгуулийн хороо хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ... тул тус хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын В.*******т холбогдох хэсгийг, мөн “...нэр дэвшигч М.******* нь нийт 156 сонгогчийн санал авч 8 дугаарт орсон... надад 221 сонгогч санал өгсөн, намайг хууль бусаар нэрийн жагсаалтаас хассан” тул “Санал хураалтын дүнгийн тухай” 10 дугаар тогтоолын М.*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж,  В.******* намайг Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад оруулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тогтоол гаргаж, түр үнэмлэх олгохыг Халхгол сумын Сонгуулийн хороонд даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Хариуцагчаас “...Сонгуулийн тухай хуулийн 157-д заасны дагуу бие даагч нарын материалыг бүрдүүлсэн, уг заалтад бие даагчдын мөрийн хөтөлбөрийг авна гэж заагаагүй байсан. Мөн хуулийн 159.2-т бие даагч нар мөрийн хөтөлбөргүй байгаа нь нэрсийн жагсаалаас хасагдах үндэслэл болохооргүй байсан тул тэднийг нэрсийн жагсаалтаас хасахгүй байхаар шийдсэн ... санал хураалт явагдаж байх өдөр 17 цагийн үед сумын Монгол Ардын Намын дарга бусад хүмүүсийн хамт бие даагчдыг яагаад хасахгүй байна, та нар тэдэнд үйлчилсэн гэх мэтээр хэлсэн ... хасахгүй бол шүүхэд өгнө гэсэн, аймгийн Сонгуулийн хорооны даргаас асуухад “бие даагч нар хуулиа судалсан байх ёстой, мөрийн хөтөлбөрөө өгсөн байх ёстой хас” гэсэн. Бие даагчдыг оролцуулбал сонгуулийн хорооны гишүүд арга хэмжээ авагдана гэдгийг санаарай” гэсэн ... Ингээд дээд шатны байгууллагын өгсөн үүрэг чиглэлийн дагуу бие даагч нарыг хасах тухай тогтоол гаргаж хэсгүүдэд хүргүүлсэн ... санал хураалт дуусахад уг тогтоолыг танилцуулж санал хураалтын дүнгээс бие даан нэр дэвшигчдийн авсан саналыг хасч тооцсон...” гэж тайлбарлажээ.

Сонгуулийн тухай хуульд заасан нийтлэг шаардлагад уг хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна”, 67.5-д “Дараах этгээд сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна”, 67.5.2-т “бие даан нэр дэвшигч” гэж тус  тус заасан нь хамаарахаар хуульчилсан байна. 

Хавтаст хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч В.******* нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т тусгайлан нэрлэж заасан бие даан нэрээ дэвшүүлэгчид бүртгүүлэхээр ирүүлэхийг шаардсан баримт бичгүүд болох “нэр дэвшигчийн товч мэдээлэл[1], нэр дэвшигчийн намтар[2], малын “А” дансны тодорхойлолт[3], өр төлбөрийн талаар мэдүүлэг[4], цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт[5], Дорнод аймгийн татварын хэлтсийн албан тодорхойлолт[6], Үндэсний татварын албаны тодорхойлолт[7], Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны “...өр төлбөргүй...” гэх тодорхойлолт[8], “...банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөргүй...” гэх нэр дэвшигчийн төлбөрийн талаарх тодорхойлолт[9], бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр[10], дэмжигч, сонгогчийн бүртгэл[11]” гэх баримтуудыг бүрдүүлж ирүүлснээр хариуцагч Дорнод аймгийн Халхгол сумын Сонгуулийн хороо тус баримтуудыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр түүнийг бие даан нэр дэвшигчээр бүртгэсэн[12] болох нь тогтоогджээ.

Гэтэл хариуцагч Халхгол сумын Сонгуулийн хороо нь сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэгчид тусгайлан шаардлага болгож заасан дээрх баримтуудыг бүрдүүлсэн гэж үзэж нэр дэвшигчээр бүртгэн сонгуульд оролцуулсны дараа нэхэмжлэгч В.*******ийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассан нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “хууль дээдлэх”, 5.1.3-т заасан “шударга ёсыг сахих” зарчимд нийцэхгүй байна.

 Зүй нь хариуцагч сумын Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д заасны дагуу нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгах үүрэгтэйн хувьд нэхэмжлэгч В.*******ийг нэр дэвшигчээр бүртгүүлэх үед ирүүлсэн баримтын гүйцэд эсэхийг шалгаж, нягтлах хэрэв шаардлага хангаагүй гэж үзэх хууль үндэслэл байсан буюу хуульд заасан баримт бичиг дутуу бол бүртгэхээс татгалзах, нэр дэвшигчид уг алдааг засуулах боломжтой байтал хууль буруу хэрэглэж түүнийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг зөрчигджээ.

 Иймд анхан шатны шүүхийн “хариуцагч Дорнод аймгийн Халхгол сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай” 05 дугаар тогтоол[13]-ын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь Сонгуулийн тухай хуулийн 159.1, 159.2-т заасантай нийцээгүй” гэж дүгнэж шийдвэрлэснийг буруутгах үндэсгүй юм.

Түүнчлэн шүүх “...В.*******ийг Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад оруулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тогтоол гаргаж, үнэмлэх олгохыг Халхгол сумын Сонгуулийн хороонд даалгаж...” гэж шийдсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан Санал хураалтын дүнгийн тухай[14] баримтаас үзвэл гуравдагч этгээд Б.******* нь 156 сонгогчийн санал, нэхэмжлэгч В.******* нь 221 сонгогчийн санал тус тус авсан болох нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч В.*******ийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан хариуцагчийн шийдвэр хууль бус байх тул Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т “...Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно”, 161 дүгээр зүйлийн 161.1-т “Хамгийн олон санал авсан тухайн тойрогт ногдох мандатын тооны нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно” гэж тус тус заасны дагуу шүүх Халхгол сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай 10 дугаар тогтоолын гуравдагч этгээд Б.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэгэнт сонгуулийн үр дүнд тухайн тойрогт хамгийн олон санал авсан нь тогтоогдсон нэхэмжлэгч В.*******ийг Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтад оруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тогтоол гаргаж, үнэмлэх олгохыг тус сумын Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэсэн нь зөв гэж үзлээ. 

Иймд шүүх бүрэлдэхүүн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Б.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Б.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                  С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ