Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 67

 

Ч.Э-ын нэхэмжлэлтэй,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:             Г.Гантогтох    

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 тоот “Газар эзэмших эрх цуцлах тухай” захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх сэргээх”

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2017/0017 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0757 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Ч.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нар,  

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2017/0017 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 41 дүгээр зүйлийн 41.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.6 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Ч-ын Э-ын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 тоот “Газар эзэмших эрх цуцлах тухай” захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох, газар эзэмших эрх сэргээх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0757 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2017/0017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Э-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрх цуцлах тухай” А/08 дугаар захирамжийн Ч.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/MA2017/0757 тоот магадлалыг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гардан авч уг шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр гомдлыг гаргаж байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны А/08 тоот газар эзэмших эрх цуцлах захирамжийн хавсралтын 4 дүгээр хэсэгт заагдсан иргэн Ч.Э нь анх газар эзэмшихдээ Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Сумын газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2011 оны 01 тоот тогтоолоор батлагдсан хавсралтын 10 дугаарт “0,1500 га хэмжээтэй агуулах”-ын зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдсан газарт сумын Засаг дарга дуудлага худалдааг 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А/79 тоот захирамжаар зохион байгуулж уг дуудлага худалдаанд иргэн Ч.Э оролцож ялагч болж газар эзэмших эрх авсан байдаг.

4. Дээрх үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтуудтай нийцэж гарсан байдаг. Үүнээс хойш иргэн Ч.Э нь анх агуулахын зориулалтаар авсан газраа үйлчилгээтэй орон сууц болгох хүсэлт гаргасныг үндэслэж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 32 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 11, 12 дахь хэсэг болон Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 41 тоот тогтоолуудаар тухайн жилийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж газрын зориулалтыг өөрчилж “үйлчилгээтэй орон сууц болгож зориулалтыг” өөрчлөхөөр тусгаж энэ дагуу гарсан сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/238 тоот захирамж болон 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №000422335 тоот эзэмших эрхийн гэрчилгээнд зааснаар Замын-Үүд сумын 2 дугаар баг, 150 хүүхдийн цэцэрлэгийн хойд талд байрлалтай 1500 м.кв газрыг “үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар” эзэмшихээр болж газар эзэмших гэрээг 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр анх байгуулж, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тус тус сунган байгуулсан байдаг.

5. Гэвч уг төлөвлөгөөнд тусгагдсан газарт сумын Засаг даргын зүгээс Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”-аар заасан сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж, эзэмшүүлэхдээ мөн хууль дахь “газар эзэмшүүлэх шийдвэр гаргах” асуудлыг зохицуулсан 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж заасан хүрээнд шийдвэрлэж, улмаар уг шийдвэрийг үндэслэж буюу Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын Газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуй нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар холбогдох гэрээг байгуулж, гэрчилгээ олгож шийдвэрлэхээр эрх зүйн зохицуулалттай байгааг мөрдүүлж ажиллаж байна.

6. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх зүйлүүдэд заасан хуулийн шаардлагаас үзвэл мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3 дахь зүйлүүдэд тус тус зааснаар иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих, газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхээс бусад болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэйгээс бусад, түүнчлэн уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3 дахь зүйлүүдэд “0,07 га, 0.1 га, 100 га хүртэл болон 5 га хүртэл” гэж заасан газрын хэмжээнээс илүү газрыг эзэмшихээр тус тус хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэхдээ тухайн шатны Засаг дарга нь дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмын аль нэгийг сонгон хэрэгжүүлж эзэмшүүлэх, улмаар тухайн шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээг байгуулж гэрчилгээ олгохоор зохицуулсан байдаг.

7. Энэ дагуу нэхэмжлэгч нь хуулийн дээрх агуулга, шаардлагад үндэслэн өөрийн эзэмшиж байсан газрын анхны зориулалтаа өөрчилж “үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар” эзэмшихийн тулд Газрын тухай хууль дахь “Газар эзэмших эрх дуусгавар болох” асуудлыг зохицуулсан 39 дүгээр зүйлийн 39.1.3-д “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан”-аар газар эзэмших эрх дуусгавар болохоор зохицуулагдсаны дагуу тэрээр “агуулахын зориулалтаар” эзэмших нөхцөлтэй байгуулсан өмнөх газар эзэмших гэрээгээ цуцлах хүсэлт гаргаснаар тухайн зориулалтаар эзэмших эрхээ дуусгавар болгож, улмаар мөн хууль дахь “Газар эзэмших эрх дуусгавар болоход газрыг чөлөөлөх” асуудлыг зохицуулсан 41 дүгээр зүйлийн 41.1-д “иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ” гэж зааснаар газрыг Замын-Үүд сумын Засаг даргын мэдэлд шилжүүлэн өгч, харин “үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар” уг газрыг эзэмших тухай хүсэлтээ Газрын тухай хууль дахь “Газар эзэмших тухай хүсэлт гаргах” асуудлыг зохицуулсан 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь зүйлүүдэд заасны дагуу шинээр хүсэлт гарган шийдвэрлүүлэх нь хуульд нийцнэ.

8. Сумын Засаг дарга нь газрыг эзэмшүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн, аж ахуй нэгж байгууллагад дуудлага худалдаа эсвэл төсөл сонгон шалгаруулалт зарлаж улмаар эдгээр үйл ажиллагааг эрх бүхий этгээдээс батлагдсан холбогдох журмын дагуу явуулснаар газрыг эзэмшүүлж, ашиглуулах шийдвэр гаргахаар байсныг зөрчиж иргэн Ч.Э-д өмнө нь “агуулахын зориулалтаар” газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн захиргааны акт болох 2011 оны 139 тоот захирамж, сүүлд зориулалт өөрчилж гаргасан 2013 оны А/238 тоот захирамжаа гаргахдаа өмнөх захирамжийг шууд хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд заасан журам, нөхцөл, шаардлагыг зөрчсөн байгаагаас гадна мөн хууль дахь “Төрөөс газрын талаар баримтлах зарчим”-ыг зохицуулсан 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” талаар заасан зарчмуудад нийцэхгүй байна.

9. Тиймээс агуулахын зориулалтаар эзэмшихээр авсан газраа 2 жилийн хугацаанд ашиглаагүй, зориулалт өөрчлөн хууль бус эзэмшиж байсан шийдвэрийг баталгаажуулсан Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2017/0017 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/MA2017/0757 тоот магадлалыг хүчингүй болгох гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудын холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.  

11. Нэхэмжлэгчээс “...газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх заалтын дагуу тус газартаа 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, газар эзэмших эрх цуцлах захирамж гарсныг Газрын тухай хуулийн 40.2-д заасны дагуу мэдэгдээгүй, мэдэгдэл болон захирамжийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн” гэж, хариуцагч “тухайн газар дээр барилга байгууламж, хашаа байшинг заасан хэмжээгээр өнгө үзэмжтэй барьж, орчноо цэвэр байлгаж 10 хувь хүртэл ногоон байгууламж бий болгон бүрэн тохижуулах гэсэн шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллаагүй, газрын зориулалтыг өөрчлөхдөө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 41 дүгээр тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 32 дугаар тогтоолыг зөрчин олгосон” гэсэн үндэслэлээр тус тус маргажээ.

12. Нэхэмжлэгч Ч.Э анх Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Булган сээр” ХХК-ийн баруун талд агуулахын зориулалтаар 1500 м.кв газрыг дуудлага худалдааны ялагч болж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/139 дүгээр захирамжийн дагуу гэрээ байгуулан, гэрчилгээ авч улмаар нэхэмжлэгч эзэмшиж буй газрын зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасныг мөн сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай” А/238 дугаар захирамжаар 1500 м.кв агуулахын зориулалттай газрыг 150 хүүхдийн цэцэрлэгийн замын хойд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

13. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрх цуцлах тухай” А/08 дугаар захирамжаар “...дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар газар эзэмших эрх авсан иргэн нь ... газрын тухай хуулийн болон газар эзэмших гэрээний 3.11 дэх заалт биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан эзэмшил газраа ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож, гэрээг цуцалжээ.             

14. Энэхүү захиргааны шийдвэр нь нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөллийг үүсгэсэн захиргааны акт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус зааснаас үзэхэд захиргаанаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах, ялангуяа сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргах тохиолдолд уг этгээдэд захиргааны холбогдох үйл ажиллагааны талаар заавал урьдчилан мэдэгдэж, тайлбар, саналыг авч, сонсох ажиллагаа явуулсны дараа шийдвэр гаргах үүргийг захиргаа хүлээх ёстой талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

15. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан нөхцөл тухайн тохиолдолд бүрдээгүй байна. Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заажээ. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаар тогтоол, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр тогтоолуудаар 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт орсноор нэхэмжлэгч урьд дуудлага худалдаанд оролцож авсан “агуулахын зориулалтаар” эзэмшиж байсан газрын зориулалтыг дээрх тогтоолуудад нийцүүлэн зохих журмын дагуу өөрчилсөн нь эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлд хамаарахгүй байна.

16. Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг хуулийн дагуу эзэмшиж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, захиргааны акт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр гарсан боловч хариуцагч 2015 оны гэрээг дүгнэж, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, гэрээний хугацааг шинэчлэн тогтоосон атлаа 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрх цуцлах тухай” А/08 дугаар захирамжаар буюу 2 жилийн хугацаа болоогүй байхад цуцалсан нь хуульд нийцээгүй байна. 

17. Анхнаасаа дуудлага худалдаанд оролцож агуулахын зориулалтаар хуулийн дагуу эзэмшиж байсан газрын зориулалт өөрчлөгдсөн нь газар эзэмших эрх дуусгавар болгох, өмнөх газар эзэмших гэрээгээ цуцлах хүсэлт гаргах, шинээр “үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар” уг газрыг эзэмших тухай хүсэлтийг тухайн шатны Засаг даргад гаргах байсан гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0757 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                   

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                      ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН