| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2022/02487/И |
| Дугаар | 102/ШШ2023/00033 |
| Огноо | 2022-12-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2023/00033
| 2022 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2023/00033 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо тоот “Э М Э“ ХХК /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо тоот “Э Ж П Э” ХХК /РД: /
302,754,957 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д, хариуцагчийн төлөөлөгч Y, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Т, гэрч Ч.М, орчуулагч Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э М Э“ ХХК нь хариуцагч “Э Ж П Э” ХХК-д холбогдуулан 302,754,957 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хариуцагч “Э Ж П Э” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Сүхбаатар аймгийн Түмэнцогт суман дахь Шар хадны жоншны уурхайг хамтран ашиглах гэрээг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан ба уг гэрээг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шинэчилж “Туслан гүйцэтгэж, хамтран ажиллах гэрээ”-г бичгээр байгуулсан. Уг гэрээгээр “Э Ж П Э” ХХК нь уурхайг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, “Э М Э“ ХХК нь жонш олборлох, тухайн үйл ажиллагааны зардлыг хариуцахаар тохиролцсон.
1.2. Энэ гэрээгээр “Э М Э“ ХХК нь 2020 онд олборлосон жонш, бага агуулгат хүдрийн 50 хувь, 2021 онд олборлосон жонш, бага агуулгат хүдрийн 60 хувийг эзэмших буюу тухайн хувиар тооцож борлуулалтын орлогыг авахаар тохирсон.
1.3. Хариуцагч нь манай тооцоогоор 2020, 2021 оны борлуулатын орлогын нийт дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны татварыг хасч, 452,693,335 төгрөгийг “Э М Э” ХХК-д шилжүүлэх үүрэгтэй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчтай тооцоо нийлэхэд 450,423,215 төгрөг өгөх тооцоо гарсан ба үүнээс 249,298,378 төгрөгийг хүлээн авсан гэж зөвшөөрч байгаа, үлдсэн 201,124,837 төгрөгийг гаргуулна.
1.4. 2021 оны 3 дугаар сард “Э Ж П Э” ХХК нь ямар нэг шалтгаангүйгээр уурхайн олборлолтын үйл ажиллагааг явуулах боломжгүй зогсоосон. Ямар шалтгааны улмаас уурхайн үйл ажиллагааг зогсоож байгаагаа мэдэгдээгүй. Иймд “Э М Э” ХХК-ийн захирлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр сул зогсолт зарласан ба ажилчиддаа үндсэн цалингийн 60 хувиар тооцож, сул зогсолтын олговор олгохоор шийдвэрлэсэн. Энэ хохирлыг гэрээний 5.1.12-т зааснаар хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж уурхайн олборлолтын үйл ажиллагаа зогссон тохиолдолд ажилчдын цалин, хүнс, хоолны төлбөрийг төлөх үүргийг хүлээсний дагуу 10 ажилчны олговорт 99,360,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу талуудын нийлсэн тооцоогоор борлуулалтын орлогоос 450,423,215 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөс 249,298,378 төгрөгийг дансаар шилжүүлсэн байна. Манай тооцоогоор 457,292,178 төгрөгийг хуваарилан шилжүүлж өгсөн байдаг ба нийт 29 удаагийн шилжүүлгээр өгсөн. Үүнээс 249,298,378 төгрөгийг нэхэмжлэгчийн дансаар шилжүүлсэн. Харин 208,180,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр өгсөн, худалдан авагч нараас борлуулалтын орлогыг шууд авсан, мөн “Э М Э” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ч.М-д өгөх байдлаар үүргийг гүйцэтгэсэн байна.
2.2. Уурхайн үйл ажиллагаа зогссон явдалд манайх буруугүй бөгөөд нэхэмжлэгч нь мөнгөгүйн улмаас үйл ажиллагаагаа зогсоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: “Э М Э“ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Туслан гүйцэтгэж, хамтран ажиллах гэрээ”, “Э М Э“ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай тушаал, тушаалын хавсралт, цалингийн нэхэмжлэл, “Э М Э“ ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн борлуулалтын тайлан, 2020, 2021 оны тооцоо, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “Э Ж П Э” ХХК-тай хийх тооцооны үлдэгдэл, “Э М Э“ ХХК-ийн “Э М Э“ ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 01/06 дугаартай албан тоот, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны дансны хуулга, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн гэрээ /Хятад хэлээр/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /I-ХХ-ийн 5-19, 21-33, 64-71 дугаар тал/
4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: “Э Ж П Э” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Ш.Гантөмөрийн тайлбар, “Э Ж П Э” ХХК-иас “Э М Э“ ХХК- тоног төхөөрөмж, ковш түрээслүүлсэн тооцоо гаргаж өгсөн байна. / I-ХХ-ийн 78-80, 85, 86 дугаар тал/
5. Хариуцагч талын хүсэлтээр Ч.М-с гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна. /II-ХХ-ийн 81-87 дугаар тал/
6. Шүүхийн санаачлагаар дараах баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: “Э Ж П Э” ХХК, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулсан нотлох баримтууд /I-ХХ-ийн 101-150, 152, 156-216, 218-234, 237-242, 247-250 дугаар тал, II-ХХ-ийн 1-42 дугаар тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Э Ж П Э” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Сүхбаатар аймгийн Түмэнцогт суман дахь Шар хадны жоншны уурхайн олборлолтын үйл ажиллагааг манай компани өөрийн зардлаар явуулж, 2020-2021 оны борлуулалтын орлогоос 452,693,335 төгрөг авах ёстойгоос 249,298,378 төгрөгийг авсан байна. Үлдсэн 201,124,837 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2021 оны 3 дугаар сард “Э Ж П Э” ХХК нь ямар нэг шалтгаангүйгээр уурхайн техник, тоног төхөөрөмжийг лацдаж, уурхайн олборлолтын үйл ажиллагааг явуулах боломжгүй зогсоосон бөгөөд үүний улмаас учирсан хохирлоо гэрээний дагуу шаардаж байна. Гэрээний 5.1.12-т зааснаар хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж уурхайн олборлолтын үйл ажиллагаа зогссон тохиолдолд ажилчдын цалин, хүнс, хоолны төлбөрийг төлөх үүргийг хүлээсний дагуу 10 ажилчны сул зогсолтын үеийн олговорт 99,360,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Талуудын нийлсэн тооцоогоор борлуулалтын орлогоос 450,423,215 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөс 249,298,378 төгрөгийг дансаар шилжүүлсэн байна. Үлдсэн төлбөрийг нэхэмжлэгчид бэлнээр, хувьцаа эзэмшигч Ч.М-д өгөх байдлаар, худалдан авагч нараас борлуулалтын орлогыг шууд авч авсан байна. Уурхайн үйл ажиллагаа зогссон явдалд манайх буруугүй бөгөөд нэхэмжлэгч нь мөнгөгүйн улмаас үйл ажиллагаагаа зогсоосон, сүүлд мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг зогсоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Талууд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Туслан гүйцэтгэж, хамтран ажиллах гэрээ” нэртэй гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр “Э М Э” ХХК нь “Э Ж П Э” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт орших Шар хадны уурхайн 1 дүгээр амнаас жонш олборлох, олборлосон жоншийг “Э Ж П Э” ХХК-д хүлээлгэн өгөх, “Э Ж П Э” ХХК нь уурхайн ашиглалт, олборлолтын үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх буюу бичиг баримтын зөрчилгүй байлгах үүргийг хүлээж, олборлосон жоншны 40 хувь нь “Э Ж П Э” ХХК-д, 60 хувь нь “Э М Э” ХХК-д ногдохоор тохиролцжээ. Мөн талууд олборлосон жоншоо нэг худалдан авагчид худалдан борлуулахаар харилцан тохирсон бол борлуулалтын орлогыг “Э Ж П Э” ХХК хүлээн авч, нэхэмжлэгчид ногдох хэсгийг шилжүүлэхээр тохиролцсон байна. Энэхүү гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэхдээ нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийн техник, тоног төхөөрөмжийг ашиглаж, хөлс төлөх үүргийг хүлээсэн байх ба тухайн үйл ажиллагааны зардлуудыг хуваарилахдаа талууд хүлээсэн үүргийнхээ хэмжээгээр хариуцахаар тодорхойлжээ. Энэхүү гэрээг талууд 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр анх байгуулж байсан, гэрээг шинэчлэн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэх ба энэ асуудлаар талууд маргаагүй.
Дээрх гэрээгээр талууд ашиг олох зорилготойгоор хамтран ажиллах, хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд хэн, ямар ажил үүрэг гүйцэтгэх, ямар оролцоотой байх, олборлосон жоншийг хэрхэн хуваарилах асуудлыг зохицуулсан байх боловч талуудын хүлээсэн үүрэг нь тус тусдаа хэрэгжих шинжтэй, тухайн үүрэгтэй нь холбоотой гарсан зардлуудыг өөрсдөө хариуцах, хамтын зорилгыг дэмжих агуулгагүй байна. Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний агуулгагүй гэж үзэв.
Харин нэхэмжлэгч нь өөрийн зардлаар /олборлосон жоншноос нэхэмжлэгчийн хүлээн авах 60 хувьд бүх зардал багтсан/ хариуцагчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Сүхбаатар аймгийн Түмэнцогт суман дахь Шар хадны уурхайн 1 дүгээр амнаас жонш олборлох ажлыг гүйцэтгэж, олборлосон жоншийг хариуцагчид хүлээлгэж өгөх, хариуцагч нь жоншны борлуулалтын орлогоос ногдох хэсгийг нэхэмжлэгчид өгөх үүрэг хүлээсэн байгаа нь талуудын хүлээсэн үүрэг, гэрээний нөхцөлийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгад илүү нийцэж байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.” гэж заасан. Дээрх зохицуулалтаас үзвэл ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх үйл ажиллагаа биш ажлын үр дүн байх бөгөөд ажлын үр дүнд хөлс төлөх хариу үүрэг бий болж байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл нь ажлын үр дүн болон ажлын хөлс байх нь тодорхойлогдож байна. Эдгээр гол нөхцөлийг талууд тохиролцож, харилцан хүсэл зориг нийцсэн бол гэрээ байгуулагдсан гэж үздэг.
Ажлын үр дүн нь тодорхой ажил, үйлчилгээ явуулснаар бий болох бөгөөд тухайн ажил, үйлчилгээг хэний материал, зардлаар гүйцэтгэхийг талууд тохиролцох болохыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан байна.
Иймд талууд ажлын үр дүнг олборлосон жонш, ажлын хөлсийг жоншны борлуулалтын орлогын 60 хувь байхаар тодорхойлж, хариуцагчийн эзэмшлийн техник, тоног төхөөрөмжийг ашиглан нэхэмжлэгчийн зардлаар ажил, үйлчилгээг явуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч биелүүлж, 2020-2021 оны 3 дугаар сар хүртэл олборлосон жоншийг хариуцагчид хүлээлгэн өгсөн үндэслэлээр 452,693,335 төгрөгийн ажлын хөлс авахаас 213,394,957 төгрөгийг хариуцагч төлөөгүй гэж шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хийсэн тооцооллоор 450,423,215 төгрөг авахаас 249,298,378 төгрөгийг хүлээн авсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 302,754,957 төгрөг шаардаж байна гэжээ.
Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж заасан. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй бол захиалагчид хөлс төлөх үүрэг үүсэхгүй гэж ойлгоно.
Талууд ажлын хөлс төлөх хугацааг Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаас өөрөөр тохиролцож болох бөгөөд гэрээгээр өөр тохиролцоо хийгээгүй байх тул нэхэмжлэгчид хөлс шаардах эрх үүссэн эсэх нь ажлын үр дүнг хүлээлгэж өгснөөс хамаарна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа “нэхэмжлэгч тооцоо нийлээгүй, борлуулалтын мөнгө гэж орж ирсэн мөнгө байхгүй учраас нэхэмжлэгчид өгөх төлбөр байхгүй“ гэж тайлбарлаж байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид тооцоо нийлж, 2020-2021 оны жоншны борлуулалтын орлогоос нэхэмжлэгчид төлвөл зохих хөлсний хэмжээг тодорхойлсон байна.
Энэхүү тооцоогоор нэхэмжлэгчид нийт 450,423,215 төгрөг өгөхөөс дансаар 249,298,378 төгрөг шилжүүлсэн болохыг хэн аль нь хүлээн зөвшөөрч, энэ асуудлаар маргаагүй. Харин үлдсэн 201,124,837 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр болон “Э М Э” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ч.М-т өгөх байдлаар төлсөн байна гэж хариуцагч маргав.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж зааснаар үүргийг гүйцэтгэсэн гэж үзнэ. Үүнээс өөрөөр үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх нөхцөлийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид өөрт нь болон гэрээгээр тохирсон этгээдээс өөр этгээдэд хүлээлгэн өгснийг үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн нөхцөлд үүргийг гүйцэтгэсэнд тооцно. Энэхүү зөвшөөрөл нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ” гэж заасны дагуу хэрэгжинэ. Иймд хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх бол энэ талаараа үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэж, зөвшөөрөл авсан байх нь хуульд нийцнэ. Ийнхүү хуульд заасан журмын дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчид мэдэгдэж, зөвшөөрөл авсан болохоо хариуцагч баримтаар нотлоогүй.
Хариуцагчийн хүсэлтээр Ч.М-аас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч нь мэдүүлэхдээ “хариуцагчийн төлөөлөгч Y буюу А эгчээс хувийн журмаар мөнгө зээлж байсан, өөр мөнгөний асуудлыг санахгүй байна“ гэжээ. Иймд гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх мөнгийг хариуцагчаас хүлээн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Мөн нэхэмжлэгчид ажлын хөлсийг бэлнээр өгсөн, худалдан авагч нараас /жонш худалдан авагч/ борлуулалтын орлогыг нэхэмжлэгч өөрөө авч байсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй болно. Иймд хариуцагчийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж дуусгавар болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь ажлын хөлсөнд 201,124,837 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзлээ.
Гэрээний 5.1.12-т “А талын буруутай үйл ажиллагаанаас болж олборлолтын үйл ажиллагаа зогссон тохиолдолд Б талын ажилчдын өдрийн цалин, хүнс, хоолны төлбөрийг тооцож алданги хэлбэрээр төлөх үүрэгтэй” гэжээ. Энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасантай нийцсэн байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг ажилчдын цалин, хүнсний зардлаар тооцон төлөхөөр тохирчээ. Иймд тухайн хохирлыг шаардах эрх нь хариуцагчийн үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагаатай холбоотой үүсэх ба үүргээ зөрчсөн буруутай болохыг нэхэмжлэгч нотлох үүрэг хүлээнэ.
Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 17-06-017/05 дугаар актаар 18 зөрчлийн улмаас * тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Э Ж П Э” ХХК-ийн Шар хадны ил болон далд уурхайн ажлыг 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс илэрсэн зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар зогсоосон байх ба одоо хүртэл зогссон хэвээр байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдов. Тус актад заасан 18 төрлийн зөрчлийг зөвхөн хариуцагчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж үзэх баримт хэрэгт байхгүй байна. Иймд уурхайн олборлолтын үйл ажиллагааг 2021 оны 3 дугаар сараас эхлэн явуулах боломжгүй болсон нөхцөл байдал нь зөвхөн хариуцагчаас шалтгаалсан болохыг нэхэмжлэгч баримтаар нотлож чадаагүй гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар 10 ажилчны олговор 99,360,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь үйл ажиллагаа явуулахдаа хариуцагчийн эзэмшлийн техник, тоног төхөөрөмжийг ашигласан төлбөрт 2021 оны 1-3 дугаар сарын 12,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа гэсэн тайлбарыг үндэслэн үүргийг харилцан тооцож, хариуцагчийн үүргээс хасч тооцов. Иймд хариуцагчаас 189,124,837 /201,124,837 – 12,000,000/ төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 113,630,120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э Ж П Э” ХХК-иас 189,124,837 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э М Э” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 113,630,120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,721,725 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Э Ж П Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,103,574 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э М Э“ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА