| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/02247/И |
| Дугаар | 102/ШШ2023/00937 |
| Огноо | 2023-03-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2023/00937
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ....... тоотод оршин суух хаягтай, О ургийн овогтой Г С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ....... тоотод байрлах хаягтай, Ө СӨХ /РД:/-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилласан хугацааны цалин 5,040,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.С ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, С.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Ө СӨХ-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон ажилласан хугацааны цалин 5,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Нэхэмжлэгч Г.С нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс Ө СӨХ-д гүйцэтгэх захирлаар томилогдсон. 2022 оны 03 дугаар сарын 30-нд ажлаасаа халагдсан. Намайг ажлаас халсан шалтгааныг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Удирдах зөвлөлийн 3 дугаар сарын 01-ний өдөр гаргасан 02 тоот тушаалаар Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийн 17 дугаар зүйлийг үндэслэн ажлаас чөлөөлсүгэй гэсэн байсан. Энэ заалт нь намайг ажлаас халахад хамааралгүй, миний ажлын чиг үүрэгт хамааралгүй заалт юм. Намайг захирлаар ажиллах хугацаанд СӨХ-ны мөнгө орж ирэхгүй байсан болохоор лифтний засвар үйлчилгээ, цахилгаан дулааны төлбөр, хүмүүсийн цалинг арай гэж өгдөг байсан. 2021 оны 04 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэл би өөрөө цалингүй ажилласан. Надад ажиллах хүчин хэрэгтэй байсан учир хоёр үйлчлэгч, гэрээт нягтлан бодогч, лифтчин нарыг цалинжуулдаг байсан. Би 2021 онд СӨХ-ны төлбөр төлөөгүй 31 айлыг шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж, 17,000,000 төгрөгийн орлого олсон. Энэ орлогоор засвар үйлчилгээ хийсэн. 2019 оны 9 дүгээр сард би СӨХ-ны 4 орцны хаалгыг өрх бүрээс 20,000 төгрөг хурааж солиулсан. 2019 оны 09 дүгээр сарын 10-аас 10 дугаар сарын 10-ны хооронд 4 хаалгыг солиулсан. 2020 онд пассат хийлгэх төсвийг хөөцөлдөж улсын төсвөөс суулгаж өгсөн. Улсын төсөвт суулгаад тендерт шалгараад Дархан плаза вакум цонх хийлгээгүй тохиолдолд танай пассатыг хийж өгөхгүй гэсний дагуу би вакум цонхыг 9,021,000 төгрөгөөр хийсэн. 3 дугаар орцны лифт эвдэрсэн байсныг би 800,000 төгрөгөөр засуулсан боловч дахиад эвдэрсэн байсныг хөөцөлдөж орон нутгийн төсөвт хамруулсан 16,800,000 төгрөг болсон. Энэ хугацаанд хийсэн ажлыг минь юу ч хийгээгүй мэтээр дүгнэж хэсэг бүлэг санаа нийлсэн хүмүүс намайг ажлаас халсан. Иймд ажиллаагүй байгаа хугацааны цалин болон 2021 оны 04 сараас 2022 оны оны 04 дүгээр сар хүртэл ажилласан хугацааны цалин 5,040,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Ажилласан хугацааны үндсэн цалин сард 420,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хасаад сарын 380,000 төгрөг байдаг. Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
3.Хариуцагч Ө СӨХ нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь СӨХ-ны ажлыг хүлээлцэх үед нь цонхны компанид 2,160,000 төгрөг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнд 500,000 төгрөг, орон сууцны ахуй үйлчилгээнд 825,000 төгрөг, нийгмийн даатгалд 690,000 төгрөг, Баянголын дүүргийн татварын хэлтэст татварт 5,757,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийн өртэй байсан. Татвараас дансыг хаасан байсан. Санхүүгийн үзүүлэлт ийм муу байхад ажлаа сайн хийж байсан гэж үзэх боломжгүй юм. Хэвийн ажиллаж байсан бол өрөнд орохгүй байсан. 2021 оны 04 дүгээр сараас эхлээд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цалин аваагүй гэж байна. 2022 оны 01 дүгээр сарын 01-нд 300,000 төгрөг өөрийнхөө данс руу шилжүүлээд авсан байна. Энэ мэт мөнгө нэхэмжлэлээс хасагдах байх. Удаа дараа зөрүүтэй худал үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан байна гэжээ.
4.Хэрэгт нэхэмжлэгчээс Г.С гийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 3/, Ө СӨХ-ны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Удирдах зөвлөлийн тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 4/, 2022 оны 03 дугаар сарын цалингийн хүснэгт /хх-ийн 5/, Ө СӨХ-ны гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 6/, 33-р байрны Ө СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 7/, Ө СӨХ-ны Удирдах зөвлөлөөс Гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээ /хх-ийн 8/, хариуцагчаас Ө СӨХ-ны Гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээ /хх-ийн 25/, Ө СӨХ-ны ажил хүлээлцсэн акт /хх-ийн 27/, Ө СӨХ-ны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл /хх-ийн 28/, Ө СӨХ-ны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Удирдах зөвлөлийн тогтоол /хх-ийн 30, 31/, Ц ХХК-ийн албан бичиг /хх-ийн 38/, Супер цонх ХХК-ийн албан бичиг /хх-ийн 39/, Ө СӨХ-ны 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №08 дугаартай албан бичиг /хх-ийн 43/, Г.С г Ө СӨХ-ны гүйцэтгэх захирлаар цаашид ажиллуулах боломжгүй гарын үсгүүд /хх-ийн 44-47/, Ө СӨХ-ны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Удирдах зөвлөлийн тогтоол /хх-ийн 48/, Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан /хх-ийн 53-56/, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 59/, Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан /хх-ийн 60-68//, Төрийн банкны харилцах дансны хуулга /хх-ийн 75-147/, Ө СӨХ-ны 2021 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан /хх-ийн 152/, Ө СӨХ-ны 2021 онд ААХ-д олгосон цалин /хх-ийн 154-162/, шүүхээс Г ХХК-ийн тайлан /хх-ийн 175-213/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Ө СӨХ-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, ажилласан хугацааны цалин 5,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан байна.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Миний бие 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс Ө СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. 2022 оны 03 дугаар сарын 30-нд ажлаас үндэслэлгүйгээр халсан. Удирдах зөвлөлийн 3 дугаар сарын 01-ний өдөр гаргасан 02 тоот тушаалд Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийн 17 дугаар зүйлийг үндэслэн ажлаас чөлөөлсүгэй гэсэн байсан. Энэ заалт нь намайг ажлаас халахад хамааралгүй, миний ажлын чиг үүрэгт хамааралгүй заалт юм. Иймд ажиллаагүй байсан хугацааны цалин гаргуулна. Мөн намайг захирлаар ажиллах хугацаанд СӨХ-ны мөнгө бүрэн орж ирэхгүй байсан учир лифтний засвар үйлчилгээ, цахилгаан дулааны төлбөр, хүмүүсийн цалинг арай гэж өгдөг байсан. 2021 оны 04 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэл би өөрөө цалин аваагүй. Иймд 2021 оны 04 дүгээр сараас 2022 оны оны 04 дүгээр сар хүртэл ажилласан хугацааны цалин 5,040,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэж тайлбарласан.
4.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Нэхэмжлэгч нь СӨХ-ны ажлыг гүйцэтгэхдээ цонхны компанид 2,160,000 төгрөг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнд 500,000 төгрөг, орон сууцны ахуй үйлчилгээнд 825,000 төгрөг, нийгмийн даатгалд 690,000 төгрөг, Баянголын дүүргийн татварын хэлтэст татварт 5,757,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийн өртэй байсан. Татвараас дансыг хаасан байсан. Санхүүгийн үзүүлэлт ийм муу байхад ажлаа сайн хийж байсан гэж үзэх боломжгүй юм. Хэвийн ажиллаж байсан бол өрөнд орохгүй байсан. 2021 оны 04 дүгээр сараас эхлээд 2022 оны 03 дугаар сарын 31-н хүртэл цалин авч байсан нь дансны хуулга, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
5.Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Ө СӨХ-ны удирдах зөвлөлтэй 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, сууц өмчлөгчдийг тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, дундын өмчлөлийн эд, аж ахуйн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээний санг бүрдүүлж, зөв зохистой зарцуулах холбооны өдөр тутмын ажлыг гардан удирдаж ӨСӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллахаар гэрээ байгуулсан байна. /хх-ийн 8/
6.Гэрээний нөхцөлөөс үзвэл талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулагджээ.
7.Ө СӨХ-ны удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.1, 10.8.2-т заасны дагуу Г.С г 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон СӨХ-ны гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Ийнхүү ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ Г.С нь гүйцэтгэх захирлаар ажиллахдаа ажлаа хангалгүй гүйцэтгэж татварын өр төлбөр үүсгэсэн, хувьдаа мөнгө авсан санхүүгийн зөрчил гаргасан, үйл ажиллагааг алдагдуулсан гэж үзжээ.
8.Ө СӨХ-ны удирдах зөвлөл 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 02 дугаартай хоёр тогтоол гаргасан нь хэрэгт авагдсан. Хэрэгт авагдсан хоёр тогтоолд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 17 дугаар зүйлд гэснийг 10 дугаар зүйлийн 10.8.1, 10.8.2-т гэх зөрүү байх боловч тогтоолд Г.С г 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон СӨХ-ны гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх ижил агуулгатай, эрх зүйн өөр үр дагавар үүсгэхээргүй байна. /хх-ийн 30, 31/
9.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.
10.Хэрэгт нотлох баримтаар Г.С г гүйцэтгэх захирлаар ажиллуулах боломжгүй гэж үзсэн сууц өмчлөгчдийн гарын үсэг бүхий баримт авагдсан байна. /хх-ийн 44-47/
11.Мөн шүүхээс томилсон шинжээч Голден пэйж аудит ХХК-ийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн А/01 дугаар дүгнэлтийн 1-т Тайлан гаргахдаа төсвийн орлогыг дутуу тооцоолсон, орлогыг үнэн зөв бүртгэж тайлагнаагүй, 2-т цалингийн зардлыг дутуу тайлагнасан. Нийгмийн даатгалд 2021, 2022 онд тайлан гаргаж тайлагнаагүй., 3-т ХХАОТ-ийн тайланг үнэ зөв тайлагнаагүй, 4-т Касс, харилцахын зарлагын анхан татны 8,682,3 мянган төгрөгийн баримтгүй гүйцэтгээ банйа, 5-т Цалингийн өглөг 5,040 мянган төгрөг гэж тооцоолол гаргасан боловч цалинд нийт 67,604,4 мянган төгрөгийн зардал гаргасан. Үйлчлэгчийн цалинг үйлчилгээний зардал гэж тайлагнасан нь ХХОАТ-ын хуулийн дагуу татварын суутган тооцоолол хийгээгүй тайланг үнэн зөв илэрхийлээгүй. Санхүүгийн тайлангаар 25,204 мянган төгрөгийн цалин олгосон гэж тайлагнасан, 6-т СӨХ-ны хураамж орлогоос сангийн хасалт, зааг хасалт, домофон хаалганы хасалт, цонхны хасалт, шүүхийн хасалт гэсэн нэрээр орлогыг буруулж тооцоолсон байдал илэрлээ гэжээ. /хх-ийн 175-213/
12.Зохигч шүүх хуралдаад Ө СӨХ нь татварын хэлтэст өр төлбөртэй бөгөөд төлбөр төлөөгүйтэй холбоотойгоор данс битүүмжлэгдсэн, СӨХ мөнгөн хуримтлалгүй, холбооны бүхий л баримтыг удирдах зөвлөлд хүлээлгэж өгөөгүй талаар маргаагүй.
13.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Ө сөх-ны удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний дагуу СӨХ-ны гүйцэтгэх захирал нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг холбооны дансанд төвлөрүүлэх, холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах, холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах үүрэгтэй байна.
14.Дээрх нотлох баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Г.С нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, СӨХ-ны удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан нийтийн өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг холбооны дансанд төвлөрүүлэх, холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах, татварын тайланг хугацаанд нь үнэн зөв тайлагнаж, төлөх, сууц өмчлөгчдийг тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, дундын өмчлөлийн эд, аж ахуйн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээний санг бүрдүүлж, зөв зохистой зарцуулах холбооны өдөр тутмын ажиллах үүргээ биелүүлээгүй, зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
15.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т зааснаар СӨХ-ны удирдах зөвлөл нь холбооны гүйцэтгэх захирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4, 65.4.1-т дэх хэсгийн дагуу хөдөлмөрийн гэрээгээр ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх эрхтэй.
16.Иймд хариуцагч Ө СӨХ-ноос ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Г.С гийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
17.Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Ө СӨХ-ноос 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 12 сарын цалин 5,040,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
18.Талууд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Ө СӨХ-ны удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээг байгуулж, цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгөөр тохиолцсон байна.
19.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т зааснаар ажилтан гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах;, 43.2.1-т заасны дагуу ажил олгогч гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох үүрэгтэй. Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан.
20.Шүүхээс томилсон шинжээч Г ХХК-ийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн А/01 дугаар дүгнэлтэд 2019-2022 оны 03 дугаар сарын Г.С гийн цалингийн нэгтгэлд цалингийн өглөгийн үлдэгдэл 5,040,000 төгрөг гэж тооцсон байна. /хх-ийн 206/
21.Шинжээчийн дүгнэлтийн 10 дугаар хуудас Харилцахын зарлагын гүйлгээг анхан шатны баримт бүрээр тулган шалгахад 4,015,1 мянган төгрөгийн гүйлгээ анхан шатын баримтгүй байна, дүгнэлтийн 5-т Цалингийн өглөг 5,040 мянган төгрөг гэж тооцоолол гаргасан боловч цалинд нийт 67,604,4 мянган төгрөгийн зардал гаргасан. Үйлчлэгчийн цалинг үйлчилгээний зардал гэж тайлагнасан нь ХХОАТ-ын хуулийн дагуу татварын суутган тооцоолол хийгээгүй тайланг үнэн зөв илэрхийлээгүй. Санхүүгийн тайлангаар 25,204,0 мянган төгрөгийн цалин олгосон гэж тайлагнасан гэсэн байх боловч эдгээр нь цалингаа бүрэн авсныг тогтоосон баримт болохгүй. Учир нь цалинд нийт 67,604,4 мянган төгрөгийн зардал гаргасан гэж тайлагнасан хэдий ч цалингийн нэгтгэл, нийт орлого, нийт үйл ажиллагааны зардлын дүн зэрэгт цалингаа бүрэн авсан нь тогтоогдохгүй байна. Хэрэв хөдөлмөрийн гэрээгээр ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн бол энэ талаар тусдаа шаардах эрхтэй.
22.Иймд хариуцагч Ө СӨХ-ноос 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны цалин 5,040,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.С д олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
23.Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Ө СӨХ-нд холбогдох Ө СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
24.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар гомдлоор хэлэлцэх хэрэгт нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 95,590 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж, шинжээчийн зардал 3,960,000 төгрөгийг гаргуулан Голден пэйж аудит ХХК-д олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ө СӨХ-ноос 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны цалин 5,040,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.С д олгож, нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Ө СӨХ-нд холбогдох Ө СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгч Г.С улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ө СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 95,590 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж, шинжээчийн зардал 3,960,000 төгрөгийг гаргуулан Г ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.