| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/04921/И |
| Дугаар | 102/ШШ2023/01041 |
| Огноо | 2023-03-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2023/01041
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:.............. тоотод оршин суух хаягтай, Б ургийн овогтой Д Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ........ тоотод оршин суух хаягтай, Б ургийн овогтой О У-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 145,000,000 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 10,446,020 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У,
Хариуцагч О.У,
Хариуцагчийн өмгөөлөгч С.Ч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч О.У холбогдуулан 145,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч О.У-г зүс таньдаг бөгөөд өөрийн нэр дээр болгоод удаагүй байсан ............ улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн зүтгүүрийн Хово маркийн авто машин, түүний чиргүүл ..... дугаартай улаан хүрэн өнгийн тээврийн хэрэгслийг хариуцагч О.Уын хүсэлтээр түүнд худалдахаар анхны аман тохироо хийсэн байдаг. Аман тохирооны хэлцлээр 45,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сард худалдан аваад худалдаж авсан хөлсөө 2022 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлж сард 10,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон байдаг. 2021 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр нэхэмжлэгч А дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр тухайн 2 тээврийн хэрэгслийг биет байдлыг доголдолгүйгээр ашиглалтад чанарын хувьд сайн байсан толгой, чиргүүлийг хүлээлгэн өгсөн байдаг. Үүний дараа 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр нэхэмжлэгч өөрөө А аймагт, хариуцагч хотод байсан учраас .... аймгийн нотариатч Н.Д-ийн .... тоот цахимаар хийсэн итгэмжлэлийг хийсэн байдаг. Тухайн итгэмжлэлд нэхэмжлэгч нь өөрийн нэр дээр байсан 2 тээврийн хэрэгслийг хариуцагчид бусдад худалдах, бэлэглэх, гэрээ байгуулах, уг гэрээнд нэхэмжлэгчийг төлөөлж гарын үсэг зурах, мөн үнэ хөлсийг хүлээн авагч нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зураг зурах эрхийг олгосон байдаг. Улмаар хариуцагч нь тэрхүү 2 тээврийн хэрэгслийг 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нийслэлийн нотариатч С.Э-ийн .... тоот худалдах худалдан авах гэрээгээр хийгдэж төлбөрийг бүрэн төлж дууссан гэдэг нөхцөлийн дагуу иргэн Д.Э-д худалдсан байдаг. Үүний нэг хоногийн дараа О.У, Д.Э-с өөрийн нэр дээр 2 тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсныг Ц ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан байдаг. Үүгээрээ дахин орлого олсон гэж үзэж байна. Тэгсэн хэр нь нэхэмжлэлд заагдсан тээврийн хэрэгслийг төлбөрийг одоо хүртэл нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Нэхэмжлэгч хариуцагчаас нэг ч төгрөг аваагүй, нэхэмжлэгч хариуцагчаас мөнгөө авахаар маш олон удаа шаардсан боловч өгөөгүй. Өгөхгүй байсан шалтгаан нь ажил олдохгүй байна, боломжгүй байна, ковид туссан байна, хүний ажил явдал дээр байна гэх мэт янз бүрийн шалтгаан хэлсээр байгаад нэхэмжлэгчийг залилсаар байгаад өнөөдрийг хүрсэн байгаа. Миний зүгээс залилсан гэдэг утга нь нэхэмжлэгчээс авсан машины номерыг өөрчлөөд, ашиглаад аваад, түүн дээрээ торгууль хүртэл авсан талаарх баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан. Харин чиргүүлийг нь тоноод орхисон байгаа. Хариуцагчийн зорилго нь анхнаасаа машины төлбөрийг өгөхгүй ашиглах зорилготой байсан гэж үзэж байна. Эхэндээ буцаагаад машинаа авъя гэхэд авчирч өгөөгүй нь ашиглах зорилготой байсан гэж харж байгаа юм. Хэрвээ тухайн тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчид байсан бол ойролцоогоор сарын 10,000,000 төгрөгийн орлого олдог. Энгийн хэллэгээр яривал санхүүгийн тооцоогоор алдагдсан боломжийн өртөг юм. Нэг сард 10,000,000 төгрөгийн орлого олж байгаа тээврийн хэрэгсэл юм чинь бид 100,000,000 төгрөгийн орлого олох ёстой байсан гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа 100,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, баримтыг шаардлага хангаад шүүхэд өгсөн. Иймд нэхэмжлэгч маань үндсэн авто машины төлбөр болох 45,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн 100,000,000 төгрөг нийт 145,000,000 төгрөгийг хариуцагчаас тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.
1.2.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Нэгдүгээрт: Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч О.У өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн доголдолгүй, эрхийн зөрчилгүй толгой болон чиргүүл бүхий тээврийн хэрэгслийг А аймгаас бүртгэгдсэн итгэмжлэлийн дагуу шилжүүлэн өгсөн байдаг. Тухайн үед хэвийн ажиллагаатай тээвэр хийх явж байсан нотлох баримт хавтаст хэргийн 118-123 дугаар талд авагдсан байгаа. И ХХК-ийн гаргасан тодорхойлолт, тээвэрлэлтэд төлсөн хүнсний задаргаа болон баримтуудаас харж болно. Тухайн тээврийн хэрэгсэл зарагдахаас өмнө тухайн тээврийн хэрэгсэл нь сардаа 2 удаа, хамгийн ихдээ сардаа 6 удаа гарсан машиныг эвдрэл гэмтэлтэй гэж хэлэх үндэслэлгүй юм. Хоёрдугаарт: Хариуцагч О.У 2021 оны 11 дүгээр сард А аймгаас А дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмээлтийн ойролцоо хүргэж өгсөн байдаг. А оос А дүүрэг, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт ойролцоогоор 1,648 км зайтай. Хариуцагч О.У уг машин очихдоо ямар нэгэн доголдолгүй очсон. Машиныг авах үед О.У хотод нэхэмжлэгч Д.Д А аймагт байсан учраас итгэмжлэл хийгдсэн. Бичгээр гэрээ байгуулах гэсэн боловч хариуцагч хотод байсан учраас итгэмжлэл хийгдсэн байгаа. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.11-т Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасан. Гуравдугаарт: Тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглахад ямар асуудалгүйгээр туулсан 1,600 километрээс харж болно. 2021 оны 12 дугаар сарын эхэн үед хариуцагчаас илгээсэн бичлэгт ахаасаа авсан машиныг угааж цэвэрлээд ажилд гарахад бэлэн болсон үзлэг хийлгэсэн бичлэгт тодорхой харагдана. Хариуцагчид 1600 км туулж очсон тээврийн хэрэгслийг тухайн үед эд хөрөнгийн доголдолгүй эсэхийг шалган авах боломж байсан бөгөөд түүнийг хариуцагч өөрөө хүлээгээд авсан. Тээвэрт гарснаас эхлэх нэхэмжлэгч Д.Д нь 7-10 хоногийн тохиролцсон төлбөр өгөх талаар болон машин ашиглах боломжгүйгээр буцаагаад өгөх ёстой төлбөрөө зохих журмын дагуу төл гээд аман болон олон нийтийн сүлжээний фейсбүүкийн чатаар байнга шаардлага тодруулга хүргүүлж байсан. Хариуцагчийг тээврийн хэрэгсэл хүлээн авснаас хойш энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах өдрийн байдлаар нэг ч эвдрэл гэмтлийн талаар ямарваа нэгэн гомдлын шаардлага гаргаж байгаагүй. Хариу өгч байгаагүй, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө байсан гэдгийг бүрэн нотолж байна. Нэхэмжлэгч зүгээс хэвийн ажиллагаатай тээврийн хэрэгслийг хариуцагчид хүлээлгэн өгсөн мөртлөө эцэст нь худалдсан хөлсөө авч чадаагүй өнөөдрийг хүрч байна. Нэхэмжлэгч олон удаа буцаагаад өгчих гэж шаардаж байхад эргүүлэн өгөөгүй, өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг ашиглаад ашиг орлого олчихоод, сүүлд нь эвдэрсэн авто машин гэж шүүхэд тайлбар хэлж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм. Дөрөвдүгээрт: Хариуцагч тээврийн хэрэгслийг хүлээн аваад бусдад худалдах эсвэл бэлэглэх гэрээнд нэхэмжлэгчийг төлөөлж гарын үсэг зурж, түүнээс орж ирэх хөлсийг Д.Д-ын данс руу шилжүүлэх үүрэгтэй байсан. Тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, шилжүүлэн авсны дараа Банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээлийн гэрээ байгуулан ашиг олж түүнчлэн уг тээврийн хэрэгслээс ашиг олж түүнээс үр шимийг нь хүртсэн байдаг. Тавдугаарт: Амаар тохиролцож бодитоор үйлдэгдсэн худалдах худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгийн болон эрхийн доголдолгүй машиныг тохиролцон хэлэлцсэний дагуу нэхэмжлэгчийн зүгээс 100 хувь үүргээ биелүүлж А оос Улаанбаатар луу явуулж хариуцагчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн бол хариуцагч нь өнөөдрийг хүртэл үндсэн үүрэг болох тохиролцсон хөлсөө 100 хувь төлөөгүйгээр барахгүй элдэв шалтаг тоочиж өнөөдрийг хүрлээ. Үүнээс дашрамд дурдахад худалдан авагч эрх, үүргийг өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлэн авсан бол түүний хамаарах эрхүүд өөрт шилжүүлэн авсанд тооцогддог. Иймээс ч нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийн албан татварын тушаах үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Хариуцагч худалдах худалдан авах гэрээний дагуу үүсэх гомдлын шаардлага гаргах эрхээ алдчихсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар мэдэгдэх боломжтой байсан үедээ мэдэгдээгүйгээс гадна нэхэмжлэгч Д.Д ас олон удаа шаардаж байхад ямарваа нэгэн гомдол санал эргэн гаргаагүй. Түүний бодит байдлаар гаргасан талаар гаргасан зүйл хавтас хэрэгт ч авагдаагүй. Эцсийн дүгнэлтээ хэлэхэд А дүүргийн Цагдаад гаргаж өгсөн тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан. Уг тодорхойлолт дээр Д.Д-ын өмчлөлд машиныг бүрэн бүтэн болгож эргүүлж өгнө гэдэг баталгаа гаргаж өгсөн. Энэхүү баталгаагаар хариуцагч өөрөө сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 100 хувь үгүйсгэгдэж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 10,446,020 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
2.Хариуцагч О.У нь нэхэмжлэгч Д.Д д холбогдуулан 10,446,020 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гарагсан байна.
2.1.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Би Д.Д ахтай 2012 онд А аймгийн А , Хан уул сумын А төсөл дээр жил гаран цуг хамтран ажиллаж байсан хүмүүс. Ажлаасаа гараад хувиараа бизнес эрхэлж байхдаа байнга холбоотой байдаг байсан. Надаас машин техникийн талаар Хятад улсаас сэлбэг захиалж авчруулж, асууж тодруулдаг холбоотой байсан хүмүүс. Машины хувьд маш сайн үзүүлэлтэй байсан гэж хэлж байх шиг байна. Машины хувьд нэлээн эвдрэл ихтэй, засвар үйлчилгээ хийх үзүүлэлтэй тийм машин байсан. Өөрөө тухайн үед Таван толгойгоос 8 чиглэлд надтай цуг тээвэр хийсэн. Замдаа өөрийнх нь машин эвдрээд, ах нь одоо тээвэрт явж чадахгүй болсон юм байна. Хүний хөлд чирэгдээд юу хийх вэ? Үүнийгээ тавиад буцъя гэхээр нь би надад ийм санал байна. Танд би хэдэн төгрөг өгч байя. Яг 10,000,000 төгрөг гэж яриагүй. Тухайн үед 5-7,8 чадвал 10-ийг хоорондоо ярьж байсан. Түүнийг яг тогтсон зүйл байхгүй. Д.Д тээвэрт явж байгаад замдаа эвдрээд хотод би ирээд сэлбэгийг нь хайж өгөөд, тэр хооронд сэлбэгээ хийгээд араас хуучин 22-ийн товчооны авто зогсоолд машинаа байрлуулж тавиад ийм асуудал үүссэн юм. Машин хувьд цахилгааны асуудал ихтэй, тосоол нь гоождог, турбины хоолой салсан. Жолоочийн сандалгүй, түүн дээр нь 2 давхар матраас тавьчихсан явдаг байсан. Улаанбаатараас Таван толгой ороод, Таван толгойгоос Майнтын чиглэлд ганцхан удаа л ачаа ачсан. Буцаад ачаа ачиж явж байхдаа хороп нь эвдрээд, тухайн замд явж байсан машинуудаар чирүүлж Хоолтын даваа даваад арай гэж ачааг нь буулгаад, буцаж Таван толгойд буулгаад энэ машин эвдэрсэн. Өчигдрийг хүртэл асааж чадаагүй байна. 4 хоногийн өмнө Хятадаас нэг сэлбэг авчирч тавьсан боловч асахгүй ийм л байдалтай байна.
Нэхэмжлэгч, хариуцагч О.У машины үнийг 45,000,000 төгрөгөөр зарахаар амаар тохиролцсон. Гэхдээ тохиролцсон үнэ болох 45,000,000 төгрөгийг ямар нэгэн гэрээ хэлцэл дээр баталгаажуулаагүй, ямар нэгэн нэхэмжлэл дээр баталгаажуулаагүй. Тийм учраас 45,000,000 төгрөгийн асуудлыг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч, хариуцагч зөвшөөрч байдаг. Үүний талаар ямар нэгэн маргаан байдаггүй. Харин худалдан борлуулсны дараа 100,000,000 төгрөгийн ашиг олох байсан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд ямар хууль зүйн үндэслэлгүй, ямар ч гэрээ хэлцэл, аман тохиролцоо байхгүй учраас хууль бус үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн үнэ бүхий авто тээврийн хэрэгслийг тухайн үед нь өөрт нь буцаан өгөх гэж үзсэн. Өөрөө хүлээн авахгүй гэсэн. Тоносон асуудал байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн 45,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэмэгдүүлсэн шаардлага болох. 100,000,000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.
2.2.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Д ас нэхэмжлэлийн шаардлагад 145,000,000 төгрөгийн иргэний хэрэгт хариуцагч тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах аман тохиролцоо, хэлцлийн үндсэн дээр надад 45,000,000 төгрөгийн чирэгч толгой, чиргүүл бүхий тээврийн хэрэгслийг зарах эрхийг олгосон. Гэхдээ үүн дээр итгэмжлэлийг олгохдоо ямар нэгэн үнэ бичээгүй. Амаар 45,000,000 төгрөгөөр зарж байгаа гэдгийг ойлгуулсан. Итгэмжлэлийг Д.Д олгохдоо чи бусдад зарж борлуулах итгэмжлэлийг хариуцагчид олгосон. Гэтэл үүнтэй холбоотойгоор би өөрт чинь зарсан гэдгийг Д.Д илэрхийлээд байдаг. Үүнийг ийм байдлаар О.У хүлээн авсан гэж тайлбарладаг. Бодит байдал дээр О.У нь Д.Э гэдэг хүнээс худалдах худалдан авах гэрээний дагуу 25,000,000 төгрөгөөр үнэлсэн. 2019-2021 оны тухайн тээврийн хэрэгслийн албан татвар болох нийт 821,020 төгрөгийг Татварын албанд цахим хэлбэрээр О.У-ын зүгээс тушаасан. Гэвч тээврийн хэрэгсэл биет байдлын доголдолтой, эвдрэл гэмтэл, цахилгаан гэмтэл ихтэй байсан учраас ашиглах болон засвар үйлчилгээ хийх бүрэн боломжгүй болсон. Ингээд А аймгийн Ц сумын 3 дугаар багын нутаг дэвсгэрт орших нүүрс тээврийн 2 дугаар километр гэдэг газар эвдрээд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Аз тэгш ХХК-ийн журмын хашаанд ..... улсын дугаартай, ... маркийн чирэгч толгой, .... маркийн улсын дугаартай чиргүүлийг байрлуулан үлдээж байсан. Эвдрэлээс шалтгаалан нэхэмжлэлд дурьдсан уг чирэгч толгойг 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд дахь зогсоолын төлбөр болох нийт 720,000 төгрөг төлж 2,500,000 төгрөгөөр чирэгч толгойг авто техникт ачуулан Улаанбаатар хотод авчруулан 300,000 төгрөгөөр эвдрэл гэмтлийг оношлуулсан. Үүгээр цахилгааны ноцтой гэмтэл байна. Үүнийг засуулахгүй бол 6,000,000-7,000,000 төгрөгийн эвдрэл гэмтэл засах цахилгааны асуудлыг шийдвэрлэх сэлбэг хэрэгсэл зайлшгүй шаардлагатай байна гэсэн. Түүнийг Хятад улсаас заавал оруулж ирэх шаардлагатай байсан. Тухайн үед ковидоос болоод оруулж ирж чадаагүй. Харин чиргүүлийн хувьд тухайн журмын хашаанд өнөөдрийг хүртэл нийт 277 хоног байршуулж байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн байдлаар зогсоолын төлбөр 2,540,000 төгрөг болсон байсан. Мөн уг тээврийн хэрэгслийг шинээр сольж тавьсан сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний зардлын баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Үүнд нийт 3,245,000 төгрөг болсон. Одоо чирэгч толгойны зогсоолын төлбөрт 2022 оны 12 дугаар сарын 21-ний байдлаар 320,000 төгрөг гарсан. Худалдах худалдан авах аман гэрээний дагуу гарах гэм хорын зардалд нийт 10,446,020 төгрөгийг нэхэмжлэгч Д.Д ас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан гэжээ.
3.Хэрэгт Д.Д-ын иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 3/, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн итгэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 6/, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн итгэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 15/, эрүүгийн хэргийн төв архивын мөнгөний тасалбар /хх-ийн 45/, Нийслэлийн А дүүргийн Прокурорын газрын баримтууд /хх-ийн 55-68/, тээврийн хэрэгслийн мэдээлэл /хх-ийн 69-72/, хариуцагчаас Эй ХК-ийн баримтууд /хх-ийн 107-117/, Их ачит зам ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 118-122/, зарлагын баримт /хх-ийн 137/, нэхэмжлэх /хх-ийн 138/, Ц ХХК-ийн албан бичиг /хх-ийн 139/, Ц ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 140/, Ц ХХК-ийн албан бичиг /хх-ийн 141,143/, барааны зарлагын баримт /хх-ийн 144/, Ц ХХК-ийн албан бичиг /хх-ийн 145/, Азтэгш ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 146/, шүүхээс үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 98-102/, Нийслэлийн А дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 130-133/, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримт /хх-ийн 211,212/, гэрчийн мэдүүлэг /хх-ийн 214-218/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгч Д.Д-ын нэхэмжлэлээс 45,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 100,000,000 төгрөгийн шаардлага, хариуцагч О.Уын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч О.У холбогдуулан 45,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 100,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 145,000,000 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч 45,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 100,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж, нэхэмжлэгчээс 10,446,020 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
3.Нэхэмжлэгч Д.Д дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ...Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч О.Уыг зүс таньдаг бөгөөд өөрийн нэр дээр болгоод удаагүй байсан ............ улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн зүтгүүрийн Хово маркийн авто машин, түүний чиргүүл ..... дугаартай улаан хүрэн өнгийн тээврийн хэрэгслийг хариуцагч О.У ын хүсэлтээр түүнд худалдахаар анхны аман тохироо хийсэн байдаг. Аман тохирооны хэлцлээр 45,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сард худалдан аваад худалдаж авсан хөлсөө 2022 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлж сард 10,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон байдаг. нэхэмжлэлд дурдсан тээврийн хэрэгслийг төлбөрийг одоо хүртэл нэхэмжлэгчид өгөхгүй өнөөдрийг хүрлээ. ...Хэрвээ тухайн тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчид байсан бол ойролцоогоор сарын 10,000,000 төгрөгийн орлого олдог. Бид нэг жил буюу 12 сард багадаа 100,000,000 төгрөгийн орлого олох боломжтой байсан гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа 100,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Иймд авто машины үнэ 45,000,000 төгрөг, олох байсан орлого 100,000,000 төгрөг нийт 145,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.
4.Хариуцагч О.У нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж тайлбарласан. Үүнд: ...Машины хувьд нэлээн эвдрэл ихтэй, засвар үйлчилгээ хийх үзүүлэлтэй тийм машин байсан. Өөрөө тухайн үед Таван толгойгоос 8 чиглэлд надтай цуг тээвэр хийсэн. Замдаа өөрийнх нь машин эвдрээд, ах нь одоо тээвэрт явж чадахгүй болсон юм байна. Хүний хөлд чирэгдээд юу хийх вэ? Үүнийгээ тавиад буцъя гэхээр нь би надад ийм санал байна. Танд би хэдэн төгрөг өгч байя. Яг 10,000,000 төгрөг гэж яриагүй. Тухайн үед 5-7, 8 чадвал 10,000,000 төгрөгийг төлөхөөр хоорондоо ярьж байсан. Түүнийг яг тогтсон зүйл байхгүй. Д.Д тээвэрт явж байгаад замдаа эвдрээд хотод би ирээд сэлбэгийг нь хайж өгөөд, тэр хооронд сэлбэгээ хийгээд араас хуучин 22-ийн товчооны авто зогсоолд машинаа байрлуулж тавиад ийм асуудал үүссэн юм. Машин хувьд цахилгааны асуудал ихтэй, тосоол нь гоождог, турбины хоолой салсан. Жолоочийн сандалгүй, түүн дээр нь 2 давхар матраас тавьчихсан явдаг байсан. Улаанбаатараас Таван толгой ороод, Таван толгойгоос Майнтын чиглэлд ганцхан удаа л ачаа ачсан. Буцаад ачаа ачиж явж байхдаа хороп нь эвдрээд, тухайн замд явж байсан машинуудаар чирүүлж Хоолтын даваа даваад арай гэж ачааг нь буулгаад, буцаж Таван толгойд буулгаад энэ машин эвдэрсэн. Өчигдрийг хүртэл асааж чадаагүй байна. 4 хоногийн өмнө Хятадаас нэг сэлбэг авчирч тавьсан боловч асахгүй ийм л байдалтай байна. Машины үнэ 45,000,000 төгрөгийг зөвшөөрч байна. Үүний талаар ямар нэгэн маргаан байхгүй. Харин худалдан борлуулсны дараа 100,000,000 төгрөгийн ашиг олох байсан гэх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд ямар хууль зүйн үндэслэлгүй, ямар ч гэрээ хэлцэл, аман тохиролцоо байхгүй учраас хууль бус үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
5.Хариуцагч О.У сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ...Тээврийн хэрэгсэл биет байдлын доголдолтой, эвдрэл гэмтэл, цахилгаан гэмтэл ихтэй байсан учраас ашиглах болон засвар үйлчилгээ хийх бүрэн боломжгүй болсон. Ингээд А аймгийн Ц сумын 3 дугаар багын нутаг дэвсгэрт орших нүүрс тээврийн 2 дугаар километр гэдэг газар эвдрээд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Аз тэгш ХХК-ийн журмын хашаанд ..... улсын дугаартай, ХОВО маркийн чирэгч толгой, ..... маркийн улсын дугаартай чиргүүлийг байрлуулан үлдээж байсан. Эвдрэлээс шалтгаалан нэхэмжлэлд дурдсан уг чирэгч толгойг 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд дахь зогсоолын төлбөр болох нийт 720,000 төгрөг төлж 2,500,000 төгрөгөөр чирэгч толгойг авто техникт ачуулан Улаанбаатар хотод авчруулан 300,000 төгрөгөөр эвдрэл гэмтлийг оношлуулсан. Харин чиргүүлийн хувьд тухайн журмын хашаанд өнөөдрийг хүртэл нийт 277 хоног байршуулж байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн байдлаар зогсоолын төлбөр 2,540,000 төгрөг болсон байсан. Мөн уг тээврийн хэрэгслийг шинээр сольж тавьсан сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний зардлын баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Үүнд нийт 3,245,000 төгрөг болсон. Одоо чирэгч толгойны зогсоолын төлбөрт 2022 оны 12 дугаар сарын 21-ний байдлаар 320,000 төгрөг гарсан. Худалдах худалдан авах аман гэрээний дагуу гарах гэм хорын зардалд нийт 10,446,020 төгрөгийг нэхэмжлэгч Д.Д ас гаргуулна гэж тодорхойлсон.
6.Нэхэмжлэгч Д.Д хариуцагч О.Уын сөрөг нэхэмжлэлийг Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч О.У өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн доголдолгүй, эрхийн зөрчилгүй толгой болон чиргүүл бүхий тээврийн хэрэгслийг А аймгаас бүртгэгдсэн итгэмжлэлийн дагуу шилжүүлэн өгсөн байдаг. Хариуцагчийг тээврийн хэрэгсэл хүлээн авснаас хойш энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах өдрийн байдлаар нэг ч эвдрэл гэмтлийн талаар ямарваа нэгэн гомдлын шаардлага гаргаж байгаагүй. Хариу өгч байгаагүй, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө байсан гэдгийг бүрэн нотолж байна.Нэхэмжлэгч олон удаа машинаа буцаагаад өгчих гэж шаардаж байхад эргүүлэн өгөөгүй. Хариуцагч худалдах худалдан авах гэрээний дагуу үүсэх гомдлын шаардлага гаргах эрхээ алдчихсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар мэдэгдэх боломжтой байсан үедээ мэдэгдээгүйгээс гадна нэхэмжлэгч Д.Д ас олон удаа шаардаж байхад ямарваа нэгэн гомдол санал эргэн гаргаагүй... гэх үндэслэлээр няцааж тайлбарласан.
7.Хэрэгт нолтох баримтаар авагдсан 2021 оны 11 сарын 18-ны өдөр Д.Д ас О.У ............А улсын дугаартай ....ийн автомашин, ..... улсын дугаартай чиргүүлийг захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэл, Нийслэлийн А дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4493 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа, А дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр О.Уын өгсөн гэрчийн мэдүүлэг, шүүхэд гэрч Д.Эгийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Д , хариуцагч О.У нар 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ............А улсын дугаартай ..... маркийн автомашин, .... улсын дугаартай чиргүүлийг 45,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар, үнийг хуваан төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, автомашин, чиргүүлийг хариуцагчид шилжүүлэн өгсөн болох нь нотлогдож байна.
8.Зохигч талууд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ............А улсын дугаартай Howo маркийн автомашин, .... улсын дугаартай чиргүүлийг 45,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар ярилцаж тохиролцсоны дагуу автомашин, чиргүүлийг хариуцагч шилжүүлэн авч, үнэ 45,000,000 төгрөг төлөөгүй талаар маргаангүй байна.
9.Хариуцагч хэлцлээр үнийг хуваан төлөхөөр тохиролцсонтой холбоотой талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарласан боловч дан төлбөр төлөх хугацааг тогтоосон нөхцөл нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус болохгүй. Харин бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээгээр үүрэг хүлээсэн хэлцэл хэвээр үлдэнэ.
10.Талуудын хооронд хийгдсэн хийгдсэн тохиролцооны агуулгаас үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хуульд хэлцлийг хийх хэлбэрийн шаардлага тавиагүй, хэн аль хүсэл зоригийн дагуу хуульд зөрчөөгүй учир хэлцэл хүчин төгөлдөр байна.
11.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
12.Хариуцагч гэрээний дагуу үнэ 45,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй ч олох байсан орлого 100,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж маргасан.
13.Талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар талууд 45,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд төлж дуусгах тохиролцоо хийгдсэн нь тогтоогдохгүй байна. Харин хариуцагч сар бүр 5,000,000-10,000,000 төгрөгөөр хувааж төлөхөөр тохиролцсон болохыг зөвшөөрсөн. Иймээс гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дуусна.
14.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.
15.Хариуцагч хэлэлцэн тохиролцсон хугацаанд төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй учир нэхэмжлэгч төлөөгүй 45,000,000 төгрөгийг тогтоосон хугацаанд өгөөгүйгээс орох байсан зайлшгүй орлогыг шаардах эртэй. Гэвч нэхэмжлэгч хариуцагчийн буруугаас 100,000,000 төгрөгөөр хохирсон нь тогтоогдохгүй байна гэж үзэв. Учир нь үүрэг зөрчигдсөнтэй холбоотой зайлшгүй орох байсан орлого гэдэгт тухайн зөрчил гараагүй бол зайлшгүй буюу бодитоор биелэх нөхцөл бүрдсэн нөхцөл байдал байгааг ойлгоно. Хариуцагч гэрээний дагуу 45,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөх үүрэг зөрчсөн ч тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй. Үүнтэй холбоотойгоор уг тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрт явах, түүнээс орлого олох эсэх нь алдагдсан гэж үзэх боломжгүй. Тиймээс нэхэмжлэгчийн олох байсан орлого нь хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбоогүй, шаардлага үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
16.Хариуцагч О.У нь нэхэмжлэгч Д.Д д холбогдуулан худалдан авсан автомашин эвдрэлтэй байсан учир зогсоолд байрлуулсан төлбөр 320,000 төгрөг, сэлбэг, засвар 3,245,000 төгрөг, чиргүүлийн тээвэрлэсэн зардал 2,540,000 төгрөг, Улаанбаатар хот руу тээвэрлэлт 2,500,000 төгрөг, оношилгоо 300,000 төгрөг, журмын хашааны авто зогсоолын үнэ 720,000 төгрөг, мөн 2019-2021 оны албан татвар 821,020 төгрөг нийт 10,446,020 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээдэг.
17.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасны дагуу худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ талаах шаардлагыг гаргах эрхтэй. Хэрэв худалдан авагч эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдана.
18.Хариуцагч нэхэмжлэлд болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа ...Машины хувьд нэлээн эвдрэл ихтэй, засвар үйлчилгээ хийх үзүүлэлтэй тийм машин байсан. Өөрөө тухайн үед Таван толгойгоос 8 чиглэлд надтай цуг тээвэр хийсэн. Замдаа өөрийнх нь машин эвдрээд, ах нь одоо тээвэрт явж чадахгүй болсон юм байна. Хүний хөлд чирэгдээд юу хийх вэ? Үүнийгээ тавиад буцъя гэхээр нь би надад ийм санал байна. Танд би хэдэн төгрөг өгч байя. Яг 10,000,000 төгрөг гэж яриагүй. Тухайн үед 5-7,8 чадвал 10-ийг хоорондоо ярьж байсан. Түүнийг яг тогтсон зүйл байхгүй. Д.Д тээвэрт явж байгаад замдаа эвдрээд хотод би ирээд сэлбэгийг нь хайж өгөөд, тэр хооронд сэлбэгээ хийгээд араас хуучин 22-ийн товчооны авто зогсоолд машинаа байрлуулж тавиад ийм асуудал үүссэн юм гэх тайлбар гаргаснаас үзвэл тээврийн хэрэгсэл худалдан авах үед эвдрэлтэй байсан бол түүнийг мэдэж байсан гэж үзэхээр байна.
19.Хариуцагч нь нэхэмжлэгчид доголдолтой эд хөрөнгийн талаар мэдэгдэж, гэрээнээс татгалзах шаардлага гаргаж байсан гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч 2018 онд байгууллагын дотоод хурлаар худалдан авсан эд хөрөнгийн доголдлын талаар хэлэлцсэн байх боловч гэрээний нөгөө талд шаардлага гаргасан баримтгүй байна.
20.Түүнчлэн эд хөрөнгийн доголдол буюу тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой гэх нотлох баримтад хариуцагч О.У нь Ц ХХК-ийн зээлийн төлбөр төлөгдөөгүйтэй холбоотой тээвэрлэсэн зардалд 2,500,000 төгрөг төлсөн баримт, 306,850 төгрөгийн баримт нь 2021 оны 11 сарыг 16-ны өдөр буюу гэрээ байгуулагдахаас өмнөх хугацаанд хамаарах баримт, 1,925,000 төгрөг, 1,320,000 төгрөгийн баримт нь маргаан бүхий тээврийн хэрэгсэлд сэлбэг авсан баримт болох нь тогтоогдохгүй байна. /хх-ийн 137-144/
21.Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хуульд заасан татварыг төлөх үүрэгтэй боловч худалдан авахаас өмнө хугацааны авто тээврийн хэрэгслийн татвар төлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.
22.Иймд хариуцагч О.Уаас ............ улсын дугаартай ... маркийн автомашин, ..... улсын дугаартай чиргүүлийн 45,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,000,000 төгрөг, нэхэмжлэгч Д.Д д холбогдох 10,446,020 төгрөг гаргуулах тухай хариуцагч О.Уын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
23.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,404,900 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,086 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 382,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу хариуцагч О.Уаас 45,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасны дагуу нэхэмжлэгч Д.Д д холбогдох 10,446,020 төгрөг гаргуулах тухай хариуцагч О.Уын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Д.Д ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,404,900 төгрөгийг, хариуцагч О.Уаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,086 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 382,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.