Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/00826

 

2000 оны 00 сарын 00 өдөр       Дугаар 102/ШШ2000/00000                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19,718,317.37 /арван есөн сая долоон зуун арван найман мянга гурван зуун арван долоон төгрөг гучин долоон мөнгө/ гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйл болох ...улсын дугаартай...арлын дугаартай мөнгөлөг өнгийн ... автомашинаар хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “... ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа:

“... ББСБ” ХХК нь Б...., Э.... нарт 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ... тоот зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар олгосон. Зээлдэгч талтай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгчид нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд үүргээ зөрчин 817 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгч тал нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн төлбөрт 9,339,520 төгрөг, үндсэн хүүнд 9,971,504.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 407,293.21 төгрөг, нийт 19,718,317.37 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд уг төлбөрийн үлдэгдлийг Б...., Э.... нараас гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгчийн зүгээс хамтран хариуцагч Э....аас татгалзаж, хамтран зээлдэгч Б....аас нэхэмжлэлийн нийт шаардлагаа гаргуулахаар шаардаж байгаа. Б.... нь манай байгууллагаас зээл авахдаа ...улсын дугаартай мөнгөлөг өнгийн ... маркийн автомашиныг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, “... ББСБ” ХХК нь уг хөрөнгийг өмчлөлдөө бүртгүүлсэн. Дээрх тээврийн хэрэгсэл нь манайд биет байдлаар байхгүй бөгөөд хариуцагчаас гаргуулахаар удаа дараа шаардсан боловч гаргаж өгөлгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсаар өнөөдрийг хүргэсэн. Фидуцийн гэрээ нь өөрөө дангаараа хууль зүйн факт үүсгэхгүй учраас үндсэн гэрээний хамт маргааныг эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж болно гэдгийг шүүхийн шийдвэрт тусгайлан заалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

Б.... болон Э.... нар хоёулаа адилхан зээлийн гэрээний оролцогчид. Үүргээ биелүүлэх үүрэг хэн алинд нь байсан. Зээлийн хүүгээс чөлөөлөгдөнө гэх ойлголт байхгүй. Фидуцийн зүйл болох тээврийн хэрэгсэл манайд байхгүй. Хариуцагч нараас удаа дараа авч ир гэж шаардсан боловч үүргээ гүйцэтгээгүй. Одоо тээврийн хэрэгсэл хаана байгаа нь мэдэгдэхгүй, байгаа эсэх нь ч тодорхойгүй байгаа. 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлээгүй байгаа...гэв.

2.Хариуцагч Б.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Батхишиг овогтой ... миний бие “... ББСБ” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн болно. Уг зээлийн гэрээний барьцаанд тавьсан ... ... маркийн автомашиныг барьцаалсан болно. Уг зээлийн эргэн төлөлтийг Э.... төлөх ёстой байсан бөгөөд тухайн үед төлж байгаа гэсэн хариу өгсөн. Уг зээлийг Э.... зарцуулсан бөгөөд барьцаа хөрөнгө Э.... болон түүний найзад байгаа тул хамтран зээлдэгч Э....ыг энэхүү маргаанд оролцуулж шийдэх, мөн үндсэн хүү болон зээлийн нэмэгдүүлсэн хүүг бууруулах хүсэлттэй байна...гэжээ.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5-8/, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ... тоот Зээлийн гэрээ /хх-9-11/, мөн өдрийн ... тоот Фидуцийн гэрээ /хх-12-13/, Зээлдэгчийн анкет /хх-14-15/, Зээл хүссэн өргөдөл болон холбогдох бусад баримтууд /хх-16-20/, Фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-21/, “... ББСБ” ХХК-ийн Хаан банк ХХК дахь ... тоот харилцах дансны хуулга /хх-22/, Зээлийн дансны хуулга /хх-23-24/, Хугацаа хэтэрсэн зээлийн тайлан /хх-25/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4. Хариуцагч тал шүүхэд тайлбар, татгалзлаа нотлох баримт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар захирамжаар хариуцагч Э....ыг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг хүсэлтээсээ татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э....д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд нэхэмжлэлийн бүх шаардлагыг хариуцагч Б....аас шаардаж байгаа талаар тодорхойлсон байна.

6. Хариуцагч Б.... шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч “... ББСБ” ХХК-ийн хариуцагч Э....аас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч Б....д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Б...., Э.... нараас Зээлийн гэрээний үүрэгт 19,718,317.37 /арван есөн сая долоон зуун арван найман мянга гурван зуун арван долоон төгрөг гучин долоон мөнгө/ гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйл болох ...улсын дугаартай...арлын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Харриер автомашинаар хангуулахаар шаардсан.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... нь нэхэмжлэгчээс өөрт олгогдсон итгэмжлэлийн хүрээнд хамтран хариуцагч Э....д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан ба шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... мөн Э....аас татгалзсан тухай тайлбар гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “... ББСБ” ХХК-ийн хариуцагч Э....аас татгалзсан татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Хариуцагч Б.... шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд хандан аливаа хүсэлт ирүүлээгүй учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

5. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу шаардана гэж тодорхойлсон ба үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулахаар шаардаж, уг шаардлагыг хариуцагч Б....д холбогдуулан гаргасан.

6. Хариуцагч Б.... нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “зээлийн гэрээгээр авсан мөнгийг Э.... зарцуулсан, эргэн төлөлтийг Э.... төлөх ёстой, барьцаа хөрөнгө болох автомашин түүний эзэмшилд байгаа, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бууруулах хүсэлттэй” гэх агуулга бүхий тайлбар гаргасан байна.

7. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Зээлийн болон Фидуцийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгчийн анкет, өргөдөл, зээлийн дансны хуулга, зээл олгосон тухай дансны хуулга, фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

7.1. ... ББСБ” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ... тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн ... тоот Фидуцийн гэрээ байгуулж, Б.... болон хамтран зээлдэгч Э.... нарт 10,000,000 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирч, гэрээ байгуулагдсан өдөр зээл 10,000,000 төгрөгийг олгон, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ... улсын дугаартай ... маркийн автомашиныг 21,000,000 төгрөгөөр үнэлэн өмчлөх эрхийг шилжүүлэн авчээ.

7.2. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нар нь үндсэн зээлээс 660,480 төгрөг төлж, үндсэн зээлээс 9,339,520 төгрөг, зээлийн хүү 9,971,504.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 407,293.21 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 19,718,317.37 төгрөг төлөөгүй байна.

7.3. Фидуцийн зүйл болох ...  улсын дугаартай автомашин хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй, хариуцагч Б....ын зүгээс хамтран зээлдэгч Э....ын болон түүний найзын эзэмшилд байгаа гэх тайлбарыг гаргасан.

8. Зээлийн гэрээгээр Б...., Э.... нар хамтран зээл авсан боловч нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгч Б....аас зээлийн гэрээний үүргийг шаардаж, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасанд нийцсэн тул гэрээний үүргийг хариуцагч Б....аас шаардах эрхтэй.

9. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1 дэх хэсгүүдэд тус тус заасны дагуу үндсэн зээл 9,339,520 төгрөг, зээлийн хүү 9,971,504.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 407,293.21 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 19,718,317.37 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээнэ.

10. Талуудын байгуулсан Фидуцийн гэрээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангасан бөгөөд хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 235.4 дэх хэсэгт “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасны дагуу фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

11. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 326,742 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б....аас 326,742 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч “... ББСБ” ХХК нь хариуцагч Э....д холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б....аас 19,718,317.37 /арван есөн сая долоон зуун арван найман мянга гурван зуун арван долоон төгрөг гучин долоон мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч “... ББСБ” ХХК-д олгосугай.

3. Хариуцагч Б.... шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйл болох ...улсын дугаартай...арлын дугаартай мөнгөлөг өнгийн ... автомашинаар хангуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 326,742 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 326,742 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар Э....д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан асуудлаар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА