| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/01029/И |
| Дугаар | 102/ШШ2023/01289 |
| Огноо | 2023-04-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2023/01289
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ........... тоотод оршин суух, Б ургийн овогтой С Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...................тоотод оршин суух, Б ургийн овогтой П О холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч П.Од холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 2 сард ....-д орох хүсэлт тавьсан байсан. Миний эгч Сосорбарам овогтой Нарантуяа нь миний танил хүн гэж П.О гэх хүнийг 2020 оны 4 сард танилцуулсан. П.О нь ....-д таних хүн байгаа, дараалалгүй оруулж өгнө гэж итгүүлэн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 3,500,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 500,000 төгрөгийг миний ээж болох Д овогтой С-ийн тэтгэврийн зээлийг авахуулан ..................... тоот Хаан банкны данснаас шилжүүлсэн. Мөн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн Хаан банкны ............... тоот данснаас ............... тоот П.О-ын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Гэвч П.О нь худал хэлж өнөөдрийг хүрсэн тул нийт 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хэрэгт Хаан банкин дахь Д.С-ийн эзэмшлийн ..................... тоот дансны хуулга нотлох баримтаар авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч П.Од холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 3,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 4,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч П.О нь намайг .....-ын байрд оочиргүй оруулж өгөхөөр 7,000,000 төгрөг авсан. Гэвч орон сууцанд оруулах боломжгүй болсон учир буцааж 3,000,000 төгрөгийг цувуулж өгсөн. Үлдэх 4,000,000 төгрөгийг удахгүй өгнө гэсэн боловч өгөхгүй байна. гэжээ.
4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкин дахь Д.С-ийн эзэмшлийн ..................... тоот дансны хуулгаар, ............... тоот дансанд 2020 оны 05 сарын 06-ны өдөр 3,500,000 төгрөг, 2020 оны 05 сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 05 сарын 07-ны өдөр 500,000 төгрөг нийт 7,000,000 төгрөгийг Б байрны төлбөр гэх утгаар шилжүүлсэн нь тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч П.О-тай 2020 оны 04 дүгээр сард уулзаж, .....-ын байранд оочиргүй оруулж өгөхөөр харилцан тохиролцсоны дагуу П.О-д 7,000,000 төгрөгийг эх Д.С болон найзаасаа зээлж шилжүүлсэн гэж тайлбарласан.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Гэвч хариуцагч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй. Мөн шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.
7.Талууд .....-ын орон сууцанд оочир дараалалгүйгээр оруулах буюу илт хууль бус үйл ажиллагаа явуулах зорилгыг хэрэгжүүлэхээр хэлцэл хийсэн нь тогтоогдож байна. Уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.
8.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасны дагуу хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл хууль бус тохиролцооны дагуу үүрэг үүсэхгүй бөгөөд эд хөрөнгө шилжүүлсэн бол буцаах үүрэг хүлээнэ.
9.Иймд хариуцагч П.О-аас 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хариуцагч П.О-аас 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч С.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.О-аас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.