Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/00828

 

2000 оны 00 сарын 00 өдөр                 Дугаар 102/ШШ2000/00000     Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...,

Хариуцагч: ...,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,321,875 /арван есөн сая гурван зуун хорин нэгэн мянга найман зуун далан таван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д...., П....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...” ХХК нь “...” ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ... тоот “Буталсан чулуун суурийн хольц нийлүүлэлтийн гэрээ” байгуулсан. Манай компани гэрээний дагуу 879.5 м3 цементээр бэхжүүлсэн суурийн материалыг 45,000 төгрөгөөр нийлүүлж, нийт 39,577,500 төгрөгийн цементээр бэхжүүлсэн суурийн материал нийлүүлж 152.55 тн цементийг 175,000 төгрөгөөр тооцож нийт 26,696,250 төгрөг бартераар гэрээний төлбөрөөс төлөгдсөн. “...” ХХК нь гэрээний 2.3 дугаар зүйлд заасны дагуу үлдэгдэл 12,881,250 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны дотор төлж дуусгах ёстой байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 12,881,250 төгрөгийн төлөгдөөгүй үлдэгдэлтэй байна. Бид гэрээний 2.4 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувиар алданги тооцоход 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 442 хоногийн хугацаа хэтрүүлсэн бөгөөд Иргэний хуулийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаж тооцоход 6,440,625 төгрөг болж байна. Иймд “...” ХХК-иас төлөгдөөгүй байгаа буталсан чулуун суурийн үнэ 12,881,250 төгрөг, алданги 6,440,625 төгрөг, нийт 19,321,875 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна...гэв.

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтуудыг гаргасан байна. Үүнд:

- Буталсан чулуун суурийн хольц нийлүүлэлтийн гэрээ /хх-6-7/, “...” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-8/, Тооцоо нийлсэн акт /хх-9/, Цементээр бэхжүүлсэн суурийн материалын тооцоо /хх-10/, Суурийн хольцын талон /хх-11-26/;

3. Хариуцагч “...” ХХК-иас шүүхэд баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-28/ гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн аливаа нотлох баримт гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн хувийг 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гардан авч, шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар бичгээр гаргаагүй байна.

4. Шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Ш....д мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд, хэрэгт цугларсан баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчоос гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх “...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: “хариуцагчтай байгуулсан хүчин төгөлдөр гэрээний дагуу 879 м.куб цементээр бэхжүүлсэн суурийн материалыг 45,000 төгрөгөөр тооцон нийт 39,577,500 төгрөгийн үнэ бүхий цементээр бэхжүүлсэн суурийн материал нийлүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, харин худалдан авагч тал 152.55 тонн цементийг 175,000 төгрөгөөр тооцож нийт 26,696,250 төгрөгийг бартераар гэрээний төлбөрөөс төлж, үлдэгдэл 12,881,250 төгрөгийг төлөөгүй учир уг төлбөрийг гэрээгээр тохирсны дагуу алданги 6,440,625 төгрөгийн хамт гаргуулахаар шаардана” гэж тодорхойлсон.

3. Хариуцагч “...” ХХК-ийн төлөөлөгч Ш.... нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гардан авч, шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа бичгээр гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

4. Хэрэгт нотлох баримтаар цугларсан Буталсан чулуун суурийн хольц нийлүүлэлтийн гэрээ, Тооцоо нийлсэн акт, Цементээр бэхжүүлсэн суурийн материалын тооцоо, Суурийн хольцын талон зэрэг баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1. “...” ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ... тоот Буталсан чулуун суурийн хольц нийлүүлэлтийн гэрээг “...” ХХК-тай байгуулж, гэрээний дагуу тус компанид чанар стандартын шаардлага хангасан буталсан чулууны суурийн хольц 1 м.кубыг 45,000 төгрөгөөр үнэлж 450 м.куб хольц нийлүүлэх, захиалагч “...” ХХК нь худалдан авсан бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.

Талууд гэрээний нийт үнэ 20,250,000 төгрөг байхаар заан, төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах, уг хугацаанд төлбөр төлж дуусгаагүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох, гэрээнд заасан хэмжээнээс илүү цементээр бэхжүүлсэн суурийн хольц авах тохиолдолд уг гэрээнд заагдсан нөхцлүүд хүчин төгөлдөр байх талаар болон бусад нөхцөл, талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлага, форс мажор, маргаан шийдвэрлэх зэрэг асуудлыг гэрээнд тусган, талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулжээ.

4.2. Гэрээний дагуу нийлүүлэгч “...” ХХК-иас захиалагч “...” ХХК-д 47 удаагийн тээвэрлэлтээр нийт 879.5 м.куб цементээр бэхжүүлсэн суурийн материалыг суурийн хольцын талоноор, нийлүүлэгч болон тээвэрлэгч нар гарын үсэг зурж баталгаажуулан нийлүүлсэн болох нь уг анхан шатны баримтуудаар тогтоогдож байна. /хх-11-26/

4.3. Нэхэмжлэгч “...” ХХК-ийн зүгээс гэрээний дагуу “...” ХХК-иас гэрээний дагуу 26,696,250 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 12,881,250 төгрөг төлөгдөөгүй тухай тооцоо нийлсэн актыг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үйлдэж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулжээ. /хх-9, 10/

5. Нэхэмжлэгч “...” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “...” ХХК-иас Буталсан чулуун суурийн хольц нийлүүлэлтийн гэрээгээр нийлүүлсэн бараа материалын үлдэгдэл төлбөр, мөн гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар алданги гаргуулахаар шаардсан.

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

7. Талуудын байгуулсан гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн бараа материал нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн бол хариуцагч тал нийт төлөх 39,577,500 төгрөгөөс 26,696,250 төгрөгийн төлбөрийг төлж, үлдэх 12,881,250 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна. Тиймээс хариуцагч “...” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 12,881,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “...” ХХК-д олгох нь зүйтэй.

8. Нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги 6,440,625 төгрөг гаргуулахаар шаардаж, уг шаардлагын үндэслэлээ: гэрээний дагуу 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлбөр төлж дуусгах үүргээ биелүүлэлгүй 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 442 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд энэ хугацаагаар гэрээний 2.4 дэх хэсэгт заасны дагуу тооцвол алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа учир гүйцэтгээгүй үүрэг 12,881,250 төгрөгийн 50 хувиар хязгаарлан тооцож 6,440,625 төгрөг шаардсан гэж тайлбарлаж байна.

9. Талууд гэрээний 2.4 дэх заалтаар “Гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж дуусгаагүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлнө” гэж алданги тооцох тухай тохиролцож, бичгээр байгуулсан гэрээндээ тусгаснаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлага хангасан бөгөөд алдангийн хэмжээг 0,5 хувь байхаар тогтоосон нь мөн хуулийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

10. Хариуцагч “...” ХХК нь гэрээний дагуу үндсэн төлбөр 12,881,250 төгрөг төлөөгүй ба нэхэмжлэгч “...” ХХК-иас нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа хэтэрсэн 442 хоногт алдангийг тооцвол /64,406*442/ нийт алданги 28,467,452 төгрөг болж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 12,881,250 төгрөгөөс хэтэрч байх тул гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлан тооцож 6,440,625 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан нийцсэн байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

11.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 254,560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 254,560 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “...” ХХК-иас 19,321,875 /арван есөн сая гурван зуун хорин нэгэн мянга найман зуун далан таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...” ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 254,560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 254,560 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА