Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/244

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар П.Ундрах

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн

Шүүгдэгч Ц.Б-ыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Б-т холбогдох эрүүгийн 1738000000039 тоот хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц.Б-,

Шүүгдэгч Ц.Б- нь 2017 оны 8 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багт иргэн Б.М-тай маргалдаж түүний биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Ц.Б- нь 2017 оны 8 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багт иргэн Б.М-тай маргалдаж түүний биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

            Хохирогч Б.М-гийн: “...Ц.Б- нь гэрийн зүүн талд миний хэвтэж байсан орны хажууд ирж суугаад миний хөнжлөөс татаад гараа миний биед хүргэх гээд байсан. Би цаашаа зайлаач гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч тоохгүй намайг оролдоод байхаар нь би босоод Ц.Б-ыг нэг удаа хацар дээр нь алгадсан. Тэгтэл чи муу лаларын авгай би чам шиг авгайг үнсээд тавьдаг хүн, муу пизда гэж хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр би зайлаач гэж хэлтэл босож ирээд зүүн талын шанаа руу гараа атгаж байгаад цохьсон. Миний цээж рүү шахаж байгаад хөлөөрөө дэгээдэж унагаасан. Унагаасны дараа толгойн ар дагз руу 2 удаа цохиод гараараа хамар луу цохиод миний хамраас цус гарсан. Би өндийгөөд босох гэхэд Баттэгш гуай ирээд Ц.Б-ыг холдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р тал/,

            Гэрч Я.Б-йн: Б.М- босож ирээд гэрт архи уухгүй шүү гээд Ц.Б-ыг цохиж байгаа харагдсан. Б.М-, Ц.Б- 2 барилцаж Ц.Б- Б.М-гийн нүүр лүү нэг удаа гараа цохьсон. Тэгсэн Б.М-гийн хамраас цус гараад би тэр 2-ыг салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

            Гэрч Э.Б-н: Б.М- Ц.Б- бид 2-ыг хэл амаар доромжлоод Ц.Б-ыг цохиж аваад байсан. Ц.Б- Б.М-гийн нүүр лүү нь санамсаргүй байдлаар цохичихлоо гэж ойлгосон гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,

            Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 525 дугаартай:

  1. -Б.М-гийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2. -Б.М-гийн биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт бүхий гэмтэл учирсан байна.
  3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.
  5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 32-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ц.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч шүүгдэгч нар нь эвлэрсэн болох нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Эрүүгийн 1738000000039 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.Б-ыг бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор улсын орлогод оруулахыг үүрэг болгосугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.АРИУНЖАРГАЛ