Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1285

 

 

 

 

 

 

 

 

 

                                         Т.Э-ийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00937 дугаар шийдвэртэй

              

Нэхэмжлэгч Т.Э-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Т.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Э- болон Э.Э нараас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2017/01094 дугаар шийдвэрийн дагуу 42 293 997 төгрөгийг гаргуулж "Ариг" банкинд олгохоор шийдвэрлэсэн. Т.Э-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, З дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 15/4 тоотод байрлах 85 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нэгжийн талбарын 21/5182 дугаар бүхий 130 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай газрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээний ямар байгууллагаар үнэлгээ хийлгэх болсноо танилцуулаагүй ч 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 4/5004 дугаар мэдэгдлээр шинжээчийн үнэлгээг танилцуулсан. Үнэлгээ хийсэн шинжээч зах зээлийн ямар ч тооцоо судалгаагүй хэт доогуур 121 550 000 төгрөгөөр үнэлсэн байдаг.

Миний охин Э.Энхчимэг бид хоёр 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр НШШГГт үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгүүлэх талаар гомдол гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гомдлын хариуг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэх боломжгүй гэсэн хариуг өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд миний өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, З дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 15/4 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205055324 дугаарт бүртгэлтэй 85 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгжийн талбарын 21/5182 дугаар бүхий 130 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай газрыг 121 550 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өнөржаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1094 дугаар шийдвэрээр Т.Э-, Э.Энхчимэг нараас 42 293 997 төгрөг гаргуулж “Ариг банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Т.Э-, Э.Энхчимэг нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж 15/4 тоотод байрлах 85 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 21/5182 дугаарт бүртгэлтэй 130 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 18300573/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 18300573/04 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураах үйл ажиллагаа явуулсан.

Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээч томилох тогтоолоор “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэхэд 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн үнэлгээний тайлангаар дээрх хөрөнгийн зах зээлийн үнийг 121 550 000 төгрөгөөр үнэлж, үнэлгээг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 4/5005, 4/5004 дугаар албан бичгүүдээр мэдэгдсэн. Дээрх үнэлгээг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 3/23 дугаар “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолоор тус газраас зохион байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд үнэлгээний 70 хувь буюу 85 085 000 төгрөгөөр оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 2833 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээд байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолын дагуу “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК нь Т.Э-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205055324 дугаар үл хөдлөх эд хөрөнгө болон 21/5182 тоот газар эзэмших эрхийн хамт үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан орлого, өртөг, жишиг үнийн хандлагын аргаар тооцоолол хийх ёстой. Үүнээс өртгийн арга болон зах зээлийн жишиг үнийн аргаар тооцоолол хийж, зах зээлийн жишиг үнийн аргад 100 хувийн ач холбогдол өгсөн. Зах зээлийн жишиг үнийг гаргахдаа үнэлж буй объекттой 300 метрийн хооронд байршилтай адилхан орон сууц болон орон сууцны өргөтгөл хийсэн, м.кв харгалзаж хийсэн. Судалгаа нэгд 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр unegui.mn сайт дээр гаргасан үл хөдлөх эд хөрөнгө байгаа. Судалгаа хоёрт 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гаргасан ийм судалгааг харьцуулж м.кв үнийг гаргаж, жигнэсэн дунджаар тооцоолол хийж үзсэн. Эхний судалгаан дээр 1 м.кв нь 1 548 000 төгрөг, хоёр дах харьцуулсан хөрөнгө 1 310 000 төгрөг, энэ хоёрын дунджаар гаргаж үнэлж буй хөрөнгийн м.кв 1 430 000 төгрөг буюу 85 м.кв-тай харьцуулж 121 550 000 төгрөгийн үнэлгээ гаргасан.

Үнэлгээг гаргахад энэ обьекттой адилхан, жишиж болохуйц, хамгийн ойрхон 300 метрийн зайд орших хөрөнгөтэй харьцуулж хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа хэт доогуур үнэлж байгааг нэхэмжлэгч өөрөө нотлох баримт гаргаж өгөөд, манай хажуу талын хөрөнгө ийм үнээр зарагдсан байна гэсэн нотлох баримт байхгүй байна. Зах зээлийн судалгаагүй гэж хэлж болохгүй. Тухайн өдрөөр хамгийн боломжит нийтэд арилжаалагддаг жишиг үнээр судалгааг хийж гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан НШШГГт холбогдох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 15/4 тоотод байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205055324 дугаарт бүртгэлтэй 85 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 21/5182 дугаартай 130 м.кв талбай бүхий газрыг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Т.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 182/ШЗ2019/02833 дугаар Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо:

 

... Үнэлгээ хийсэн "Сэлэнгэ-Эстимэйт" ХХК-ийн шинжээч зах зээлийн ямар ч тооцоо судалгаагүй хэт доогуур 121 550 000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө болон газрыг үнэлсэн ба төлбөр төлөгч Т.Э- "үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна дахин үнэлгээ хийлгэж өгнө үү" гэсэн хүсэлтээ НШШГГт гаргахад "дахин үнэлгээ хийлгэхгүй" гэсэн хариуг өгсөн. Үнэлгээ хийсэн "Сэлэнгэ-Эстимэйт" ХХК-ийн шинжээч нь нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө, газар ирээдүйд зам дагуу цэвэр, бохирын шугам татаж 4 давхар барилга барих зөвшөөрөл авбал, зах зээлийн ханшаар үнэлсэн үнэлгээ болох 121 550 000 төгрөгөөс илүү үнэтэй болох талаар тайландаа тусгаж үнэлгээ хийх байсан ч энэ байдлыг тайландаа тусгаагүй үнэлгээ хийсэнд маш их гомдолтой байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "үнэлгээний тайлангийн аргачлал буруу буюу үнэлгээ дүн доогуур гарсан гэж үзэх үндэсгүй байна" үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Нэхэмжлэгч Т.Э-ийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 130 мк.в талбайтай газар нь 15 жилийн хугацаатай олгосон Баянгол дүүргийн төвийн бүсэд байрлалтай хот төлөвлөлтөд орсон, орон сууцны барилга барих, худалдаа, үйлчилгээний зориулалттай барилга барих газар гэдэг талаас нь үнэлгээ хийж, тайлангаа гаргаагүй, гэр хорооллын хашаа, байшинтай харьцуулан үнэлгээ гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө, газрын хажууд 8 давхрын орон сууц баригдсан, нэхэмжлэгч дэлгүүр ажилуулдаг, хэрчсэн гурил, банш, бууз хийж борлуулдаг, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа зэргийг огт харгалзан үзээгүй үнэлгээ хийсэн байхад анхан шатны шүүх үнэлгээг зах зээлийн үнэлгээнд нийцсэн байна гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Т.Э-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, З дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж,15/4 тоот байрлах улсын бүртгэлийн Ү-2205055324 дугаарт бүртгэлтэй 85 м.кв талбайтай үйлчигээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нэгжийн талбарын 21/5182 дугаар бүхий 130 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай газрыг 121 550 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Т.Э- хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/01094 дугаар захирамжаар Т.Э-, Э.Энхчимэг нар 42 309 997.15 төгрөгийг “Ариг банк” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрч, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 7-8 дугаар тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг НШШГГ явуулж, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж, 15/4 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205055324 дугаарт бүртгэлтэй, 85 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 15 дугаар байрны хойд талд, нэгж талбарын 21/5182 дугаар бүхий 130 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 0364079 эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус битүүмжилж, 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураажээ.

  /хх-ийн 68-70, 71, 74 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч нар эд хөрөнгийн үнийн саналын талаар харилцан тохиролцоогүйгээс НШШГГ 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр шинжээч томилох тухай тогтоолоор “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

 

Хариуцагч талаас хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн шинжээч Г.Отгонбаярт шинжээчийн эрх, үүргийг тайлбарлан өгч баримтжуулсан байна.

 /хэргийн 78 дугаар тал/

 

Шинжээч Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж, 15/4 тоотод байрлах 85 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 15 дугаар байрны хойд талд, нэгж талбарын 21/5182 дугаар бүхий 130 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг 121  550 000 төгрөгөөр үнэлжээ.

 /хэргийн 81-96 дугаар тал/

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх гэж хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээчний хараат бус үйл ажиллагааг хэлэх бөгөөд үнэ цэнэ гэдэг ойлголт нь хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүн юм. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг бөгөөд уг үнэлгээний талаар нэхэмжлэгч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар мэргэжлийн байгууллагад гомдол гаргаагүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан бөгөөд шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Олон Улсын үнэлгээний стандартын дагуу зах зээлийн жишиг үнийн аргаар үнийг тодорхойлж үнэлгээний тайланд тодорхой тусгасан байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар буюу зах зээлийн үнээс доогуур үнэлэгдсэн гэх нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй болно.

 

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00937 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                                                             Ц.ИЧИНХОРЛОО