Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/527

 

 

 

 

 

 

  2021              5             25                                        2021/ДШМ/527

 

 

   О.Ч-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нарангэрэл,

шүүгдэгч О.Ч-ын өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Ч-ын өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Ч-д холбогдох эрүүгийн 2010000001116 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хоролт овгийн Ойдовын Ч-, 19... оны 2 дугаар сарын 8-ны өдөр Оросын холбооны улсад төрсөн, ........... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......... хамт Чингэлтэй дүүргийн ....дугаар хороо, ..............тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................./;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 518 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 736 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;  

О.Ч- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хурд” хорооллын 24 дүгээр байрны 180 тоотод хохирогч А.У-тай үл ойлголцон маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын нурууны хугарал, мурийлт, баруун зовхи, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч О.Ч-д оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч-ын цагдан хоригдсон 4 хоногийн нэг хоногийг найман цагаар тооцож, нийт 32 цагийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 268 цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, шүүгдэгч О.Ч-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Ч-ын өмгөөлөгч О.Санчирбал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл гэж үзсэн. Тэгсэн хэдий ч түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэх шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байх тул шүүгдэгчид оногдуулсан ялыг түүний цалин хөлсийг харгалзан үзэж торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Учир нь, өмнө шүүхээр 2 удаа торгуулийн ял оногдуулж байсан. 3 дахь удаагаа торгуулийн ял оногдуулах боломжгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Шүүгдэгчид ямар ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

О.Ч- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хурд” хорооллын 24 дүгээр байрны 180 тоотод хохирогч А.У-тай үл ойлголцон маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын нурууны хугарал, мурийлт, баруун зовхи, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.У-ын “... Би Ч-д “чи одоо ямар тэнэг юм бэ, яахаараа манай өрөөнд орж ирдэг юм бэ” гэж хэлтэл босч ирээд үгийн зөрүүгүй намайг шууд нүүрэн тус газар нэг удаа цохитол хамарнаас маш их цус гарсан. Тэгээд над руу дайрсан ба би доошоо тонгойж бүсэлхийнээс нь барьж тэврээд өөрийгөө хамгаалсан. Тэгээд салаад ариун цэврийн өрөө орж нүүрээ угааж, цусаа арилгаад “чи одоо яаж байгаа юм бэ, яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэж хэлтэл дахин миний нүүрэн тус газар цохисон. Тэгэхээр нь би Ч-д “одоо би цагдаа дуудна, чи намайг хоёр удаа цохичихлоо” гэж хэлээд цагдаа дуудсан. ...” /хх 19/,

О.Ч-ын яллагдагчаар өгсөн “... Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. ...” /хх 46/,

гэрч Б.А-гийн “... намайг ариун цэврийн өрөөнд байж байхад тэр хоёр маргалдаад байсан. Гараад иртэл манай найз залуугийн хамарнаас цус гарчихсан, Ч-ын нүдний доод хэсэгт хавдчихсан байсан. Тэгээд би найз залуугаа дагуулаад ариун цэврийн өрөө орж цусыг нь угааж өгсөн. Ариун цэврийн өрөөнөөс гартал Ч- үүдэнд зогсож байсан. Манай найз залуу “чи яагаад миний хамар луу цохиж байгаа юм бэ” гэж хоорондоо ярьж байтал Ч- дахиад хамар луу нь цохичихсон. Тэгээд манай найз залуу цагдаа дуудчихсан. ...” /хх 25/,

гэрч Б.Дөлгөөний “... Ууганбаяр араас гарч ирээд Ч-ыг “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлтэл Ч- шууд нэг удаа цохиод авсан. Тэгсэн Ууганбаярын хамарнаас цус гараад би Ч-ыг араас нь тэвэрч болиулсан. ... Ууганбаяр ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд тэр хоёр ярилцаж байгаад Ч- дахиад нэг удаа Ууганбаярын нүүрэн тус газар цохичихсон. Тэгээд Ууганбаяр цагдаа дуудсан. ...” /хх 27/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 13262 дугаартай “... А.У-ын биед хамрын нурууны хугарал, мурийлт, баруун зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хх 31/,

гэмт хэрэг зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс О.Ч-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Ч-ын хохирогч А.У-ын нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг сонгон ял шийтгэл оногдуулах боломжтой байдлаар хуульчилжээ.

Шүүгдэгч О.Ч-ын өмгөөлөгч О.Санчирбал “... шүүгдэгч О.Ч-ыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний цалин хөлсийг харгалзан үзэж, торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч О.Ч-ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохируулан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн ял шийтгэгдсэн байдлаас харахад өмнөх хоёр удаагийн гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийж засрал хүмүүжлийг олоогүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Ч-ын өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ