| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2022/05211/И |
| Дугаар | 102/ШШ2023/00570 |
| Огноо | 2023-02-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2023/00570
| 2023 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2023/00570 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 18 дугаар хороо тоотод оршин суух Х овогт Б У /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 12 дугаар хороо тоотод оршин суух Б овогт Х Д /РД: /
15,422,601.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран
Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Х.Дт холбогдуулан 15,422,601.92 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаанд төлөхөөр тохирсон ба хариуцагчийн хүсэлтээр хугацааг 12 сар болгосон.
1.2. Дээрх гэрээний хүүг ипотекийн зээлийн хүү бодох аргачлалаар бодсон бөгөөд сар бүр зээл, хүүгийн төлбөрийг төлөхөөр тооцсон. Энэ хуваарийн дагуу 2,654,000 төлсөн бөгөөд үүнээс өөр төлбөр төлөөгүй. Иймд төлсөн мөнгөнөөс эхний 2 сарын хүүгийн төлбөрт 945,205.48 төгрөгийг, үлдсэнийг зээлийн үндсэн төлбөрөөс хасч зээлийн төлбөр 8,291,721.46 төгрөг, хүүгийн төлбөр 4,145,860.73 төгрөг болсон.
1.3. Гэрээний үүргээ биелүүлэхгүй 4 сарын хугацаа хэтэрсэн бөгөөд энэ хугацааны алданги 2,985,019.73 төгрөг болсон. Иймд хариуцагчаас 15,268,856.84 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. Б.У хамтарч бизнес эрхлэх санал тавьсны дагуу хамтран ажиллаж байсан. Эхлээд 3,000,000 төгрөгийн гүйлгээгээр эхэлсэн ба сар бүр тохиролцсоны дагуу ашгаа авч байсан. Сүүлд нэмээд 10,000,000 төгрөг хийсэн бөгөөд үүний дараа 1 сард бизнес гадаадын талд асуудал үүсч, үүнээс үүдэн графикт доголдол гарсан. Ашигтай ажиллаж байхдаа бүрэн мөнгөө авч байсан тул алданги төлөхийг зөвшөөрөхгүй.
2.2. Харин үндсэн төлбөрөөс 5,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 28Ё1-3/6044 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 3-6 дугаар тал/
4. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, энэ гэрээгээр хариуцагч 10,000,000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүүгийн хамт төлөхөөр авсан. Энэхүү гэрээний дагуу хариуцагч нь 13,205,479.42 төгрөг төлөхөөс 2,654,000 төгрөг төлсөн ба үүнээс 2 сарын хүүд 945,205.48 төгрөг, зээлийн үндсэн төлбөрт 1,708,278.66 төгрөгийг тооцсон. Хариуцагчийн хүсэлтээр гэрээний хугацааг 12 сараар тогтоосон ба одоо зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 8,291,721.46 төгрөг, 10 сарын хүү 4,145,860.73 төгрөг, 4 сарын алданги 2,985,019.73 төгрөг нийт 15,268,856.84 төгрөг төлөх үүрэгтэй байна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгч нь хамтарч бизнес эрхлэх хүсэлт тавьсны дагуу хамтран ажиллаж байсан, эхний гүйлгээг 3,000,000 төгрөгөөр эхэлж, сар бүр тохиролцсоны дагуу ашгаа авч байсан. Сүүлд нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр 10,000,000 төгрөг нэмж хийсэн, үүний дараа 1 сард бидний бизнес гадаад талд асуудал үүсч үүнээс үүдэн графикт доголдол үүссэн. Хамтарч хөрөнгө оруулж ашигтай ажиллаж байхдаа бүрэн мөнгөө авч байсан, иймд алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Үндсэн төлбөрөөс 5,000,000 төгрөг төлөх хүсэлтэй байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагч Х.Д нь нэхэмжлэгч Б.Уэс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож, уг гэрээг тус бүр бичгээр хийж нотариатаар баталгаажуулсан байна. Энэхүү гэрээгээр хариуцагч 10,000,000 төгрөг хүлээн авсан нь түүний тайлбараар тогтоогдсон ба тухайн гэрээний дагуу талууд хамтран ажиллаж, нэхэмжлэгчид ашиг өгч байсан, гэрээний үндсэн төлбөрт 5,000,000 төгрөг өгөх саналтай байгаагаа хариуцагч илэрхийлжээ. /ХХ-ийн 5, 24 дүгээр тал/
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ нь хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллахаар тохиролцож, талуудын оролцоо буюу үүргийг тодорхойлсноор байгуулагдана. Мөн хамтран ажиллах гэрээний талуудын үндсэн үүрэг нь хамтын зорилгыг хэрэгжүүлэхэд хураамж төлөх хэлбэрээр оролцох бөгөөд хураамжийн хэмжээг талууд харилцан тохиролцож тогтоох, тохиролцоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна. Дээрх тохиролцоо хийгдээгүй бол хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Хариуцагчийн тайлбарт ашиг олох зорилгоор нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж, сар бүр ашгаа авч байсан гэсэн байх боловч хамтын ямар ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор талууд ямар оролцоо, үүрэг хүлээж, хэдий хэмжээний хураамж төлөхөөр тохиролцсон талаар тодорхойлоогүй, тайлбартайгаа холбогдуулан ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж буй үндэслэл, тайлбараа нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хариуцагчийг биелүүлээгүй гэж үзнэ.
Иймд талуудын байгуулсан гэрээний нөхцөл, шинж, агуулга, хүлээсэн үүргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв. Энэхүү гэрээний үүрэгт хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, 12 сарын хүүд 5,091,066.17 төгрөг төлөхөөс гэрээний хугацаанд төлсөн 2,654,000 төгрөгөөс 2 сарын хүүд 945,205.48 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 1,708,278.66 төгрөгийг тооцож, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 8,291,721.46 төгрөг, хүүгийн үлдэгдэл 4,145,860.73 төгрөг гэж нэхэмжлэгч тодорхойлжээ. Хүүг ипотекийн зээлийн хүүгийн тооцоолол бодох аргачлалаар тодорхойлсон гэж тайлбарлав.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээж байдаг. Дээрх гэрээний үүргээ зээлдүүлэгч Б.У биелүүлсэн байх ба хариуцагчаас зээлээ буцаан шаардах эрхтэй.
Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасны дагуу талууд гэрээгээр хүү тогтоосон, уг гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч нь 6 сарын хүү шаардах эрхтэй. Хариуцагчийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 12 сар болгохоор тохиролцсон гэх боловч энэ талаарх тохиролцоог бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь нэмж 6 сарын хугацааны хүү шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 6 сарын хүүд 3,000,000 төгрөг шаардах эрхтэй боловч энэ хугацааны хүүг 2,342,465.73 төгрөгөөр тодорхойлсон байх тул энэхүү тооцооллоор хариуцагчийг хүүд 2,342,465.73 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэв. Иймд 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 12,342,465.73 төгрөг төлөх үүрэг хүлээснээс төлсөн 2,654,000 төгрөгийг хасч 9,688,465.73 төгрөг төлөхөөр байна. /ХХ-ийн 13 дугаар тал/
Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх ба хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсэгт заасан бөгөөд мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тодорхойлсон. Иймд алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага бөгөөд уг хариуцлагыг талууд харилцан тохиролцож, бичгээр баталгаажуулсан тохиолдолд хүлээнэ. Алдангийн талаар талууд гэрээний 3.7-д зааснаар 0.3 хувиар төлөх тохиролцоог хийсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй. Алдангийг 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс нэхэмжлэгчийн шаардсаны хэмжээгээр буюу 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 122 хоногоор /4 сар/ тооцоход 3,545,930 төгрөг болж байна. Нэхэмжлэгч нь алдангийг 2,985,019.73 төгрөгөөр тооцсон байх тул нэхэмжлэгчийн тодорхойлсны дагуу алдангийн хэмжээг тогтоов. /хүү, алдангийн тооцоолол-ХХ-ийн 15 дугаар тал/
Нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл 8,291,721.46 төгрөг, хүүгийн үлдэгдэл 4,145,860.73 төгрөг, 4 сарын алданги 2,985,019.73 төгрөг нийт 15,268,856.84 төгрөг гэж нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон боловч нийт үнийн дүн 15,422,601.92 төгрөг болж байх бөгөөд тооцооны алдааг нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийн үнийг 15,422,601.92 төгрөгөөр тодорхойлов. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн үүргийн үлдэгдэл 9,688,465.73 төгрөг, алданги 2,985,019.73 төгрөг нийт 12,673,485.46 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдсэн 2,749,116.46 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5 дахь хэсэгт заасан журмаар шүүх хуралдааны товыг хариуцагч мэдсэн бөгөөд шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирэх боломжгүй байдлаа шүүхэд мэдэгдээгүй, ямар нэг хүсэлт, нотлох баримт ирүүлээгүй. Иймд хариуцагчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбараа нотлох, тайлбартайгаа холбогдуулан хуульд заасан хугацаанд нотлох баримт гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х Даас 12,673,485.46 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б Уд олгож, нэхэмжлэлээс 2,749,116.46 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,294 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Даас улсын тэмдэгтийн хураамжид 217,726 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Уд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА