| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2022/01432/И |
| Дугаар | 102/ШШ2023/00848 |
| Огноо | 2023-03-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2023/00848
| 2023 оны 03 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2023/00848 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо тоотод оршин суух Б овогт Ж О
Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороолол Ви ай пи центр 402 тоотод оршин суух Б овогт М Х
24,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Ж.О, хариуцагчийн төлөөлөгч Э.З, хариуцагчийн өмгөөлөгч Г.Т, гэрч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч М.Хт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1.1. 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр М.Хтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр М.Х нь “З” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн цахилгаан монтажийн угсралт, үйлдвэрийн бүрэн автоматжуулалтын программ хангамж, засвар үйлчилгээг гүйцэтгэх үүрэг хүлээсэн.
1.2. Дээрх гэрээний үүргээ хариуцагч огт биелүүлэхгүй байсан тул 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрээ цуцлах талаар мэдэгдэл хүргүүлж, “М” ХХК болон М.Хын явуулсан хүмүүстэй хувиараа тохиролцон ажлын хөлсийг төлж, ажлыг гүйцэтгүүлсэн. Иймд гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 24,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. Ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу цахилгаан монтаж угсралт, автоматжуулалтын программ хангамжийг бүрэн суурилуулж ажлыг гүйцэтгэсэн ба үйлдвэрийн тоног төхөөрөмж буюу холигч тогооны хаалтны эвдрэл, гэмтлийн улмаас автоматжуулалтын программыг ажиллуулах боломжгүй нөхцөл байдал бий болсон. Энэхүү эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг хариуцагч тал гэрээгээр хүлээгээгүй бөгөөд уг эвдрэл, гэмтлээ засварлах, эд ангийг шинээр сольж өгөхийг нэхэмжлэгчээс хүссэн боловч засварлаагүй.
2.2. Нэхэмжлэгчээс 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэл хүлээж авсан ба энэхүү мэдэгдлийн хариуг өмгөөлөгчөөрөө дамжуулан 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн. Уг мэдэгдлийн хариуд ажил хүлээлцэх комисс байгуулж хийсэн ажлыг дүгнэж, ажил хүлээлцсэн акт үйлдэж гэрээ цуцлах боломжтой эсэхийг мэдэгдсэн боловч захиалагч талаас ямар нэг хариу ирүүлээгүй. Иймд гэрээний үүргээ биелүүлж ажлыг бүрэн гүйцэтгэсэн тул ажлын хөлс 24,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс “З” ХХК”-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /ХХ-ийн 6-10, 14, 15, 48-51, дугаар тал/
4. Хариуцагчаас “Ө” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 21/40 дугаартай албан бичиг, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /ХХ-ийн 25, 26, 141, 142 дугаар тал/
5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Б.Н, Г.Б гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна. /II-ХХ-ийн 61-68 дугаар тал/
6. Хариуцагч талын хүсэлтээр Б.Э, Б.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “З” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн @*.com цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна. /II-ХХ-ийн 69-74, 100-104, 113-122 дугаар тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 24,000,000 төгрөгийг төлсөн ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох бетон зуурмагийн монтаж угсралт, автоматжуулалт, программ хангамж, засварын ажлыг хийж гүйцэтгээгүй, тухайн ажлуудыг өөр этгээдээр гүйцэтгүүлсэн тул ажлын хөлс 24,000,000 төгрөгийг шаардаж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Гэрээний дагуу бетон зуурмагийн үйлдвэрийн цахилгаан монтажийг угсарч, автоматжуулалтын программыг бүрэн суурилуулсан ба нэхэмжлэгч талын тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийн улмаас үйлдвэрийг бүрэн автоматаар ажиллуулах боломжгүй байсан. Энэхүү эвдрэл, гэмтэл нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажилд хамааралгүй ба тухайн эвдрэлийг нэхэмжлэгч засварлаагүй, шинээр эд ангийг солиулаагүй тул хийсэн ажлын хөлсийг буцаах үндэслэлгүй гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
Талууд 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “ажил гүйцэтгэх гэрээ”-г бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр М.Х нь бетон зуурмагийн үйлдвэрийн автоматжуулалтын программ хангамж, цахилгаан монтаж угсралтын ажлыг гүйцэтгэх, Ж.О нь ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлс 45,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Дээрх гэрээний шинж, агуулга, нөхцөл, талуудын үүргээс үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс ажлын хөлс 24,000,000 төгрөг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, энэ асуудлаар зохигч маргаагүй. Харин хариуцагчийг гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгээгүй үндэслэлээр ажлын хөлсийг буцаан шаардсан байна.
Талууд ажлын хөлсийг хэзээ, ямар журмаар төлөх талаар гэрээгээр тохиролцоогүй тохиолдолд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 346.2 дахь хэсэгт заасан журмаар төлнө. Талууд ажлын хөлс төлөх журмыг гэрээний 2.2.1, 2.2.2-т тохиролцсон байх бөгөөд уг тохиролцооны дагуу 2021 оны 7 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд урьдчилгаа хөлс 24,000,000 төгрөгийг төлсөн байна. Энэхүү төлөгдсөн ажлын хөлсийг буцаан шаардахын тулд ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон ажлыг огт гүйцэтгээгүйгээс гэрээ цуцлагдсан эсвэл ажил гүйцэтгэгчийн буруугаар үүргийн гүйцэтгэл боломжгүй болсон байх учиртай.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225, 226 дугаар зүйлүүдэд үүрэг гүйцэтгэгч үүргээ ноцтой зөрчсөн буюу гэрээний үүргээ огт биелүүлээгүй нөхцөлд үүрэг гүйцэтгүүлэгч нь хэрхэн, ямар дарааллаар гэрээг цуцлах журмыг зохицуулсан ба энэ тухайгаа үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх болохыг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний 3.2, 5.3-т заасныг хэрэгжүүлээгүй, гэрээнд заасан хугацаа 14 хоног хэтэрсэн, ажлын гүйцэтгэл бүрэн дуусаагүй гэсэн үндэслэлийг зааж бетон зуурмагийн үйлдвэрийг хэвийн ажиллуулах чадамжгүй нь тодорхой байна гэж үзэн гэрээ цуцлах мэдэгдлийг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр цахим шуудангаар хариуцагчид хүргүүлсэн байна. Энэхүү мэдэгдлийн хариуг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр цахим шуудангаар нэхэмжлэгчид хүргүүлсэн байх ба уг хариу мэдэгдэлд “гэрээнд заасан ажил үүргийг зохих ёсоор биелүүлж, гэрээнд заасан ажлын 90 хувийг гүйцэтгэсэн. ...Захиалагч тал тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлээ засварлаж өгөхгүй байгаагийн улмаас гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэж өгч чадахгүй байна. ...гэрээ цуцлах санал гаргаж байгаа бол захиалагч болон гүйцэтгэгч талаас тус бүрийн төлөөллийг оролцуулсан ажил хүлээлцэх комисс байгуулж, гүйцэтгэгч талын хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг дүгнэж гэрээг цуцлах нь хуульд нийцнэ” гэжээ. Үүнээс хойш гэрээ цуцлах асуудлаар талууд ямар нэг хүсэл зориг дахин илэрхийлээгүй, гэрээ цуцлах асуудлаар ямар нэг үр дүн гараагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” гэж заасан үр дагавар бий болжээ. Иймд тухайн үед нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлж ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийг гэрээний үүргээ огт биелүүлээгүй үндэслэлээр гэрээ цуцлагдаагүй байх тул өгсөн, авснаа буцаах үр дагавар үүсээгүй байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Энэхүү зохицуулалтаар үүрэг гүйцэтгэгч өөрийн буруугаас гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буюу гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэх мэт үүрэг зөрчсөн бүхий л нөхцөлд болон үүргийн гүйцэтгэл боломжгүй болох тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн явуулсан хүмүүстэй хувиараа тохиролцон хөлс төлж ажлаа хийлгэсэн, хариуцагч ажлыг гүйцэтгээгүй үндэслэлээр ажлын хөлсөө буцаан шаардсан ба энэхүү үндэслэлээ нотлох үүргийг хүлээнэ. Энэхүү үндэслэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь өөрийн ажилтан болох Г.Б, Б.Н нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан байна. Гэрч Б.Н-н мэдүүлэгт “М.Х гэдэг хүн ирсэн эсэх, ажилчид нь мөн эсэхийг мэдэхгүй, ямар ч байсан хэдэн хүмүүс ирж ажиллаж байсан, үйлдвэр нэлээн доголдолтой ажиллаж байгаа”, гэрч Г.Баярсайханы мэдүүлэгт “М.Х нь үйлдвэрийг босгож, бүрэн ажиллагаанд оруулах ажлыг хариуцаж гэрээ хийсэн, хэвийн ажиллагаанд оруулахад М.Хын талаас хийсэн ажлыг мэдэхгүй байна, н.Эрдэнэ, н.Баяраа гэж хүн явуулсан байсан тэр хүмүүс нь ажил хийж байсан, ...ажиллаж байсан хүмүүс хэсэг алга болсон, яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ гэхэд М.Х мөнгөө өгөхгүй байна гэсэн, тэгэхээр нь манай талаас ажлаа гүйцээгээд хийгээд өгчих бид нар мөнгө өгье гэхэд зөвшөөрөөд ирсэн хүмүүс” гэжээ. Дээрх гэрч нарын мэдүүлэгт авагдсан мэдээллийг батлах, тэдний мэдүүлэг бодит үнэнд нийцсэн үнэн зөв болохыг эргэлзээгүйгээр тогтоосон өөр баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн хариуцагчийг огт ажил хийгээгүй, түүний хийх ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь үйлдвэрийн автоматжуулалтын ажил, түүний засвар тохируулгын ажлыг “М” ХХК-иар гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 5,500,000 төгрөг төлсөн гэж оныг гараар засварласан 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн гэх “Ажил гүйцэтгэх гэрээ”-г нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн гэрээгээр хийсэн ажлын гүйцэтгэлтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй тул уг гэрээгээр бетон зуурмагийн үйлдвэрийн автоматжуулалттай холбоотой ямар, ямар ажил, засварын ажлыг гүйцэтгүүлсэн болох нь тодорхойгүй байна. Иймд дээрх гэрээгээр хариуцагчийг “бетон зуурмагийн үйлдвэрийн цахилгаан монтаж угсралт, автоматжуулалтын программ хангамжийг суурилуулаагүй буюу гэрээгээр тохирсон ажлыг огт гүйцэтгээгүй” гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг нотлогдсон гэж үзэхгүй.
Хариуцагчийн хүсэлтээр түүний хийсэн ажлын хэмжээ болон үнийг тогтоолгохоор шинжээч томилсон ба шинжээчийн дүгнэлтэд “Ж.Оын гэх бетон зуурмагийн үйлдвэрийн цахилгаан монтаж, үйлдвэрийн автоматжуулалтын ажил хийгдсэн байна. Энэ хийгдсэн ажлын зах зээлийн үнэ 30,000,000 төгрөг болно” гэжээ. Энэхүү дүгнэлтээр тогтоогдсон асуудлаар нэхэмжлэгч маргаагүй, эсрэг нотлох баримт гаргаж өгөөгүй ба хийгдсэн 30,000,000 төгрөгийн ажлаас 24,000,000 төгрөгийн ажлыг хариуцагчийг хийгээгүй болохыг баримтаар нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн хийсэн ажилд тохирсон хөлс төлөх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцнэ.
Мөн нэхэмжлэгчийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хариуцагчид явуулсан мэдэгдэлд “ажлын гүйцэтгэл бүрэн дуусаагүй байна” гэсэн байх ба хариуцагчийг огт ажил гүйцэтгээгүй гэж дурдаагүй байгаагаас үзвэл тухайн үед тодорхой хэмжээний ажил гүйцэтгэгдсэн байсан гэж үзэх үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийг үүрэг зөрчсөн буюу гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй үндэслэлээр ажлын хөлсийг хохиролд тооцон буцаан шаардах эрх үүссэн болохоо нотлоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Хаас 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА