| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/05343/И |
| Дугаар | 183/ШШ2023/00567 |
| Огноо | 2023-02-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2023/00567
2023 оны 02 сарын 14 өдөр Дугаар 183/ШШ2023/00567 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: И ББСБ ХК ,
Хариуцагч: Э.О ,
Хариуцагч: П.Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 60 298 830.77 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.С нар оролцов. Хариуцагч П.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч Э.Оа, хамтран зээлдэгч П.Б нар нь "И ББСБ" ХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр В20021091701 дугаартай "Зээлийн гэрээ", "С20021091701" дугаартай Барьцааны гэрээ, G20021091701/1 дугаартай "Батлан даалтын гэрээ"-г тус тус байгуулж, 70 000 000 төгрөгийг, сарын 3.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн. Уг зээлийн барьцаанд Y-000000000 бүртгэлийн дугаартай, 000867886 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Х хотхон , Б.Доржийн гудамж, 50-р байрны зоорины давхарт байрлах, зоорины давхрын зориулалттай.174.22 м.кв талбай, мөн Г-000000000 бүртгэлийн дугаартай, 00000000 гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Цэргийн хотхон 8 гудамж, 270 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 425 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10.2.2-т заасныг үндэслэн нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Э.О хамтран зээлдэгч П.Б нарын И ББСБ ХХК-тай байгуулсан В20021091701 тоотод зээлийн гэрээг зээлдүүлэгч талаас 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалж байгаа бөгөөд уг өдрийн байдлаар зээлийн нийт өр төлбөр нь үндсэн зээл 56 902 497.84 төгрөг, зээлийн хүү 3 363 639.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 693.16 төгрөг, нотариатын зардал 22 000 төгрөг, нийт 60 298 830.77 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү. Батлан даалтын гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй болно... гэв.
2. Хариуцагч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хамтран зээлдэгч П.Б нь дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гээд, надаас гуйгаад би хамтран зээлдэгчээр орсон. Түүнээс хойш нэг ч төлбөр хийгээгүй бүтэн жил өөрийнхөө мөнгөөр П.Б-ны мөнгийг төлсөн. Зээл авахдаа тухайн мөнгө хариуцагч П.Б авч ашигласан. Би зээлийн мөнгөнөөс авч захиран зарцуулаагүй атлаа тухайн зээлийг төлөөд л явж байсан. Зээлийн тооцоолол дээр маргаан байхгүй... гэв.
3. Хариуцагч П.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.
4. Нэхэмжлэгч талаас, 2022.11.17-ны өдрийн 2297 дугаар Итгэмжлэл олгох тухай албан бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016.05.17-ны өдрийн ТЗ101/554 дугаар Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Нотариатын төлбөр төлсөн баримт, 2021.09.17-ны өдрийн №B20021091701 тоот Зээлийн гэрээ, түүний хавсралт, 2021.09.17-ны өдрийн №С20021091701 тоот Барьцааны гэрээ, түүний хавсралт, 2021.09.17-ны өдрийн №G20021091701/1 тоот Батлан даалтын гэрээ, Зээл хүсэгчийн анкет, Зээлийн хүсэлт, Иргэний үнэмлэхийн хуулбар, Ш ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2022.04.29-ний өдрийн Мэдэгдэх хуудас, Зээлийн дансны хуулга эдгээр баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас: 2023.01.31-ний өдрийн Итгэмжлэлийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зөрчин, зөрчлөө арилгах нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлд 56 902 497,84 төгрөг, зээлийн хүү 3 363 639,16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 693,77 төгрөг, нотариатын зардал буюу хохиролд 22 000 төгрөг, нийт 60 298 830,77 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
3. Зээлдүүлэгч И ББСБ ХК нь зээлдэгч Э.О, П.Б нартай 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №B20021091701 тоот зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 70 000 000 төгрөгийг сарын 3.90 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Э.О, П.Б нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр харилцан тохиролцож, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, , Б.Доржийн гудамж, 50 байр, зоорийн давхарт байрлах, 174.22 м.кв талбайтай, зоорийн давхрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхон, 8 гудамж, 270 тоот хаягт байрлах, 425 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалан, барьцааны гэрээг байгуулжээ. /хх-ийн 13-21/
4. Зээлийн болон барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.
5. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.
8. Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгч Э.О, П.Б нарт шилжүүлсэн, зээлдэгч нар нь гэрээний хугацаанд үндсэн зээл 14 907 502.17 төгрөг, зээлийн хүүд 22 588 375.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 887.19 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд тус үйл баримт нь зохигчийн тайлбар, зээлийн дансны хуулга гэх баримтаар тогтоогдож байх тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч И ББСБ ХК нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №B20021091701 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
9. Хариуцагч нар нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусах байсан хэдий ч зээлдэгч гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байна.
9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №B20021091701 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээлд 56 902 497,84 төгрөг, зээлийн хүү 3 363 639,16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 693,77 төгрөг, нийт 60 276 830,77 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж дүгнэв.
10. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 22 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нотариатын зардал төлсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч дээрх зардлыг хохиролд тооцон шаардах эрхтэй болно.
Дээрх үндэслэлээр хариуцагч Э.О, П.Б 60 298 830.77 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгох үндэслэлтэй байна.
11. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул хариуцагч Э.О, П.Б нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Э.О, П.Б нараас 60 298 830.77 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Э.О, П.Б нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, , Б.Доржийн гудамж, 50 байр, зоорийн давхарт байрлах, 174.22 м.кв талбайтай, зоорийн давхрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхон, 8 гудамж, 270 тоот хаягт байрлах, 425 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529 645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.О, П.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 529 645 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ