Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2023/00197

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2023/00197

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.А-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 17 870 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М, хариуцагч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.А нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 3 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй барьцаагүйгээр зээлсэн. Зээлдэгч буюу Б.Ан хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг гурван удаа сунгаж, зээлийн гэрээний хугацаа 2022 оны 06 сарын 31-ны өдөр дуусгавар болсон. Зээлийн төлбөрийг сар бүр зээлийн хүүд 300 000 төгрөг, үндсэн зээлд 200 000 төгрөг, нийт 500 000 төгрөгийг сар бүр төлж байхаар тохирсон. Энэ гэрээнээс хойш Б.А нь 1 500 000 төгрөгийг төлсөн, өөр төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрч байна. Иймд Б.Ас үндсэн зээлийн төлбөр 2 400 000 төгрөг, зээлийн хүү 14 270 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 1 200 000 төгрөгөөр тооцон нийт 17 870 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие бага ангийн багш бөгөөд өдөр өнөжүүлэх ажиллуулах зорилгоор 2019 оны 03 сарыэ 04-ны өдөр нэхэмжлэгчээс 3 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан анх гэрээгээр тохирсон 2 сарын хугацаанд зээлийг эргүүлэн төлж чадаагүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа удаа дараа сунгаж нийт 39 сарын хугацаанд сарын 10 хувийн хүү төлөх боломжгүй, хүүгийн хэмжээ хэт өндөр тул шүүхээс хүүгийн хэмжээг багасгаж, сарын 3 хувийн хүүгээр тооцон шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Нэхэмжлэгчийн шаардсанаа зээлийн гэрээний хугацааг сунгаж нотариатаар үйлчлүүлэх бүр би зардлыг нь төлж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчид нийт 4 450 000 төгрөгийг төлсөн. Иймд зээлийн хүү багасгаж, миний төлсөн төлбөрийг хасч тооцон шийдвэр гаргаж өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчээс 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн зээлийн гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн мемориалын баримт, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн.

Хариуцагчаас өөрийн эзэмшлийн Хаан банк дахь  дугаар дансны хуулга, сэтгэл засалч эмчийн тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас 2 060 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 15 810 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Б.Атай 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй 3 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 39 сар болгон сунгасан. Хариуцагч зээлийн үндсэн төлбөрт 600 000 төгрөг, зээлийн хүүд 900 000 төгрөг төлснөөр өөрөөр төлөлт хийгээгүй тул үндсэн зээл 2 400 000 төгрөг, зээлийн хүүд 14 270 000 төгрөг, алданги 1 200 000 төгрөг, нийт 17 870 000 төгрөгийг шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч зээлийн гэрээ байгуулсан, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар мараагүй. Харин тухайн зээлийн үүрэгт нэхэмжлэгчид нийт 4 450 000 төгрөгийг төлсөн. Зээлийн хүү хэт өндөр тогтоосныг багасгаж өгнө үү гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргав.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Н.Б нь зээлдэгч Б.Ад 3 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохиролцсон байна.

 

Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд гэрээний хугацааг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээгээр 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаагаар, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 32 сарын хугацаагаар тус тус сунгажээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан ба мөн зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоосон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хариуцагчийн гэрээний хугацаанд нэхэмжлэгчид зээл, зээлийн хүүд нийт 4 450 000 төгрөгийг төлсөн үйл баримт зэргээс дүгнэхэд 39 сарын хугацаанд, сарын 10 хувийн хүү тогтоосон явдал нь зээлдэгч буюу хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчийн хүсэлтээр зээлийн хүүг сарын 3 хувь болгон багасгаж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Хариуцагч нь үндсэн зээл 3 000 000 төгрөг, зээлийн хүү хүүд 3 510 000 төгрөг, /39 сар x 90 000=3 510 000/ нийт 6 510 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэйгээс түүний төлсөн 4 450 000 төгрөгийг хасч тооцон хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 2 060 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Талууд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнд алданги тооцохоор тохирсон хэдий ч сүүлийн буюу 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр алдангийн төлөх талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Н.Бий хариуцагч Б.Ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2 060 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 15 810 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Ас 2 060 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 810 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 47 910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ