Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар  2021/ДШМ/708

 

 

      

 

 

 

    2021           7              27                                       2021/ДШМ/708                                

 

 

М.Мөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.М-Амгалан,

хохирогч Э.Бын өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг,  

яллагдагч М.Мийн өмгөөлөгч Б.Солонго,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/1580 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлийг үндэслэн М.Мөд холбогдох эрүүгийн 2006 02990 2383 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Мын М, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр .................. төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт .................... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................................/;

Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 197 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн.

Яллагдагч М.М нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, “Копер” плазагийн 5 давхарт иргэн Х.Б-ыг хүчиндэх гэмт хэргийг хялбарчлах зорилгоор түлхэн унагах, нуруу хэсэгт нь цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11 дүгээр “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолыг уг хэргийг шүүхэд хүргүүлэх албан бичиг үйлдсэний дараа хохирогч Э.Бд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр танилцуулсан байгаа нь хохирогч болон түүний өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт тус тус заасан гомдол гаргах эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна” гэж, 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан хугацаанд прокурорын шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлнэ” гэж,

мөн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасан байх ба хохирогч Э.Б нь 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11 дүгээр “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолыг гардаж аваад дээд шатны прокурорт гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хохирогч болон түүний өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Мөн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11 дүгээр “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан нөхцөл байдал тогтоогдсон буюу тухайн хэрэг болсон гэх цаг хугацаа, орон зайд яллагдагч М.М өөрийн гэмт үйлдлээ сайн дураараа таслан зогсоож хүчиндэх гэмт хэргийг төгсгөх боломжтой байсан ч ухамсарлаж татгалзсан үйл баримт тогтоогдсон байх тул дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна... Эрүүгийн 2006029902383 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан яллагдагч М.Мөд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, шалтгаан нөхцөл зэрэг нь заавал нотлогдон тогтоогдсон байх шаардлагатай ба 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11 дүгээр “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол нь үндэслэлгүй, яллагдагч М.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх нь эргэлзээтэй байна.

Яллагдагч М.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүдэд удаа дараа хүчиндэх гэмт хэрэг үйлдээгүй талаар мэдүүлэг өгсөн байхад түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэх үндэслэлээр буюу хүчиндэх гэмт хэрэг үйлдэх гэж байгаад сайн дураар уг гэмт хэргийг төгсгөөгүй татгалзсан гэсэн үйл баримт тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх бөгөөд хэргийн үйл баримт бүрэн гүйцэд шалгаж тогтоогдоогүй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн эсэх, хүчиндэхийг завдсан үйлдлээс сайн дураар татгалзсан эсэх, эсхүл бусад шалтгааны улмаас тус гэмт хэрэг төгсөж чадаагүй эсэхийг нэг мөр шалган тогтоох шаардлагатай. Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч М.Мөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын үр дүнд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзэж, эх сурвалжийг нь харьцуулах, нотлох, үгүйсгэх зэргээр нэгтгэн дүгнээд яллагдагч М.Мөд холбогдуулан буруутгаж буй гэмт хэргийн зүйлчлэлд нэмэлт өөрчлөлт оруулан, яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх яллагдагч М.М, хохирогч Э.Б нараас хэргийн үйл баримтын талаар асуулт тавьж, хариулт авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг зөрчиж, гэм буруугийн дүгнэлтийг захирамжид урьдчилан гаргасан нь шүүх хуулийг ноцтой зөрчсөн байна. Мөн захирамжид хохирогч Э.Б, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг нарт гомдол гаргах эрхээр хангаагүй гэжээ. Уг хэрэг нь Баянзүрх дүүргийн ерөнхий прокурор, Нийслэлийн прокурорын газарт гомдлоор хянагдаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол, хүсэлтээ гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1580 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч Э.Бын өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд гомдол, хүсэлтээ гаргах нь зүйтэй гэж үзсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хэргийг прокурорт буцаах шүүгчийн захирамж гарсан. Миний бие Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 68 тоот прокурорын тогтоолтой танилцаад эс зөвшөөрч Ерөнхий прокурорт гомдол гаргасан. Уг гомдлыг Ерөнхий прокурор хангаж шийдвэрлэсэн байхад М.Мөд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоохгүйгээр М.Мөд холбогдох хэргийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11 тоот тогтоол гарсан. Энэ тогтоолыг хохирогч Э.Б 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гардаж авсан. Надад энэ тогтоолыг танилцуулах талаар прокурорын газраас нэг ч удаа яриагүй. 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “ийм тогтоолтой танилцлаа” гэж үйлчлүүлэгч маань хэлсэний дагуу хуульд заасан хугацааны дотор Ерөнхий прокурорт гомдол гаргасан. Гэтэл оролцогч нарын гомдлыг шийдвэрлэх хугацаа олгохгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар өмгөөлөгчийн эрхийг хязгаарласан. Мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.8 дахь заалтад зааснаар хохирогчийн эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж оролцогч нарын эрхийг хязгаарласан гэсэн нөхцөл байдал тогтоогдсон учраас шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэж анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаар прокурорын эсэргүүцэлд дурдсан шиг яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагч М.Мийн өмгөөлөгч Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд дурдсан хоёр үндэслэлийн нэг үндэслэл болох урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар гэм буруугийн асуудлыг хэлэлцсэн гэдэг дээр санал нэг байна. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан санал дээр тайлбар байхгүй.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад М.Мөд холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/1580 дугаартай шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг хангалттай нотолж тогтоогоогүй байхад прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд шүүх уг яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан нөхцөл байдал тогтоогдсон буюу тухайн хэрэг болсон гэх цаг хугацаа, орон зайд яллагдагч М.М өөрийн үйлдлээ сайн дураараа таслан зогсоож хүчиндэх гэмт хэргийг төгсгөх боломжтой байсан ч ухамсарлаж татгалзсан үйл баримт тогтоогдсон байх тул дээрх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан буюу “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр М.Мөд холбогдох эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэргийг хэрэгсэхгүй болгож, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 180/а дугаартай яллах дүгнэлтээр хүчиндэх гэмт хэргийг хялбарчлах зорилгоор иргэн Э.Быг түлхэн унагах, нуруу хэсэгт нь цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу өөр гэмт хэргийг хялбарчлах зорилгоор үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул гэмт хэргийн зүйлчлэлийг дахин шалгах шаардлагатай байна.

Анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр талуудыг оролцуулан дээр дурдсан нөхцөл байдлыг хангалттай нотолж, тогтоосон эсэхийг тодруулах үүднээс оролцогч нараас асуулт асуусан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.” гэснийг зөрчсөн зөрчилд хамаарахгүй тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна.”, 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан хугацаанд прокурорын шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлнэ.” гэж тус тус заасан байх боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11 дугаартай “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолыг хохирогч Э.Бд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр танилцуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй.” гэж заасан хохирогч болон түүний өмгөөлөгч нарт хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ.  

Иймд прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/1580 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/1580 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.АЛДАР                                    

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.МЯГМАРЖАВ

 

 

                        ШҮҮГЧ                                                                  Б.АРИУНХИШИГ