Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2023/00195

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2023/00195 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  И ХХК -д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах, хохиролд 141 650 308 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г, Д.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Миний бие Д.А нь "Э" ХХК-ийн цорын ганц 100 хувийн хувьцаа эзэмшигч, мөн гүйцэтгэх захирлын ажлыг хийдэг бөгөөд манай "Э" ХХК нь Баянгол дүүргийн  6-н давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 535.1 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байсан юм. Тус үйлчилгээний талбайдаа гоо сайхны салоны чиглэлээр үйл ажиллагааг 2011 оноос хойш явуулсаар ирсэн. Ковидын нөхцөл байдлын улмаас манай гоо сайхны салон нь тодорхой хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, үйл ажиллагаа доголдсон тул өөрийн өмч болох дээр дурдсан Москва их дэлгүүрийн 6-н давхарт байрлах гоо сайхны салоныг худалдан борлуулахаар шийдэж, 2021 оны 8 сард зар тавиад байсан бөгөөд зуучлалын газpaap дамжуулан худалдахаар болж 2021 оны 09 сарын 27-ны өдөр "Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэр"-г "Ш" ХХК-ийн харьяа "Century @Castle Realty" үл хөдлөх хөрөнгийн зуучлалын газартай гэрээ байгуулсан. Үүний дараагаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын газраас надтай холбогдож "И" ХХК нь Хан-Уул дүүргийн  орон сууцны барилгыг барихаар төсөл хэрэгжүүлж байгаа болоод танай үл хөдлөх хөрөнгийг бартераар худалдан авах сонирхолтой байгаа талаар хэлсэн. Ингээд манай компани өөрийн худалдан борлуулах гэж байсан үл хөдлөх хөрөнгөө 1 тэрбум 600 сая төгрөгөөр үнэлэн хариуцагчид шилжүүлэх, харин хариуцагч "И" ХХК нь өөрийн барих орон сууцны А байрны 4, 5 давхарт байрлах 401.402, 405, 504 тоот дөрвөн орон сууцыг, орон сууцны нэг м.кв-ийн үнийг 4,5 сая төгрөгөөр тооцон бартераар манай компанид шилжүүлэн өгөхөөр болсон юм. Тийм учраас манай компани хариуцагч "И" ХХК-тай 2021 оны 09 сарын 29-ны өдөр "Орон сууц захиалгын гэрээ", "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэн өгсөн. Түүнчлэн "Century @Castle Realty" үл хөдлөх хөрөнгийн зуучлалын газарт зуучлалын хөлсөнд нийтдээ 32 сая төгрөгийг төлсөн. Гэтэл хариуцагч "И" ХХК нь манай компанитай гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авах үед тус компанийн хэрэгжүүлж байсан төсөл нь аль хэдийнээ үргэлжлэх боломжгүй болсон, барилгын үйл ажиллагаа нь зогссон байсан талаар сая олж мэдлээ. Хариуцагч компанийн эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал Г.Нтэй очиж уулзахад манай Эмми ХХК-ийн нэр дээр байсан Москва их дэлгүүрийн 6-н давхарт байрлах үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 09 сарын 29-ний гэрээ байгуулан шилжүүлэн авсан боловч төлбөрт тооцож өгөх орон сууцны барилга баригдаагүй, цаашид ч баригдахгүй гэдгийг хэлсэн. Учир нь уг барилгын захиалагч нь тухайн барилгыг "И" ХХК-аар бариулахааргүй болсон талаар мэдэгдсэн. Ингээд 2022 оны 06 сарын 21-ний өдөр манайтай байгуулсан гэрээгээ цуцалж байгаа, манай компанийн хөрөнгийг буцаан шилжүүлэн өгөх талаарх албан бичгийг хийж өгсөн юм. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгөөгүй нь дээр зээлийн барьцаанд тавьсан байна. Иймд Баянгол дүүргийн  барилгын (Москва их дэлгүүр) 6-н давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 535.1 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулж, гэрээ цуцалсантай холбоотой учирсан хохиролд 141 650 308 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ үйл явдалд залилангийн ямар ч зүйл байхгүй. Д.Атай тохиролцсон нь үнэн. Оюуны ундраа газрыг нь гаргаад манайх хөрөнгө гаргаад барилгын ажил хийхээр болсон. Өнөөдөр манай хүүхдүүд 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулчхаад нэг ч төгрөг авч чадаагүй байгаа. Би эх хүний хувьд ямар ч залилангийн зүйл байгаагүй гэдгийг хэлье. Энэ ажилд би анхнаас нь оролцож явж байсан учраас мэдэж байна. Миний хүү залуу хүн алдсан. Барилгын ажлын тухайд барилга дээр хүний амь хохирсон учраас барилгын ажил зогссон. Тал бүрээр хөөцөлдөөд барилгын ажлыг явуулж чадаагүй. Бид нарт залилан мэхлэх ямар ч зүйл байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг нь буцаан өгөх талаар маргаагүй. Одоо хурдан зээлийн асуудлаа шийдээд үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхөөр хөөцөлдөж байгаа. Үл хөдлөх хөрөнгийг буцааж өгнө гэдэг байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Манайх энэ үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахад 105 м.кв талбайд нарийн боовны үйл ажиллагаа явуулдаг хүн сарын 1 000 000 төгрөгөөр түрээсэлдэг байсан. Цар тахлын үед түрээсэлж мөнгө олох ямар ч боломж байхгүй байсан. 95 сая төгрөгийн асуудал бол хийсвэр төсөөллөөр бий болсон мөнгө гэж үзэж байна. Хуулийн дагуу барилгын ажил явагдаж байсан гэж үзэж байгаа. Гэрээ цуцлагдсантай холбоотой хохирлыг манайх төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нарийн боовны цехийг 1 000 000 төгрөгөөр түрээсэлж байсан. 105 м.кв-г 1 сая төгрөгөөр түрээсэлж байгаа хүн 535 м.кв-аас хэдэн төгрөг олох нь туйлын тодорхой. Өмчлөлд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. Хохирлыг баримтаар тооцох ёстой гэж үзэж байна... гэв.

 

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..."Э" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч "И" ХХК-д холбогдох иргэний хэрэгт "И ББСБ" ХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байх тул нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Зээлдэгч "И" ХХК, Г.Н нар нь "И ББСБ" ХК-тай 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр В12021101501 тоот зээлийн гэрээ, 112021101501 тоот ипотекийн гэрээ байгуулан 500 000 000 төгрөгийг сарын 2,9% хүүтэй 12 сарын хугацаатай барилга угсралтын зориулалтаар авсан. Зээлдэгчдийн хүсэлтийн дагуу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр B12021101501-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн хугацааг 6 сараар сунгаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг зээлийн барьцаанд Улаанбаатар хот, Баянгол дүүрэг  барилгын 6 давхар байрлалтай 535.1 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, ипотекийн гэрээг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Нэхэмжлэгч компани болон хариуцагч "И" ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг цуцлах нь тухайн гэрээний талуудын эрхийн асуудал. Нэхэмжлэгчийн буцаан шаардаж буй үүргийн гүйцэтгэл буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны эрхээр хязгаарлагдсан тул барьцааны эрх хүчин төгөлдөр байгаа цагт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх боломжгүй. Иймд гуравдагч этгээдийн зүгээс Улаанбаатар хот, Баянгол дүүрэг байрлалтай 535.1 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж харж байна. Барьцааны зүйлийг солиход татгалзах зүйлгүй. Талуудын хооронд энэ талаар ярилцаад явж байгаа... гэв.

 

4. Нэхэмжлэгч талаас, итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.09.29-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2021.09.29-ний өдрийн №21/07 дугаар Орон сууц захиалгын гэрээ, 2021.09.27-ны өдрийн №4 дугаар Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ, түүний хавсралт, 2021.10.01-ны өдрийн Шилжүүлгийн баримт, 2022.06.21-ны өдрийн И ХХК-аас Д.А хаягласан Гэрээ цуцлах тухай мэдэгдэл, Москва их дэлгүүрийн 6 давхрын флан зураг, 2021.10.01-ний өдрийн Шилжүүлгийн баримт, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021.09.29-ний өдрийн Шилжүүлгийн баримт, 2021.10.01-ний өдрийн №01000603201 дугаар Зээлийн гэрээ, түүний хавсралт, 2021.10.01-ний өдрийн Хаан банк ХХК-ийн Тодорхойлолт, 2021.10.01-ний өдрийн Итгэмжлэл, 2022.08.25-ны өдрийн А/65 дугаар Язгуур хүнс ХХК-аас Э ХХК-д хаягласан Түрээсийн тодорхойлолт албан бичиг, 2021.11.23-ны өдрийн №8/21 дугаар Түрээсийн гэрээ, 2020.09.18-ны өдрийн №2020/09-18 дугаар Түрээсийн гэрээ, 2022.08.24-ний өдрийн №22/048 дугаар Будаат-Овоо ХХК-ийн Тодорхойлолт, 2021.09.16-ны өдрийн №МГ/21/006 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.09.23-ны өдрийн №soft-2021-015-01 дугаар Хамтран ажиллах гэрээг дүгнэх, тооцоо нийлэх, хамтын ажиллагаанаас бий болсон хөрөнгийг үнэлэх, төлбөр хуваарилах акт, Итгэмжлэл зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

Гуравдагч этгээдээс, Итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

2022.10.14-ний өдрийн 183/ШЗ2022/17211 дугаар захирамжаар И ХК, Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, шүүх түүнийг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч И ХХК-д холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, Баянгол дүүргийн  байрлах үйлчилгээний зориулалттай 535,1 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээ цуцалсантай холбоотой учирсан хохирол 141 650 308 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагчид өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө 1 600 000 000 төгрөгөөр үнэлэн, хариуцагчийн хэрэгжүүлж байгаа гэх барилгын төсөл Хан-Уул дүүргийн  орон сууцны барилгын А байрны 4, 5 давхарт байрлах 401, 402, 405, 504 тоот дөрвөн орон сууцыг, орон сууцны нэг м.кв-ийн үнийг 4,5 сая төгрөгөөр тооцон бартераар худалдахаар харилцан тохирч өмчлөх эрхээ шилжүүлсэн боловч хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсноор гэрээ цуцлагдсан. Хариуцагч хөрөнгийг буцаан шилжүүлэх талаар албан бичгээр мэдэгдсэн боловч шилжүүлж өгөөгүй, зээлийн үүрэгт барьцаалсан. Гэрээ цуцалсантай холбогдуулан учирсан хохирол 45 950 308 төгрөг, зайлшгүй олох байсан орлого 95 700 000 төгрөг, нийт 141 650 308 төгрөгийг хариуцагчаа шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

4. Хариуцагч гэрээний цуцлагдсан, гэрээний зүйлийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүргийн талаар маргаагүй, харин хохирол 141 650 308 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргав.

 

5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Талуудын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч тал буюу нэхэмжлэгч Э ХХК нь Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн  барилга, 6 дугаар давхар, 535,1 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч И ХХК-д шилжүүлэх, худалдан авагч нь 328 170 944 төгрөгийг төлөхөөр харилцан тохирсон байна.

 

5.2. Худалдах, худалдан авах гэрээний хэлбэрийн шаардлын хувьд гэрээний зүйлийн шинж байдлаас шалтгаалан тусгай нөхцөл тавигддаг ба тодруулбал үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар бичгийн хэлбэрээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлага хангасан байвал зохих бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв.

 

5.3. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

5.4. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг үндэслэн Баянгол дүүргийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр хариуцагч И ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэгдсэн болох нь 000905603 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ. /хх-ийн 139/

 

5.5. Маргааны эрх зүйн баримт бичиг болох үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр И ХХК болон Д.А нарын хооронд 21/07 дугаар орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу ИХХК нь Хан-Уул дүүргийн  орон сууцны барилгын А блок 4, 5 давхарт байрлах 401, 402, 405, 504 тоот, нийт 356,942 м.кв талбайтай 1 606 239 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтад оруулж, захиалагч Д.А хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээний үнэ 1 606 239 000 төгрөгийг Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр бартерын журмаар 100 хувь төлсөн талаар тохирсон. Уг тохиролцоо болон зохигчдын тайлбараас үзэхэд худалдах, худалдан авах гэрээний хэлэлцэн тохирсон үнэ 1 606 239 000 төгрөг байна. Талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.

 

5.6. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй үйл баримтын талаар маргаагүй ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т ...Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй... гэж, 225.2-т ...Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ... гэж тус тус заасан.

 

5.7. Хариуцагч И ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах саналыг хариуцагч хүлээн авч талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан байна. /хх-28/

 

5.8 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг хариуцан буцаан өгнө гэж заасан.

 

5.9. Иймд гэрээнээс татгалзсаны үр дагавар болох Эрхийн Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч ЭХХК-д буцаан шилжүүлэхийг хариуцагч И ХХК-д даалгах нь зүйтэй. Хариуцагчаас гэрээний дагуу нэхэмжлэгчид шилжүүлсэн зүйлгүй болно.

 

5.10. Түүнчлэн, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь гуравдагч этгээд Инвескор ББСБ ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд саад болохгүй бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар гуравдагч этгээдийн барьцааны эрх хэвээр байхыг нэхэмжлэгч тал мэдэж буйг дурдах нь зүйтэй.

 

6. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

 

6.1. Нэхэмжлэгч Э ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн татвар 6 563 418 төгрөг, нотариатын зардал 508 000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын хөлсөнд төлсөн 32 106 000 төгрөг, зээлийн хүүд төлсөн 6 772 890 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэн олох байсан орлого 95 700 000 төгрөг, нийт 141 650 308 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

6.2. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Э ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 105 м.кв талбайг иргэн Б.Сд нийтийн хоолны зориулалтаар, сарын 1 000 000 төгрөгөөр түрээслэн орлого олдог байсан болох нь хэргийн 72-76 дугаар талд авагдсан түрээсийн гэрээ гэх баримтаар тогтоогдож байна. Улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлснээр хариуцагч үргэлжлүүлэн 105 м.кв талбайг сарын 1 500 000 төгрөгөөр тухайн иргэнд түрээслэн орлого олж байсан үйл баримт тогтоогдож байх тул 105 м.кв талбайн 11 сарын түрээсийн орлого 16 500 000 төгрөг нь нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 69-76/

 

6.3. Нэхэмжлэгч нь 309 м.кв талбайг салоны зориулалтаар, 78 м.кв талбайг сургалтын зориулалтаар тус тус бусдад түрээслэн, 79 200 000 төгрөгийн орлогыг зайлшгүй олох байсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нь 79 200 000 төгрөгийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

6.4. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т ...Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор... хуульчилсан ба нэхэмжлэгч Э ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээг нотариатаар гэрчлүүлсэнтэй холбоотой 508 000 төгрөгийн зардал, үл хөдлөх хөрөнгө борлуулсан 2 хувийн татварт 6 563 418 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас хохиролд тооцон шаардах эрхтэй гэж үзэв.

 

6.5. Харин нэхэмжлэгч Э ХХК-ийн Шилтгээн пропертиз ХХК-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын гэрээний үүрэгт төлсөн 32 106 000 төгрөг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ан  ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу гүйцэтгэсэн үүрэг 6 772 880 төгрөгийг тус тус хохиролд тооцон шаардаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүрэг нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хохиролд тооцогдох үндэслэлгүй болно.

 

6.6. Дээрх үндэслэлээр хариуцагч И ХХК-иас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу хохирол 23 571 418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 118 078 890 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг тус тус баримтлан Эрхийн Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Э ХХК-д буцаан шилжүүлэхийг хариуцагч И ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан, хариуцагч И ХХК-иас 23 571 418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 118 078 890 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2 665 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-аас улсын тэмдгийн хураамжид 2 074 612 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ