2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч М.Билгүүтэй /томилолтоор/,

шүүгдэгч Г.С***, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С***т холбогдох эрүүгийн 2503 0008 090822 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 03 дугаар сарын 08-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “***” ХХК-д сантехникчээр ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** гудамж, *** тоотод оршин суух хаягтай, урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх,

*** овогт ***ын С*** (РД: ***).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.С*** нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу давтан 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 05 цаг 00 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо, Бага нарангийн замд Toyota prius маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.С***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Г.С***, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатараас “...гэм буруу дээр маргахгүй, ...хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, ...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх”, хавтаст хэргээс тусгайлан нотлох баримт шинжлэн судлалгүй, шүүхийн хэлэлцүүлэг шинээр гаргаж өгсөн 1 хуудас бүхий баримтыг шинжлэн судалж тус тус шүүх хуралдаанд оролцов.

Шүүгдэгч Г.С***ын шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл) тайлбар, мэдүүлэг гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 19 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 14 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 17 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 24 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 15, 18 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 21 дэх тал) зэрэг болно.

Хоёр.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

2.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

2.1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г.С*** нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу давтан 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 05 цаг 00 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо, Бага нарангийн замд Toyota prius маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

1. Шүүгдэгч Г.С***ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Би 2025 оны 06 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед ажилд ороод ажлын хамт олонтойгоо хоолонд ороод тэгээд гараад нэг найзтайгаа уулзаад караоке орж сэнгүр нэртэй 4-5 шилтэй пиво уугаад дуусахад үүр цайж байсан бөгөөд 04 өнгөрч байхад машинаа зогсоолоос гаргаарай гэж хэлэхээр нь би машинаа жолоодоод автобусны буудал дээр зогсоод байж байхад цагдаа нар хойноос ирээд СХД-ийн замын цагдаагийн хэлтэс рүү авч яваад драйгер үлээлгэсэн... Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр эрхээ 1 жилээр хасуулж торгуулах ял авсан байсан... Надад гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Хэргээ хялбаржуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. Маш их ойлгож харамсаж байна. Би 4-14 насны 3 хүүхэдтэй, эхнэр маань ажилгүй гэртээ байдаг бөгөөд миний бие гэр бүлээ ганцаараа ажил хийж тэжээдэг. Амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотод ирсэн. Өөрийн буруу гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал),

3. 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны “...драйгер багаж ашиглан шалгахад 2.56% согтолттой...Хилчин хотхоны Өнө цаг зочид буудлаас Баруун салаа хүртэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэх тэмдэглэл болон илтгэх хуудас (хавтаст хэргийн 05-08 дахь тал),

4. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

5. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 38-43 дахь тал) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.

2.2. Хууль зүйн дүгнэлт.

2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.

2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан.

Тус зүйлийн тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.” гэсэн.

2.4. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноор гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

2.5. Шүүгдэгч Г.С*** нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь хэрэгт авагдсан жолоодох эрхийн лавлагаа, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байх тул түүнийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ.

Мөн зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэж тайлбарласан.

2.6. Хэрэгт авагдсан 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Эрх бүхий тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, драйгер багажаар үлээлгэж шалгуулсныг баримтжуулсан гэрэл зургаар шүүгдэгч Г.С***ын амьсгал дахь спиртийн агууламж 2.56 промиль байсан нь тогтоогдож байх тул түүнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

2.7. Иймд шүүгдэгч Г.С***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Оролцогчийн эрхийн хязгаарласан байдал.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.

Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэл хийснээр гэмт хэргийн шинж бүрэн хангагдах хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд тус хэргийн улмаас бусдад шууд учирсан хохиролгүй байна.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.С*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

4.3. Түүнчлэн шүүгдэгч Г.С***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

4.4. Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Г.С***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй байна... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “...эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан байдаг. Шүүгдэгч Г.С*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Энэ нь нийгмийн аюулын шинж чанар өндөртэй гэмт хэрэг. Мөн шүүгдэгч нь удаа дараа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан. Тиймээс түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Шүүгдэгч Г.С***ын өмнөх шийтгэх тогтоолоос үлдсэн 3 сар 19 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг уг эрүүгийн хариуцлагад багтаан шийдвэрлүүлэх саналыг гаргаж байна. Мөн түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүрэг болон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох боломжтой гэж үзэж байна...” гэсэн санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатараас “...Энэ хэрэгт хяналт тавьж байсан үндсэн прокурор ээлжийн амралттай байгаа тул томилолтын прокурор өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож миний үйлчлүүлэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байх шиг байна. Бидний зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний үйлчлүүлэгч урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Мөн тэрээр Завхан аймагт ажлын байр олдохгүй байсан тул амьдралаа дээшлүүлэхээр Улаанбаатар хот руу шилжиж ирсэн байдаг. Г.С***ын ажиллаж буй компанийн захирал нь надтай утсаар холбогдоод “...энэ залуу ажилдаа маш сайн, тиймээс цаашдаа энэ хүнээр барилгынхаа сангийн ажлыг хийлгэмээр байна, мөн түүний эхнэрийг нь ч бас ажилд авмаар байна...” гэж хэлсэн. Түүнчлэн торгох ял биелүүлэх боломжтой гэдгийг харуулах үүднээс түүний захирал нь Г.С***т 2.000.000 төгрөг өгсөн байгаа. Зорчих эрхийг хязгаарлах гэдэг нь маш хүнд ял. Хэдийгээр миний үйлчлүүлэгч Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байгаа боловч түүний ажил нь Хан-Уул дүүрэгт байрладаг. Миний үйлчлүүлэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний амьдрал, ар гэрт сөргөөр нөлөөлнө. Үүний ард хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал үүснэ. Тиймээс миний үйлчлүүлэгчийн хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд торгох ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна... Бид энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн талаараа маргаагүй, үүнийгээ ойлгож ухамсарлаж байгаа. Миний үйлчлүүлэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол аваар хийгээгүй, харин тээврийн хэрэгсэл дотроо согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байсан гэдгийг зөвөөр ойлгож хараасай гэж хүсэж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялын талаар өмнөх тайлбартаа дэлгэрэнгүй хэлсэн тул тэр талаар нэмж хэлэх нь илүүц байх. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэсэн анхны саналаа дэмжиж байна...” гэсэн санал, дүгнэлтийг,

Харин шүүгдэгч Г.С***аас “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Намайг уучлаарай. Би дахин хэзээ ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй. Надад нэг удаа боломж олгон торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, тайлбар гаргасан болохыг тус тус дурдав.

4.5. Шүүгдэгч Г.С***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

4.6. Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амьсгал дахь спиртийн агууламж 2.56 промиль хэмжээтэй/, шүүгдэгчийн хувийн байдал / ажил хөдөлмөр эрхэлдэг, *** настай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг/, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Г.С***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар биелүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.С*** нь урьд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 19 хоногийг нэмж нэгтгэн түүний тээврийн хэрэгсэл жолоодох нэмэгдэл ялыг нэмж, нэгтгэн түүний эдлэх нэмэгдэл ялыг 3 (гурав) жилийн хугацаагаар тогтоов.

Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, саналыг дээрх үндэслэлээр хүлээн авах боломжгүйг дурдав.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.С***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Г.С***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ын С***ыг Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.С***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар биелүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.С*** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял дээр, урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1  жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 19 хоногийг нэмж нэгтгэн түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг 3 (гурав) жилийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С***т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.С***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БУЛГАНТАМИР