2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2213

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч Б.Гантулга, 

хохирогч М.Б*** /цахимаар/,

шүүгдэгч Т.Н*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Н***д холбогдох эрүүгийн 2508 0000 01391 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүнд машин механизмын механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү хүүхдийн хамт, *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,

*** овогт ***ын *** (РД: ***).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Н*** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцсийн автобусны буудал дээр 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр иргэн М.Б***тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн толгой тус газар архины шилээр цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Н***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж,

Хохирогч М.Б***ээс “...учирсан хохирлоо нөхөн төлүүлэх...”, хавтаст хэргээс тусгайлан нотлох баримт шинжлэн судлалгүй,

Шүүгдэгч Т.Н*** шүүхийн хэлэлцүүлэгт“...Гэм буруу дээрээ маргахгүй, ...хэргийн зүйчлэлийг хүлээн зөвшөөрч... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хүний биед хохирол учруулсандаа хүлцэл өчиж байна...”, хавтаст хэргээс тусгайлан нотлох баримт шинжлэн судлалгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр 5 хуудас бүхий баримтыг гарган өгч шүүх хуралдаанд тус тус оролцов.

Хохирогч М.Б*** шүүхийн хэлэлцүүлэгт “...би хохирлоо барагдуулж авмаар байна. 2 ихэр 9 сартай охинтой юм аа, дээрээс нь би сар гаруйн хугацаанд ажлаа алдсан байдалтай байгаа...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл) тайлбар, мэдүүлэг гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дэх тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг болно.

Хоёр.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

2.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Т.Н*** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцсийн автобусны буудал дээр 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр иргэн М.Б***тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн толгой тус газар архины шилээр цохиж зодсоноор эрүүл мэндэд нь баруун шанаа, духанд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад зүсэгдсэн шарх, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Хохирогч М.Б***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...2025 оны 07 сарын 29-ний өдөр 23 цагийн орчимд би Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцсийн автобусны буудал дээр байрлах караоке орж архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад шөнө 03 цаг өнгөрч байхад харихаар болоод тухайн караокеноос гартал тухайн караокед үйлчлүүлж байсан 20-25 орчим насны 4-5 эрэгтэй гадаа зогсож байсан бөгөөд намайг нэг нь араас хөөе гээд дуудахаар нь би эргэж хараад юу болсон талаар асуутал ш ар өнгийн малгайтай цамцтай, шорттой бор царайтай залуу миний нүүр орчим гараараа 1 удаа алгадсан бөгөөд хамт явж байсан хүмүүс нь болиултал цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн хантааз цагаан өнгийн футболктой эрэгтэй миний толгой руу архины шилээр цохиж толгой хагалсан. Тэгээд тухайн хүмүүс явахаар нь би араас нь дагаж очоод чи намайг яаж байгаа юм бэ тархи толгой хагалчихлаа гэж хэлтэл тухайн миний толгойг хагалсан эрэгтэй намайг газар унагааж толгой болон баруун гарын булчин орчим гартаа нэг зүйл барьж байгаад цохиж зодсон. Тэгээд хамт явж байсан хүмүүс нь болиултал тухайн залуу дээгүүрх хувцсаа тайлж нүцгэлээд гартаа тэлээгээ ороогоод намайг ална гээд байсан. Би сүүлдээ цагдаад хэлнэ гээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс рүү алхтал намайг цохиж зодсон эрэгтэй араас ирээд уучлалт гуйгаад татаж чангаагаад намайг явуулахгүй нэлээн удаж байгаад би арай гэж салж яваад цагдаагийн хэлтэст ирж хүнд зодуулсан талаараа мэдэгдсэн... Би тухайн үед караокед 200 грамм архи болон 2 шил 0.5 литрийн "Сэнгүр” нэртэй пиво уусан байсан. Гэхдээ болсон явдлын талаар санаж байна. Цагдаагийн хэлтэс дээр ирээд тархи толгойноос цус алдаад ухаан алдсан байх. Тэрнээс хойш сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Гэмтэл Согог судлалын үндэсний төвд сэрсэн. Тэгээд тэндээсээ гараад шууд энд ирж байна... Тухайн караокед үйлчлүүлж байсан 4-5 эрэгтэйн шар өнгийн малгайтай цамцтай, шорттой бор царайтай залуу миний нүүр орчим гараараа 1 удаа алгадсан энэ үед миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Дараа нь цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн хантааз цагаан өнгийн футболктой, хар өнгийн пүүзтэй эрэгтэй миний баруун дух орчим архины шилээр цохиж хагалсан бөгөөд дараа нь дахин газар унагааж ямар нэгэн зүйлээр толгой болон баруун гарын булчин орчим гартаа нэг зүйл барьж байгаад цохиж зодсон. Энэ үед миний тархи толгой болох гараас цус гараад байсан. Миний биед учирсан гэмтлийг тухайн эрэгтэй учруулсан. Өөр ямар нэгэн байдлаар миний биед халдаж цохиж зодсон хүн байхгүй. Хамт явж байсан хүмүүс нь салгаад одоо болно оо уучлалт гуйгаач ээ гээд л байсан... Би маш их гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ... Тухайн үед нэг үл таних эрэгтэй утсаараа бичлэг хийгээд хөөе болиоч ээ гэхэд намайг цохиж зодох нь арай багассан бөгөөд тэр залууг нэг нь цохих гэтэл бичлэгээ болиод цагдаа дуудлаа гээд зугтаад явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

түүний 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн “...Надад баримтаар нэхэмжлэх нэхэмжлэл байхгүй. Тухайн үед миний биед халдаж цохиж зодсон эрэгтэйн аавтай нь уулзсан. Тэр хүн намайг эмнэлгийн байгууллагаар үзүүлж толгойны томограф зураг болон эмийн сангаас авсан эм тариа гээд төлбөр тооцоог нь хийсэн би хэдэн төгрөг болсон талаар нь мэдэхгүй байна. Би хүнд зодуулсны улмаас ажлаа хийж чадахгүй, цалин мөнгөгүй гэртээ амарч байгаа тул миний биед халдаж цохиж зодсон хүнээс 5.000.000 төгрөгийг баримтгүйгээр нэхэмжилмээр байна. Өөр гомдол санал гэх зүйл байхгүй... Надад сэтгэцэд учирсан хор уршгийн өөрт холбоотой эрхийг тайлбарлаж өглөө. Надад энэ гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал, сэтгэцийн түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

2. Шүүгдэгч Т.Н***гийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “... 2025 оны 07 сарын 29-ний өдөр би өөрийн найзууд болох Б.М***, Б***, А*** нартай уулзаж гадуур архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа д 2025 оны 07 сарын 29-ний өдрөөс 2025 оны 07 сарын 30-ны шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцсийн автобусны буудал дээр байрлах караоке орсон. Тухайн караоке-д архи дарс хэрэглээгүй хэсэг байж байгаад гараад буудал дээр зогсож байтал тухайн караокед эмэгтэй хүнтэй хэрэлдээд хэл амаар доромжлоод байсан цэнхэр футболк, хар өмд, тавчиктай 40 орчим насны согтуу гарч ирэхээр нь би та эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй шүү дээ гэж хэлтэл миний урдаас агсраад та нарт ямар хамаатай юм ах нь шоронд сууж байсан. Та нар шиг бацаануудыг бол ална шүү гээд байхаар нь манай найз Б*** нүүр орчим нь гараараа 1 удаа алгадсан. Тэгтэл урдаас дайраад байхаар нь би уурсандаа гартаа барьж явсан архины шилээр тухайн үл таних хүний толгой руу 1 цохитол үл таних хүний толгой нь хагарч байсан бөгөөд цус гоожуулаад тонгойгоод байхаар нь би найзуудын хамт орхиод явтал араас дагаад хэл амаар доромжлоод миний хувцаснаас зуураад байхаар нь би түлхэж газар унагаасан. Тэгээд би уурсандаа тухайн хүнийг нэг мөсөн зодолдох юм уу? гээд дээгүүрх хувцсаа тайлаад өмдний тэлээгээ гартаа ороож байгаад тухайн хүнийг барьж аваад баруун гар луу нь 2 удаа цохисон. Энэ үед манай найзууд салгаж болиулсан бөгөөд тухайн үл таних хүн цагдаагийн байгууллагад хандлаа гээд цусаа гоожуулаад алхаад явахаар нь би араас нь дагаж ирээд уучлалт гуйгаад цагдаад битгий хэлэлдээ гэтэл миний үгэнд орохгүй байсан. Би тэгээд цагдаа руу явуулахгүй гэж хэсэг зууралцаж байгаад сүүлдээ хаяад ганцаараа зугтаачихсан юм... Тухайн үед би нэлээн согтолттой байсан. Болсон явдлын талаар зарим зүйлийг нь бол сайн санахгүй байна. Өөрийн санаж байгаа зүйлийн талаар л ярьж байна... Би урьд өмнө нь харж байгаагүй. Бид 2-н дунд хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Тухайн хүн караоке дотор нэг эмэгтэй хүнийг маш муухайгаар доромжлоод байсан болохоор би тэгж болохгүй гэж хэлтэл урдаас би шоронд сууж байсан та нар шиг бацаануудыг ална гээд байхаар нь миний уур хүрээд маргаан болсон юм....Тухайн үл таних хүнийг эхлээд манай найз Б*** 1 удаа алгадсан гэхдээ энэ үед биед нь гэмтэл учраагүй. Дараа нь би уурсандаа толгой руу нь барьж явсан архины шилээр цохитол толгой нь хагарсан. Тэгээд араас цусаа гоожуулаад дагаад салахгүй болохоор нь би дээгүүрх хувцсаа тайлаад өмдний тэлээгээ гартаа ороож байгаад тухайн хүнийг барьж аваад баруун гар луу нь 2 удаа цохисон. Тухайн үл таних хүний биед би гэмтэл учруулсан. Манай найзууд гэмтэл учруулсан асуудал байхгүй... Тухайн хүн маш их согтолттой надаас зуураад байсан болохоос намайг цохиж чадаагүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй... Тухайн үед би үл таних хүний биед халдаж цохиж зодсоныхоо дараа, үл таних хүний тархи толгойноос маш их цус алдаад тогтохгүй, цагдаад мэдэгдлээ гээд байхаар нь уучлалт гуйгаад явуулахгүй зууралцаж байгаад явуулсан. Тэгээд одоо цагдаа нар ирэх байх гээд ганцаараа зугтаачихсан юм. Би тухайн хүний биед халдаж гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, байна... “ мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

түүний яллагдагчаар өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Гантулга 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг уншиж танилцууллаа. Уг тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Прокурорын тогтоолтой санал нийлж байна, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дэх тал),

3. Гэрч А.З***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 07 сарын 29-ний өдөр 23 цагийн орчимд би Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны хуучин эцэс дээр байрлах караокед ганцаараа орж 200 грамм архи уусан. Тэгээд нэлээн удаан сууж байгаад шөнийн 03 цаг өнгөрч байхад гэртээ харихаар тухайн караокеноос гартал автобусны буудал дээр хар өмд цэнхэр футболктой 40-45 орчим насны эрэгтэй бусдад зодуулсан байдалтай тархи толгойноос нь цус гарчихсан 20-25 орчим насны 4 залуутай маргалдаад хэрүүл маргаан хийгээд орилж хашхичаад байсан бөгөөд жинсэн өмд, хар пүүзтэй эрэгтэй нь тухайн 40-45 орчим настай согтуу эрэгтэйг ална гээд зодох гэж дайраад тэлээгээ гартаа ороогоод цохих гэж байхад хамт явж байсан хүмүүс нь салгаад аваад явж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа зодуулсан эрэгтэй цусаа гоожуулаад цагдаа дуудаад өгөөч гээд урагшаагаа алхаад явчихсан... Тухайн үед би караоке-д 100 граммаар 2 удаа л архи уусан. Тэгээд нэлээн удаан сууж байгаад гарч байсан тул согтсон асуудал байхгүй. Болсон явдлыг бүрэн гүйцэт санаж байна... Би тухайн хүмүүсийг танихгүй. Урьд өмнө нь харж байгаагүй... Би яг цохиж зодох үед нь хараагүй. Намайг караокеноос гарч ирэхэд хоорондоо маргалдацгааж байсан. Тэгэхэд л тухайн 40-45 орчим настай хар өмд цэнхэр футболктой согтуу эрэгтэйн тархи толгой хагарсан бололтой нэлээн цус алдаж байсан. Миний бодож байгаагаар дээгүүрээ хувцасгүй цэнхэр жинсэн өмд, хар пүүзтэй эрэгтэй нь цохиж зодсон байх. Гүйцээгээд ална гээд гартаа тэлээгээ ороогоод дайраад байсан, хамт явж байсан хүмүүс нь салгаад байгаа бололтой байсан. Би энэ үед утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд хөөе та нар болиоч ээ гэж шаардлага тавьсан бөгөөд тухайн цэнхэр өмд, хар пүүзтэй, гартаа тэлээ ороогоод байсан эрэгтэй ирээд миний нүүр орчим гараараа 1 удаа цохихоор нь би бичлэг хийхээ болиод зугтаачихсан юм... Бүгд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би одоо харвал таних үгүйгээ мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийн гар утсаар хийсэн бичлэгээ гаргаж өгөх болно... Миний биед учирсан гэмтэл шарх сорви байхгүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... архи толгойноос нь л маш их хэмжээний цус алдаад байсан. Бусад зүйлийг сайн анзаараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

4. Гэрч М.Б***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 07 сарын 29-ний өдөр би өөрийн найзууд болох ***, Б.М***, А*** нартай гадуур уулзаж архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад 2025 оны 07 сарын 29-ний өдрөөс 30-ны шилжих шөнө 03 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцэс орж үлдсэн 1 шил архиа хувааж уугаад гэр гэртээ харихаар болоод Си юү сүлжээ дэлгүүрийн гадна зогсож байтал караоке дотроос үл таних 40-45 орчим настай цэнхэр футболк, хар өмдтэй согтуу эрэгтэй гарч ирээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь би нүүр орчим нь 1 удаа алгадсан. Энэ үед манай найзууд салгаад болиултал манай найз *** тухайн согтуу эрэгтэйн толгой руу уух гэж авч явж байсан архины шилээрээ 1 удаа цохитол тухайн үл таних хүний толгой хагарч байсан бөгөөд цус гараад гоожуулаад тонгойгоод байхаар нь бид нар орхиод явж байтал тухайн согтуу хүн араас дагаад хэрүүл маргаан өдөөд байхад *** тухайн хүнийг барьж аваад газарт унагааж цохиж авсан бөгөөд бид нар арай гэж болиултал тухайн үл таних 40-45 орчим настай хар өмд, цэнхэр футволктой эрэгтэй салаад явахаар нь бид нар ***г наад хүнийхээ араас нь очоод уучлалт гуйгаад асуудлаа шийдчихээд ир бид нар явж байя яриарай гэж хэлээд явсан. Тэрнээс хойш би ***тэй уулзаагүй Баянхошууны эцэс орчим Б.М***тай алхаж явж байгаад цагдаа нартай тааралдаад эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулагдсан... Тухайн үед би найзуудтайгаа гадуур явж байхдаа 3 шил 0.75 литрийн архи хувааж уусан байсан бөгөөд нэлээн согтолттой байсан. Зарим зүйлийг нь сайн санахгүй байна... Манай найз *** тухайн үл таних эрэгтэйн толгой руу уух гэж авч явж байсан архины шилээрээ 1 удаа цохитол тухайн үл таних хүний толгой хагарч байсан бөгөөд цус гараад гоожуулаад тонгойгоод байхаар нь бид нар орхиод явж байтал тухайн согтуу хүн араас дагаад хэрүүл маргаан өдөөд байхад *** тухайн хүнийг барьж аваад газарт унагааж цохиж авсан бөгөөд бид нар арай гэж болиулсан. юм байна. Ямар ч байсан зодуулсан үл таних эрэгтэйн толгойноос их хэмжээний цус гоожоод байсан. Тухайн үл таних хүний биед манай найз ***гээс өөр халдаж цохиж зодсон хүн байхгүй ээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

5. Гэрч Б.М***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 07 сарын 29-ний өдөр би өөрийн найзууд болох ***, А***, Б*** нартай гадуур уулзаж архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад 2025 оны 07 сарын 29-ний өдрөөс 30-ны шилжих шөнө 03 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцэс орж үлдсэн 1 шил архиа хувааж уугаад гэр гэртээ харихаар болоод Си юү сүлжээ дэлгүүрийн хойд талын гудамжинд уугаад сууж байтал миний зүс таних хүн тааралдаад би тухайн хүнтэй ярилцаж байх үед манай найзууд хүнтэй маргалдчихсан гээд намайг дуудаад явъя гээд байсан. Энэ үед манай найзуудын араас нь цэнхэр цамц, хар өнгийн өмдтэй 40-45 орчим насны эрэгтэй тархи толгойноос нь цус гарчихсан байдалтай ирээд намайг зодчихлоо гээд орилж хашхичаад ***тэй муудалцаад барилцаж авах үед нь манай найз Б*** болиулсан. Тэгээд тухайн тархи толгойноосоо цус алдаж байсан хүн цагдаагийн байгууллага руу яваад манай найз *** ганцаараа гудамж руу ороод зугтаачихсан хаашаа явсан талаар нь би мэдэхгүй байна. Дараа нь би Б***тай гудамжнаас зам руу гараад явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдаж эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулагдсан... Тухайн үед би найзуудтайгаа гадуур явж байхдаа 3 шил 0.75 литрийн архи хувааж уусан байсан бөгөөд нэлээн согтолттой байсан. Зарим зүйлийг нь сайн санахгүй байна... Би тухайн үед найзуудаасаа тусдаа хүнтэй уулзаад зогсож байсан бөгөөд манай найзууд хэсэг хугацааны дараа миний зогсож байсан гудамж руу ирэх үед араас нь тархи толгой нь хагарчихсан хүн дагаж ирээд намайг зодчихлоо гээд байсан. Би юу болсон талаар найзуудаасаа асуутал *** толгой руу нь ууж байсан архины шилээр цохиод хагалчихсан юм аа гэж байсан. Тэгээд тэр хүн нь бид хэдээс салж өгөхгүй орилж хашхичаад хэрүүл маргаан хийгээд байсан бөгөөд манай найз ***тэй л маргалдаад барьцалдаж аваад байсан. Өөр хүнтэй маргалдахгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

6. Гэрч А***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 07 сарын 29-ний өдөр би өөрийн найзууд болох ***, Б.М***, Б*** нартай гадуур уулзаж архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад 2025 оны 07 сарын 29-ний өдрөөс 30-ны шилжих шөнө 03 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцэс орж үлдсэн 1 шил архиа хувааж уугаад гэр гэртээ харихаар болоод Си юү сүлжээ дэлгүүрийн гадна зогсож байтал манай найз *** нэг мэдэхэд үл таних 40-45 орчим настай цэнхэр футболк, хар өмдтэй согтуу эрэгтэй хүнтэй маргалдаж байхыг хараад Б*** бид 2 болиулах гэтэл тухайн үл таних хүн урдаас хэрүүл өдөөд байсан бөгөөд манай найз *** тухайн согтуу эрэгтэйн толгой руу уух гэж авч явж байсан архины шилээрээ 1 удаа цохитол тухайн үл таних хүний толгой хагарч байсан бөгөөд цус гараад гоожуулаад тонгойгоод байхаар нь бид нар орхиод явж байтал тухайн согтуу хүн араас дагаад байхад *** уурлаад дээгүүрх хувцсаа тайлаад тухайн хүнийг барьж аваад газарт унагааж маргалдсан. Энэ үед манай найзууд салгасан бөгөөд тухайн үл таних хүн манай найз ***г цагдаад мэдэгдэнэ гээд орилж хашхичаад байхаар нь би найзуудаасаа холдоод хэсэг байж байгаад эргээд хартал манай найзууд намайг орхиод явчихсан би ганцаараа үлдчихсэн байхаар нь хайгаад зам дагуу явж байгаад цагдаагийн алба хаагчтай тааралдтал намайг эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан... Тухайн үед би найзуудтайгаа гадуур явж байхдаа 3 шил 0.75 литрийн архи хувааж уусан байсан бөгөөд бага зэрэг л согтолттой байсан. Болсон явдлын талаар бүрэн гүйцэт санаж байна... Манай найз *** тухайн үл таних эрэгтэйн толгой руу уух гэж авч явж байсан архины шилээрээ 1 удаа цохитол тухайн үл таних хүний толгой хагарч байсан бөгөөд цус гараад гоожуулаад тонгойгоод бид нарыг дагаад хэл амаар доромжлоод байхад *** уурлаад дээгүүрх хувцсаа тайлаад тухайн хүнийг барьж аваад газарт унагааж маргалдсан. Гэхдээ хаана нь юугаар, хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Энэ үед манай найзууд салгасан. Тухайн хүний биед манай найз *** гэмтэл учруулсан. Өөр биед нь халдаж зодож цохисон хүн байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

7. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Баасанжавын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан *** дугаартай “1. М.Б***ийн биед баруун шанаа, духанд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад зүсэгдсэн шарх, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, ир, үзүүр бүхий зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

8. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо Баянхошууны шинэ эцэс автобусны буудал дээр 2025 оны 07 сарын 30-ны шөнө иргэн М.Б*** нь бусдад зодуулсан...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

9. СХДЦГ ЦХ-2, Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны “...М.Б*** гэгч нь үл таних хүмүүс зодуулж НТТТ-ийн 103 аар ГССҮТ-д хүргэгдэн ирсэн...” гэх хуудас  (хавтаст хэргийн 02 дахь тал),

10. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-06 дахь тал),

11. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо Баянхошууны шинэ эцэс автобусны буудал дээр Турк бэлэн хувцас худалдааны төвөөс урагш 70 метр зайд ***ийн худалдааны төв барааны захын үүдэнд газарт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн футболк байсныг “6” гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авав..” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 07-10 дахь тал),

12. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношилгоо (хавтаст хэргийн 29 дэх тал),

13. “Мэд траума” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний “...Хамар яс хуучин бороолсон хугаралтай. Хамрын таславч S хэлбэрийн мурийлттай..., ...баруун талд дух хэсэгт зөөлөн эдэд хавантай...” гэх хариу (хавтаст хэргийн 28 дахь тал),

14. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Тус бичлэгийн 03 цаг 42 минут 35 секундэд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцэс автобусны буудал дээр хохирогч М.Б***, сэжигтэн Т.Н*** нар тааралдан хэрүүл маргаан үүсгэж байгаа... Тус бичлэгийн 03 цаг 43 минут 22 секундэд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцэс автобусны буудал дээр сэжигтэн Т.Н*** гартаа архины шил барьсан байсныг харуулав... Тус бичлэгийн 03 цаг 43 минут 29 секундэд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцэс автобусны буудал дээр хохирогч М.Б***ийг М.Б*** нүүр орчим нь гараараа 1 удаа алгадаж байгаа хэсгийг харуулав... Тус бичлэгийн 03 цаг 43 минут 37 секундэд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцэс автобусны буудал дээр хохирогч М.Б***тэй хэрүүл маргаан үүсгэсэн М.Б***, Т.Н*** нарыг хамт явж байсан найз нь салгаж байгаа хэсгийг харуулав... Тус бичлэгийн 03 цаг 43 минут 41 секундэд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцэс автобусны буудал дээр хохирогч М.Б***ийг сэжигтэн Т.Н*** архины шилээр цохих гэж байгаа хэсгийг харуулав... Тус бичлэгийн 03 цаг 43 минут 41 секундэд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцэс автобусны буудал дээр хохирогч М.Б***ийг сэжигтэн Т.Н*** архины шилээр толгой орчим нь цохиж, шил нь хагарч дотор байсан шингэн нь цацарч байгаа хэсгийг харуулав... Тус бичлэгийн 03 цаг 43 минут 50 секундэд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцэс автобусны буудал дээр хохирогч М.Б***ийг сэжигтэн Т.Н*** хувцаснаас нь зуурч толгой орчим гараараа 3-4 удаа цохиж байгаа хэсгийг харуулав... Тус бичлэгийн 03 цаг 44 минут 08 секундэд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцэс автобусны буудал дээр хохирогч М.Б***ийн толгой хагарсан байдалтай цус гарч байгаа хэсгийг харуулав... Тус бичлэгийн 03 цаг 44 минут 22 секундэд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцэс автобусны буудал дээр хохирогч М.Б*** толгойноос цус гарсан байдалтай сэжигтэн Т.Н***гийн араас дагаж байгаа... Тус бичлэгийн 03 цаг 45 минут 40 секундэд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцэс автобусны буудал дээр сэжигтэн Т.Н*** дээгүүрх хувцсаа тайлж хохирогч руу дайрч байгаа хэсгийг харуулав... Тус бичлэгийн 03 цаг 45 минут 47 секундэд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээ хороо Баянхошууны шинэ эцэс автобусны буудал дээр хохирогч М.Б***ийг сэжигтэн Т.Н*** газарт унагааж байгаа хэсгийг харуулав... Тус бичлэгийн 03 цаг 45 минут 51 секундэд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцэс автобусны буудал дээр хохирогч М.Б***ийг сэжигтэн Т.Н*** газарт унагааж толгой орчим нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж байгаа хэсгийг харуулав... Тус бичлэгийн 03 цаг 46 минут 26 секундэд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцэс автобусны буудал дээр хохирогч М.Б*** хөл нүцгэн, футболкоо тайлж гартаа барьсан байдалтай ганцаараа урагш чиглэлд алхаж байгаа хэсгийг харуулав...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 37-45 дахь тал),

15. Мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “...Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батням би, Бүртгэлийн *** дугаартай Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцэс автобусны буудал дээр 2025 оны 07 сарын 30-ны шөнө иргэн М.Б*** /РД:***/ нь бусдад зодуулсан гэх гомдол мэдээлэлд хэргийн газрын ойр орчимд хяналтын камер шалгахад 2025 оны 07 дугаар сарын 30-ны шөнийн 03 цаг 43 минутад хохирогч М.Б***ийг цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн хантааз, цагаан өнгийн футболктой 20-25 орчим настай эрэгтэй архины шилээр толгой руу цохиж хагалж 03 цаг 44 минутад газар унагааж цохиж байгаа дүрс бичигдсэн байв. Уг сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлан ажиллан Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо Баруунбаян уул 14-64 тоотод оршин суух *** овогтой *** /РД:***/ болохыг илрүүлж ажилласан болохыг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 46 дахь тал) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.

2.2. Хууль зүйн дүгнэлт.

2.2.1. НҮБ-ын 1948 оны “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр...эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тунхаглаж хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна.

2.2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

2.2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

2.2.4. Шүүгдэгч Т.Н*** нь хохирогч М.Б***ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Т.Н*** нь хохирогч М.Б***ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Оролцогчийн эрхийн хязгаарласан байдал.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н*** нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй, өөрийгөө өмгөөлж оролцохоо бичгээр илэрхийлсэн болно.

Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Тодруулбал, энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Б*** нь хохирол хор уршигтай холбоотой баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй ба баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөн хохирогч нь “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй...” (хавтаст хэргийн 14 дэх тал) тухайгаа илэрхийлсэн.

 Тухайлбал, гэмт хэргийн улмаас хохирогч М.Б*** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирол хор уршигтай холбоотойгоор 5,000,000 /ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эмчилгээний зардал/ төгрөгийг нэхэмжилсэн боловч хохирол хор уршигтай холбоотойгоор баримтыг гаргаж ирүүлээгүй тул шүүгдэгч Т.Н***гээс хохирол төлбөр гаргуулах боломжгүй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч М.Б***ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, түүний энэ гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.Н*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

4.3. Түүнчлэн шүүгдэгч Т.Н***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Т.Н***г Эрүүлийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Т.Н***гээс “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж,

Хохирогч М.Б*** тусгайлан санал, тайлбар гаргаагүй болохыг дурдав.

4.4. Шүүгдэгч Т.Н***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Н***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н***д оногдуулсан 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Т.Н***д сануулж шүүх шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хөвөн бамбарт шингээн авсан цус мэт зүйл 1 ширхэг, бохирлогдсон архины шил 1 ширхэг, Сэнгүр гэх бичиглэлтэй пивоны лааз 1 ширхэг, цаасан аяга 1 ширхэг, хуванцар аяга 1 ширхгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Н*** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Т.Н***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Н***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н***д оногдуулсан 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Т.Н***д сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хөвөн бамбарт шингээн авсан цус мэт зүйл 1 ширхэг, бохирлогдсон архины шил 1 ширхэг, Сэнгүр гэх бичиглэлтэй пивоны лааз 1 ширхэг, цаасан аяга 1 ширхэг, хуванцар аяга 1 ширхгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Н*** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, түүний энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Н***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР