| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/03110/И |
| Дугаар | 183/ШШ2023/00159 |
| Огноо | 2023-01-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2023/00159
2023 оны 01 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2023/00159 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: К ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ф ХХК -д холбогдох
Гэрээний үлдэгдэл төлбөр 114 630 092 төгрөг, алданги 57 315 046 төгрөг, нийт 171 945 138 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...К ХХК нь Ф ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 21/16/22 дугаартай, "Худалдах худалдан авах ба угсрах суурилуулах ажлын тухай гэрээг байгуулсан. Гэрээний нийт төлбөр 91 781 954 төгрөгийг тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу төлөхөөр тохиролцсон. Урьдчилгаа төлбөр болох 20 000000 төгрөгийг хугацаандаа төлсөн ба үлдэгдэл төлбөрөөс 50 000 000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлсөн. Уг гэрээний үлдэгдэл 21 781 954 төгрөг үлдсэн.
Дээрх гэрээний төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй байхад тухайн байгууллагаас бидэнтэй холбогдон "дээд талын давхруудын таазыг хийж өгөөч, төлбөр мөнгөө баталгаатай өгнө" гэж гуйж учирласны улмаас тус компанид бид итгэн дараагийн ажил болох 21/17/01 дугаартай "худалдах, худалдан авах ба угсрах суурилуулах ажлын тухай гэрээ"-г 2021оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулж ажлаа эхлүүлсэн. Сүүлийн гэрээний нийт төлбөр 127 848 138 төгрөг бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан төлбөрийн хуваарийн дагуу төлбөр төлүүлэхээр тохиролцсон боловч захиалагч тал 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өмнөх гэрээний үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөг шилжүүлсэн ба үүнээс хойш огт төлбөр төлөхгүй байж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15 000 000 төгрөг шилжүүлсэн. Одоогоор хоёр гэрээний нийт төлбөрийн үлдэгдэл 114 630 092 төгрөг байгаа ба энэ нь алданги тооцоогүй дүн болно. 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хоёр компани тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан. Иймд "Ф" ХХК-иас хоёр гэрээний үлдэгдэл төлбөр болох 114,630,092 төгрөг, алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар бодож 57 315 046 төгрөг, нийт 171 945 138 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
2. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн зүгээс тооцоо нийлсэн акт үйлдсэн учраас алдангийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тооцоо нийлсэн актад гэрээний үлдэгдэл төлбөрийг 114,630,092 төгрөг тооцсон байгаа. Талууд 2022 ны 6 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлсэн актаар алдангийн талаар тохиролцоо хийгээгүй учир алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа... гэв.
3. Нэхэмжлэгч талаас, 2022.06.21-ний өдрийн №22/13 дугаар Итгэмжлэл олгох тухай албан тоот, 2021.06.28-ны өдрийн №21/16/22 дугаар Худалдах, худалдан авах ба угсрах суурилуулах ажлын тухай гэрээ, 2021.10.11-ний өдрийн №21/17/01 дугаар Худалдах, худалдан авах ба угсрах суурилуулах ажлын тухай гэрээ, Тооцоо нийлсэн акт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас: Итгэмжлэл, Хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагаас 114 630 092 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 57 315 046 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 21/16/22 дугаар, 20221 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 21/17/01 дугаар гэрээний дагуу хариуцагчид нийт 219 630 092 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж, угсран суурилуулах ажлыг гүйцэтгэн өгсөн бөгөөд хариуцагч 105 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 114 630 092 төгрөгийг төлөөгүй тул алдангийн хамт гаргуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
3. Хариуцагч гэрээ байгуулсан, гэрээний зүйл болох ажлын үр дүнг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй. Харин 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хоёр компани тооцооны үлдэгдлийг баталгаажуулж акт үйлдэхдээ алдангийн талаар тохиролцоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргасан.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 21/16/22 дугаар худалдах, худалдан авах ба угсран суурилуулах ажлын тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч К ХХК нь захиалагч Ф ХХК-ийн Хан-Уул дүүрэгт байрлах Арт Моторс шоу рүүм-ийн металаа тааз гэрэлтүүлгийг нийлүүлэх, угсран суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлс 91 781 954 төгрөгийг гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон. Улмаар талууд 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 21/17/01 дугаар гэрээгээр 127 848 138 төгрөгийн ажлын хөлсөөр металл тааз, гэрэлтүүлгийн ажлыг нэмэлтээр хийж гүйцэтгүүлэхээр тохирсон байна.
Талууд гэрээг худалдах, худалдан авах ба угсран суурилуулах ажлын гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээний тохиролцоо, агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна ба гэрээ хүчин төгөлдөр байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Зохигчид гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн, ажлын үр дүнг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзнэ.
Харин хариуцагч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу 114 630 092 төгрөгийг төлөөгүй болох нь тооцоо нийлсэн акт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Гэрээний 6.3-т захиалагч тул дундын санхүүжилт болон гүйцэтгэлийн санхүүжилтийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд худалдагчийн барааны эргэлтийн өдрийн алдангид тооцох тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасантай нийцэхгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй гэж дүгнэв.
Дээрх үндэслэлээр хариуцагч Ф ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 114 630 092 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 57 315 046 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ф ХХК-аас 114 630 092 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 57 315 046 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1 018 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдгийн хураамжид 731 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ