| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/03362/И |
| Дугаар | 183/ШШ2023/00158 |
| Огноо | 2023-01-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2023/00158
2023 оны 01 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2023/00158 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Б
Нэхэмжлэгч: М.М нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.А,
Хариуцагч: Б.М нарт холбогдох
Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 44 200 000 төгрөг, алданги 22 100 000 төгрөг нийт 66 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Х.Б, М.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Т, хариуцагч А.А, гэрч Б.Б, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Х.Б, М.М бид 5241359 рөгистрийн дугаартай Б ХХК-ийн хувьцаа эзэмшиж байсан ба уг компанийн хувьцааг А.Ат 65 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд бичгээр гэрээгээ байгуулахдаа татвар бага төлөх зорилгоор, эрх зүйн мэдлэггүйгээсээ нэг бүр нь 19735.1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 680 ширхэг буюу 13 419 868 төгрөгийн хувьцааг А.Ат худалдахаар 2018 оны 11 сарын 07-ны өдөр "Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, нотариатаар баталгаажуулан, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөний бүртгэлийг хийлгэж, хувьцааг шилжүүлэн өгсөн. Гэрээгээр тохирсон 65 000 000 төгрөгөөс 7 000 000 сая төгрөгийг хувьцаа шилжүүлж авахаас өмнө хариуцагч төлсөн бөгөөд үлдэгдэл 58 000 000 төгрөгийг төлөхтэй холбоотойгоор худалдагч талыг төлөөлж Х.Б, худалдан авагч талыг төлөөлж А.А нар 2018 оны 11 сарын 07-ны өдөр "Зээлийн гэрээ" байгуулсан. Уг гэрээгээр "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ"-ний үлдэгдэл төлбөр болох 58 000 000 төгрөгийг 2018 оны 11 сарын 07-ны өдрөөс 2019 оны 08 сарын 07-ны өдрийг хүртэл 9 сарын хугацаатай хүүгүйгээр төлж барагдуулахаар тохиролцсон. Ингэхдээ сар бүрийн 10-ны дотор 6 445 000 төгрөгийг худалдагч Х.Бн Хаан банкин дахь тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Дээрх гэрээний дагуу А.А нь 2019 оны 01 сарын 29-ний өдөр 6 800 000 төгрөг, 2019 оны 03 сарын 13-ны өдөр 4 000 000 төгрөг, 2019 оны 03 сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөг, 2019 оны 05 сарын 16-ны өдөр 1 000 000 төгрөг нийт 13 800 000 төгрөгийн төлбөр төлсөн болно. Гэтэл үлдэгдэл төлбөр болох 44 200 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй бөгөөд төлөхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Хувьцааны үлдэгдэл төлбөрийг хуваан төлөх зорилгоор зээлийн гэрээг байгуулсан ба уг гэрээнд тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохирсон тул гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар алданги шаардаж байгаа. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан 4 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн талаар маргахгүй тул нэхэмжлэлийн шаардлага 44 200 000 төгрөгөөс хасч тооцоход татгалзахгүй. Иймд хариуцагчаас хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 40 200 000 төгрөг гэрээгээр тохирсон алдангийн хамт гаргуулж өгнө үү... гэв.
2. Хариуцагч А.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2019 онд нэхэмжлэгч нартай гэрээний харилцаанд орсон. Х.Б, М.М нараас Б ХХК-ийн 680/340+340/ нэг бүрийн үнэ 1975,1 төгрөг бүхий нийт 13 419 868 төгрөгөөр 68% хувьцааг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулан худалдан авсан. Гэрээнийхээ үүргийг бүрэн биелүүлж дууссан байдаг. Х.Б нь тус лицензийг авахдаа бэлэглэлийн гэрээгээр авсан байдаг. А.Аг миний хувьд 1 жилийн настай лиценз авсан. Тухайн үед Бт ХХК-нь 2009 онд анх олгогдсон Дорноговь аймгийн Их Хэт суманд байрлах 116,3 га бүхий Цагаан Өндөр нэртэй хайгуулийн тусгай зөвшөөрөлтэй байсан. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдах дөхсөн байсан бөгөөд нэхэмжлэгч нар гуйсны дагуу гэрээ байгуулсан. 2018 онд жоншны үнэ уначихсан эдийн засгийн ач холбогдолгүй болсон байсан. Миний хувьд тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлэн Б Хайгуул хийх зардал дутмаг мөн гаргасан жоншоо борлуулхад хүндрэлтэй байгаагаа хэлсэн харин Б би таньд тусалъя би хүнээс мөнгө аваад таньд зээлүүлье харин та гаргасан Жоншоороо төлөөрэй гэсний дагуу 2018 оны 11 сарын 7-ны өдөр 58 000 000 төгрөгийг зээлэх Зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед надад хайгуул хийх мөнгө байгаагүй. Тус лиценз нь цуцлагдахад бэлэн байсан лиценз. Би гэрээ байгуулахдаа 13 800 000 төгрөг төлсөн. Дээрээс нэмж 4 000 000 төгрөг нийт 17 800 000 төгрөг төлсөн. Энэ лицензийг аврахын тулд бид нар тохиролцоо хийсэн. 58 сая төгрөгийн зээлийн гэрээ хийсэн асуудлын хувьд нотариатыг би олоогүй. Нэхэмжлэгч нарын олсон нотариат дээр очиж гэрээ хийсэн. Зээлийн гэрээний 5-р заалтанд энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасан. Зээлийн гэрээн дээр зээл бүтэн олгосон гэж бичихгүй яасан юм. Зээлийн гэрээгээр би бодитойгоор мөнгө аваагүй. Ийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Яг үнэндээ тооцоо нийлвэл Алтанхуяг миний өгсөн мөнгөн төлбөр 2018 оны 11 сарын 07-ны гэрээний төлбөрийн дүнгээс илүү гарсан байх ч магдлалтай болно... гэв.
3. Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбар тайлбартаа: ...2022 оны 10 сарын 19-ний өдөр Б, М нарын гаргасан нэхэмжлэлд тайлбар гаргах нь: Миний бие нь 2017 оны 10 дугаар сараас эхлэн "И" ХХК-д өөрийн эзэмшлийн уурхайн ажилчдын байрлах гэр, аж ахуйн хэрэгсэл, катеринг хоол хүнсний үйлчилгээнд зориулагдсан тоног төхөөрөмж, эд хөрөнгийг түрээслэсэн. 2018 оны 09 дүгээр сар хүртэл тус байгууллагын зүгээс ямар нэгэн төлбөр тооцоо хийгээгүй бөгөөд "Ид" ХХК-ий удирдлага гэх М, Б нар "Б" ХХК-ий 32%-н хувьцааг эзэмшдэг бөгөөд энэхүү хувьцааг катерингийн эд хөрөнгө түрээслэсэн төлбөр мөн тухайн байгууллагад ажиллаж байсан манай нөхөр Б.Бн цалингийн үлдэгдэл зэрэгт тооцож шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Ийнхүү 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр "Б" ХХК-ны 32% хувьцааг шилжүүлэх гэрээг хийж нотариатаар баталгаажуулсан. Миний зүгээс Х.Б, М.М нартай огт уулзаж байгаагүй бөгөөд ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй болно... гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас, Иргэний үнэмлэхийн хуулбар, Зээлийн гэрээ, САЦЦ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Борж-Овоот ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Б ХХК-ийн 2018.11.05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, А.Ан иргэний үнэмлэхийн лавлагаа, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2017.12.21-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2017.12.21-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ, 2022.06.07-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас: 2018.09.20-ны өдрийн Харилцан тохиролцох тухай гэрээ, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2018.09.20-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2018.09.20-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2018.09.17-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, Эд хөрөнгийн тооллогын баримт, 2019.02.02-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2019.02.02-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг дахь Цагаан өндөр талбайд 2016 онд буюу 8 дэх жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагаас 40 200 000 төгрөгийг хангаж, үлдэх 26 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Х.Б, М.М нар хариуцагч А.А, Б.М нарт холбогдуулан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 66 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцвал зохих этгээд биш гэх үндэслэлээр татгалзсан болно.
3. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ ...Борж овоот ХХК-ийн эзэмшлийн тус бүрийн 340 ширхэг, нийт 680 ширхэг хувьцааг хариуцагч А.Ат 65 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Хариуцагч гэрээ байгуулахад 7 000 000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 58 000 000 төгрөгийг 9 сарын хугацаанд хуваан төлөхөөр тохиролцон мөн өдөр зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч А.А нь хувьцааны үнэд нийт 20 800 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 44 200 000 төгрөгийг алданги 22 100 000 төгрөгийг хамт гаргуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагч нэхэмжлэгч нарын эзэмшлийн хувьцааг 13 419 868 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Гэрээний үүргээ биелүүлж дуусгавар болсон. Зээлийн гэрээ нь маргаж байгаа хувьцааны төлбөртэй хамааралгүй Х.Б хайгуулын ажилд туслалцаа үзүүлэх зорилгоор хүнээс 58 000 000 төгрөгийг олж надад зээлдүүлэхээр тохирч гэрээ байгуулсан. Тухайн гэрээ хэрэгжээгүй, гэрээний дагуу би мөнгийг бодитой хүлээж аваагүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
5. Хэрэгт худалдагч Х.Б, М.М, Б.Б, худалдан авагч А.А, Б.М нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нотлох баримтаар авагдсан ба уг гэрэгээр Х.Батцоож, М.Мөнх-Эрдэнэ нар нь Б ХХК-ийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөөс өөрсдөд ногдох хэсэг буюу нэг бүр нь 19 735,1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 680 /340+340/ ширхэг хувьцааг 13 419 868 төгрөгөөр худалдан авагч А.Ат, Б.Б нь өөрийн эзэмшлийн 320 ширхэг хувьцааг 6 315 232 төгрөгөөр Б.Мд тус тус худалдахаар тохирсон байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Х.Б, М.М нар дээрх гэрээгээр Б ХХК-ийн өөрсдийн эзэмшлийн 680 ширхэг буюу 68 хувийн хувьцааг хариуцагч А.Ат худалдах үнэ 13 419 868 төгрөг байхаар тусгажээ.
Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй байхаар зохицуулсан.
Нэхэмжлэгч нар Б ХХК-ийн хувьцааг хариуцагч А.Ат шилжүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Харин худалдах, худалдан авах гэрээний үнэ буюу хэлэлцэн тохирсон үнэн нь маргааны зүйл болсон.
Тодруулбал, нэхэмжлэгч нар хувьцааны үнийг 65 000 000 төгрөг байхаар хэлэлцэн тохиролцон ба хариуцагч гэрээ байгуулахад 7 000 000 төгрөг төлсөн үлдэгдэл 58 000 000 төгрөгийн төлбөр дээр зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарласан бол хариуцагч тухайн зээлийн гэрээ нь хувьцааны төлбөртэй хамааралгүй хэрэгжээгүй гэрээ, хувьцааны төлбөр 13 419 868 төгрөгийг төлж үүрэг дуусгавар болсон гэж маргасан.
Маргааны эрх зүйн баримт бичиг болох компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 11 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Х.Б, хариуцагч А.А нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Х.Б нь зээлдэгч А.Ат 58 000 000 төгрөгийг 2018 оны 11 сарын 07-ны өдрөөс 2019 оны 08 сарын 07-ны өдрийг хүртэл 9 сарын хугацаатай хүүгүй зээлүүлэхээр, зээлийг сар бүр тухайн сарын 10-ны дотор 6 445 000 төгрөгийг Х.Бн Хаан банк дахь тоот дансанд төлөхөөр тохирсон байна.
Нэхэмжлэгч Х.Бн эзэмшлийн Хаан банкин дахь 5059415977 тоот дансны хуулганаас үзэхэд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 6 800 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2 900 000 төгрөг, 1 100 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус тус Ас гэх утгаар нийт 13 800 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтаас дүгнэхэд хариуцагчийн ...зээлийн гэрээ нь хувьцааны төлбөрт хамааралгүй, хэрэгжээгүй гэрээ... гэх татгалзал үндэслэлгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч нарт гэрээ байгуулсан өдөр 7 000 000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч А.Ас 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 4 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Бд төлсөн болох нь нь мөнгө хүлээн авсан баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хариуцагч А.А нь нэхэмжлэгч нар хувьцааны төлбөрт нийт 24 800 000 төгрөг төлсөн үйл баримт болон гэрч Б.Бн ...А.Атай 10-н жилийн найз. А.Ат Х.Б, М.М нарын эзэмшлийн Б ХХК-ийн 68 хувийн хувьцааг худалдан авах саналыг би тавьсан. Талууд хувьцааны үнийг 65 000 000 төгрөгөөр тохирсон. Нотариат орохдоо 6 билүү 7 сая төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр дээр зээлийн гэрээ байгуулсан. А.А нь худалдан авсан хувьцаагаа хятадуудад 80 000 ам.доллароор худалдсан... гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнийг 65 000 000 төгрөг байхаар хэлэлцэн тохиролцсон гэх нэхэмжлэгч нарын тайлбар бодит үнэнд нийцсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч А.А Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хэлэлцэн тохирсон үнэ 65 000 000 төгрөгөөс төлсөн 24 800 000 төгрөгийг хасч, үлдэх 40 200 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Х.Б, М.Мнар хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Харин нэхэмжлэгч нар нь хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардсан тул зээлийн гэрээ гэх баримтыг үндэслэн алданги шаардах эрхгүй гэж шүүх дүгнэв.
Дээрх үндэслэлээр хариуцагч А.Ас 40 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б, М.М нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч А.Ас 40 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б, М.Мнарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Х.Б, М.М нар нь хариуцагч Б.Мд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 489 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдгийн хураамжид 358 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ