Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2023/00097

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2023/00097 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Б -д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9 401 130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, Г.Н хариуцагч: О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...А ХХК нь тавилгын худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг компани бөгөөд иргэн О.Б нь манай компаниас 2019 оны 09 сарын 27-ны өдрөөс 2019 оны 11 сарын 01-ний өдрийн хугацаанд нийт 24 561 130 төгрөгийн үнэ бүхий тавилгын захиалга өгч, захиалгын дагуу тавилгыг нийлүүлсэн. Ийнхүү О.Б нь уг захиалгын урьдчилгаа төлбөр гэж 2019 оны 09 сарын 30 өдөр 10 160 000 төгрөг, 2020 оны 02 сарын 19-ний өдөр 5 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Гэрээний үлдэгдэл төлбөр 9 401130 төгрөгийг төлөөгүй одоог хүрсэн. О.Бг үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9 401 130 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч компаниас тавилгаа хэсэг хэсгээр нь угсарч ирээд суурилуулсан. Тухайн үедээ нэхэмжлэгч компаниас тавилгаа хүлээлгэж өгөхдөө ийм юм өгсөн нь үнэн гэсэн юман дээр гарын үсэг зуруулсан. Чулуун тавцан биш хиймэл хуванцар хавтан байна гэж тухайн үед нь би хэлж байсан. Тавилга угсарч байгаа хүмүүст нь би тавилга чанарын шаардлага хангахгүй байгаа талаар хэлсэн. Анун нэр хүнд сайтай гайгүй тавилга хийдэг гэж эхнэр санал болгосон учраас тус компанид 24 561 130 төгрөгийн тавилга хийлгэх захиалга өгсөн боловч чанарын шаардлага хангахгүй тавилга хийж өгсөн. Тавилгынхаа тавцанг чулуун тавцангаар солиод өгчихвөл зөрүү мөнгийг нь өгөхөд надад татгалзах зүйл байхгүй... гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, 2022.09.05-ны өдрийн 01-138 дугаар А ХХК-ийн Итгэмжлэл олгох тухай албан тоот, Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.09.27-ны өдрийн Зарлагын падаан, 2019.11.01-ний өдрийн Зарлагын падаан, Авлагын дэлгэрэнгүй тайлан, 2022.03.26-ны өдрийн 85 дугаар А ХХК-аас иргэн О.Бд хаягласан Нэхэмжлэх хүргүүлэх тухай албан тоот, 2020.03.26-ны өдрийн Нэхэмжлэх, 2020.04.02-ны өдрийн 89 дугаар А ХХК-аас иргэн О.Бд хаягласан Нэхэмжлэх хүргүүлэх тухай албан тоот, 2020.04.02-ны өдрийн Нэхэмжлэх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.29-ны өдрийн 183/ШЗ2022/13011 дугаар шүүгчийн захирамж, Хаан банк ХХК-ийн Депозит дансны хуулгууд зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас, гэрэл зургуудыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч О.Б 24 561 130 төгрөгийн тавилга захиалан хийлгүүлсэн ба үлдэгдэл 9 401 130 төгрөгийг төлөөгүй... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч гол тооны тавилга шаардлага хангаагүй, тавцан байгалийн чулуу биш. Тавилгын тавцанг чулуун тавцангаар солиод өгвөл үлдэгдэл төлбөр төлөхөд татгалзахгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэв.

 

4. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч О.Бн захиалгаар 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 11 сарын 01-ний өдрийн хугацаанд нийт 24 561 130 төгрөгийн үнэ бүхий тавилга үйлдвэрлэн нийлүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

5. Зохигчид тавилгын захиалга өгсөн, тавилгын хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

6. Захиалагч буюу хариуцагч О.Б 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гүйцэтгэгч А ХХК-д тавилгын урьдчилгаа төлбөр 10 000 000 төгрөгийг төлсөн байх ба нэхэмжлэгч 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд тавилгын хариуцагчид хүлээлгэн өгсөн. Тодруулбал ажлын үр дүнг хүлээн авсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй. Харин ажлын үр дүн доголдолтой эсэх нь маргааны зүйл болсон.

 

7. Хэрэгт авагдсан Гол тогоо гэх хаягтай план зургаас үзэхэд хана, тавцанг чулуу гэж тэмдэглэгдсэн байх ба байгалийн чулуу байхаар тухайлан тохирсон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй.

 

8. Нэхэмжлэгч тухайн тавилгын тавцан болон хана дахь хэсэгт шахмал чулуу угсарсан, байгалийн чулуу суурилуулахаар тохироогүй гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэв.

 

9. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасан.

 

10. Хариуцагч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой чанарын шаардлага хангаагүй гэж тайлбарлаж байх ба доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбоотой зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй боловч захиалагч ийнхүү ажлын доголдлын талаар хандаж байгаагүй, доголдол байсан гэдэг нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч доголдлын талаар нэхэмжлэгчид гомдлын шаардлага гаргасан, доголдлыг арилгуулахаар хугацаа тогтоосон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

11. Иймд нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч О.Бс гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч О.Бс 9 401 130 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Бс улсын тэмдэгтийн хураамжид 165 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ