Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар  2021/ДШМ/707

 

 

     

 

 

 

    2021            7               27                                        2021/ДШМ/707                             

 

 

Ө.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

шүүгдэгч Ө.Мы өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/355 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Намжилын бичсэн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ө.Мд холбогдох эрүүгийн 2005 00896 0376 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овогт Өын М, .......... оны .... дугаар сарын ....-ны өдөр .............. төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, .... дүгээр байрны ... тоотод оршин суух, /РД:............................/;

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 787 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Ө.М нь 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Кола Кебаб” түргэн хоолны газраас хохирогч Э.Эын эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг “фейсбүүк ороод өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан авч, эргүүлж өгөлгүй бусдад худалдаж, хохирогчид 755.100 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ө.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Талибар овогт Өнөржаргалын Мыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Мыг 4 /дөрөв/ сар хорих ялаар шийтгэж, Ө.Мд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 сарын хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 787 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 22 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 /нэг/ жил 5 /тав/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар тогтоож, Ө.Мд оногдуулсан 1 жил 5 сар 22 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Ө.Мы цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ө.Маас 755.100 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Эад олгохоор шийдвэрлэжээ.

Прокурор Г.Намжил бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох” гэсэн атал шүүгдэгч Ө.Мыг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тусгаагүй, мөн 1.2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан атал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын хэмжээг 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан байхад шүүгдэгч Ө.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар хорих оногдуулсан нь тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээнээс доогуур ялаар оногдуулж шийтгэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх эсэх тухай тусгана” гэж заасан атал таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэх талаар тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/355 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэв.

 

Шүүгдэгч Ө.Мы өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн шүүгдэгч Ө.Мд оногдуулсан ял шийтгэлийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасанд хамруулж өгнө үү.” гэв.  

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Ө.М нь 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Кола Кебаб” түргэн хоолны газраас хохирогч Э.Эын эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг “фейсбүүк ороод өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан авч, эргүүлж өгөлгүй бусдад худалдаж, хохирогчид 755.100 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос Ө.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Ө.Мд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, түүнийг бусдын хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хорих ял оногдуулжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж оногдуулах ялын төрөл, хэмжээг заасан байхад тухайн зүйл, хэсэгт байхгүй хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулиар тодорхойлсон ял шийтгэл оногдуулах үндэслэл, журмыг ноцтой зөрчжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт оногдуулах үндсэн ялын төрөл, хэмжээг заана” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасныг зөрчсөн байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх эсэх тухай тусгана” гэж заасан байх боловч энэ талаар шийтгэх тогтоолд тусгаагүй байх тул “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ө.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэх талаар тусгаагүй...” гэсэн прокурорын энэхүү эсэргүүцлийг мөн хүлээн авах үндэслэлтэй байна.  

Түүнчлэн, анхан шатны шүүхээс Ө.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс түүнд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Мд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/355 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Мд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Ө.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.МЯГМАРЖАВ

 

            ШҮҮГЧ                                                                      Б.АРИУНХИШИГ