Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2023/00052

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2023/00052

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн *дугаар хороо ****, * тоот хаягт байрлах, **** ББСБ ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн * дугаар хороо *** дугаар гудамж * тоот хаягт оршин суух Ч овогт Б.М /РД:*********/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 30,720,219 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, хариуцагч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч **** ББСБ ХХК нь Б.Мт холбогдогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,720,219 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.М нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ***** тоот зээлийн гэрээ, ****** тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зээлийн зориулалтаар 10,000,000 төгрөгийг зээлийг сарын 4 хувын хүүтэй, 362 хоног буюу 12 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн ***** хороо, ** дугаар гудамж ** тоотод орших 47 мкв хувийн сууц, мөн дээрх хаягт орших 435 мкв гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалуулсан болно. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Б.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй элдэв шалтаг хэлж, аргацаасаар зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүнд нэг ч төгрөг төлөлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд эвлэрэхээр тохирч Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэхээс татгалзсан болно. Зээлдэгч Б.М нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, түүний төлбөр 17,266,849 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,453,370 төгрөг нийт 30,720,219 төгрөгийн өртэй болоод байна. Манай ББСБ-ын зүгээс зээлдэгчтэй тохирох, эв зүйгээр шийдэх зорилгоор хэд хэдэн санал тавьж, мөн нэмэгдүүлсэн хүүг хасаж, үлдэх төлбөр дээр хугацаа тохирч маргааныг эврэлүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан ч зээлдэгч нь тохиролцох сонирхолгүй, өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо төлөхгүй байгаа тул бид шүүхээр энэ асуудлыг шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрч нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч Б.М-аас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 30,720,219 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 311,552 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 01 сард ******* ББСБ ХХК-иас 10,000,000 төгрөг аваад төлж Чаагүй нь үнэн болно. Тухайн үед ковид өвчин дэлгэрч улс орон даяаар хөл хорио тогтоож ажил албагүй, орлогогүй аргагүй байдалд орж төлж Чаагүй болно. Иймд нөхцөл байдлийг харгалзан үзэж нэхэмжлэх мөнгөн дүнгээс бууруулж 6 сарын хугацаа өгч туслана уу. гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-1/, зээлийн гэрээ /хх-4-6/, ******* дугаартай зээлийн барьцааны гэрээ /хх-7-10/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-11/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-12/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-13/, хуулийн этгээдийн улсын улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-14/, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-15/,

Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-23/, итгэмжлэл, хариу тайлбарыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч ****** ББСБ ХХК нь хариуцагч Б.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,720,219 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэн Б.Мтай 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ***** тоот зээлийн гэрээ, З****** тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулан эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 10,000,000 төгрөгийн зээлийг сарын 4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай авсан. Зээлдэгч гэрээний хугацаа дууссан боловч гэрээний үүргээ биелүүлээ. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, хүүний төлбөрт 17,266,849 төгрөгийн өртэй. Зээлдэгч нь тохиролцох сонирхолгүй, өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй тул 30,720,219 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлд дараах тайлбар гаргасан. Үүнд: ******* ББСБ ХХК-иас компаниас 10,000,000 төгрөг аваад төлж Чаагүй нь үнэн. Тухайн үед ковид өвчин дэлгэрч ажил албагүй, орлоггүй аргагүй байдалд орж төлж Чаагүй. Иймд нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжилсэн мөнгөн дүнгээс бууруулж хугацаа өгч тусална уу. гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* БСБС ХХК болон Б.М нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Зээлийн гэрээ, мөн өдөр Зээлийн байрьцааны гэрээг тус тус байгуулжээ. Тус зээлийн гэрээний дагуу Б.М нь ******* БСБС ХХК нь 10,000,000 төгрөгийг сарын 4%-ийн хүүтэй, 12 сарын хуагцаанд зээлэн авчээ. Харин зээлийн барьцааны гэрээний дагуу Хан-уул дүүргийн 0-р хороо, ** гудамж, ** тоот 47 мкв, улсын бүртгэлийн ******* дугаартай хувийн сууцыг 3,000,000 төгрөгөөр үнэлэн, Хан-уул дүүргийн 8-р хороо, ** гудамж, ** тоот 435 мкв, улсын бүртгэлийн ****** дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг 9,000,000 төгрөгөөр үнэлэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцжээ.

******* БСБС ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгч Б.Мт 10,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагчаас гэрээний үүргийг заасан хугацаанд биелүүлээгүй, нэхэмжлэгчээс зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт төлбөрийн хэмжээ 30,720,219 төгрөг болсон талаар талууд маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талууд зээл авсан асуудлаар маргаангүй байна.

Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэснийг дагуу нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т зааснаар нэхэмжлэгч ******* БСБС ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч Б.Маас 30,720,219 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан, талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №З****** тоот гэрээнд дурдсан Хан-уул дүүргийн 0-р хороо, ** гудамж, ** тоот 47 мкв, улсын бүртгэлийн ******* дугаартай хувийн сууц, Хан-уул дүүргийн 8-р хороо, ** гудамж, ** тоот 435 мкв, улсын бүртгэлийн ****** дугаартай гэр бүлийн хэрэгцээний газраас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* БСБС ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,552 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас 311,552 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* БСБС ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11***** зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т зааснаар хариуцагч Б.Маас 30,720,219 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* БСБС ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №З****** тоот гэрээнд заасан хариуцагч Б.Мын өмчлөлийн Хан-уул дүүргийн 8-р хороо, ** гудамж, ** тоот 47 мкв, улсын бүртгэлийн ******* дугаартай хувийн сууц, Хан-уул дүүргийн 8-р хороо, ** гудамж, ** тоот 435 мкв, улсын бүртгэлийн ****** дугаартай гэр бүлийн хэрэгцээний газраас үүргийн гүйцэтгэлийг хангахыг, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* БСБС ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,552 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-аас 311,552 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* БСБС ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА