Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2023/00157

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2023/00157

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн **** хороо, ****, **** гудамж, 117 байр, ** тоотод оршин суух, Х овогт Ё.М /РД:******/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **** хороо, Ч****, ***** оффис, ******* ХХК /РД:**/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны талбайн зөрүү 1,92 м.кв талбайн хэмжээний төлбөрт 16,116,720 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ё.М нь ******* ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү 1,92 м.кв талбайн хэмжээний төлбөрт 16,116,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч Ё.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...Ё.М миний бие "*******" ХХК-тай 2021 оны 03 сарын 02-ны өдрийн ***** тоот Орон сууцны талбай захиалах, гүйцэтгэх гэрээгээр Хан-Уул дүүргийн *****, **** /17011/ Чингисийн өргөн чөлөө гудамж *** байрны *** тоот хаягт байрлах 91,61 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг батлагдсан зураг төслийг үндэслэн захиалсан юм. Гэрээнд орон сууцны нэг м.кв-ын үнэлгээг 8,394,125 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрийг төлж дуусгаж, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Орон сууцны өмчлөх эрхийг өөрт шилжүүлэн авсан. 2022 оны 08 дугаар сараас тухайн орон сууцны зохион байгуулалтыг өөрчлөх зорилгоор тохижилт, сайжруулалтыг хийхээр ажиллаж байгаад 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр "Э*******" ХХК-аар орон сууцны талбайн м.кв-ын хэмжээг хэмжүүлэхэд бодит хэмжээ нь гэрээнд заасан 91,61 м.кв талбайн хэмжээнээс бага буюу 89,69 м.кв талбайн хэмжээтэй байгаа нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл миний захиалсан талбайн хэмжээнээс бодитоор байгаа хэмжээ нь 1,92 м.кв-аар дутуу байна. Миний бие энэ тухай гомдлын шаардлагаа зохих ёсоор 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч "*******" ХХК-д хүргүүлсэн бөгөөд тухайн асуудлыг шийдвэрлэхээс татгалзаж, тодорхой хариу өгөхгүй байгаа болно. Орон сууцны нэг м.кв-ын үнэлгээ нь 8,394,125 тул талбайн 1.92 м.кв-ийн үнэлгээ нь 16,116,720 төгрөг болно. Тиймээс "Орон сууцны талбай захиалах, гүйцэтгэх гэрээ"-гээр захиалж хүлээн авсан орон сууцны талбай маань захиалгат хэмжээндээ хүрэхгүй байгаа тул зөрүү 16,116,720 төгрөгийг хариуцагч "*******" ХХК-аас гаргуулж өгнө үү. гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч ******* ХХК хариу тайлбартаа: ...Иргэн Ё.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэгдүгээрт, Ё.Мтэй 2021 оны 03 сарын 02-ны өдөр "*******" ХХК- тай ***** тоот "Орон сууцны талбай захиалах, гүйцэтгэх гэрээ" байгуулсан ба гэрээний хүчин төгөлдөр байдалтай маргаагүй болно. Харин тус гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаар 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр барилгыг барьж дуусган, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байсан. Харин манай компанийн зүгээс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр буюу гэрээ байгуулснаас 2 хоногийн дараа тус барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд 2021 оны 03 сарын 05-ны өдрийн ***** дугаартай "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт" гарсан байдаг. Ингээд тухайн үед бид нэхэмжлэгч Ё.Мийг байлцуулан гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш Ё.М нь тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж, ашиглаж байсан бөгөөд ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй билээ. Харин төлбөрөө бүрэн төлж дуусгаагүй байсан тул манай зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхгүй саатуулж байсан ба үнийг төлж тооцоо нийлсний дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 27-нд гэрчилгээг гаргаж өгсөн байдаг. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлж өгөх үед тухайн эд хөрөнгийн доголдлын талаар Ё.М нь шалгаж хүлээн авах үүрэгтэй, мөн түүнийг мэдэх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд эд хөрөнгийн доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна. Хоёрдугаарт, ***** тоот "Орон сууцны талбай захиалах, гүйцэтгэх гэрээ"-ний 3.4 дүгээр зүйлийн 3.4.1 дэх хэсэгт зааснаар Ё.М нь манай компаниас "дотор засалгүй" талбайг худалдан авсан байдаг. Өөрөөр хэлбэл гэрээний 1.2 дахь хэсэгт заасан "91.61" м.кв нь дотор засалгүй талбайн хэмжээ юм Нэхэмжлэгч нь талбайг анх хүлээн аваад заслын ажил хийж нүүн орсон байдаг бөгөөд нэхэмжлэлд дурдсанаар 2022 оны 08 дугаар сард зохион байгуулалтыг өөрчлөх ажил хийж эхэлсэн талаар дурдаж ээ. Дотор заслын ажил хийж гүйцэтгэх буюу өнгөлгөө, тэгшилгээний шавар хийх, хар замаск тавих, цагаан замаск татах зэрэг ажлууд хийхэд барилгын талбайд тодорхой хэмжээний өөрчлөлт ордог билээ. Мөн нэхэмжлэгчид гэрээний дагуу анх хүлээлгэн өгсөн тус барилгын план зураг, зохион байгуулалт нь сүүлд буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үед хийлгэсэн барилгын хэмжилтийн план зураг, зохион байгуулалт зэрэг нь илт зөрүүтэй болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаас тодорхой харагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн өөрийн хийсэн засварын ажил, засан сайжруулалт, голын баганын өөрчлөл зэргээс дээрх хэмжээний м.кв-ын зөрүү үүссэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-02/, Орон сууцны талбай захиалах, гүйцэтгэх гэрээ /хх-3-5/, ******* ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт /хх-07/, Эй-ди интерншнл ХХК-ийн хэмжилтийн зураг /хх-8-10/, шуудангийн хураах тасалбар /хх-13/, ******* ХХК-д хүргүүлсэн шаардлага /хх-14/, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-19/, ******* ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт /хх-07/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх-20/, ******** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Э******* ХХК-д олгосон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, Э******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл,

Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-21/, хариу тайлбар /хх-25/, итгэмжлэл, барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Ё.Мийн ***** ХХК-д гаргасан өргөдөл, ******* ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичиг зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.М нь хариуцагч ***** ХХК-д холбогдуулан 16,116,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие ***** ХХК-тэй 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ***** тоот орон сууцны талбай захиалах, гүйцэтгэх гэрээгээр Хан-Уул дүүргийн *****, ****, Чингисийн өргөн чөлөө гудамж, *** байрны *** тоот хаягт байрлах 91.3 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг бариулсан. Гэрээнд 1 мкв талбайн үнийг 8,394,125 төгрөг гэж тохиролцсон. Э******* ХХК-иар талбайн хэмжээг хэмжүүлэхэд бодит хэмжээ нь 89.69 мкв гарсан бөгөөд 1.92 мкв дутсан. Иймд 1.92 мкв талбайн үнэлгээ болох 16,116,720 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч ***** ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Орон сууцны талбай захиалах, гүйцэтгэх гэрээний талаар маргаан байхгүй. Тус орон сууцыг бид батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Хөндлөнгийн эрх бүхий хэмжилтийн компаниар хэмжилтийг хамтран хийсний үндсэн дээр зөрүү гарсан тохиолдолд төлбөрийг буцаан олгоход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч нь орон сууцыг шалгаж хүлээн авах үүрэгтэй бөгөөд мэдэх боломжтой байсан. Иймд эд хөрөнгийн доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн. Нэхэмжлэгчийн өөрийн хийсэн засварын ажил, засан сайжруулалт, голын баганын өөрчлөлт зэргээс зөрүү гарсан. гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ё.М нь ***** ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр №***** дугаартай Орон сууцны талбай захиалах, гүйцэтгэх гэрээг байгуулжээ. Тус гэрээгээр ***** ХХК нь Хан-Уул дүүргийн *****, ****, Чингисийн өргөн чөлөө гудамж, *** байрны *** тоот хаягт байрлах 91.3 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэх, Ё.Мээс гэрээний үүрэгт 768,985,685 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Талуудын маргааны зүйл нь Хан-Уул дүүргийн *****, ****, Чингисийн өргөн чөлөө гудамж, *** байрны *** тоот хаягт байрлах орон сууцны талбайн хэмжээний талаар маргаж байна. Харин тухайн барилгын гэрээний нийт үнэ болон 1 мкв талбайн үнэлгээ, нэхэмжлэгчээс гэрээний төлбөрт 768,985,685 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн эсэх, орон сууцны талбай захиалах, гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.

5.Дээр дурдсан нэхэмжлэгч Ё.М болон хариуцагч ***** ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний зүйл, талуудын хүлээх эрх үүргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд хариуцагчаас тус орон сууцны ажлыг гүйцэтгэж нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний нөхцөлийг зөрчиж, доголдолтой хөрөнгө хүлээлгэн өгсөн болох нь Э******* ХХК-ийн байрны талбайн хэмжээг тогтоосон тухай дүгнэлтээр нотлогдоно, орон сууцыг мкв дутуу гэдгийг хүлээн авах үед мэдэх боломжгүй боловч хуульд заасан хугацаандаа доголдлыг илрүүлж мэдэгдсэн гэж, хариуцагч нь уг орон сууцыг мкв дутуу буюу доголдолтой эсэхийг шалгах үүрэгтэй буюу доголдлыг мэдэх боломжтой байсан, нэхэмжлэгчийн засан сайжруулалтаас шалтгаалж талбайн хэмжээнд өөрчлөлт орсон гэж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн *****, ****, Чингисийн өргөн чөлөө гудамж, *** байрны *** тоот хаягт байрлах орон сууцыг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлэн авсан гэж, хариуцагчаас 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн гэж тайлбар гаргасан.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т худалдан авагч нь энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө гэж, 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан байна.

Нэхэмжлэгч Д.М нь орон сууцны талбайн хэмжээ дутуу байгаа талаа, зөрүү төлбөрийг буцааж өгөх талаар мэдэгдлийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч ******* ХХК-д мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан албан шаардлагаар /хх-14/ тогтоогдож байх ба Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т заасан хугацаанд шаардлагаа гаргажээ.

6.Хариуцагч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тул шаардлага гаргах эрхээ алдана гэсэн боловч орон сууцны м.кв зөрүүтэй байгааг хүлээж авах үедээ мэдсэн гэж үзэх үндэслэлгүй, орон сууцны талбайн хэмжилтийг хувь хүн өөрөө бие даан хийх боломжгүй, Стандартчлал тохирлын үнэлгээний тухай хууль болон Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал Монгол Улсын стандарт МNS 6058:2009-т ...орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжилтийг барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж үйлдвэл зохино гэж заасан байх тул нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр үйлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан Э******* ХХК-ийн тайлангаар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.М нь гомдлын шаардлага гаргах хугацааны дотор доголдлыг илрүүлж, хариуцагчид мэдэгдсэн, хариуцагч байрны м.кв зөрүүтэй эсэх талаар хэмжилт хийж дүгнэлт гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргасан гэж үзэв.

 

7.Хариуцагч талаас шүүх хуралдаанд Э******* ХХК-ийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дундаасаа ярилцаад өөр компаниар үнэлгээ хийлгээд зөрүү гарвал манайх хүлээн зөвшөөрнө. гэх тайлбарыг гаргаж байх боловч тус дүгнэлтийг эс зөвшөөрсөн үндэслэлээ баримтаар нотлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар хүсэлт гаргаагүй.

Мөн Э******* ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Хэмжилтийн зураг нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул тус дүгнэлтэд зааснаар орон сууцны талбайн хэмжээ нь талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны талбай захиалах, гүйцэтгэх гэрээнд тохиролцсон 91.61 мкв талбайн хэмжээнээс 1.92 мкв талбай дутсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн хийсэн засварын ажил, засан сайжруулалт, голын баганын өөрчлөлт зэргээс шалтгаалан талбайн зөрүү гарсан гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж зааснаар баримтаар нотлоогүй.

Талууд Орон сууцны талбай захиалах, гүйцэтгэх гэрээнд 1 мкв талбайг 8,394,125 төгрөгөөр тохиролцсон байх ба 1.92 мкв талбайн үнэ болох 16,116,720 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Д.Мд олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1**** зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дугаар зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас орон сууцны талбайн зөрүүнд 16,116,720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 238,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА