| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 194/2025/0205/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1978 |
| Огноо | 2025-08-20 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Б.Цэцэгмаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1978
2025 08 20 2025/ШЦТ/1978
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж, шүүгч Б.Батсайхан, шүүгч М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,
Иргэдийн төлөөлөгч О.Ганбаатар,
Улсын яллагч Б.Цэцэгмаа,
Гэрч Б.Б /цахимаар/,
Хохирогч С.Л, түүний өмгөөлөгч З.Жадамба,
Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Ариунаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 2306 03198 3261 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, * , * боловсролтой, * , ам бүл * , ** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага * , ******** регистрийн дугаартай, Б.Э.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь ****оны ** дугаар сарын ** -ний өдөр ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг дээр байхдаа хохирогч С.Л-ийг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч С.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үйл явдал 2 жилийн өмнө болсон болохоор би сайн санахгүй байна. Би тэр үед оюун ухаан санаагаа алдтал согтуу байгаагүй. Би голын эрэг дээр эрүүл очсон ба тухайн өдөр 1 шил архийг 4 хүн хувааж уугаад согтсон. Энэ хэрэгт миний буруу байгаа. Гэхдээ шүүгдэгчийн мэдүүлж байгаа шиг илт зодсон асуудал байхгүй. Шүүгдэгчтэй маргалдах үед шүүгдэгч хэл амаар доромжилдог байсан ба урьд би шүүгдэгчид гар хүрч байгаагүй...” гэв.
Гэрч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Бид нар тухайн өдөр гол руу явахдаа 1 литрийн нэг шил архи авч явсан. Тухайн өдөр бид нар хохирогчийг ирэхээс өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хохирогчийг ирсэн байхад нь 1 шил архи шүүгдэгчээс бусад нь хувааж уусан. Тухайн өдөр хутгалах үйлдэл нь майхны гадна болсон, майхны дотор бол ямар нэг зүйл болоогүй. ...Би тухайн өдөр болсон асуудлын талаар мэдүүлэг өгнө, тухайн өдөр найзуудаараа салхинд гарсан. Гэнэт шүүгдэгчийн найз нь ирсэн, бид нарт найз нь ирнэ гэж хэлээгүй байсан. Хохирогч ирснээс хойш бид нар архи уусан. Бид нарыг сууж байхад хохирогч нь шүүгдэгчийг дээрэлхээд байгаа юм шиг санагдсан, өмнө нь болсон асуудлаа яриад дээрэлхээд байгаа шиг санагдсан. Гэнэт муудалцаад шүүгдэгч нь хохирогчийг цохиж байгаа юм шиг харагдсан, олон жилийн өмнөх асуудал болохоор сайн санахгүй байна. Тухайн өдөр хохирогч нь шүүгдэгчийг хүзүүнээс нь барьж байгаад үгээрээ доромжилж дараа нь уулзана гэх зэргээр доромжилж байсан, шүүгдэгч нь тэр үед юу ч дугарахгүй дуугай сууж байсан. Тэр үйл явдал нь 30 минутаас нэг цагийн хугацаанд болсон. Заналхийлсэн үгнүүдийг хэлж байсан, шууд утгаараа ална гэж хэлээгүй санагдсан, дараа нь уулзана гэх мэтээр заналхийлж байсан. Шүүгдэгч тухайн өдөр архи уусан эсэхийг санахгүй байна, тухайн үед бага уусан байх. Би тэр үйл явдлыг сайн санахгүй байна, би майхны урд сууж байсан, хохирогч, шүүгдэгч нар майхны хойно байсан болохоор би сайн мэдэхгүй байна, хохирогч дахиад архи ууя гэж хэлж байсан. Тухайн өдөр хохирогчийг шүүгдэгч гол руу цуг явсан хүмүүст хэлэлгүй дуудсан байсан, шүүгдэгчээс яагаад хэлэхгүй дуудаж байгаа юм бэ? гэж асуухад хохирогч өөрөө ирье гэж хэлсэн...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 5-12 дахь тал/,
Хохирогч С.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 17-18, 109, 127 дахь тал/,
Хохирогч С.Л-ийн мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг /2хх-ийн 4 дэх тал/,
Гэрч Ц.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 26, 120 дахь тал/,
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 24 дэх тал/,
Гэрч Б.О мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг /2хх-ийн 2 дахь тал/,
Гэрч Ш.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 28, 112 дахь тал/,
Гэрч У.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 31 дэх тал/,
Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 37-38 дахь тал/,
Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 34 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7723 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 43-45 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4417 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 47-48 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 185 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 60-62 дахь тал/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 558 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх-ийн 233-235 дахь тал/,
Гэрч Т.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1хх-ийн 239 дэх тал/,
Яллагдагч Э.Б-ын мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 143-144 дэх тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Э.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Э.Б-аас гэрчээр мэдүүлэг /1хх-ийн 20-21 дэх тал/ авсан нь түүнийг хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.
Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Э.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг дээр байхдаа хохирогч С.Л-ээс утас авсан гэх шалтгааны маргалдсаны улмаас халаасанд байсан хутгаар түүний хэвлий, нуруу, баруун, зүүн шуу руу хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан баримтууд, асуулт хариултад хариулсан байдал, гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд үндэслээд гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчоос 16.000.000 төгрөг нэхэмжилж байгаагаас одоогоор нотлох баримтууд байхгүй байна. Яллах дүгнэлтэд дурдсан 640.000 төгрөгийн хохирол баримтаар гаргаж өгсөн дээрх хохирол төлөгдсөн гэж үзсэн. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас 3.077.000 төгрөг гарсныг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна, мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтийг үндэслээд гаргуулах саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргав.
Хохирогчийн өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан: “...Шүүхийн хэлэлцүүлгийн хүрээнд хохирогчийн мэдүүлэгт үндэслээд хохирогчийн буруутай үйлдлээс болсон байна. Тийм учраас хохирогчоос гаргах гомдол санал байхгүй, мөн шүүгдэгч 3.400.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан тул шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэн хөнгөрүүлэн үзэх үндэслэлтэй байна. Мөн Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтэд санал, гомдол байхгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон нөхцөл байдал, мөн хувийн байдлыг шалгаагүй. Эдгээр байдлуудыг нотолсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргээр зүйлчлэх боломжгүй байсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч, хохирогчийн хувийн байдлыг тогтоох үүрэг даалгавар өгсөн боловч мөрдөгч ял шалгах хуудас, Э.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа гэх мэт зүйлийг л шалгасан. Хохирогчийн хувийн байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг шалгасан бол гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь тодорхой болох байсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Б-ын анги удирдсан багш, найз нөхдөөс хувийн байдлыг нь тодруулж өгнө үү гэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч энэ ажиллагаа хийгдээгүй. Хувийн байдлыг тодруулсан бол Э.Б нь бусдыг санаатайгаар хутгалах хүн мөн эсэх нь тогтоогдох боломжтой байсан гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон санаа зорилго нь тодорхой бус байгаа тул бид үүнд дүгнэлт хийх ёстой. Гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан, шүүх хүлээж авсан боловч гэрчүүд хуралд ирээгүйн улмаас нөхцөл байдлыг бүрэн тодруулах боломжгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр Б.Б оролцож тухайн үед болсон үйл баримтын талаар сэргээн дүрсэллээ гэж үзэж байна. 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Э.Б, Б.Б, Д.С, Ш.Д, У.Е гэх хүмүүс Туул голын эрэг дээр зугаацах гэж эхлээд очсон, тэрний дараа С.Л, Ц.Ө, Б.О нар очоод архи уугаад агсам тавиад дахиад архи уухыг шаардсан, тэр үед Э.Б архи уугаагүй. Майханд Э.Б, Д.С, Ш.Д нар унтаж байхад үед нь С.Л маш ууртайгаар хаалгыг дээрэнгүй хандлагаар онгойлгон орж ирээд Э.Б-ыг алгадаад, зодоод, чирээд майхнаас аваад гарсан. Э.Быг майхнаас авч гараад дахиад хүч хэрэглэж зодсон нөхцөл байдал үүссэн. Э.Б тухайн үед өөрөө С.Л-ийг түрүүлж зодоод дарамталж байгаад хутгалсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргээр зүйлчилж болно. Гэтэл хэрэг болохоос 2 жилийн өмнөөс Э.Б-ыг дарамталж, зодож, дээрэлхэж, үг хэлээр доромжилж ирсэн, энэ үйлдлийг хохирогч, гэрч нар мэдүүлсэн байдаг. Тэгэхээр энэ үйлдлийг санаатайгаар бусдын биед хүнд хохирол учруулсан гэж үзэх боломжгүй. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх боломжтой байсан гэж үзэж байна. Яагаад гэвэл дээд шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 156 дугаартай тогтоолд заасан байгаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл хохирол учруулдаг шинжээрээ эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр хэсэгт заасан гэмт хэргээс ялгагдана. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох, хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг. Цочрон давчдах үйлдэл нь үүнтэй шууд холбоотой түргэн зуур болдог онцлогтой. Эдгээр нөхцөл байдлууд гэмт хэргийн кейс дээр бүгд байгаа. Энэ үйлдлийг сая гэрч Б.Б ярьсан, доош нь хийх, дээрэлхэх, дарамтлах үйлдэл нь 30 минутаас 1 цаг хүртэлх хугацаанд үргэлжилсэн. Э.Б энэ үйлдлийн улмаас зугтаагаад майханд ороод хэвтэж байх үед нь хайж очоод зодсон. Энэ үйлдэл нь нэр хүндийг доромжилж байгаа, бусад эмэгтэйчүүд рүү дайраад гичийнүүд минь, ал минь, та нарын толгой дээр чинь шил хагална гэх мэтээр доромжилсон. Би нотлох баримт шинжлэн судлахдаа үүнийг уншсан. Энэ үйлдлүүд нь шүүгдэгчийг тэсэхгүй байдалд оруулсан. Шүүгдэгч нь эрүүл мэндийн хувьд 10 наснаас 17 насны хооронд 3 хүнд хагалгаанд орсон, хэрэг хариуцах чадвартай гэж байгаа боловч оюуны чадамж маш сул, оюуны чадвар, ярих чадвар, сэтгэн бодох чадвар байхгүй. Ээж нь уйлаад ярьж байсан, Ерөнхий боловсролын гэрчилгээг нь гуйж байж авч байсан, сурах боломжгүй гэж байсан. Сая С.Л-ээс шүүгдэгч оюуны чадвар муу юу гэж асуухад, тийм гэж хариулсан, шүүх бүрэлдэхүүн анзаарч байгаа байх. Шүүгдэгч нь хэвийн бус хүүхэд, аутизм гэдэг нь юм шиг би энийг сайн хэлж мэдэхгүй байна. Шүүгдэгч нь огцом ууртай, чимээгүй байж байгаад гэнэт ухаан алддаг, юу хийснээ мэддэггүй. Энэ талаар ээж, эгч нар нь мэдүүлдэг. Би энэ талаар тодруулах гэж ангийн багш, найз нараас нь асуугаад өгөх хүсэлт удаа дараа гаргасан боловч хүсэлтийг минь хангаагүй. Шүүгдэгчийн энэ эрүүл мэндийн байдал 28 хуудас баримт гаргаж өгсөн баримтаар нотлогдоно. Дээд шүүхийн тогтоол дээр хохирогчийн үйлдлүүд нь удаан хугацааны турш үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээд сэтгэл санааны хүчтэй цочролд орж хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хүнийг санаатай алах, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ санаатай үйлдэгддэг гэмт хэргээс ялгагддаг Э.Б болно. Энэ С.Л-ийн үйлдлүүд нь удаан хугацаагаар үргэлжилсэн, бусад найман хүний дэргэд нэр хүндийг доромжилж, гутаасан нь шүүх хурлын үед байгаа бүх хүнд тодорхой болсон гэж үзэж байна. Э.Б хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ би тухайн үед сэтгэл цочроод юу болсныг санахгүй байна гэсэн. Иймд зүйчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж өгнө үү. Мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн 640.000 хохирлыг барагдуулсан, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад гэр бүлээрээ очиж 1.000.000 төгрөг өгсөн, өнөөдөр 2.400.000 төгрөг өгсөн. Иймд зүйчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж өгнө үү...” гэв.
Иргэдийн төлөөлөгч О.Ганбаатар нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг сайн мэдэхгүй байна. Хутгалсан үйлдэл нь буруу боловч ямар санаагаар хутгалсан нь тодорхойгүй байна...” гэх дүгнэлтийг гаргасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан…” бол гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Тодруулбал гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу хохирогчийн биед хүнд хохирол учирснаар гэмт хэргийн нэг шинж хангагдах учиртай.
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7723 дугаартай: “...С.Л-ийн биед хэвлийн хөндийд нэвтэрч мухар гэдэс зүсэгдсэн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 43-45 дахь тал/-ээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин хүнд хохирлыг учруулахдаа санаатай буюу хүсэж үйлдсэнээс гадна сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эрүүл хүн байх нь тухайн гэмт хэрэгт буруутгагдаж байгаа хүнд тавигдах өөр нэг хууль зүйн урьдач нөхцөлийг тодорхойлжээ.
Өөрөөр хэлбэл бусдын биед халдаж эрүүл мэндэд нь хүнд зэргийн хохирол учруулахдаа түүнийгээ хүсэж, өөрийн идэвхтэй үйлдлээ бүрэн ухамсарласан байх нь гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг агуулсан байх шаардлагатай.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд үүнд тус гэмт хэргийн сэдэлт санаа зорилгыг санаатайгаар үйлдсэн эсэхийг үгүйсгэх дараах нотлох баримтууд шинжлэн судлагдсан болно. Үүнд:
Яллагдагч Э.Б-ын мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Ер нь С.Л нь хувь хүний хувьд бусдыг дээрэлхэх дуртай, намайг байнга дарамталж, доромжилдог байсан. С.Л хар, тамхи, элсди, өвс гэх мэт зүйлийг хэрэглэдэг, зардаг, уг ажилдаа тусал гэж дарамталж, зөвшөөрөхгүй болохоор, эсэн бусаар доромжилж дарамталдаг байсан, надад тухайн үед сэтгэл сана маш хүнд байдаг байсан. Тухайн үед намайг биеэр байнга дарамталдаг байсан ингэж дарамталж байх үедээ нэг удаа согтуу ч юм уу, мансуурсан байхдаа ч юм уу намайг зодоод, ууж байсан архины шилээ хагалаад намайг ална гэж дайраад би арай гэж зугтааж байсан. Энэ үйл явдал нь 2022 оны өвөл манай хуучин амьдардаг байсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт болсон асуудал. Ер нь бол би түүнээс маш их айдаг байсан. Яагаад гэхээр тэр уулзахыг шаардан уулзах болгондоо дарамталж, доромжилсон сэтгэл санааны маш хүнд байдалд оруулдаг байсан. 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Д, Е, С, Б.Б бид хэд Д-ийн Sonata 6 маркийн машинтай салхинд гарахаар шийдэж Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монгол шилтгээн”-ий урд талд Туул голын эрэг дээр өдөр 14-15 цагийн үед очиж хиам, талх, гоймон чанаж идээд хүний тоогоор 2 лааз пиво, дундаа 0.75 литрийн “Eden” нэртэй архи аваад очсон. Тэгээд голын усанд ороод пиво уугаад амарч байх үед С.Л нь надтай Instagram-аар холбогдон хаана байгаа юм бэ? гэхэд нь эхлээд хэлээгүй. Гэтэл Д хаана байгаагаа хэлье гээд миний гар утсаар түүнд хэлчихсэн байсан. Тэгээд удалгүй 19 цагийн үед С.Л нь бид хэдийг олоод 2 найзтайгаа хүрч ирээд “уух юм байна уу? ууна” гээд бидний уугаагүй байсан нөгөө шилтэй архиа гаргаад хөзөр тоглонгоо хувааж уусан. Архи уун дуусгаад С.Л нь ахин архи ууялдаа гээд байхаар нь би одоо болно андаа гээд майхандаа орж хэвтэж байтал миний араас орж ирээд миний нүүр хэсэгт гараа зангидан 2-3 удаа хүчтэй цохисон, хажууд С, Д байсан бөгөөд түүнийг хориглоход гараад ир пиздаа минь гээд хувцаснаас чирч гулдарч гаргасан. Тэгээд найзууд маань болиоч гээд хэлэхэд охидуудыг янхан гичийнүүд минь дуугай байгаарай, архины шил толгой дээр чинь хагалж үзүүлэх үү? майхантай чинь шатааж ална шүү гээд орилж чарлаад байсан. Тэгээд би Б-г зодохгүй юм яриадахъя гээд намайг дагуулан голын эрэг дээр очсон. Тэгээд хүмүүсээс хол очоод намайг маш их зодсон. Энэ байдлаар 5-10 минут орчим зодуулсан. Би тухайн үед өвдөлтийн шоконд орж маш их цочролд орж, ухаан орж, гараад байсан. Намайг зодсоны дараа миний гар утас, цамцыг майхнаас аваад ир гээд өшиглөхөд нь би майхан руу очоод С-д гар утас, цамцыг нь ол гээд хайлгасан. Би өөрөө ч гэсэн хайж байхдаа майхны гадаа байсан. Ууттай байсан хүнсийг майхан руу оруулж дотор нь байсан хутгийг авч халаасандаа хийсэн. С гар утас, цамцыг олж надаа өгөхөд нь би гар утас, цамцыг нь аваад түүн рүү очиход бас намайг дарамталж Д-тэй чинь цуг ална шүү гэж заналхийлсэн. Тэгээд намайг үргэлжлүүлэн зодож, элэгдэж эхлэхээр нь би халаасанд байсан хутгаа гаргаж түүний хэвлий хэсэгт нь 2 удаа хутгалсан. С.Л тухайн үед 2 найзтайгаа Prius 30 маркийн машинтай ирсэн байсан. Нэг хүүхэд нь манай ангийн хүүхэд байсан. С.Л нь тухайн үед зөвхөн намайг л дарамталж, зодоод байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна тухайн үед зодуулснаасаа болж цочролд орж түүнийг хутгалснаа мэдэхгүй байна. Хэрэв С.Л нь намайг зодож дарамтлаагүй байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. ...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, 7 хүн нийлээд нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан өдөр нь 2 лааз пиво уусан байсан согтоогүй байсан. ...Тухайн үед миний биед гэмтэл учраагүй, гараа зүссэн байсан тэр гэмтлийг би өөртөө учруулсан. ...С.Л нь намайг зодоод байсан учир цочролд орж ухаан балартсан байсан тул түүнийг хутгалснаа дараа нь мэдсэн. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Түүнд учирсан хохирол, хор уршгийг арилгах болно...” гэх мэдүүлэг /1хх-ийн 143-144 дэх тал/ авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлгүүд дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:
Хохирогч С.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Б-тай уулзаад чи яагаад байгаа юм бэ гээд гараараа түүний гэдэс хавьд нь 2 удаа зөөлхөн цохиод салаад машиндаа суух гэж байтал миний араас гүйж ирээд Б нэг удаа баруун талын далны доод хэсэгт цохих шиг болсон. Ахин баруун хэвлий хэсэгт нэг удаа цохих шиг болсон, бас баруун мөр хэсэгт нэг, зүүн шуу хэсэгт нэг тус тус цохих шиг болоод надаас зайгаа барьсан. Энэ үед би зүгээр зогсож байсан хэвлийд хутгалж байгаа нь надад мэдрэгдсэн. Ө над руу ирээд чамайг хутгалсан гэнээ андаа хурдан явъя гээд машиндаа суулгасан. Би цамцаа тайлаад гэрэлд хартал миний гэдэснээс цус гараад сэмж нь гарчихсан мөн ард талаас цус гараад байхаар нь би хутгалуулсан гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 17-18, 109, 127 дахь тал/,
Гэрч Ц.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд би О, С.Л бид гурав явахаар болоод О түрүүлээд машиндаа суусан. Би С.Л-ийг аваад машинд суух гэтэл Б, С.Л хоёр зогсож байгаад Б гэнэт зайгаа барьж зогсож байгаад чанга орилоод байсан. Тэгээд би Быг барих гээд тэврэх гэхэд андаа би наад С.Л-ийг хутгалчихлаа гэхэд С.Л дээр очоод чамайг хутгалчихсан гээд байна гэхэд цамцаа сөхөж үзээд гараа хартал гар нь цус болчихсон байхыг хараад яаралтай түргэн тусламж 103 дуудахад цэргийн эмнэлэг рүү яв гэсэн тэгээд цэргийн эмнэлэгт ирэхэд яаралтай хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 26, 120 дахь тал/,
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд Б С.Л хоёр цаана очоод юм яриад зогсож байгаад С.Л нь Б-ыг ганц нэг цохиод байсан. Тэгээд Ц.Ө бид хоёр машиндаа суух гэж байгаад би Ө чи С.Лийг аваад ир наад хоёр чинь зодолдож магадгүй гээд би машиндаа үлдээд Ө тэр хоёр луу очсон. Тэгээд 5-10 минутын дараа С.Л хутгалуулчихлаа гээд машинд ороод ирсэн. Тэгээд би машин бариад цэргийн эмнэлэгт ирсэн. Би архи уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24 дэх тал/,
Гэрч Б.О мөрдөн байцаалтын үед өгсөн: “...С.Л нь ээж, эмээ, өвөө 2 дүүтэйгээ амьдардаг, ар гэрийн хүмүүжил сайн, архи, тамхи хэрэглэдэггүй, хааяа нэг пиво уудаг, бусадтай яриа хөөрөө сайтай нийтэч, даруу төлөв зантай хүүхэд. ...би Быг танихгүй болохоор С.Л энэ талаар урьд өмнө нь надад ямар нэгэн зүйл ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 2 дахь тал/,
Гэрч Ш.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С.Л нь майханд орж ирээд Быг дагуулаад архи авчирч ууя гээд дээрээс нь хацар дээр нь алгадаад байсан. Тэгээд майхнаас аваад гарсан, гарах үедээ би найзыг чинь зодохгүй гээд байсан. Гадаа тэр хоёр маргалдаад агсарч үзүүлэх үү, архинд явъя гээд байсан. Би майхнаас гараад ойртоод очих гэхээр би зодохгүй та нар цаанаа байж бай гээд байхаар нь хэсэг байж байгаад С.Л нь Б-ыг хэд хэдэн удаа гэдэс хавьд цохиод, алгадаад байхаар нь Б нь гэдэс хавьд 3-4 удаа цохиж байсан. Б холдох үед нь би С.Л-ийг бариад та хоёр боль гээд тэвэрсэн. Тэгээд би хамт ирсэн хоёр найзад нь С.Л-ийг аваад яваа гээд түүнийг хоёр найз нь аваад машиндаа суулгаад явсан би тухайн үед хутгалсныг нь мэдээгүй очтол андаа би С.Л-ийг хутгалчихлаа гээд өөрийнх нь гараас цус гарсан байсан. Тэгээд би итгээгүй гарыг нь боогоод байж байгаад гэрэлд би өөрийнхөө өмдийг хартал цус болсон байхаар нь С.Лийг би салгаж тэврэх үед цус болсон байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 28, 112 дахь тал/,
Гэрч У.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэр архинаас С.Л, Б, Д, Б.Б бид хэд хувааж уугаад өөр архи уугаагүй. ...тэр хоёрын дундуур нь ороод салгах гэж байхад Б холдоод майхны хажууд очоод зогсож байсан, би Б-руу хартал гартаа хутга барьсан байхаар нь би чи юун хутга авсан юм бэ гээд гараас нь булаагаад газар хаясан. ...С.Л нь согтоод архи уух гээд уурлаад Б-д агсраад байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31 дэх тал/,
Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С.Л нь ахин нэг шил архи авчирч ууя, Быг хамт яваад ирье гээд байсан. Бид хэд гадуур юмаа янзлаад унтаж амрах гээд Б нь майханд ороход С.Л нь араас нь майханд ороод чи эр хүн шиг байгаарай, чи сая архи ууя гээд байсан биз дээ гээд яриад байсан. Би энэ үед майхны гадаа хогоо цэвэрлээд ярьж байгаа нь сонсогдоод байсан юм. Би та хоёр майхнаасаа гараад ярь наана чинь хүн унтаж байна шүү дээ гэхэд Б, С.Л хоёр майхнаас гарч ирээд майхны зүүн хойд талд зогсоод С.Л нь Б-ын хүзүүн дээр гараа тохоод нөгөө гараараа нүүрэнд нь зөөлөн алгадаад байсныг харсан. Би С.Л-тэй хамт явж байсан хоёр найзад нь та хоёр одоо найзыгаа аваад явчих гэхэд эр хүмүүс хоорондоо юм ярьж байна шүү дээ гээд хараад зогсоод байсан. Би С.Л-д бид хэд чамайг урьж авчраагүй шүү, наад хүн чинь нэмж архи уухгүй гээд байна шүү дээ, одоо чи яв, битгий агсраад байгаач гэж хэлэхэд С.Л халтар алнуудаа дуугүй байгаарай, та нарт агсарч үзүүлэх үү гээд орилоод байсан. Тэгээд Б-ын найз охин Е би танай найз охины толгойг хагалчих уу гээд байсан. Энэ нөхцөл байдал 20 минут орчим үргэлжлээд байсан. Б нь чимээгүй зогсоод байсан. Тэгээд С.Л би чамайг алнаа гээд орилох үед хартал Б 1-2 удаа С.Л-ийг элэгдэж цохиж байгаа юм шиг харагдсан. Тэгээд Б холдоод майхны хажууд ирээд би хутгалчихлаа наадхаа эмнэлэгт аваачиж өг гэж хэлэхэд нь Е гарт нь байгаа хутгыг цохиж гараас нь унагааж байсан. С.Л-ийг нэг найз нь машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд Б-ын гарыг хартал цус гарсан байсан, би хутгалсан гээд байхаар нь бид хэд итгээгүй. ...Б нь өөрөө бид хэдэд ярихдаа хутгаа бариулаас нь барьж байгаад С.Л-ийг хутгалах үедээ гар нь халтираад ирэнд нь гараа зүссэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 37-38 дахь тал/,
Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би түрүүлээд майхандаа ороод унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд С.Л гэх хүүхэд манай майхны хаалганы цахилгааныг аймар хүчтэй онгойлгоод ууртай орж ирээд Б-аа ахиж архи ууя, аваад ир босооч гээд нүүр хэсэгт нь алгадаад дээрэлхээд байсан. Тэр хүүхэд аймар согтуу байсан. Тэгээд Б тэр хоёр майхнаас гарсан. Би майхан дотроо үлдсэн. Тэр хоёрын ярьж байгаа нь надад сонсогдоод байсан. Та нар өдөөд байгаарай, та нарт агсам тавьж үзүүлэх үү гээд Б-тай уулзаад байгаа нь сонсогдсон. Би хамт явж байсан хоёр найзыг нь та хоёр найзыгаа аваад яваач гэхэд эр хүмүүс юм ярьж байна, чи дуугүй байгаарай ал минь гээд байсан. Хажууд байсан Д, хамт явж байсан нэг найз нь одоо боль гээд зогсож байсан. Нээх сүртэй аймар зодоон болоогүй тэгээд гэнэт л Б надаа эмнэлэг дуудаад өг миний гар зүсэгдчихсэн, би сая хүн хутгалчихлаа гээд орилоод байхаар нь би түүнийг онгироод байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 34 дэх тал/ зэрэг болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаагаас улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан гаргасан тайлбар болон иргэдийн төлөөлөгчөөс гаргасан гэм буруугийн дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүхээс шүүх хуралдааны үед талуудын шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршиг, хохирогч болон шүүгдэгчийн харилцсан үйл баримтууд, урьдын харилцаа зэрэг нөхцөл байдлуудад үндэслэн улсын яллагчийн санаатайгаар үйлдсэн гэх гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэхээр тогтов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана.
Санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлогдох, ойр дотны хүмүүсийг нь заналхийлэх, тэдний дэргэд нэр төрийг гутаан доромжлох, бие махбодод нь халдах зэрэг хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчидсаны улмаас түргэн зуур болдог онцлогтой.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос асуусан асуултад “…өмнө нь зодож байгаагүй ч ам хэлээрээ бол дээрэлхдэг байсан…” тухай мэдүүлснээс гадна шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Б-гаас “…ойролцоогоор 30 минутаас нэг цаг орчим элдвээр доромжилж, айлган сүрдүүлж, биед халдаж, найз охин болон бусад найзуудыг нь гутаан доромжилж байсан...” талаар тодорхой мэдүүлсэн болохыг нэмж тэмдэглэх нь зүйтэй.
Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн У.Е, Д.С нарыг хэл амаар доромжилж, шүүгдэгчийн найз охины толгойг хагална, майхныг шатаана, чамайг ална гэх зэргээр хууль бус үйлдэл гаргасны улмаас шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан байна гэж шүүхээс бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмзэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээд сэтгэл санааны хүчтэй цочролд орж хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагддаг болно. (УДШ-ийн 2018.04.11-ний №156 тогтоол)
Эрүүгийн хуульд хүний эрүүл мэндэд халдсан аливаа үйлдлийг санаатай болон цочрон давчидсаны улмаас гэж гэм буруугийн сэдэлт санаа зорилгыг хоёр ялган зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг оновчтой, үр дүнтэй, ялгамжтай байх зорилгод нийцүүлэхээс гадна шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд тохируулан оногдуулахаар тусад нь зүйлчилжээ.
Тодруулбал Эрүүгийн хуульд цочрон давчдах гэх энэ шинжийг зааж өгснөөрөө аливаа гэмт үйлдэл нь ямар шалтгаантай, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хохирогч холбогдогч хоёрын урьдын харилцаа, хамаарал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, шалтгаант холбоо, сэдэлт, зорилго зэрэг олон нөхцөл байдлуудыг харгалзаж дүгнэлт хийсний үндсэн дээр тохирох зүйлчлэлээр нь зүйлчлэх тухайн хууль зүйн ойлголт юм.
Харин анагаахын шинжлэх ухааны сэтгэцийн эрүүл мэндийн салбарт цочрон давчдах гэдэг нь “panic attack” буюу гэнэтийн хүчтэй айдас, түгшүүр богино хугацаанд болж өнгөрөх гэж тодорхойлжээ. Үүний гол шинжүүд нь зүрх дэлсэх, зүрхний цохилт түргэсэх, амьсгал давчдах, амьсгал боогдох, хөлс гарах, чичрэх, даралт ихсэх, цээжээр өвдөх, толгой эргэх, ухаан алдах хэлбэрээр илэрнэ гэсэн гол шинжүүдийг дурджээ.
Гэтэл цочрон давчидсаны улмаас үйлдсэн байна гэх хууль зүйн шинжлэх ухааны ойлголтыг анагаахын шинжлэх ухааны салбарт тодорхойлогдож байгаа бие махбодод орсон өөрчлөлттэй ижилсүүлж нэг ойлголт мэтээр тайлбарлаж шинжээчийн дүгнэлтээр тогтоох боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Э.Б-ын үйлдлийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжгүй байх тул Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч Э.Б-ын үйлдэл Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч Э.Б нь С.Л-ийн эрүүл мэндэд халдах үедээ сэтгэл санааны хүчтэй цочролд орж хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хүнд гэмтэл учруулахад хүрсэн байх бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй /1хх-ийн 233-235 дахь тал/ бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…” гэжээ.
Хохирогч С.Л-ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7723 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 43-45 дахь тал/-ээр тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч С.Л-ийн сэтгэцэд учирсан хор уршиг нь “Хоёрдугаар зэрэглэл”-д хамаарч байгаа болохыг Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 185 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 60-62 дахь тал/-ээр тогтоосон байна.
Иймд Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар/-г 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохоор шийдвэрлэлээ.
Тодруулбал, 550.000×5=2.750.000 төгрөгийг сэтгэл санааны хор уршигт гаргуулахаар шийдвэрлэв.
Хохирогч С.Л нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар 620.400 төгрөгийн хохирол, төлбөрийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд 1.000.000 төгрөгийн хохирол, төлбөр төлж барагдуулсан байна. Мөн шүүх хуралдааны өмнө хохирогчид 2.400.000 төгрөг төлж барагдуулсан талаар талууд шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотойгоор санал, гомдол байхгүй талаар мэдэгдсэн болно.
Иймд шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна гэж шүүхээс дүгнэлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “…гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад…” нөхөн төлүүлнэ гэж хуульчилжээ.
Хохирогч С.Л нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.077.450 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байх бөгөөд шүүгдэгч нь уг зардлыг төлж барагдуулаагүй байна.
Иймд шүүгдэгч Э.Б-ыг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх 3.077.450 төгрөгийн төлбөртэй байна гэж үзлээ.
Мөн хохирогч С.Л нь гэмт хэргийн улмаас цаашид учирч болох гэм хорын зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 21 сантиметрийн урттай, бор өнгөтэй, модон иштэй 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Хохирогчийн өмгөөлөгчөөс улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулан: “...Шүүгдэгчид торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулан: “...Шүүгдэгчид торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Хохирогч С.Л нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулан: “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Э.Б нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулан: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүхээс Э.Б-д хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, сэтгэл санааны хямрал, бие махбодын зовуурь шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, гэм буруудаа гэмшиж байгаа байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдалтай нь холбоотой дараах баримтуудыг судалсан болно. Үүнд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 17 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 47 дахь тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 46 дахь тал/,
Гэрч Т.А мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Миний хүү зан байдлын хувьд мартамхай, ой тогтоолт муу, заримдаа дуугаа хураадаг, сэргэлэн цовоо биш, тайван ажилсаг, нийтэч тусархаг, цэвэрч нямбай, эцэг, эх, ангийн багшаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайн бүрд нь биелүүлдэг, хүмүүжил сайтай хүүхэд юм. Эрүүл мэндийн тал дээр бие махбод сул, 10 настай байх үедээ гэдэсний хүнд хагалгаанд орж байсан, зам тээврийн осолд орж, тархи толгой нь өвддөг, зүрх муутай, бага байх үедээ гэрээсээ гараад төөрдөг байсан, ой тогтоолт сул байдаг, тухайн үед эмнэлгийн хяналтад орох гэсэн боловч эцэг эхийн зүгээс ажил төрөлтэй байсан учир хяналтад оруулж чадаагүй тул хяналтад байдаггүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 239 дэх тал зэрэг болно.
Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн; хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг тус тус хөнгөрүүлэн үзлээ.
Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хэрхэн дүгнэлт хийж буй зэргийг нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.
Зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг тогтоохдоо шүүгдэгч Э.Б-ын *** дүүрэгт оршин суудаг байдлыг харгалзан *** дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр хязгаарлахаар тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 21 сантиметрийн урттай, бор өнгөтэй, модон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд *** дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б-аас 3.077.450 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 21 сантиметрийн урттай, бор өнгөтэй, модон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хохирогч С.Л нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ
ШҮҮГЧИД Б.БАТСАЙХАН
М.ТҮМЭННАСТ