2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2008

 

 

 

 

 

 

 

   2025        08          25                                     2025/ШЦТ/2008

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг, Г.Эрдэнэбат,

Улсын яллагч А.Марал /томилолтоор, цахимаар/,

Хохирогч О.У,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Б /цахимаар/,

Шүүгдэгч Б.Бж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бжд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403 00000 1074 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** өдөр *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, *****мэргэжилтэй, *** хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, **тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн ********дугаартай, Б.Бж.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Бж нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисдэг машины төвийн зүүн талын хаалганы гадна замд ****маркийн ****УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч болох О.Уыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Бж нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисдэг машины үйлчилгээний төвийн гадна өөрийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй ****УЕН улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгсэлдээ ойр зуурын эд зүйлс авахаар явж байсан. Уг үйлчилгээний төвийн авто зогсоол руу нэвтрэх хэсгийн дугаар таньдаг хэсэгт очиход дугаарыг маань танихгүй байсан тул дугаар таниулах оролдлого хийж ухарч байх үедээ санамсар болгоомжгүй байсны улмаас уг осол болсон. Уг ослоос болж бусдын эрүүл мэндэд гэмтэл, хохирол учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Хохирогч О.У болон түүний ар гэрээс уучлалт хүсэж байна. Миний бие ***, **хүүхдийн хамт амьдардаг. Би 2002 онд жолооч болсон, 23 жилийн турш жолоо барьж байгаа бөгөөд жолоодох эрхийн бүх ангилалтай. Өнгөрсөн хугацаанд жолоодох эрхээ хасуулж байгаагүй, мөн эрхээ хасуулах хэмжээний зөрчил гаргаж байгаагүй. Энэ хугацаанд хот хоорондын зорчигч тээвэр, хот хоорондын ачаа тээвэр, захирлын жолооч, жуулчин тээврийн жолоочийн ажлуудыг хариуцлагатайгаар гүйцэтгэж байсан. Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймгийн хүнд даацын автомашин жолоодож гэр бүлээ тэжээх, амьдралаа залгуулж байгаа. Хохирогч О.Уыг эмнэлэгт хүргэгдэж очсон өдрөөс хойш гарах хүртэлх өдөр бүр эргэж очиж байсан, хэрэгтэй зүйлсийг нь асуугаад авч өгч байсан, 2024 оны 11 дүгээр сарын 11, 13, 15, 18, 20, 22-ны өдрүүдэд гэмтлийн Мөнгөн гүүр эмнэлэгт боолт хийлгүүлж, хүргэж өгч, авч байсан. 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр оёдлыг бүрэн авч дууссан тул цаашид боолт хийх шаардлагагүй болсон. Мөн Өнөөдрийг хүртэл нийт 9.749.900 төгрөгийг хохирогчийн эмчилгээ, үйлчилгээнд зарцуулсан. Эм, эмчилгээний зардалд 2.465.000 төгрөг, бэлнээр өгсөн болон бусад зүйлс авч өгсөн нь 7.284.000 төгрөг болсон...” гэв.

Хохирогч О.У нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хувьд хөлийн төмөр авхуулах хагалгааны зардал, хагалгааны дараах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна. 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өглөө 09 цагаас хичээлдээ явчхаад 12 цагт тараад, Баянбүрдийн автобусны буудал дээр буугаад Бөмбөгөр худалдааны төв орж хүүхдэдээ гутал авах гээд явж байсан. Таксинд суусан боловч Нисдэг машины орчимд таксины жолооч түгжээтэй байна буугаад алхчих гэхээр нь буугаад алхаж байхдаа 2 машины голоор явган хүний гарц дагуу зай байхаар нь гарах үед урд талын машин арагшаа хүчтэй ирж миний хөлийг хавчсан. Надад баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй. Нийт 9.700.000 орчим төгрөгийг авсан...” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...****улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. ...Машин маань ухрах камертай...” гэв.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3 дахь тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дахь тал/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 дэх тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10 дахь тал/,

Хохирогч О.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 20 дахь тал/,

Иргэний хариуцагч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 23 дахь тал/,

Автотээврийн Үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 24, 37 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 32 дахь тал/,

Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 39 дэх тал/,

Цагдаагийн Ерөнхий газрын Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 48 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Б.Бгаас гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх баримтууд /хх-ийн 56-75 дахь тал/,

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 77 дахь тал/,

Тээврийн Прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 497 дугаартай “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” Прокурорын тогтоол /хх-ийн 80-81 дэх тал/,

2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” Мөрдөгчийн тогтоол /хх-ийн 82 дахь тал/,

“Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4-184 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 108-109 дэх тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14670 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-88 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ЕГО825/2255 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 195-197 дахь тал/,

“Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 485 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95-98 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1941 дугаартай магадалгаа /хх-ийн 114-115 дахь тал/,

Яллагдагч Б.Бжын мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 130 дахь тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Тээврийн Прокурорын газраас яллагдагч Б.Бжд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б.Бжаас гэрчээр мэдүүлэг /хх-ийн 44 дэх тал/ авсан нь түүнийг хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.

Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Б.Бжын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Бж нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисдэг машины төвийн зүүн талын хаалганы гадна замд **** маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ухрах үедээ явган зорчигч болох О.Уыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон, нотлох баримтын хүрэлцээт байдал хангалттай байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Б.Бж нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисдэг машины төвийн зүүн талын хаалганы гадна замд **** маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ухрах үедээ явган зорчигч болох О.Уыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Бж нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол…” гэжээ.

Яллагдагч Б.Бжын мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Би тухайн өдрийн 13 цагийн орчимд эхнэр Б.Бгийн эзэмшлийн ** маркийн ****дугаартай автомашиныг жолоодоод Нисдэг машин нэртэй үйлчилгээний төв рүү орохоор хаалт хэсэг дээр нь зогсож байсан, тэгээд хаалт нь онгойхгүй байхаар нь улсын дугаараа таниулах гээд ухрах үйлдэл хийхэд мөн хаалт нь онгойхгүй байсан, тэгэхэд арын машин бага зэрэг ухрах үйлдэл хийхээр нь ахиад жоохон ухарчихъя гэж бодоод ухартал машины хойгуур гарч явсан явган зорчигчийг мөргөж ард зогсож байсан машинтай хавсарсан. Би урагш хөдлөөд машинаа зогсоогоод буугаад харахад 20-25 орчим насны эмэгтэй хүн хагас суугаад хөл хөдөлж болохгүй байна гээд хэвтсэн, ингээд түргэн болон цагдаа дуудсан. ...Би одоогоор 3.500.000 орчим төгрөг эрүүл мэнд болон бусад зүйлд зарцуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 130 дахь тал/ авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлэг нь дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3 дахь тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дахь тал/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 дэх тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10 дахь тал/,

Хохирогч О.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө хичээлдээ явчхаад 12 цагт тараад гэртээ оччихоод тэндээсээ Бөмбөгөр худалдааны төв орж хүүхдэдээ авсан гутлыг солиулахаар ганцаараа алхаад явсан. Бөмбөгөр орохоор замын баруун талд гараад такси барьсан. Таксинд суугаад явж байтал түгжрэл ихтэй байсан болохоор жоохон явж байгаад нисдэг машин төвийн хойд хэсэгт буусан. Таксинаас буугаад замын баруун талаар явган хүний замаар хойноос урагш чиглэлтэй алхаж байгаад нисдэг машин төвийн зүүн хойд талын машин ордог уулзвараар гарах гэтэл 2 машины голд нэг хүн багтахаар зай байхаар нь дундуур нь гарах гэтэл урд талд нь зогсож байсан жийп машин хойш хүчтэй ухраад миний 2 хөлийг мөргөх шиг болохоор тэрхэн үед шууд зүүн хөлөө татаж авсан боловч миний баруун талын хөлийг аль хэдийн хойд талын машинтай хавччихсан байсан. Би орилоод тэнд байсан хүмүүс хөөе чи хүн дайрчихлаа шүү дээ гэж хэлэх үед тухайн ухарч мөргөсөн машин урагшаа болж би хөл дээрээ тогтож чадахгүй хажуу тал руугаа унасан. Хөлөө харахад миний баруун талын хөлийн хэлбэр алдагдсан байсан бөгөөд гуя хөл маань хөдөлж болохгүй байсан. Түргэн тусламж 20 орчим минутын дараа ирж намайг үзээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг дээр очоод үзүүлэхэд баруун хөлийн дунд чөмөг хугарсан хагалгаанд орно гэсэн. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хагалгаанд ороод нийт 7 хоног эмнэлэгт хэвтээд гэртээ гарсан. Одоо гэрээр эмчилгээ хийлгэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай нөхөр болох Б.Бж нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 12 цаг өнгөрч байхад манай ажил болох ** дугаар байрны гаднаас миний эзэмшлийн ****маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа Нисдэг машин төв орж машиндаа гэрэл авахаар явсан. Түүнээс хойш удаагүй 13 цаг 05 минутад манай нөхөр Б.Бж над уруу утсаар залгаад ханиа би хүн шүргэчихлээ одоо Нисдэг машин төвийн гадаа байна гэсэн. Би ажлаасаа явганаар гараад Нисдэг машин төвийн зүүн талын тээврийн хэрэгсэл ордог хаалганы орчим 10 минутын дотор ирэхэд мөргүүлсэн явган зорчигч эмэгтэй тээврийн хэрэгслийнх нь ар талд шалавчин дээр хэвтүүлсэн байдалтай байсан. Осол болсон газарт миний эзэмшлийн тээврийн хэрэгслийн ар талд цэнхэр өнгийн ****маркийн ****тээврийн хэрэгсэл зогсож байсан. Миний тээврийн хэрэгслийн мөргөсөн хэсгээр бага зэрэг будаг нь халцарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй. Яаралтай түргэн тусламж ирээд мөргүүлсэн эмэгтэйг үзээд аваад явсан, дараа нь 3 цагийн дараа тээврийн цагдаагаас бүрэлдэхүүн ирж хэмжилт хийгээд миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг ачуулсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дахь тал/,

Иргэний хариуцагч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хохиролтой холбоотой асуудлыг нөхөр өөрөө хариуцна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дахь тал/,

Автотээврийн Үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн: “...Тээврийн хэрэгсэл: ****, Эзэмшигч: Б.Б...” гэх лавлагаа /хх-ийн 24 дэх тал/,

Автотээврийн Үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн: “...Тээврийн хэрэгсэл: ****Toyota Prius, Эзэмшигч: *** газар...” гэх лавлагаа /хх-ийн 37 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод эрүүгийн ахлах мөрдөгч, ахлах дэслэгч П.Б, сонсогч Н нарын хамт албаны цэнхэр өнгийн *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй албан ажлаар ирсэн. 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн орчим албаны **маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний бие жолоодоод жолоочийн хажуу талын суудал дээр эрүүгийн ахлах мөрдөгч П.Б суугаад, арын суудал дээр манай нэг алба хаагч Жанлавцогзол суугаад Баянбүрдийн хойд талд хаяг шалгах хэрэгтэй болоод зогсоол хайж яваад Нисдэг машин төвийн зогсоол руу машинаа оруулж байрлуулахаар болсон. Хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байгаад Нисдэг машин төвийн баруун хойд хаалга руу ордог зам руу баруун тийш эргээд орох гэтэл урд талд хаалт дээр хаалт онгойхыг хүлээгээд нэг *** маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Би тээврийн хэрэгслээ тухайн тээврийн хэрэгслийн ард нь 2-3 метр гаруй зайтай зогсож байтал хойноос урагш чиглэлтэй явган хүний замаар нэг эмэгтэй манай тээврийн хэрэгслийн урдуур, *** маркийн тээврийн хэрэгслийн ар талаар гарах үед гэнэт тухайн *** маркийн тээврийн хэрэгсэл огцом ухрах үйлдэл хийгээд хойд талд нь явж байсан явган зорчигчийг манай албаны тээврийн хэрэгслийн урд хэсэгтэй хавсраад хавччихсан. Тухайн тээврийн хэрэгслийг ухраад хүн хавчих үед нь би сигнал өгөөд ахлах мөрдөгч П.Б цонхоо онгойлгоод урагшаа болооч ээ хүн мөргөчихлөө шүү дээ гэх үед тухайн *** маркийн тээврийн хэрэгсэл урагш болсон, тэр үед хавчуулагдсан эмэгтэй хавчуулагдсан газраа доош болоод суусан. Бид нар бүгд буугаад тухайн мөргүүлсэн эмэгтэйг хөлөө хөдөлгөж чадаж байна уу гэхэд хөлөө хөдөлгөж чадахгүй байна, хөлөө мэдрэхгүй байна гээд орилоод байсан. Тухайн *** маркийн тээврийн хэрэгслийн жолоочоос яагаад ухарчихваа гэж асуухад тэр жолооч эрэгтэй араагаа андуурч ухраад хүн мөргөчихлөө гээд сандраад орилоод байсан. Яаралтай түргэн тусламж 20 орчим минутын дараа ирж мөргүүлсэн эмэгтэйг үзээд хөл нь гэмтсэн байна гэж хэлээд хөлд нь чиг тавиад аваад явсан. 2-3 цагийн дараа замын цагдаагаас бүрэлдэхүүн ирж хэмжилт хийгээд намайг болон *** маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг драйгер багажаар үлээлгэхэд 0,000% гарсан. ...эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэхэд 1.310.000 төгрөгийн хохирол учирсан байна, хохирлоо нэхэмжилж байна...ослоос болж миний биед гэмтэл шарх байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дахь тал/,

Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод эрүүгийн мөрдөгч, дэслэгч М.Б, сонсогч Н нарын хамт албаны цэнхэр өнгийн **маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй албан ажлаар ирсэн. 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн орчим албаны ** маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрүүгийн мөрдөгч М.Б жолоодоод жолоочийн хажуу талын суудал дээр би, арын суудал дээр манай нэг алба хаагч Ж суугаад Баянбүрдийн хойд талд хаяг шалгах хэрэгтэй болоод зогсоол хайж яваад Нисдэг машин төвийн зогсоол руу машинаа оруулж байрлуулахаар болсон. Хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байгаад нисдэг машин төвийн баруун хойд хаалга руу ордог зам руу баруун тийш эргээд орох гэтэл урд талд хаалт дээр хаалт онгойхыг хүлээгээд нэг *** маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Манай албаны тээврийн хэрэгсэл нь тухайн тээврийн хэрэгслийн ард нь 1 метр гаруй зайтай зогсож байтал хойноос урагш чиглэлтэй явган хүнийг замаар нэг эмэгтэй манай тээврийн хэрэгслийн урдуур, *** маркийн тээврийн хэрэгслийн ар талаар гарах үед гэнэт тухайн *** маркийн тээврийн хэрэгсэл огцом ухрах үйлдэл хийгээд хойд талд нь явж байсан явган зорчигчийг манай албаны тээврийн хэрэгслийн урд хэсэгтэй хавсраад хавччихсан. Тухайн тээврийн хэрэгслийг ухраад хүн хавчих үед нь М.Б сигнал өгөөд би цонхоо онгойлгоод урагшаа болооч хүн мөргөчихлөө шүү дээ гэх үед тухайн *** маркийн тээврийн хэрэгсэл урагш болсон, тэр үед хавчуулагдсан эмэгтэй урагшаа унасан. Манай машинд сууж байсан жолооч алба хаагчид бүгд буугаад тухайн мөргүүлсэн эмэгтэйг хөлөө хөдөлгөж чадаж байна уу гэхэд хөлөө хөдөлгөж чадахгүй байна, хөлөө мэдрэхгүй байна гээд орилоод байсан. Тухайн *** маркийн тээврийн хэрэгслийн жолоочоос яагаад ухарчихваа гэж асуухад тэр жолооч эрэгтэй би яагаад ухарчихваа гээд сандраад орилоод байсан. Яаралтай түргэн тусламж 20 орчим минутын дараа ирж мөргүүлсэн эмэгтэйг үзээд хөл нь гэмтсэн байна гэж хэлээд хөлийн чиг тавиад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дэх тал/,

Цагдаагийн Ерөнхий газрын Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 48 дахь тал/,

Тээврийн Прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 497 дугаартай “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” Прокурорын тогтоол /хх-ийн 80-81 дэх тал/,

2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” Мөрдөгчийн тогтоол /хх-ийн 82 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14670 дугаартай: “...О.Уын биед баруун дунд чөмөгний зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-88 дахь тал/,

“Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 485 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95-98 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1941 дугаартай: “...а/ Жолооч: Б.Бж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

б/ Жолооч: М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна.

в/ Явган Зорчигч: О.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна...” гэх магадалгаа /хх-ийн 114-115 дахь тал/ болон шүүх хуралдааны үед талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, шүүх хуралдааны үед өгсөн талуудын мэдүүлэг зэргүүдэд үндэслэн дүгнэвэл шүүгдэгч Б.Бжын үйлдлийн улмаас хохирогч О.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргүүдийг хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч Б.Бжын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” эрхтэй гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Шүүгдэгч Б.Бж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг мэдэж байсан боловч хохирол, хор уршигт зориудаар хүргээгүй байх бөгөөд түүний үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэжээ.

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14670 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-88 дахь тал/-ээр хохирогч О.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно…” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч О.Уын сэтгэцэд учирсан хор уршиг нь “Хоёрдугаар зэрэглэл”-д хамаарч байгаа болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ЕГО825/2255 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 195-197 дахь тал/-ээр тогтоогдсон байна.

Хохирогч О.Уын сэтгэцэд учирсан Хоёрдугаар зэрэглэлийн хор уршигт тооцсоныг шүүхээс хор уршгийг арилгахдаа Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дүгээр зүйлд “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-ын хүснэгтэд “Хоёрдугаар зэрэглэл”-д нөхөн төлбөрийн хэмжээг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээгээр тогтоож олгоно гэсний дагуу шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэмтлийн тоо, гэмтлээс үүссэн хор уршиг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцохдоо хохирогч О.Уад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэжээ.

Өөрөөр хэлбэл гэмт үйлдлийн улмаас шууд учирсан хохирлоос үүдэн хохирогчид цаашид учирч буй бие махбодын буй зовуурь шаналал, сэтгэл санаанд үүсэж буй тавгүй байдал, амьдралын хэвийн горим алдагдсанаас улбаалж хохирогчийн нийгэм, эдийн засаг, бие махбодод үүсгэж буй  хүндрэлийг хэлэх юм.

Энэхүү нөхцөл байдлуудыг арилгаж, хохирогчийг хохирсон дээр нь дахин хохироохгүйн тулд гэмт хэргийн улмаас алдагдсан бүхий л боломжийг нь тодорхойлж үнэлэх шалгуур аргыг хууль тогтоогчоос шинэчлэн найруулсан Шүүх шинжилгээний тухай хуульд мөнгөн хэлбэрээр үнэлэх хэлбэрээр тогтоон олгох эрх зүйн үндэслэлийг бий болгосон нь эрүүгийн эрх зүйн хөгжлийн хувьд төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “…Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх…” баталгаатай эдлэх эрхийг үндэсний эрх зүйн системд бэхжүүлсэн юм.

Иргэний хуулийн 507 дугаар зүйлийн 507.1 дэх хэсэгт “Эрүүл мэндэд нь гэм хор учирснаас болж, хөдөлмөрийн чадвараа хагас алдсан иргэний хөдөлмөрийн чадвар нь цаашид дордох буюу авч байгаа тэтгэврийн хэмжээ багасвал гэм хор учруулсны төлбөрийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй”, мөн хуулийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан нь хохирогч хор уршгаа нэхэмжлэхдээ тухайн үеийн хугацаанд үүссэн төлбөрийн дүнгээр нэхэмжлэх эрх нь үндэсний эрх зүйн системд нэгэнт тогтсон хууль зүйн үндэслэл юм.

 Иймд хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхдээ хохирол учирсан өдрөөр бус хор уршиг хэзээ илэрсэн өдрөөр тооцох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь…, …зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино…” гэж заасанд нийцэх юм.

Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж заасан нь шүүхийн шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл болсон аливаа хууль тогтоомж нь хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байх нь шүүхийн шийдвэр өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцнэ.

Иймд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмж, 792.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн тул тус хэмжээгээр тогтоож олгохоор шийдвэрлэв.

Тодруулбал 792.000 × 8 = 6.336.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч О.Уад олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогч О.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй ба шүүхийн шатанд “өвчтэй байх хугацаанд нөхөр нь асарсан тул ажил хийгээгүй хугацааны цалин хөлсийг нь нэхэмжилнэ” гэсэн боловч түүнээс гаргаж өгсөн “Их Хаадын Чулуу” ХХК-ийн тодорхойлолт нь хаана, хэнд хандаж байгааг дурдаагүй, огноо дугааргүй баримт /хх-ийн 173-174 дэх тал/ байхаас гадна уг баримт нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байх тул уг хохирлыг шүүхээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.Бж болон иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Б нар нь хохирогч О.Уад эмчилгээ, үйлчилгээ, эд зүйлс зэрэг зардлыг төлж барагдуулсан талаарх баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд хохирогч нь тухайн баримтад дурдагдаж буй хохирол, төлбөр, эд зүйлсийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Б.Бжын хохирогч О.Уын эмчилгээ, үйлчилгээнд зарцуулсан төлбөрөөс “БСБ Компьютерс” ХХК-аас худалдан авсан 2.399.900 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер /хх-ийн 73 дахь тал/, хохирогчийн хүүхдийн үсний найранд зориулж авч өгсөн гэх 690.324 төгрөгийн үнэ бүхий хүнсний зүйлс зэрэг нь хохирогчид учирсан гэмтлийн улмаас гарч буй зардал биш байх тул үүнийг шүүгдэгчээс гаргуулах төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй.

Дээрх төлбөрийн зөрүү болох 3.245.766 төгрөгийг шүүгдэгч Б.Бж нь хохирол, төлбөрийг нөхөн төлөх хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд бүрэн төлж барагдуулсан болно.

Мөн шүүгдэгч Б.Бжын хууль бус үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч М.Бд 1.310.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4-184 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 108-109 дэх тал/-аар тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч нь уг хохирлыг төлж барагдуулсан /хх-ийн 59 дэх тал/ байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “…гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад…” нөхөн төлүүлнэ гэж хуульчилжээ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Уын авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалтай холбогдуулан эрүүл мэндийн даатгалын байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон үйл баримт хэрэгт авагдаагүй байх боловч шүүгдэгч нь хохирогч О.Уын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 1.732.640 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төлсөн /хх-ийн 78 дахь тал/ байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Бжыг баримтаар бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.Бжын хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч О.У нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Бж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.Бжд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох оногдуулах, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.

Хохирогч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналтай холбогдуулан “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүй өөр хариуцлага оногдуулмаар байна...” гэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналтай холбогдуулан “...Миний ганц мэргэжил жолооч, жолооны эрхтэйгээ үлдмээр байна...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дахь тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Бжд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзлээ.

Шүүгдэгч Б.Бжд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Бжд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бж нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Бж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Бжд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б.Бжыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бжын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Бж нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бжын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Бж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч О.У нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бжд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ШИНЭХҮҮ