Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2023/00618

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2023/00618 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ***** хороо, *** гудамж, *** тоотод орших суух Ш овогт Л.Ц /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ****хороо, *** байр, ** тоотод оршин суух Ө овогт Л.Э /РД:****/-д

Хариуцагч:Хан-Уул дүүргийн ****хороо, ******** тоот, **тоот хаягт оршин суух Б овогт Б.Б /РД:***/ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 5,851,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Л.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц зээлийн гэрээний үүрэгт 5,851,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь 2022 оны 0***** сарын 22-ны өдөр Б.Бд эхлээд бэлнээр 700,000 төгрөг, дараа нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин 1,500,000 төгрөг бэлнээр, нийт 2,200,000 төгрөгийг өгсөн. Мөн уг өдөр болох 2022 оны 0***** сарын 22-ны өдөр Л.Эд 3,000,000 төгрөгийг бэлнээр, дахин 1,651,000 төгрөгт хүнсний бараа тооцуулан тус тус өгч, нийт 3,651,000 төгрөг өгсөн. Хариуцагч нар 2022 оны 0***** сарын 22-ны өдөр бичгийн баримт үйлдэн 3,651,000 төгрөгийг Л.Э нь авснаа нотолж, мөн өдөр 2,200,000 төгрөгийг Б.Б нь авснаа тус тус нотолж, өөрсдийн гарын үсэгтэй, бичгийн баримт үйлдэн ... нийт 5,851,000 төгрөгийг, 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэхэд шилжүүлж дуусгавар болно. гэж баталгаа гаргасан. Гэвч нэхэмжлэгч Л.Ц би дээрх 5,851,000 төгрөгийг өөрийн гараар хариуцагч нарт бэлтнээр өгсөн тул энэ хоёр хүн болох Л.Э болон Б.Б нарт холбогдуулан нэхэмжлэлээ тус шүүхэд гаргасан. Л.Э, Б.Б нар нь надаас дээрх мөнгийг авахдаа бид хоёр найдвартай өгнө, яг 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэхэд шилжүүлнэ, бид төсөл хэрэгжүүлдэг ажил хийдэг тул итгэж болно гэж хэлэхэд нь итгээд өгсөн. Хариуцагч нараас мөнгөө нэхэхээр одоо өгнө, 7 хоногийн дараа өгнө, 3 хоногийн дараа өгнө гэх мэтчилэн хэлсээр өнөөг хүрсэн. Иймд хариуцагч Б.Бгаас 2,200,000 төгрөг, хариуцагч Л.Эаас 3,651,000 төгрөг тус тус гаргуулж, нийт 5,851,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Ц надад олгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Л.Ц нь 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн шүүх хуралдаанд Хариуцагч Б.Б төлбөрөө төлсөн байгаа. гэж тайлбар гаргасан.

Хариуцагч Л.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Б гэх хүн энэ хүний таньдаг. Өөрөө ярьж Цэндсүрэн гэх хүнээс бараа таваар болон төлбөр тооцоог барагдуулах болохоор чи огт энэ зүйлд оролцоод хэрэггүй би төлнө гэж байсан. Цэндсүрэн гэх хүн бид хоёртой өөрөө ярьж уулзаж сонсож байсан. Б.Бгаас би өрөө төлчих хэмжээний төлбөр мөнгө авах ёстой байгаа бөгөөд энэ төлбөр тооцоог барагдуулах ёстой хүн нь Б.Б юмаа. гэжээ.

Хариуцагч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Э миний бие Л.Ц гэдэг хүнийг угаасаа танихгүй, тэр хүнтэй би харилцаж үзээгүй. Би энэ хүнээс мөнгө авч байгаагүй, 3,000,000 төгрөг гээд байгаа нь Б.Б миний дансаар Л.Цгээс авсан. Би Л.Цд тухайн үед хэлж байсан, яагаад миний данс руу авч байгаа вэ гэхэд Б.Б надад интернэт, мобайл банк байхгүй гэж хэлсэн. Б.Б нь өөрөө дансгүй, дандаа хүний дансаар мөнгө авдаг. Өөрийнх нь данс шүүхийн шийдвэр дээр хаалттай байдаг. Энэ мөнгөнүүдийг авсан байдаг. Би Л.Ц энэ мөнгийг төлөхгүй шүү, ийм учиртай шүү гэж удаа дараа хэлэхэд, манай албан газарт хуралтай байх үед хэсэг хүмүүстэй хамт орж ирж удаа дараа дайралт хийсэн. Тэгэхэд нь би түүнийг хурдхан явуулах гээд авч гараад надаар хүчээр гарын үсэг зуруулаад авч явсан байдаг. Энэ 4 дүгээр сарын 30-ны өдөр Б.Бгийн нөхөр нас барсан бөгөөд ямар ч орлогогүй ажилгүй хүн бөгөөд энэ тэрүүгээр баахан төсөл яриад манай эргэн тойрны компаниудыг луйвардаад явсан байдаг. Тэр дэлгүүрийн хүнсний зүйл авдаг өдөр юу болсон бэ гэвэл би 2 хүүхдийнхээ үсний найрыг хийсэн бөгөөд хүүхдүүдэд өгөх 50 бэлэг бэлдэж байтал Б.Б надад нөхөр маань үхэх гээд байна, уураг авах мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгчхээд одоо надаас ингэж мөнгө нэхэж байгаад Б.Б, Л.Ц нарт гомдолтой байна. Түүнээс биш би ийм 3 сая орчим төгрөгийн төлөө шүүхээр явж цаг заваа үрэх хүн биш ээ. Би тодорхой ажилтай, албан газартай, тодорхой хэдэн хүнийг цалинжуулаад явж байна. Л.Ц нь Б.Бтайгаа одоо үгсэн хуйвалдаад явж байна. Л.Ц намайг гарын үсэг зурчих тэгэх юм бол Б.Б төлнө гэсэн гэж хэлсэн. гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-03/, депозит дансны хуулга /хх-4,5/, ***** хүнсний дэлгүүрт төлбөр төлөх тухай гар бичмэл /хх-6/, Л.Цгийн депозит дансны хуулга /хх-7-10/,

Хариуцагч Б.Бгаас иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагч Л.Эаас иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар зэргийг гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Л.Э, Б.Б нарт холбогдуулан 5,851,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Ц нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Б.Бг 2,200,000 төгрөгийн зээлээ төлсөн, төлбөр тооцоогүй тул шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гээд хариуцагч Б.Бгаас татгалзжээ. Иймд хариуцагч Б.Бг шүүхэд албадан ирүүлэх шаардлагагүй тул тус хэргийг хянан шийдвэрлэв.

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие нь Б.Бд 2022 оны 0***** сарын 22-ны өдөр эхлээд бэлнээр 700,000 төгрөг, дараа нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин 1,500,000 төгрөг бэлнээр, нийт 2,200,000 төгрөг, Л.Эд 2022 оны 0***** сарын 22-ны өдөр Л.Эд 3,000,000 төгрөг өгсөн. Мөн 1,651,000 төгрөгт хүнсний бараа тооцуулан өгсөн. Хариуцагч нар нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нийт 5,851,000 төгрөгийг надад өгнө гэж бичгээр баталгаа үйлдсэн боловч төлөөгүй тул 5,851,000 төгрөгийг Л.Э, Б.Б нараас гаргаж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч Л.Э дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Б.Б нь энэ хүнээс авсан мөнгөө миний дансруу хийж авдаг байсан. Би энэ хүнээс мөнгө авч байгаагүй. Л.Ц нь миний ажил дээр ирээд орилоод байсан тул би баталгаанд гарын үсэг зурахаас өөр арга байгаагүй. Дэлгүүрийн барааг Б авсан. гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.Ц нь 5,851,000 төгрөгийн үнэ бүхий зээлийг Б.Б болон хариуцагч Л.Э нарт олгосон болох нь Могул оражн хүнсний дэлгүүрт төлбөр төлөх тухай баталгаагаар тогтоогдож байна. Тус гэрээгээр 5,851,000 үнэ бүхий зээл, хүнсний барааг Б.Б болон Л.Э нарт шилжүүлэх, Б.Б болон Л.Э нар нь 5,851,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төлөхөөр талууд тохиролцжээ.

Талууд тохиролцооны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Л.Цгээс хүнсний барааг зээлээр авч эхэлсэн бөгөөд 2022 оны 0***** сарын 22-ны өдөр ***** хүнсний дэлгүүрт төлбөр төлөх тухай баталгааг үйлджээ.

Талуудын хооронд байгуулсан тохиролцооны агуулгаас үзэхэд тэдний дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 283.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан байх ба талууд хамтдаа гарын үсэг зурж үйлдсэн ***** хүнсний дэлгүүрт төлбөр төлөх тухай баталгааг нэршлээс үл хамааран зээлийн гэрээ үзнэ.

Зээлийн гэрээг нөхөж бичгээр байгуулж, хүсэл зоригийн илэрхийллээ хожим баталгаажуулж бичгийн хэлбэрт оруулсан нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим болох Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцэж байна.

Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр тохиролцсон үнийн дүнгийн талаар маргаагүй. Харин хариуцагч Л.Эаас гэрээний төлбөрийг Б.Бгаар дамжуулан төлсөн, гэрээнд аргагүй эрхэнд гэрээнд гарын үсэг зурсан гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Л.Ц болон хариуцагч Э нарын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан ба хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, нэхэмжлэгчийн шахалтаар гэрээг байгуулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч нь Л.Ц нь Л.Э, Б.Б нарт холбогдуулан 5,851,000 төгрөгийн шаардлага гаргахдаа Б.Бгаас 2,200,000 төгрөг, Л.Эаас 3,651,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бгаас татгалзсан боловч 5,851,000 төгрөгийг Л.Эаас бүхэлд нь гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн ***** хүнсний дэлгүүрт төлбөр төлөх тухай гэрээнд Л.Э, Б.Б нар нь 5,851,000 төгрөгийг хамтран зээлсэн байх тул 5,851,000 төгрөгийн тал хувь болох 2,925,500 төгрөгийг Л.Эаас гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагч Л.Э нь зээлийн төлбөрийг Б.Бд шилжүүлсэн бөгөөд дансны хуулгаар тогтоогдоно гэж тайлбарлах боловч түүний шүүхэд өгсөн дансны хуулга нь түүнийх мөн эсэх, тэмдэглэсэн гүйлгээнүүд нь Б.Б болон нэхэмжлэгчийн дансруу хийгдсэн эсэх нь тодорхойгүй байх тул хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 2818 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Эаас 2,952,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Цд олгож, үлдэх 2,952,500 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11***** зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 2818 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Эаас 2,952,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Цд олгож, үлдэх 2,952,500 төгрөгийн гаргуулах, хариуцагч Б.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,566 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 62,182 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Цд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, **0 дугаар зүйлийн **0.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА