Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар  2021/ДШМ/706

 

 

 

 

 

 

   2021              7             27                                       2021/ДШМ/706                            

 

 

Ч.Чд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Ч.Ч, түүний өмгөөлөгч Ц.Амар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/238 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Чий гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2103 00018 0047 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Чын Ч, ............ оны ... дүгээр сарын .....-ны өдөр  ................... төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...................” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, .......... аймгийн ............... сум, .... баг, ..... дүгээр байрны ... тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч дүүгийн хамт ................. дүүргийн .... дүгээр хороо, ............ тоот хаягт түр оршин суудаг, /РД:............................./;

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 738 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Ч.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүй 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 713 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 547 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч Ч.Ч нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22 цаг 40 минутын үед Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрд төвийн хойд замд “Kia Bongo” маркийн 40-71 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, мөн дүрмийн 12.4-т заасан Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Өыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн дүүргийн прокурорын газраас: Ч.Чий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хасар овгийн Чойжилжавын Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад тус тус заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ч.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Чд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, Ч.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чойжилжав овогтой Ч миний бие 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо буюу Баянбүрд төвийн ард талын зам дээр зам тээврийн осол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн нь үнэн болно. Иргэн С.Өын биед хүнд гэмтэл учруулж, зам тээврийн осол гаргасандаа маш их гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Хохирогч С.Өт учруулсан хохирол болох хагалгааны төлбөр, эм тариа, эмнэлэгт гарсан төлбөрийг төлж хохирол, гомдолгүй болгосон. Миний бие 2017 онд эцэг, эхээ өвчний улмаас алдаж, дүү охины хамтаар бүтэн өнчин болж үлдсэн. Миний дүү Д.Алтанзул нь энэ жил 12 дугаар ангиа төгсөж, их дээд сургуульд орох юм. Дүү минь асран хамгаалагчгүй үлдсэн. Энэ нөхцөл байдлыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ч.Ч нь өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруу дээрээ ямар нэгэн байдлаар маргадаггүй. Мөн бусдад төлөх төлбөргүй буюу хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдаг. Энэ хэрэг дээр өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаж байсан. Шүүгдэгч Ч.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдаж байсан. Тус хэрэг нь одоо прокурорын шатанд хянагдаж байгаа. Тухайн үед өмгөөлөгчийн зүгээс хэргийг нэгтгэн шалгуулах хүсэлт гаргаж байсан. Уг хүсэлтдээ 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхэлж дагаж мөрдөгдөж байгаа Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхлэхэд хоёр зүйл анги нь тус тусдаа байхад Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжтой эсэх нь тодорхойгүй байсан учраас ийм хүсэлт гаргаж байсан. Дээрх нөхцөл байдлыг шүүх тогтоолдоо дүгнэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт хамаарахгүй, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар тус тусад нь өршөөл үзүүлэх боломжтой гэсэн. Иймд Ч.Чд холбогдох хэргийг өршөөлд хамруулж өгнө үү. Гол нь Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх эсэх дээр дүгнэлт хийж өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгчийн давж заалдах гомдолтой танилцахад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг болоод 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ялыг өршөөлд хамруулах үндэслэлтэй байна.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ч.Чий гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Ч нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22 цаг 40 минутын үед Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрд төвийн хойд замд “Kia Bongo” маркийн 40-71 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, мөн дүрмийн 12.4-т заасан Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Өыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол буюу гавлын зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархай суурь ясны хугарал, эрүүний үе, зүүн хацар ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, хатуу хальсны урагдал, их тархины дух болон зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, чамархай, дух, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч С.Өын “...Гандангийн ар талд найзтайгаа уулзаад нэг шил архи хувааж уугаад гэртээ харих гээд Тасганы овооноос Дөлгөөн нуур луу чиглэлтэй Баянбүрдийн замаар алхаж байснаа санаж байна, түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн чинь эмнэлэгт сэрсэн. Миний толгойн зүүн зулайны яс цөмрөөд судсаа дараад хагалгаанд орсон. Нүүрний арьс зулгараад шарх сорив тогтсон, зүүн хөлийн шагайн ар хэсэгт цус хурсан байсан...” /хх 20-21/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Бийн “...уг тээврийн хэрэгслийг манай ажилтан Ч жолооддог. Ч манай компанид 2020 оны 11 дүгээр сараас жолоочоор ажиллаж эхэлсэн. ...Чийг эрхээ хасуулсан гэдгийг мэдэхгүй байна. ...уг тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанд тавьж ББСБ-ын нэр дээр шилжүүлсэн боловч түр саатуулах байрны үйл ажиллагаанд ашиглаж болно гэсэн зөвшөөрөл байдаг. ...үнэлгээг хүлээн зөвшөөрнө. Хохирлоо Чээс нэхэмжилнэ...” /хх 118-119/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 552 дугаартай шинжээчийн “...С.Өын биед гавлын зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархай суурь ясны хугарал, эрүүний үе, зүүн хацар ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, хатуу хальсны урагдал, их тархины дух болон зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, чамархай, дух, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” /хх 29-32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн 440 дугаартай шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн “Kia Bongo” маркийн 40-71 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осол хэргийн газарт 75.64 км/цаг хурдтай явж байсан байх боломжтой...” /хх 43-47/,

Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн “...урд салхины шил цацарч хагарсан, урд буфер цуурч хагарсан, урд нүүр хонхойж будаг халцарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна...” /хх 52-55/ гэх дүгнэлтүүд,

“Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 1252 дугаар “...уг машины урд буфер хагарсан, урд салхины шил хагарсан, капут хонхойж цөмөрсөн, нүүр хонхойсон байв. Киа Бонго 40-71 УБЗ дугаартай автомашин 760.000 төгрөгийн шууд, 837.000 төгрөгийн нийт хохирол учирсан...” гэх үнэлгээ /хх 60/,

тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 34 дугаартай “...“Kia Bongo” маркийн 40-71 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.Ч /НЭ96091312/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 50 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Явган зорчигч С.Ө /ЧД67041474/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатай саад хийх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” гэх магадлагаа /хх 61-62/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг /хх 5-12/,

зам тээврийн ослын үеийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17/,

Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаанд “...Ч.Ч 2020.11.10. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар 1 жил “эрх хасагдсан”...” гэх лавлагаа /хх 26/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Чийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Ч.Чий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх тул “...хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг өөр ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий шүүгдэгч Ч.Чий гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин Ч.Чий үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж заасан үндэслэлд хамаарагдаж байх бөгөөд мөн хуулийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж заасны дагуу тэрээр гэм буруугаа зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/238 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Ч.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Ч.Чий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР                                          

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ