Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 279

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,                                                                                                                                

Шүүгдэгч Т.Дөлгөөн, түүний өмгөөлөгч С.Отгончимэг /ҮД: 0367/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овогт Түмэнбаярын Дөлгөөнд холбогдох эрүүгийн 201724000175 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчыг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөг бетон, арматурчин мэргэжилтэй, ам бүл 8, эцэг, эх, 3 дүү, эхнэр, охины хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 01-30 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 649 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар зарим ялыг нэмж нэгтгэж биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 539 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн.

 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 323Ө дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаагай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 3 жил 02 сар 06 хоногийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч, үлдэх 08 сар 06 хоногийн хугацаагаар хорих ялыг биечилэн эдлүүлэхээр тогтоож 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 80 дугаар шүүгчийн захирамжаар дээрхи ялаас эдлээгүй үлдсэн 03 сар 06 хоногийн хугацаагаар хорих ялаас мөн хугацаагаар тэнсэн суллагдсан, Жалайр овогт Түмэнбаярын Дөлгөөн, /РД:УБ95051310/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Т.Дөлгөөн нь 2017 оны 03 дугаар сарын 11-ний шөнө 23 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг, Сансар-32 худалдааны төвийн баруун талын замд Тоёота Приус маркийн 45-86 УНГ дугаартай бүрэн бүтэн бус буюу зүүн болон баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Баяндүүрэнг мөргөж амь насыг нь хохироож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх талуудын гаргасан хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Дөлгөөн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…“...100-н айл орж Цэрэндоржийг аваад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар-32 худалдааны төвийн урд замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 40-50 км/цагийн хурдтай явж байх үед явган хүний гарцаар баруунаасаа зүүн чиглэлтэй нэг эрэгтэй хүн гэнэт машины урдуур гүйхэд нь зүүн гар тал руугаа дараад тоормосоо гишгэсэн боловч машины зүүн урд хэсэгт тухайн хүн мөргөгдөж зам дээр унасан юм. Тэгээд би машинаа зогсоосон. Улмаар би 102, 103-т дуудлага өгсөн. Ингээд эхэлж түргэн тусламжийн машин ирж эмч нь машинаасаа бууж ирээд тухайн хүнийг үзээд "өөд болсон байна" гэж хэлээд бичиг хийж өгөөд явсан…” гэв.

Эрүүгийн 201724000175 дугаартай хэргээс

Шүүгдэгч Т.Дөлгөөн нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар-32 худалдааны төвийн урд замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 40-50 км/цагийн хурдтай явж байх үед явган хүний гарцаар баруунаасаа зүүн чиглэлтэй нэг эрэгтэй хүн гэнэт машины урдуур гүйхэд нь зүүн гар тал руугаа дараад тоормосоо гишгэсэн боловч машины зүүн урд хэсэгт тухайн хүн мөргөгдөж зам дээр унасан юм. Тэгээд би машинаа зогсоосон. Улмаар би 102, 103-т дуудлага өгсөн. Ингээд эхэлж түргэн тусламжийн машин ирж эмч нь машинаасаа бууж ирээд тухайн хүнийг үзээд "өөд болсон байна" гэж хэлээд бичиг хийж өгөөд явсан. Дараа нь цагдаа нар ирж ослын газарт хэмжилт, хэргийн газрын үзлэг хийсэн, цаг агаарын байдал тогтуун, бага зэрэг салхитай, үзэгдэх орчин муу, замын гэрэлтүүлэгтэй, цас бороо, ороогүй, хальтиргаа, гулгаагүй эсрэг хөдөлгөөнтэй 4 эгнээ асфальтан зам байсан..." гэсэн мэүүлэг /1 хх-ийн 154-156 дугаар хуудас/,

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сэрчмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...Талийгаач Алтангэрэлийн Баяндүүрэн нь 1977 оны 10 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод айлын 5 дахь хүү болон мэндэлсэн. Эхээс 8-уулаа. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж, 1985 онд Сүхбаатар дүүргийн 39 дүгээр сургуульд элсэн орж суралцаж байгаад 1988 он хүртэл буюу 3 дугаар ангиа дүүргэсэн. Улмаар Архангай аймгийн Ихтамир суманд очиж мал маллахаар болж сургуулиасаа завсардсан. 1996 онд Улаанбаатар хотод шилжин суурьшихаар орж ирээд шилжүүлэгийн нарийн бичгээ олохгүйн улмаас хаана ч бүртгэлгүй завсардаж, цахим бүртгэлд ороогүй болно. 1996 оноос хойш тогтсон ажилгүй, хувираа хар бор ажил хийх болсон юм. Би талийгаачийн төрсөн ээжийнх нь төрсөн дүү буюу нагац эгч нь байгаа юм...", талийгаач маань зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархаг ээжтэйгээ амьдардаг байсан. Маш их гомдолтой байна. Талийгаачийн оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх болно..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 28 дугаар хуудас/,

              Гэрч Г.Цэрэндорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ "...Шинэтуяа нь нөхрийнхөө хамт намайг машинтай ирээд аваад 7-н буудал руу очих зорилгоор урдаасаа хойшоогоо чиглэлтэй явж байтал гэнэт түс тасхийх чимээ гараад машин зогссон. Тэгтэл машины урд салхины шил нь хагарчихсан байхаар нь би машинаас буулгүй хойшоогоо эргээд харсан чинь зам дээр хүн хэвтэж байсан, тэгэхээр нь би тэр хоёрын хамт машинаас буугаад зам дээр хэвтэж байсан хүн дээр очиход толгойноос нь цус гараад ямар нэгэн ухаангүй байсан. Тэгтэл Шинэтуяа өөрийнхөө утаснаас 102, 103-т дуудлага өгсөн..." гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 82-83-рт/

            Иргэний хариуцагч Б.Нямбаатарын мэдүүлэг /1 хх-ийн 71-72 дугаар хуудас/

Шинжээч Б.Гомбосүрэнгийн мэдүүлэг /1 хх 137 дугаар хуудас/,

Зам тээврийн осол хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 2-8 дугаар хуудас/,

Ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 11-14 дүгээр хуудас/,

Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 15-18 дугаар хуудас/

 ШШҮХ-ийн Цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний №577 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

              1. Талийгаач А.Баяндүүрэнгийн цогцост гавлын ясны хэлбэр дүрс алдагдал, дух, зулай, баруун чамархай ясны олон тооны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн ил хугарал, 2 талын чулуулаг, дагз ясны шугаман хугарал, их, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн цусархаг няцрал, уушиг, элэгний язрал, дотор эрхтэнүүдийн холбоос дагасан цус хуралт, баруун, зүүн шаант, тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал, дагзны хуйхан доор цус хуралт, эрүү зүүн сарвууны 1, 3-р хурууны няцарсан шарх, эрүү баруун дал, бүсэлхий, баруун ташаанд цус хуралт, дух зүүн сарвууны 3-р хуруу, зүүн өвдөг, шагай, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учрах үедээ амь насанд аюултай гэмтэлд хамаарна.Уг гэмтлүүд нь шинэ байна.

              3. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

              4. Талийгаач нь дээрх толгой, цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ.

              5. Шүүх эмнэлгийн жижүүр эмч нарын бүртгэлд 2017 оны 03 дугаар сарын 12-ны 02:10 минутын цогцосны анхны үзлэгээр талийгаач нь нас бараад 2-4 цаг орчим болсон гэж дурьджээ.

              6. Талийгаачийн цус нь А/II/бүлгийн харъяалалтай байна.

              7. Талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ.

              8. Дээрхи гэмтэл нь авто ослын үед босоо байрлалд автомашинд мөргөгдөж шидэгдэх, унах зэргийн үед үүсгэгдэнэ… шинжээч эмч Ц.Бадрал...” гэжээ /1 хх-ийн 92-95 дугаар хуудас/

              “Авто Тээврийн Үндэсний Төв” ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвд хийсэн шинжээчийн дүгнэлт: “Дүгнэлт:

Автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 9 мм буюу тохиргоо алдагдсан нь дугуйн элэгдэлд нөлөөлөх боловч тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тодорхойлох боломжгүй. Зүүн гар талын их гэрлийн чадал хол дээрээ стандартын шаардлага хангахгүй, гэрлийн шил дохионы хэсэгт хагарч, сэнжнүүд тасарсан, зүүн гар талын багана бага зэрэг хонхойж салхины шил нь тэр хэсэгтээ цацарч хагарсан, урд капот зүүн гар талын үзүүр хэсэгтээ хонхойсон, зүүн гар талын урд крыло урд талаасаа чихэгдэж будаг нь хууларсан, шил арчигчийн шингэний сав доод хэсгээрээ хонхойж залгуурны утас салсан зэрэг эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх байх боломжтой тул тухайн зам тээврийн осолд ямар байдлаар нөлөөснийг нарийн тогтоох боломжгүй байна. Харин баруун гар талын их гэрлийн чадал хол дээрээ стандартын шаардлага хангахгүй, гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан байгаа нь жолоочид үзэгдэх орчин хязгаарлах байдлаар нөлөөлж болох боловч тухайн зам тээврийн ослын үед замын гэрэлтүүлэг, үзэгдэх орчны байдлаас шалтгаалах тул уг осолд ямар байдлаар нөлөөснийг нарийн тогтоох боломжгүй...” гэжээ /1 хх-ийн 109-110 дугаар хуудас/

              Техникийн шинжээчийн №169 дугаар дүгнэлт: “...

1. Тоуота приус маркийн 45-86 УНГ улсын дугаартай автомашины жолооч Т.Дөлгөөн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө", мөн дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно, мөн дүрмийн 2 дугаар хавсралт: Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн 5.1. "Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч А.Баяндүүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

              3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн эсэх нь тогтоогдохгүй байна…” гэжээ /1 хх-ийн 136 дугаар хуудас/

 

              Камерийн бичлэгт хийсэн тэмдэглэл:

              “…2017 оны 3 дугаар сарын 11-ний орой 23 цаг 39 минут 38 секундэд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй явган хүний гарцаар хоёр хүн зам хөндлөн гарч яваад нэг хүн нь замын голд үлдээд нөгөө хүн нь 23 цаг 39 минут 43 секундэд урдаасаа хойшоогоо чиглэлтэй явсан тээврийн хэрэгслийг явган хүний гарц руу ойртон ирэх тэр мөчид гүйж, уг тээврийн хэрэгсэлд мөргөгдөж байлаа. өөр ач холбогдолтой зүйл илрээгүй…” гэжээ. /1 хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

              Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол:

              “…Эд мөрийн баримтаар саарал өнгийн 2 гега байт бүхий багтаамжтай флашыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргав…” гэжээ. /1 хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1 хх 9/, хохирлын тооцоо /1 хх 22-62/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 63-64/, гэрч А.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /1 хх 77/, гэрч Б.Шинэтуяагийн мэдүүлэг /1 хх 80/, гэрч А.Мөнхдүүрэнгийн мэдүүлэг /1 хх 85/, гэрч А.Энхбаярын мэдүүлэг /1 хх 87/, гэрч А.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /1 хх 89-90/, шинжээчийн дүгнэлт ¹2680 /1 хх 97/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ /1 хх 127-131/, жолоочийн үнэмлэх бичиг баримт түр хураасан тэмдэглэл /1 хх 157/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /1 хх 158/, Т.Дөлгөөний иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 166/, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /1 хх 167/, дуудлагын лавлагааны хуудас /1 хх 185/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /1 хх 188/, хувийн байдал тогтоосон баримтууд /1 хх 189-196/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 хх 197/, хохирол төлсөн баримт /1 хх 238/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Дөлгөөн нь 2017 оны 3 дугаар сарын 11-ний шөнө 23 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг, “Сансар-32” худалдааны төвийн баруун талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 а-д зааснаар “...хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...” гэснийг зөрчиж “Тоёота Приус” маркийн 45-86 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг  бүрэн бүтэн бус буюу зүүн болон баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ стандартын шаардлага хангахгүй байхад тус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч А.Баяндүүрэнг мөргөж түүний амь нас нь хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

                 - шүүгдэгч Т.Дөлгөөний шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

                 - хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сэрчмаагийн мэдүүлэг,

                 - гэрч Г.Цэрэндоржийн мэдүүлэг,

                 - шинжээч Б.Гомбосүрэнгийн мэдүүлэг,

                 - Зам тээврийн осол хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

                 - Ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

                 - Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

                 - ШШҮХ-ийн Цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний №577 дугаартай шинжээчийн дүгнэлт,

                 - “Авто Тээврийн Үндэсний Төв” ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвд хийсэн шинжээчийн дүгнэлт,

                 - Техникийн шинжээчийн №169 дугаар дүгнэлт,

                 - Камерийн бичлэгт хийсэн тэмдэглэл,

                 - Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн мэдүүлгүүд нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Прокуророос шүүгдэгч Т.Дөлгөөнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэсэн тул хэргийн зүйлчлэлийг Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийцүүлэн зүйлчилэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндсэн ялын доод хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан үндсэн ялын доод хэмжээнээс хөнгөрүүлэн зохицуулсан байна.

Иймд шүүх шүүгдэгч Т.Дөлгөөнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт хуульзүйн үндэслэлтэй болохыг дурьдлаа.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн хохирол, төлбөрийг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Дөлгөөний өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн ба 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү ...”, гэсэн санал, дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан /хохирогч гомдолтой/ тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзсэн болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сэрчмаа нь 3.714.644 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгчээс түүнд 5.018.000 төгрөгийг төлсөн.

 

Цаашид хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сэрчмаа нь шүүгдэгч Т.Дөлгөөнөөс гэм хор учруулсны төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флашыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Т.Дөлгөөн цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч Жалайр овогт Түмэнбаярын Дөлгөөнд холбогдуулан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон нийцүүлэн өөрчилсүгэй.

2. Жалайр овогт Түмэнбаярын Дөлгөөнд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Т.Дөлгөөнийг Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дөлгөөний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Дөлгөөн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Акума” авто засвар төвийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг флашыг хэрэгт  хавсаргасугай.

7. Шүүгдэгч Т.Дөлгөөний №970576 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

 

            8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сэрчмаа нь шүүгдэгч Т.Дөлгөөнөөс хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дөлгөөний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолсугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Дөлгөөнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

12. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Дөлгөөнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ДУЛАМСҮРЭН