Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 11

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Са.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаартай шийдвэртэй,

Б.Б.ны нэхэмжлэлтэй, Б.О.д холбогдох, 540 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Б.ны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

           Нэхэмжлэгч                                                Б.Б

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                          П.Ган-Очир        

           Хариуцагч                                                  Б.О                                

           Нарийн бичгийн дарга                                Б.Энхзул нар оролцов.

   Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 оны хавар ноолуураа тушаачихаад охин Б.У.тай хамт зах дээр явж байтал Д.О.н нөхөр болох М.Б.тай таарсан. М.Б хэлэхдээ “Б.Б эгчээ танд маш гоё зүйл санал болгоё” гээд  машиндаа суулган “A” дэлгүүрт очиж эхнэр Д.О.тэй уулзуулсан. Түүний эхнэр сүлжээний бизнесийн талаар хэлж, ийм, ийм боломж байна гээд элсэх талаар санал тавьсан. Би хэлэхдээ “Эгч нь хөдөөний хүн, сайн мэдэхгүй, та хоёрт л найдъя” гээд элссэн. Би  270000 төгрөгийг М.О.д тоолж өгсөн, харин тэр хажууд сууж байсан төрсөн эгч М.О.д мөнгийг маань өгсөн. Би эгчийг нь сайн танихгүй ба М.Б, М.О нарыг сайн танина. Миний охин Б.У.д Хөвсгөл аймгийн залуу сүлжээнээс гарсан, түүний нэр дээр орох талаар хэлсэн, охин минь ч мөн адил элссэн. Үүний дараагаар дахин хөдөөнөөс аймагт орж ирээд явж байтал “та мөр нь дээр гарсан, нэг хүний мөнгө өгвөл гарна” гэхээр нь нэмж 270000 төгрөгийг өгсөн. Нийт 540000 өгсөн ба энэ талаар 2013 онд шүүхэд хандсан. М.Б.с мөнгийг маань өгөөч гэж олон удаа гуйж байсан. Иймд Д.О.с 540000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 10 жилийн өмнө өөрөө шийдвэр гаргаж сүлжээний бизнест элссэн мөнгөө надаас нэхэмжилж байна. 2013 онд анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч хандаж хэргийг хэлэлцсэн байдаг боловч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байдаг. Анхан шатны шүүх тус хэрэг хэлэлцэх шүүх хуралдаан болох үед нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нар нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй учир  нэхэмжлэлийг буцаасан байдаг. Миний бие 2008 онд Булган аймагт анх удаа “Миний  дэлгүүр” сүлжээ супермаркетийг нээж байсан. Тухайн үед “Миний дэлгүүр”-тэй байнга интернэтээр холбогдох шаардлага гарч байсан тул “Мэдээлэл холбоо” ТӨХК-ийн Булган салбараар интернэт тавиулсан. Энэ асуудал 2009-2010 онд болсон явдал юм.  Миний эгч Д.О надад интернэтийг чинь ашиглаж хийх зүйл байна гэхээр нь илүү ширээ байсан тул зөвшөөрсөн. Миний өрөөнд сууж ажилладаг байсан. Эхэндээ би юу хийж байгааг нь мэдээгүй, түүнээс энэ тухай лавлахад сүлжээний бизнес, интернэтээр хийдэг л гэж хэлсэн. Тухайн үед хүмүүс манай дэлгүүрээр их орж гарч байдаг байсан, тус сүлжээнд  270000 төгрөгөөр элсдэг байсан. Сүлжээнд орж буй хүмүүсийн мэдээллийг гадаад компаний бүртгэлд шивж нэрийг нь оруулдаг байсан ба мөнгө нь тус компаний дансанд орсны дараа компьютерт пирамид үүсч мэдээлэлүүд нь гарч ирдэг байсан. Тухайн үед би “О” ч билүү, тийм нэрээр орж 2000000 гаруй төгрөгөөр тус сүлжээнд ороод алдсан байдаг. Одоогоос бараг 10 жилийн өмнө болохоор тус сүлжээний зарим зүйлийг нь сайн санахгүй байна. Намайг  ажлаа хийгээд сууж байхад их хүмүүс бужигнадаг байсан, сар гаран хугацаанд энэ ажил нь явсан. Нэг өдөр манай нөхөр Б.Б гуайтай цуг гаднаас орж ирсэн. Манай нөхөр арьс, шир худалдаж авдаг тул нэхэмжлэгчтэй тус өдөр таарсан байх. Манай  нөхөр хэлэхдээ “Энэ хүн сүлжээг сонирхоод байна” гэхээр нь сүлжээний бизнесийн талаар тайлбарлаж өгсөн. Үүнд “ажиглаад байхад 8-10 хүн оруулж байж 1000000 доллар авдаг юм байна, хүн элслүүлэхгүй бол мөнгө авахгүй юм байна шүү” гэж хэлж тайлбарласан. Би сүлжээнд ор гэж ятгах, дарамтлах зүйл хийгээгүй, зүгээр л мэдээлэл өгсөн төдий. Тэр сүлжээг ажиглаж байхад элсэн орсон хүмүүсийн мөнгө тухайн гадаадын компаний дансанд оронгуут тэр хүний нэр, нууц үг интернетээр пирамид хэлбэрээр гарч ирдэг байсан. Мөнгөө шилжүүлээгүй бол нэр нь гарч ирдэггүй. Интернетээр тухайн хүн хаанаас ч нууц үгээрээ ороод өөрийгөө хаана яваагаа хянаад ажиллаад явчих боломжтой тийм л сүлжээ байсан. Сүлжээний хүмүүс Б гэдэг энэ хүний мөнгийг нь тушаагаад нэр, нууц үг зэргийг нь өөрт нь хэлж дэлгэц дээр харуулж байсныг би сайн санаж байна. Тэгэхээр энэ хүн элсэж ороод тэр компанид л мөнгөө өгсөн байж таарна. Чин үнэндээ надад мөнгөө тоолж өгөөгүй, би тус сүлжээг ажиллуулж ч байгаагүй. Би энэ хүнтэй л адил сүлжээнд элсэгч байсан. Энэ хүн манай нөхрийг гудамжинд луйварчин, мөнгө өг гэж орилж хашгирсан гэсэн. Манай нөхөр энэ талаар мэдэхгүй, мөнгийг нь хэн авсныг ч мэдэхгүй.  Дараа нь өгсөн  270000 төгрөгийг надтай хамааруулж байна. Би түүнд “та дээшээ гарсан байна дахиад төл” гэж хэлээгүй. Би мөнгийг нь аваагүй, энэ асуудлын талаар мэдэх ч үгүй. Нэхэмжлэгч сүлжээнд орсон хүмүүстэй уулзан мэдээлэл авсныхаа дараа мөрөнд гарсан байна гээд өгсөн байж магадгүй.  Би түүнд “мөнгөө өгсөн хүнээ шүүхэд өгөөч ээ, мэдээлэл өгсөн хүнээ өгөөд байна” гэж хэлсэн. Өмнөх шүүх хуралдааны тэмдэглэл, тайлбар гэрчийн мэдүүлэг хэрэгт байгаа. Түүнээсээ одоо нэхэмжлэгч зөрж яриад байна. Сүлжээ гэдэг бол сүлжээ. Тэндээс авсан хүн, алдсан хүн ч байгаа. Бие хүн учир өөрийн гаргасан шийдвэрийнхээ өмнөөс хариуцлага хүлээх үүрэгтэй. Иймд иргэн Б.Б бид хоёрын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, би мөнгийг аваагүй тул тухайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Б.О.с 540 000 /таван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б.ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16850 /арван зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг  Төрийн санд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Д.О нь сүлжээний бизнесийн талаар хэлж, элсэн орох талаар санал тавьсан. Би сайн мэдэхгүй шүү та хоёрт л найдая гээд элсэн орсон. Д.О.д эхлээд 270 000 төгрөг өгсийг эгч О. дээ тоолж өгсөн. Үүний дараагаар хөдөөнөөс орж ирээд явж байтал “та мөр нь дээр гарсан, нэг хүний мөнгө өгвөл гарна” гэхээр нь нэмж 270 000 төгрөг өгсөн. Нийт 540 000 төгрөг болсон. Мөнгө төгрөгний асуудал маргаантай болсон учир 2013 онд шүүхэд хандсан боловч нэхэмжлэгч, өмгөөлөгч нар ирээгүй гээд буцаасан. Шүүх хуралдаанд оролцуулсан гэрч тухайн үеийн байдлыг хэлээд байхад үнэлээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Д.О.с 540.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.О би Б.Б гуайд сүлжээний талаар мэдээлэл өгсөн болохоос 540.000 төгрөг ямар нэгэн байдлаар аваагүй нэхэмжлэл үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэж мэтгэлзсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд  хариуцагч Д.О нь өөрийн ажлын байран дээрээ “A” худалдааны төвд сүлжээний талаар нэхэмжлэгчид мэдээлэл өгсөн талаар зохигчид маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч Б.Б нь 2012-2013 оны үед байх сүлжээнд элсэж эхний удаа 270.000 төгрөг дараа нь төгрөг 270.000 төгрөг нийт 540.000 төгрөгийг хариуцагч Д.О.д өгсөн гэх боловч нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй бусад нотлох баримтаар нотолж чадаагүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэснийг хэрэгжүүлээгүй, хариуцагч Д.О 540.000 төгрөгийг хүлээн авсэн гэдэг нь бүрэн нотлогдоогүй байна. 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зарчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 16850 /арван зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ё.БЯМБАЦЭРЭН

                                       ШҮҮГЧИД                                   Са.УРАНЧИМЭГ   

                                                                                         М.ХҮРЭЛБААТАР