Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/177

 

   2025        10           17                                      2025/ШЦТ/177

       

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                              Б.Саранзаяа,   

Улсын яллагч                                                                        Б.Баттуяа,     

Шүүгдэгч                                                                 ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн*******д холбогдох эрүүгийн 2504002240194 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* хэсэгт оршин суух хаягтай, урьд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,600 төгрөгийн торгох ялаар,

1992 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

Багануур дүүргийн шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 162 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Төв аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 88 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хорих ялаар,

Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, тус хорих ялаа эдэлж байгаа, ******* ******* *******

Үйлдсэн хэргийн талаар /яллахдүгнэлтэд тогтоосоноор/:

Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Төгс төгөлдөр цайны газрын ширээн дээр тавьсан байсан хохирогч гийн “IPhone 16 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогчид 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед гар утсыг зараад ашиглая гэж бодоогүй, ширээн дээр миний цамцны хажууд байхаар нь аваад гарсан юм.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13-р хуудас/,

- Хохирогч гийн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

- Гэрч С.Одмандахын мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

- Гэрч Ц.Ганхуягийн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2701 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-31-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

              1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруутай этгээд эд зүйлийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж тухайн эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авч буй үйлдлээр илэрдэг.

              Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Төгс төгөлдөр” цайны газрын ширээн дээр тавьсан байсан хохирогч гийн “IPhone 16 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэх үйл баримт нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13-р хуудас/,

- Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 6 дугаар сарын 26-ны өглөөний 09 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Төгс төгөлдөр” зоогийн газарт ажилдаа ирсэн. Тэгээд өдөр 14 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн “IPhone 16 pro max” загварын гар утсыг ширээн дээрээс хулгайд алдсан. Тухайн үед таксины Сайнаа гэж нэртэй жолооч бас ******* буюу хоч нь улаанаа гэсэн байх тэр хоёр хүн л байсан. Өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

- Гэрч С.Одмандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 6 дугаар сарын 26-ны өглөө 09 цаг 30 минутын үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Төгс төгөлдөр” зоогийн газарт ажил дээрээ байхад манай 10 жилийн төгсөлтийн ******* гэх хүн орж ирээд үүдний сандал дээр сууж байсан. Тэгээд 14 цагийн үед дахин орж ирсэн. Тухайн үед таксинд явдаг Сайнаа гэх нэртэй ахтай хамт орж ирээд 2 аяга цай 1 ширхэг тахианы мөч авсан. Тэгээд ******* нь цайгаа уугаагүй гараад явсан байсан. Удалгүй манай касс ажилтай нь “гар утсаа алдчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би Сайнаа гэх нэртэй ахаас “*******гийн дугаарыг мэдэх үү, хүүхдийн утас аваад гарсан байна” гэхэд “мэдэхгүй, надаар сая таксидаж ирсэн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

- Гэрч Ц.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг тухайн үед гадуур явж байхад миний таньдаг хүний хүүхэд миний гар утас руу залгаад “...“Төгс төгөлдөр” гуанзны ширээн дээрээс гар утас алга болчихлоо, танай дүү ******* ороод гарсан, авсан байж магадгүй. Та *******г хаана байгаа газрыг нь  мэдэж байна уу” гэсэн. Тэгээд би өөрийн гар утсаар *******гийн гар утас руу залгахад утсаа авсан. Тэгэхээр нь би “хаана байна” гэхэд “Гэрэл төвийн урд байна” гэсэн. Тэгээд очоод “Хүний гар утас алга болсон байна, чамайг авсан гэж байна. Тэр гар утсаа гаргаад ир” гэхэд марк нэрийг нь мэдэхгүй гадуураа бүрээс гэртэй гар утас гаргаж өгсөн. Тэгээд над руу залгасан хүн рүү залгаад гар утсыг нь буцаагаад өгсөн. Тухайн хүн ирээд “миний гар утас мөн байна” гээд аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2701 дугаартай: “...IPhone 16 pro max загварын 1 ширхэг гар утсыг 3,600,000 төгрөгөөр үнэлэв.” гэх дүгнэлт /хх-ийн 28-31-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас хохирогч  гийн эд хөрөнгөд 3,600,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид “IPhone 16 pro max” загварын 1 ширхэг гар утсыг нэг бүрийн шинжээр буцаан өгсөн ба хохирогч нь гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч*******г бусдад төлөх төлбөргүй гэж тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч******* шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг тус тус гаргав.

Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримттай агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж тайлбарласан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан.

Шүүгдэгч*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2701 дугаартай  дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.******* нь бусдын эзэмшлийн гар утсыг хэн нэгэнд мэдэгдэлгүй, нууцаар авч, өөрийн гаргаж буй үйлдэлдээ санаатай хандсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

              2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол “IPhone 16 pro max” загварын 1 ширхэг гар утсыг биет байдлаар нь буцаан өгсөн болох нь хохирогч гийн “...Тухайн өдрийн орой 19 цагийн үед ******* гэх хүний ах нь ирээд миний гар утсыг өгсөн. Одоо миний гар утас ажиллагаа хэвийн байна. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн124, 125-р хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******д Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хугацааг 4 жил 1 сар 9 хоногоор тогтоож, тус ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

Шүүгдэгч******* шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.   

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэж, харин шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн нөхцлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамааруулж дүгнэв.

Шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолоор*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан ба******* нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ЦХШЗ/19 дугаартай шүүгчийн захирамжаар эрүүгийн 2504002240194 дугаартай хэрэгт яллагдагчаар цагдан хоригдсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч*******д шүүхээс оногдуулсан 8 /найм/-н сарын хугацаагаар хорих ял дээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил 08 /найм/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хугацааг 02 /хоёр/ жил 08 /найм/ сар 08 /найм/ хоногоор тогтоов.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар*******д оногдуулсан 02 /хоёр/ жил 08 /найм/ сар 08 /найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч*******гийн энэ хэрэгт 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураан ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч ******* ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч*******д шүүхээс оногдуулсан 8 /найм/-н сарын хугацаагаар хорих ял дээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил 08 /найм/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хугацааг 02 /хоёр/ жил 08 /найм/ сар 08 /найм/ хоногоор тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 02 /хоёр/ жил 08 /найм/-н сар 08 /найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол “IPhone 16 pro max” загварын 1 ширхэг гар утсыг биет байдлаар хохирогч д буцаан өгсөн болохыг дурдаж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд                     тооцсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******гийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл энэ хэрэг цагдан хоригдсон 36 /гучин зургаа/  хоногийг түүний биечлэн эдлэх ялд оруулан тооцсугай.
  7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураан ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             С.ӨЛЗИЙ-ОТГОН