| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/04940/И |
| Дугаар | 183/ШШ2023/00057 |
| Огноо | 2023-01-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2023/00057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, өөрийн байранд байрлах, Т ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, тоотод оршин суух, Х овогт В.О /РД:********/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 65 000 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц,
Хариуцагч В.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч В.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 65 000 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Т ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулсан хуулийн этгээд бөгөөд В.О нь 2018 оны 3 дугаар сарын 30-ний өдөр сарын 3.5 хувийн хүүтэй, сарын 0.7 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй 01/201866 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 45 000 000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах үүднээс Sinotruk ZZ3257 M32***, 7**1 УН* улсын дугаартай автомашин, DaewooRB5***, 9**5 УН* улсын дугаартай автомашин, Daewoo RG5***, 6**5 УБ* улсын дугаартай автомашин, Ү-22******79 дугаартай, Х дүүргийн тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгө, Г-22******44 дугаартай Х дүүргийн тоотод байрлалтай газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь манай байгууллагад 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдөр хүсэлт гаргасаны дагуу зээлийн гэрээг өөрчлөн байгуулж 65 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож 2022 оны 4 дүгээр сарын 30-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч, өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төлбөр хийгдээгүй байна. Энэ нь талуудын дунд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2.2-д зээл зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 2.1.5-д заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд 2.1.4-т заасан нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүү болон үндсэн зээлийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусгах хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд зээлдэгч В.О-ээс 2018 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 01/201866, 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 01/201866а дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 65 000 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж шийдвэрлэж өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг тооцоход 91 346 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа, энэ асуудлаар В.О-тэй ярилцаж тохиролцоод 65 000 000 төгрөгийг төлөхөөр болсон, энэ талаар хэлцэл хийсэн. Хариуцагч нь төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа боловч хугацааг 10 дугаар сарын дотор төлж барагдуулъя гэж байна. Бид нар 2020 оноос 3 жил энэ хүнийг зээлээ төлөхийг хүлээсэн учир нэхэмжлэгчийн зүгээс энэ хугацааг зөвшөөрөх боломжгүй байгаа учир эвлэрэх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өнгөрсөн 7 дугаар сард зээлээ төлөх талаар сануулж хэлж байсан, за гэчихээд ирж уулзаагүй ийм асуудал байгаа. Тийм болохоор одоо итгэхгүй нөхцөл байдал үүсчихээд байна.
Бид шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш төлчих байх гээд харсан боловч төлөөгүй. 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн зээлийн гэрээгээр 65 000 000 төгрөгийг төлөхөөр тохирсон, барьцааны зүйл фидуцийн гэрээ байгуулсан боловч дээрх хөрөнгүүд нь хариуцагчид өөрт нь хэрэгтэй учраас зээлээ төлчихвөл бид барьцааны зүйлийг авах шаардлагагүй. Тиймээс хурлаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна, зээлийн гэрээний үүрэгт 65 000 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Хариуцагч В.О шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие В.О нь Т ББСБ ХХК -иас зээл авсан нь үнэн болно. Энэхүү зээлийн үлдэгдэл 65 000 000 төгрөгийг төлөхөд миний зүгээс ямар нэгэн маргаан байхгүй. Энэ төлбөр мөнгийг төлж барагдуулахад хугацаа олгохыг хүсэж байна. Миний зүгээс төлж барагдуулахад 10 сараас эхлэн 1 жилийн хугацаанд төлж барагдуулж, нэхэмжлэгчид төлж төлбөрийг бүрэн барагдуулж дуусгана. Зээлээ төлнө гэдгээ мэдэж байсан, төлбөр төлөх боломжгүй байсан учраас төлж чадаагүй, төлбөрөө төлье гэсэн ч төлж барагдуулж чадаагүй нь миний буруу. Миний хувьд энэ асуудлыг давчих юм бол болчих гээд байна. Миний зүгээс хэлсэн хугацаанд шийдчихвэл боломжтой байна гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т ББСБ ХХК -иас Д.Ц, Б.Б нарт олгосон итгэмжлэл, 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн №01/201866а тоот Зээлийн гэрээ, хавсралт, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн №01/201866 тоот Зээлийн гэрээ, хавсралт, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, В.О-ийн гаргасан хүсэлт, төлбөрийн даалгавар, Зээл хүсэгчийн өргөдөл, Т ББСБ ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 3-21-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хариу тайлбар /хэргийн 31-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК -ийн хариуцагч В.О-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс зээлийн гэрээний үүрэгт 65 000 000 төгрөгийг гаргуулж, фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч В.О-ийг зээлийн гэрээний үүргээ зөрчиж, ашигласан зээлээ хүүгийн хамт хугацаандаа төлж барагдуулаагүй тул гэрээнд харилцан тохиролцсон 65 000 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Т ББСБ ХХК -иас зээлийн гэрээ байгуулж 45 000 000 төгрөгийг зээлсэн, уг зээлийн талаар харилцан тохиролцож 65 000 000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан нь үнэн, зээл төлөх боломж муу байгаа учраас хугацаа авч хэсэгчлэн хуваан төлөх хүсэлтэй гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч В.О-тэй 2018 оны 3 дугаар сарын 30-ний өдөр №01/201866 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 45 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 0,7 хувь байхаар 2018 оны 3 дугаар сарын 30-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, Sinotruk ZZ3*** маркийн гэрчилгээний №012***** дугаартай, 7**1 УБ* улсын дугаартай ачааны автомашин, Daewoo RB5*** маркийн гэрчилгээний №0****000 дугаартай 9**5 УН* улсын дугаартай ачааны автомашин, Daewoo RG5*** маркийн гэрчилгээний №0188**** дугаартай 6**5 УБ* улсын дугаартай ачааны автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр, мөн Ү-22******79 дугаартай Х дүүргийн тоот байрлалтай үл хөдлөх хөрөнгө, Ү-22******44 дугаартай Х дүүргийн тоотод байрлалтай газрыг тус тус барьцаалсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, фидуцийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч В.О-тэй 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдөр №01/201866а дугаартай зээлийн гэрээ байгуулж, 65 000 000 төгрөгийг, хүүгүй, 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэл 18 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, Sinotruk ZZ3*** маркийн гэрчилгээний №012***** дугаартай, 7**1 УБ* улсын дугаартай ачааны автомашин, Daewoo RB5*** маркийн гэрчилгээний №0****000 дугаартай 9**5 УН* улсын дугаартай ачааны автомашин, Daewoo RG5*** маркийн гэрчилгээний №018***** дугаартай 6**5 УБЭ улсын дугаартай ачааны автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр, мөн Ү-22******79 дугаартай Х дүүргийн 5 тоот байрлалтай үл хөдлөх хөрөнгө, Ү-22******44 дугаартай Х дүүргийн тоотод байрлалтай газрыг тус тус барьцаалжээ.
5.Талууд зээлийг эргэн төлөх хугацааны талаар маргаж байна, зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй.
6.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь 45 000 000 төгрөгийг хариуцагч В.О-т шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2018 оны 3 дугаар сарын 30-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийг ашигласан хугацааны хүү нийт 91 346 000 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй тул харилцан тохиролцож 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 65 000 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэхээр харилцан тохиролцсон, уг 65 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд буюу 2022 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр төлөх байсан боловч үүргээ гүйцэтгээгүй гэсэн.
Хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 45 000 000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөөгүй тул 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдөр зээлийн гэрээний үүрэгт нийт 65 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, гэрээ байгуулсан талаараа маргаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, мөн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 65 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК -нд олгох үндэслэлтэй байна гэж үзэв.
7.Нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйлээр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.
Зохигч талуудын хооронд “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээг байгуулсан талаар хариуцагч хүлээн зөвшөөрсөн.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан, фидуцийн гэрээний зүйл нь хөдлөх эд хөрөнгө байдаг тул нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох автомашинуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
Харин гэрээнд бусад барьцааны зүйлд Ү-22******79 дугаартай Х дүүргийн тоот байрлалтай үл хөдлөх хөрөнгө, Ү-22******44 дугаартай Х дүүргийн тоотод байрлалтай газар гэсэн боловч үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахад Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д заасан “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэснийг зөрчсөн байна гэж үзэв.
Иймд хариуцагч В.О-ээс зээлийн гэрээний үүрэгт 65 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК -нд олгож, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол фидуцийн гэрээний зүйл болох Sinotruk ZZ3*** маркийн гэрчилгээний №012***** дугаартай, 7**1 УБ* улсын дугаартай ачааны автомашин, Daewoo RB5*** маркийн гэрчилгээний №0****000 дугаартай 9**5 УН* улсын дугаартай ачааны автомашин, Daewoo RG5*** маркийн гэрчилгээний №018***** дугаартай 6**5 УБ* улсын дугаартай ачааны автомашинуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553 150 төгрөгийг /70200+482 950/ улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.О-ээс 518 050 төгрөгийг /482 950+35 100/ гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК -нд олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хариуцагч В.О-ээс зээлийн гэрээний үүрэгт 65 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК -нд олгосугай.
2.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4, 156 дугаар зүйлийн 156.2-д зааснаар хариуцагч В.О нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол фидуцийн гэрээний зүйл болох Sinotruk ZZ3*** маркийн гэрчилгээний №012***** дугаартай, 7**1 УБ* улсын дугаартай ачааны автомашин, Daewoo RB5*** маркийн гэрчилгээний №0****000 дугаартай 9**5 УН* улсын дугаартай ачааны автомашин, Daewoo RG5*** маркийн гэрчилгээний №018***** дугаартай 6**5 УБЭ улсын дугаартай ачааны автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Ү-22******79 дугаартай ХУД-ийн 12 хороо, Сонгино 1 гудамж 5 тоот байрлалтай үл хөдлөх хөрөнгө, Ү-22******44 дугаартай Х дүүргийн тоотод байрлалтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч В.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 518 050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК -д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН