Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2023/00014

 

 

 

 2022 оны 12 сарын 22 өдөр                Дугаар  183/ШШ2023/00014                     Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С  дүүрэг,  19 хаягт байрлах, Х  ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг,  1 тоотод оршин суух, Х овогт Э.Ц  /РД:*********/,

Хариуцагч: Х  дүүрэг,  1 тоотод оршин суух, Х овогт М.Э /РД:*********/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 290 828 074 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч М.Э

Хариуцагч Э.Ц, М.Э,

Хариуцагч нарын өмгөөлөгч Т.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Э.Ц, М.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 290 828 074 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Э.Ц, М.Э нар нь тус банктай 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр №ЗГ/292 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” , №ЗБ/000 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр №****** тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-нүүдийг байгуулан 100 000.00 ам.долларыг жилийн 15.6 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нар нь №ЗГ/000 тоот “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Э.Ц-ын өмчлөлийн бөгөөд Улсын бүртгэлийн Ү-******дугаартай, Х дүүрэг 1 тоотхаягт байрлах 120 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах үндэслэлтэй болно. Ам.долларын үндсэн зээлийн нийт үлдэгдэл 95 976.62 ам.долларыг Монгол банкнаас зарласан 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ам.долларын албан ханш болох 2 849.80 төгрөгөөр тооцож төгрөгт хөрвүүлсэн болно. Зээлдэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл 235 523 801.35 төгрөг, зээлийн үндсэн хүү 55 301 680.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 593.32 төгрөг. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна:

1.Талуудын хооронд байгуулагдсан №ЗГ/000 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г шүүхийн журмаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Э.Ц, М.Э нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 290 828 074.79 төгрөгийг гаргуулж, Х инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

2.Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ЗГ/000 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан Э.Ц-ын өмчлөлийн бөгөөд Улсын бүртэлийн Ү-******дугаартай, Х дүүрэг, 1 тоот  хаягт байрлах 120 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид гэрээний үүргээ зөрчсөн, удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй учир цаашид гэрээ үргэлжлэх боломжгүй. Мөн ам.долларыг төгрөгт хөрвүүлээд шаардаж байгаа. Хариуцагч анх ам.доллараар зээлээ авсан, харилцан тохиролцоод төлж байсан, ам.доллараар төлсөн зээлийн төлөлтийг тухайн өдрийн ханшаар хөрвүүлээд авдаг. 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зөрчил гарсан, энэ талаар мэдэгдэл өгсөн. Хариуцагчаас ам.долларын зээлийг төгрөгт хөрвүүлэх талаар хүсэлт гаргаж байсан талаар маргахгүй, гэхдээ энэ асуудал харилцан тохиролцоонд хүрээгүй учраас шийдэгдээгүй нь үнэн. Ковидын үед бүх зээл хойшлуулаагүй, МИК-ийн буюу ипотекийн зээл л хойшилсон, хариуцагчийн авсан зээл бол өөрийн эх үүсвэрээс авсан ам.долларын зээл учраас хамрагдахгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Э.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Ц, М.Э нарт холбогдох талуудын хооронд байгуулагдсан №ЗГ/292 тоот Орон сууцны зээлийн гэрээг шүүхийн журмаар хугацаанаас нь өмнө цуцалж зээлдэгч Э.Ц, М.Э нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 290 828 074.79 төгрөгийг гаргуулж, Х инд олгуулах, Э.Ц-ын өмчлөлийн бөгөөд Улсын бүртэлийн Ү-******дугаартай, Х дүүрэг,  1 тоот  хаягт байрлах 120 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Э.Ц миний бие 2012 онд орон сууц худалдан авахын тулд зээл авахаар Х инд хандаж тухайн үед Х наас одоогоор манайх төгрөгийн зээл гаргах боломжгүй, ам.долларын зээл олгох боломжтой гээд улмаар 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээний дагуу 100 000 ам.долларын зээл авсан билээ. 2012 онд 100 000 ам.долларын зээлийг 20 жилийн хугацаагаар авч байсан, анх зээл авахад Х төгрөгийн зээл олгохгүй байгаа зөвхөн ам.долларын зээл авах боломжтой, хүүгийн төлөлт ч бага байдаг, явцын дунд төгрөгийн зээлд шилжих боломжтой гэж санал болгосны дагуу орон сууцны зээлийг ам.доллароор авсан билээ. Гэтэл энэ өнгөрсөн 8 жилийн хугацаанд хэдийгээр маш хүнд эдийн засгийн хямралтай, бизнесийн үйл ажиллагааны хүнд үеүүд тохиолдож байсан ч миний бие зээл төлөх үүргээ нэг ч удаа ч хугацаа хэтрүүлэлгүй сар бүр бүрэн төлж 2012 оны 12 сараас хойш энэ хугацаанд нийт 124 992 ам.долларыг банкинд төлсөн байна. Х ны зээлийн тооцоололын дагуу энэ 8 жилийн хугацаанд зээлийн хүүнд 106 942 ам.доллар, гэтэл зээлийн үндсэн төлбөрт 18 050 ам.долларыг л төлсөнөөр тооцож байгаа нь нийт хугацааны талдаа орчихсон байхад үндсэн зээлээс маш бага хасагдаж зээлдэгчийг маш их хохироосон зээлийн тооцоололыг огт зөвшөөрөхгүй байна. Зээлийн эргэн төлөлтийн тооцоололыг хийхдээ үндсэн зээл, хүүгийн тэнцүү тооцоололоор төлөлтийг тооцоогүй байгааг зөвшөөрөхгүй байна. Мөн зээлдэгч Э.Ц миний бие анх долларын ханш 2012 онд 1390 төгрөг байхад уг зээлийг авч өнгөрсөн хугацаанд ханшийн өндөр өсөлтөөс хамаарч маш их зөрүү төлөлт төлж хохирол хүлээсэн ба банкинд энэ талаар 2018, 2019 онд удаа дараа санал хүсэлт гаргаж зээлийн эдийн засагч, салбарын захиралтай уулзаж байсан ч тодорхой шийдвэр гаргаж өгөхгүй байсан тул 2020 оны 1 сард, 8 сард, 10 сард удаа дараа хүсэлтээ бичгээр гаргасан ч ам.долларын ханшийн өсөлтийн талаар шийдвэрлэж өгөөгүй өнөөдрийг хүрсэн билээ. 2020 оны 1 сард гарсан дэлхий нийтийн Ковид-19 цар тахалын улмаас 2020 оны 7 дугаар сараас зээлийн төлөлт зогссон ба зээлдэгч Ц миний 2012 онд зээл авсан үеэс ам.долларын ханшийн  өсөлтийг харгалзан төгрөгийн зээлд шилжүүлэх, төгрөгийн зээлд шилжүүлэхдээ хэлцлийн ханшаар тооцохыг 2020 оны 1, 8, 10 сард удаа дараа хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй атлаа 2021 оны 3 сарын 19-нд шүүхэд хандаж 273 538,671 төгрөгийг нэхэмжилж, улмаар 2021 оны 8 сард шүүх хуралдаа өөрсдөө ирээгүй атлаа дахин шүүхэд хандах талуудын хооронд байгуулагдсан №ЗГ/292 тоот орон сууцны зээлийн гэрээг шүүхийн журмаар хугацаанаас нь өмнө цуцлахыг шаардаж, улмаар өмнөх нэхэмжилсэн дүнгээ 17 сая гаруй төгрөгөөр нэмээд 290 828 074 төгрөг болгон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банкнаас гаргаж өгсөн дансны хуулга, зээл хүү төлөлтийн тооцоолол холбогдох баримттай танилцах, миний төлсөн зээлийн төлөлтийг дутуу буруу тооцсон, мөн зээлийн төлбөрийн тооцоолол, доллар төгрөгийн ханшийн өсөлт зөрүү зэргээс тооцоолол маш их зөрүүтэй гарч байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, мөн зээлийн төлөлтийн тооцоололыг зөвшөөрөхгүй, ам.долларын ханшийн өсөлтөөр 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ханшаар үүргийг шаардаж байгаа нь хариуцагч Э.Ц миний эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа тул үүнийг бодитоор тогтоолгож, нэхэмжлэлд дурдсан дээрх мөнгийг хэрхэн яаж тооцож, ийм их хэмжээний дүнгээр нэхэмжилж байгааг тодорхой болгон маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, анх төгрөгөөр зээл авья гэхэд ам.доллар л гарах боломжтой гээд ам.доллараар зээл авсан. Тухайн үедээ тэнцүү төлөлттэй байдаг гээд тооцоололд гарын үсэг зуруулсан. Зээлээ төлөөд үүргээ биелүүлж явж ирсэн бөгөөд зээлд нийт 124 992 ам.долларыг төлсөн байхад 85 хувь нь хүүнд тооцогдсон байна. Ханш байнга өссөөр ирсэн бөгөөд төгрөгт шилжүүлээд өгөөч гээд удаа дараа хүсэлт гаргасан боловч одоо болтол шийдвэрлээгүй, эрх ашгийг хохироож байгаа гэв.

2.1.Хариуцагч М.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2012 онд Э.Ц нь орон сууц худалдан авахаар зээл авсан нь үнэн, банкнаас хамтран зээлдэгч хэрэгтэй байна гэхээр нь очиж гарын үсгээ зурсан. Түүнээс уг зээлнээс би аваагүй, Э.Ц авсан байхад зээлийн гэрээний үүргийг надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Тиймээс надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х ны ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2021/0000 дугаартай шүүгчийн захирамж, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №ЗГ/000 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны №****** дугаартай Зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №ЗБ/000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 000000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барьцаалбар, орон сууцны зээлийн өргөдөл, 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, хүсэлт хэлэлцсэн шийдвэр, үүрэг гүйцэтгэхийг шаардах тухай албан бичиг, зээл, хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр М.Э-т олгосон итгэмжлэл /хэргийн 3-34, 41-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Тоон аудит ХХК-ийн дүгнэлт, тусгай зөвшөөрлийн тодорхойлолт, Э.Ц-ын Х инд гаргасан хүсэлт, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №000000001-1 тоот Зээлийн нэмэлт гэрээ, Э.Ц-ын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн өргөдөл, Э.Ц-ын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хүсэлт, Э.Ц-ын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлт, Х инд гаргасан эвлэрэх санал, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн итгэмжлэл, хариу тайлбар гэсэн баримтуудыг /хэргийн 37-38-р хуудас хуудас/ шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхээс хариуцагч нарын хүсэлтээр Х ХХК-иас хариуцагч Э.Ц, М.Э нарын 2019, 2020 онд Х ХХК-д гаргаж байсан хүсэлт, өргөдөлүүдийг, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 68-84, 98-109-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч Э.Ц, М.Э нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 263 174 641 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, 27 653 433 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-хариуцагч Э.Ц, М.Э нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлээ хугацаандаа төлөөгүй тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж,

-зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 235 523 801,35 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 55 301 680 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 2 593,32 төгрөг, нийт 290 828 074,79 төгрөгийг гаргуулах,

-үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шаардсан.

3.Хариуцагч Э.Ц нь зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгө 100 000 ам.долларыг шилжүүлэн авсан талаараа маргаагүй боловч анх төгрөгөөр зээл авна гэхэд ам.доллар шилжүүлсэн, ам.долларын ханш нэмэгдсэнээр зээлийг төлөхөд хүндрэлтэй болсон, гэрээнд өөрчлөлт оруулж төгрөгт шилжүүлэхийг удаа дараа мэдэгдэж, хүсэлт гаргасан боловч шийдээгүй, цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа тасалдаж, гэрээний үүрэг зөрчигдсөн, ханшийн зөрүү болон ковидын үед хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч М.Э нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгч хэрэгтэй гээд гарын үсэг зуруулсан, уг зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, тиймээс би зээлийг төлөх үүрэг хүлээхгүй гэж маргасан.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч Э.Ц, М.Э нартай 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр №ЗГ/000 тоот зээлийн гэрээ байгуулж, 100 000 000 ам.долларыг жилийн 15,6 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №ЗБ/000 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-гээр Э.Ц-ын өмчлөлийн Х дүүргийн  1 тоот орон сууцны зориулалттай 120 м.кв талбайтай, гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, Х инд гаргасан зээлийн өргөдөл, хүсэлт анкет зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

6.Талуудын маргааны зүйл нь ханшийн зөрүүнээс үүссэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар буюу зээлийн тооцоолол байна, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан талаар маргаагүй байна.

 

7.Зохигч зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, гарын үсэг зурсан, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагч Э.Ц хүлээн авсан талаараа хүлээн зөвшөөрсөн маргаагүй, нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагч Э.Ц-ын дансанд шилжүүлсэн болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч Э.Ц, М.Э нарын хооронд зээлийн, нэхэмжлэгч болон хариуцагч Э.Ц нарын хооронд барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 154.4, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

Хариуцагч М.Э нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийн хүлээн аваагүй тул зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй гэж маргасан.

Хариуцагч М.Э нь зээлийн гэрээнд зээлдэгчээр гарын үсгээ зурсан байх бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авч, захиран зарцуулаагүй гэсэн боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран зээлдэгч гэдэг нь хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн ойлголтод хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн өмнө адил үүрэг хүлээхээр гэрээнд тохиролцсон байх тул зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч нь гэрээний тал болох хэн алинаас нь шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа нь 240 сар буюу 2032 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусах боловч нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээг цуцлах шаардлагыг гаргажээ.     

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр  хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй, 226.1.1ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэрээнээс татгалзаж болно гэжээ.

             Талууд зээл төлөх хуваарийг харилцан тохиролцож тогтоосон ба зээлийн гэрээний 9.2-д “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдолд банк гэрээг цуцлаж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ. Үүнд 9.2.2-д зээлдэгч гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтэрсэн” бол гэжээ.   

             Иймд  хариуцагч Э.Ц, М.Э нар нь зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарьт заасан хугацаандаа төлөөгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүргээ биелүүлэхийг  урьдчилан сануулж байсан ч зээл хугацаандаа төлөгдөхгүй болсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлтэй гэж үзэн хангаж шийдвэрлэлээ.

 

             8.Нэхэмжлэгч Х нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу 100 000 ам.долларыг хариуцагч Э.Ц, М.Э нарт шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн хуваарийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч хариуцагч нараас гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан зээлийн тооцоолол, үлдэгдлээр үндсэн зээлийн  үлдэгдэл 235 523 801,35 төгрөг, хүү 55 301 680,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 593,32 төгрөг, нийт 290 828 074,79 төгрөг байна гэжээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нь анх төгрөгөөр зээл авна гэхэд ам.доллараар зээл олгосон, ханшийн зөрүү гарч зээлдэгчийн эрх ашигт хохиролтой болсон, энэ талаар банкинд мэдэгдэж удаа дараа зээлийг төгрөгт шилжүүлэх, гэрээндээ өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй, нийт зээлийн үүрэгт 124 992 ам.долларыг төлсөн байхад 85 хувь нь зөвхөн хүүнд суутгасан, зээлийн гэрээний тооцоололыг зөвшөөрөхгүй, өөрсдийн буруугаас нэхэмжлэлийг буцаасан байхад энэ хугацааны хүүг нэхэмжилсэн, цар тахалын үед хүү тооцсон тул ковидын үеийн хүү 2021 оны 1-3 сар хүртлэх 7 748 606 төгрөг, буцаасан хугацааны тооцсон хүү 2021 оны 3 сарын 19-нээс 2021 оны 9 сарын 07-ны хүртлэх 17 215 834 төгрөг, нийт 47 555 667 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Мөн анх зээл авахад ам.доллар 1 390 төгрөг байсан бол шүүхэд нэхэмжлэл гаргахад 2 849,80  төгрөгөөр тооцсон, зээлийг эргэн төлөхөд банкны ханшаар бус самбарын ханшаар тооцсон тул зөрүү 98,05 ам.доллар илүү суутган авсан, нэхэмжлэлийн шаардлагаас 242 991 781 төгрөгийг зөвшөөрч байгаа, 47 836 293 төгрөгийг зөвшөөрөхгүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт нь үндэслэлгүй, Т  ХХК-ийн дүгнэлтээр зээлийн тооцоолол зөрүүтэй гэдэг нь тогтоогдоно гэсэн.

Хэрэгт авагдсан Орон сууцны зээлийн өргөдөлд “...149,1сая=ам.доллар, худалдаж авч байгаа үнэ 213 сая, урьдчилгаа 63,9 сая, урамшуулал /худалдагч талаас/ байхгүй, хүсч буй зээлийн хэмжээ 149,1 сая төг=ам.доллар” гэсэн байх бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хүлээн зөвшөөрч гарын үсгээр зурж, зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан байх бөгөөд түүний зээлийн дансны хуулгаар “100 000 ам.доллар орон сууцны зээл олгов” гэсэн болох нь тогтоогдож байх бөгөөд зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг ам.доллараар авахаар талууд харилцан тохиролцжээ.

Тоон хээ аудит ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний 01 дугаартай Нягтлах ажлын дүгнэлтэд “...Иргэн Э.Ц таны аудитад ирүүлсэн баримт материалуудыг үндэслэн нягтлах ажлыг Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам А-203 тушаалын дагуу шалгахад зээлийн тэнцүү төлөлтийн аргын тооцоолол нь Худалдаа хөгжил банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарь, бодит төлсөн зээлийн дүн, зээлийн гэрээний тооцоолол тус тус зөрүүтэй байна” гэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №000 тоот шинжээчийн дүгнэлтэд “...Х ны тооцож байгаа нийт төлбөр тэнцүү аргачлалын тооцоо нь Э.Цтай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээний 8.3-т тусгагдсан байгаа тул үндэслэлтэй байна. Тоон хээ аудит ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтээр зээлийн тэнцүү төлөлтийн аргаар тооцоололт хийсэн тул зөрүүтэй гарсан байна. 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/292 дугаар Орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдэгч Э.Ц, М.Э нар 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар төлөх зээл 235 523 801,35 төгрөг, үндсэн хүү 55 301 680,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 593,32 төгрөг, нийт төлбөр 290 828 074,79 төгрөг төлөхөөр байна” гэсэн байна.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэсэн боловч хэрэгт авагдсан зээлийн гэрээ, хүүгийн тооцоололоор зээлийн гэрээг байгуулахдаа зохигч төлбөрийг төлөх талаар харилцан тохиролцож, зээлийн график буюу хуваарийг гаргасан, энэ талаар хүлээн зөвшөөрч хариуцагч нь зээлийн төлөлтийг төлж байсан болох нь тогтоогдож байх тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

Иймд хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 235 523 801,35 төгрөг, үндсэн хүү 55 301 680,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 593,32 төгрөг, нийт төлбөр 290 828 074,79 төгрөг төлөх үндэслэлтэй байх боловч цар тахалтай холбоотой санхүүгийн байдал хүндэрсэн, мөн ам.долларын ханшийн зөрүүтэй холбоотойгоор гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч нэхэмжлэгч шийдвэрлээгүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдэх, зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан тул гэрээний үүрэгт 242 991 781 төгрөгийг зөвшөөрч байгаа, 47 836 293 төгрөгийг зөвшөөрөхгүй гэсэн.

Хариуцагч Э.Ц нь нэхэмжлэгчид хандан гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж байсан болох нь 2017 онд санхүүгийн хямралтай холбоотойгоор гэрээний хугацааг сунгах,  2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан төгрөгийн зээл болгон өөрчлүүлэх хүсэлт, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гаргасан орон сууцны төгрөгийн зээл болгох хүсэлт, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлт, 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн эвлэрэх санал, ковид19 өвчний улмаас зээлийн хугацааг сунгах хүсэлтүүд болон уг хүсэлтийг хэлэлцээд шийдвэрлэсэн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн дэд хорооны хурлын шийдвэрээр тус тус тогтоогдож байгаа болно.

Түүнчлэн дэлхий нийтэд тархсан ковид19 буюу шинэ төрлийн короновируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд удаа дараа улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан нь нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох юм.

Мөн хариуцагч нь зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах ам.долларын ханш нэмэгдсэнтэй холбоотойгоор ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлэхээр хүсэлт гаргаж байсан боловч уг хүсэлтийг шийдвэрлээгүй, талууд тохиролцоонд хүрээгүй талаар нэхэмжлэгч маргаагүй, ам.долларын ханш өссөн, цар тахал гарсан нь нийтэд илэрхий үйл баримт тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-д заасан талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв.

Иймд хариуцагч Э.Ц, М.Э нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 235 523 801,35 төгрөг, хүү 55 301 680 ,12 төгрөгний 50 хувь болох 27 650 840 төгрөг, нийт 263 174 641 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банк ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүүний 50 хувь 27 650 840 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 593,32 төгрөг, нийт 27 653 433 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

8.Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Э.Ц нь нэхэмжлэгч Х ХХК-тай 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №ЗБ/292 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-гээр Э.Ц-ын өмчлөлийн Х  дүүргийн 1 тоот орон сууцны зориулалттай 120 м.кв талбайтай, гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

Хариуцагч Э.Ц нь барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Э.Цтай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нар нь үүргээ гүйцэтгэхгүй бол албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний 5.2.1, 6.1.1-д энэ талаар харилцан тохиролцсон байна.

            Иймд хариуцагч Э.Ц, М.Э нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол хариуцагч Э.Ц-ын барьцааны гэрээний үйл болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

            9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 682 292 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 473 823 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгох үндэслэлтэй байна.

            Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ”, 53.1.1-д “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс” гэж заасан бөгөөд Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Э-ын албан тоот, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан бичиг, нэхэмжлэхээр шинжээчийн зардал 400 000 төгрөгний баримтыг ирүүлсэн байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар зохигч талуудаас шинжээчийн зардлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Х ХХК, Э.Ц, М.Э нарын хооронд байгуулагдсан 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр №ЗГ/292 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г гэрээг цуцлаж, хариуцагч Э.Ц, М.Э нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 263 174 641 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27 653 433 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Э.Ц, М.Э нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагч Э.Ц, М.Э нарын барьцааны гэрээний зүйл болох Э.Ц-ын өмчлөлийн Х дүүргийн  1 тоот орон сууцны зориулалттай 120 м.кв талбайтай, гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 682 292 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ц, М.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 473 823 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, шинжээчийн зардал 400 000 төгрөгийг 200 000 төгрөгийг нэхэмжлэгч Х ХХК-иас гаргуулж, 200 000 төгрөгийг хариуцагч Э.Ц, М.Э нараас тус тус гаргуулж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сангийн 100900012005 тоот дансанд олгосугай.                                        

                                                                                                                 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ХУЛАН