| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/04490/И |
| Дугаар | 183/ШШ2023/00324 |
| Огноо | 2023-01-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2023/00324
2023 оны 01 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2023/00324 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Г.Солонго, шүүгч Да.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Ж ББСБ ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, 55 тоотод оршин суух, Х овогт Б.Г /РД:********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 1 099 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б ,
Хариуцагч Б.Г ,
Иргэдийн төлөөлөгч Д.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК нь хариуцагч Б.Г д холбогдуулан гэм хорын хохиролд 1 099 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Миний бие нь 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сум Цонжинболдогт 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Ж ББСБ-гаас лизингээр авсан тус ББСБ-ын нэр дээр өмчлөлтэй **** УАК улсын дугаартай Приус30 маркийн автомашиныг жолоодож явах үед **** УББ улсын дугаартай Ланд200 маркийн автомашин нь замын хажуугаас орж ирэн мөргөж автомашинд 995 700 төгрөгний хохирол учруулсан. Тухайн үед Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл миний бие өгсөн боловч **** УББ тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь би дэвжээний наадмын сорилго барилдаанд барилдах гэж яараад явж байна. Та дуудлагаа буцаачих, даатгалаар хохирлыг чинь барагдуулья гэсний дагуу дуудлагаа буцаасан. Тэгээд 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр буюу ажлын шинэ долоо хоногийн эхний 1 дэхь өдөр автомашиныхаа хохирлын үнэлгээ хийлгэчихээд ярихад онлайнаар явуулчих даатгалын байгууллагатай ярьчихлаа гэхэд нь явуулахад Монгол даатгалд материалаа өгсөн. 7-14 хоногт хохирол барагдуулна гэж байна гэсэн бөгөөд 7 дугаар сарын 20-ны өдөр юу болсныг асуухад даатгал оочер ихтэй байна удаж гарна гэхээр нь Монгол даатгалаас лавлаж асуухад материал өгөгдөөгүй, зөвхөн тухайн үед дуудлага өгөөд буцаасан болохыг мэдээллийн ажилтанаас нь сонсож мэдсэн. Энэ байдлыг өөрт нь сонсгож хэлэхэд худлаа хэлж намайг залилж байгаа нь батлагдсан юм. Сүүлдээ Б.Г нь утсаа аваагүй, утсаа авахаараа хэл амаар доромжилж байсан тул 7 дугаар сарын 21-нд Төв аймгийн Замын Цагдаагийн газарт өргөдөл өгснөөр тус аймгийн Эрдэнэ сумын автын зохицуулагч а/д Д.П, иргэн Б.Г болон миний бие гурвуулаа байлцан тус газарт 8 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хэмжилтийг түүний хүсэлтээр дахин хийлгэхэд тухайн үед Б.Г нь буруутайгаа амаар хүлээн зөвшөөрч байсан бөгөөд үзлэг хэмжилтээр ч буруутай нь тогтоогдсон юм. Мөн 8 дугаар сарын 15-ны өдөр даатгалд материал бүрдүүлэн өгөхөөр түүнтэй утсаар ярихад иргэн Б.Г нь би буруугаа зөвшөөрөхгүй гэж хэлсэн бөгөөд би өөрөө даатгалын байгууллагад очиход уг тээврийн хэрэгсэл нь жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй, боломжгүй болохыг буюу даатгалын байгууллага нь хохирол барагдуулах боломжгүйг мэдсэн юм. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл түүнийг хохирлыг минь барагдуулж өгөх болов уу гэж хүлээсэн боловч таг байгаа бөгөөд түүний араас нилээдгүй цаг хугацааг зарцуулж Төв аймаг руу 2 удаа, Цонжинболдог руу 2 удаа, Тев аймгийн Эрдэнэ сум руу 2 удаа тус тус бензин зарцуулан явсан бөгөөд бензины үнэ болох 90 000 төгрөгийг мөн нэхэмжилж байна. Уг иргэний хэргийн маргаанд Ж ББСБ нь нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд уг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн Д.Б /РД: ********/ надад төлөөлөх эрхийг олгосон тул иргэн Б.Г-аас автомашины хохирлын үнэлгээ болох 995 700 төгрөг, автомашинд бензин хийсэн төлбөр 90 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болон нотариатаар батлуулсан баримтуудын үнэ бүгдийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд явж байхад шохой цагаан булагийн тэнд хажуу талаас машин ирээд шүргэсэн. Төв аймгийн Эрдэнэ сумаас цагдаа дуудья гэсэн чинь хариуцагч Б.Г нь өөрөө яараад бөхийн гал руугаа явж байна гээд дуудуулаагүй. Тэгээд хариуцагч тухайн үед барилдаантай араас дагаад явчих, хоорондоо ярилцая гэсэн тул араас нь дагаж очсон. Ингээд даатгалаар хохирлоо төлүүлчихнэ гэсэн болохоор нь итгэсэн, гэтэл 2022 оны 7 дугаар сарын 04-нд уулзах байсан хэдий ч тэр үед уулзаагүй. Ярихаар дандаа энд тэнд явж байна гэдэг, тэгээд уурлаад байсан. Даатгалаас нь асуусан чинь тухайн машин нь даатгалд байхгүй байна гэсэн тэгээд Төв аймгийн цагдаад хандан шинжээч томилуулж шалгуулахад энэ хүний буруу болсон. Энэ талаар цагдаагаас түүнд хэлсэн, угаасаа өөрөө утсаа авдаггүй, авахаараа загнаад уурлаад байдаг. Тиймээс би хариуцагчаас машины хохиролд 995 700 төгрөг, Эрдэнэ сум, Төв аймаг явсан бензиний мөнгө 90 000 төгрөг, нотариатын зардал 14 000 төгрөг, үнэлгээний зардалд 64 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30 945 төгрөг энэ бүгдийг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэхдээ нэхэмжлэлийн үнийн дүнг 1 099 700 төгрөг гэсэн нь автомашины үнэлгээ хийсэн хохирол 995 700 төгрөг, үнэлгээний үнэ 64 000 төгрөг, бензиний үнэ гээд гаргуулна гэв.
2.Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа хэрэг хянан шийдвэрлэх явцад тайлбарлаж нотлох баримт гаргуулах, хүсэлт өгөх зэргээр мэтгэлцэх зарчмаар оролцоно.
Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр наадмын гал руу явж байхад энэ асуудал болсон. Тэгээд тухайн үед намайг согтуу явж байна гэхэд нь би барилдаан руу явж байгаагаа тайлбарлаж хэлсэн. Би машинаа Монгол даатгалд даатгуулсан байсан болохоор тухайн үед даатгал руу ярихад ирэх гэж удна, зургийг нь аваад явчих гэсэн. Мөн наадам болж байсан болохоор даатгалын компани 7 дугаар сарын 08-нд амарна гэж байсан. Тэгээд би даатгалд итгээд байж байтал 7 дугаар сарын 17-ны өглөө ээж залгаад дүү чинь нас барчихлаа гэсэн. Тэгээд ажил явдалтай явж байхад нэхэмжлэгч залгахад нь уулзаж байгаад ахин үзлэг хийлгэх талаар ярьсан, мэдээж тухайн үед жоохон бухимдсан байх. Хөдөө орон нутгийн замд жолоочийн зөв талаар гүйцэж түрүүлэх, мөн цас бороо ороод үер устай байсан учир ганц замаар явах боломжтой байсан. Тиймээс би зөв талаар нь гүйцэж түрүүлсэн учир үүнд миний гэм буруу байхгүй. Тиймээс би осол болоход гэм буруугүй гэж үзэж байгаа учраас хохирлыг төлөхгүй гэж үзэж байна. Машиныг би өөрөө барьж явсан нь бол үнэн, гэхдээ осол миний буруугаас гараагүй, тухайн үеийн нөхцөл байдлыг сайн тогтоогоогүй байна гэсэн.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхний хуулбар, Вендо ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, В ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг, е-баримтууд, Ж ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Б д олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой, Д.П-ын хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан магадлагаа, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ, 8***6УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хэргийн 6-24-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хариу тайлбар, О.О, Б.Г нарын байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 31, 38-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Төв аймгийн Цагдаагийн газраас 223400622 дугаартай зөрчлийн хэргийг /хэргийн 47-112-р хуудас/ шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-ийн хариуцагч Б.Г-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 1 059 700 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 40 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК нь түүний өмчлөлийн **** УАК улсын дугаартай Тоёота Приус30 маркийн автомашиныг хариуцагч Б.Г нь **** УББ улсын дугаартай Ланд200 маркийн автомашиныг жолоодон явахдаа мөргөж хохирол учруулсан тул автомашинд учирсан эвдрэл, хохиролд 995 700 төгрөг, үнэлгээ хийсэн 64 000 төгрөг, бензины зардалд 40 000 төгрөг, нийт 1 099 700 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч Б.Г нь **** УББ улсын дугаартай Ланд200 маркийн автомашиныг жолоодон хөдөө орон нутгийн замд явж байхдаа замын нөхцөл байдлыг харгалзан зөв талаар нь гүйцсэн тул осол болсонд гэм буруугүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Б.Г нь 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжинболдогийн замд **** УББ улсын дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-ийн өмчлөлийн **** УАК улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-ийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь зохигчийн тайлбар, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Төв аймаг дахь цагдагийн газрын 2234000622 дугаартай зөрчлийн хэргийн баримт, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрч, холбогдогчоос авсан мэдүүлэг, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №0027055 дугаартай шийтгэлийн хуудас, В ХХК-ийн хохирол үнэлгээний тайлан болон хэрэгт авагдсан зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай тогтоолоор тогтоогдож байна.
5.Талууд осол хэний буруутай үйлдлийн улмаас гарсан эсэх, хохирлыг хэн хариуцах талаар маргаж байна, осол болсон үйл баримтын талаар маргаагүй.
Хэрэгт авагдсан 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаанд “...2.Магадлагаа:Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдлын талаар:
2.1.Тоёота Ланд 200 маркийн **** УББ улсын дугаартай автомашины жолооч Б.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. Гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.
2.2.Тоёота Приус 30 маркийн **** УАК улсын дугаартай автомашины жолооч Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв” гэжээ.
Хариуцагч Б.Г нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, нэхэмжлэгчид хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт буюу эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар тогтоогдож байх бөгөөд түүний хөдөө орон нутгийн замд жолоочийн зөв талаар гүйцэж түрүүлэх, мөн цас бороо ороод үер устай байсан учир ганц замаар явах боломжтой байсан тиймээс би зөв талаар нь гүйцэж түрүүлсэн учир гэм буруугүй гэж тайлбарласан нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзэв.
Ослын нөхцөл байдлыг буруу тогтоосон гэсэн боловч хариуцагч нь өөрөө зам тээврийн ослын газарт хийсэн үзлэгт оролцсон, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн гомдол, санал гаргаагүй, энэ талаарх баримтгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагчаас буюу тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж, эзэмшиж тухайн үед жолоодож осол гаргасан этгээдээс эд хөрөнгөд нь учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д зааснаар хариуцагч нь гэм буруугүй болохоо нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар хариуцагчид энэ үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохиролыг хариуцагч нь хариуцан арилгах үүрэгтэй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар автомашины эвдрэл хохиролд 995 700 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 64 000 төгрөг, бензины зардалд 40 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Хэрэгт авагдсан В ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №39757/ДД№23691305 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, тайлангийн хасвралтад “...Тоёота Приус 30 маркийн **** УАК улсын дугаартай, хар өнгийн автомашины ослын улмаас учирсан хохирол нийт шууд зардлын дүн 875 000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 995 700 төгрөгөөр” үнэлсэн байна.
Мөн нэхэмжлэгчээс автомашинд үнэлгээ хийлгэсэн төлбөр 64 000 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч Б.Г ас гэм хорын хохиролд хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 995 700 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 64 000 төгрөг, нийт 1 059 700 төгрөгийг гаргуулан олгох нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас Эрдэнэ сум, Төв аймаг явсан бензиний мөнгө 90 000 төгрөг, нотариатын зардал 14 000 төгрөгийн зардал гарсан гэсэн боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа бензины зардалд 40 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
Гэвч хэрэгт хавсарган ирүүлсэн МТ болон Петростар ХХК болон бусад баримтаар бензин авсан болох нь тогтоогдох боловч Эрдэнэ сум, Төв аймаг руу явсан эсэх нь тодорхойгүй, мөн нотариатын мөнгөний тасалбарт нэхэмжлэгч нь уг баримтыг авсан талаар бичигдээгүй байх бөгөөд нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой зардал гэж үзэн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
7.Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Д.Н нь гаргасан дүгнэлтдээ “...2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр болсон ослын талаар дүгнэлт гаргахад иргэн Гантулга тухайн автомашиныг мөргөн гэмтэл учруулсан тус хохирлыг нөхөн төлөх ёстой гэж үзэж байна. Учир нь тухайн осол гаргасан нь баримтаар нотлогдож байна. Нөхөн төлбөрийн хэмжээ нь баримтаар тогтоогдож байна. Гантулга гэдэг хүн хүнд хохирол учруулснаа ерөөсөө ойлгохгүй байгаа нь хачирхалтай байна. Гантулга гэдэг хүний буруутай үйлдлээс хохирол учирсан байна гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г ас 29 982 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Г-аас гэм хорын хохиролд 1 059 700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-с 29 982 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧ Г.СОЛОНГО
ШҮҮГЧ Да.ЭНХЦЭЦЭГ