Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2023/00339

 

 

 

2023 оны 01 сарын 27 өдөр                     Дугаар  183/ШШ2023/00339                    Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, 16в тооотод оршин суух, С.Б /РД:********/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 13 тоотод оршин суух, А овогт П.Н /РД:********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Б , 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.

Хариуцагч П.Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд ямар нэгэн хүсэлт, санал ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч П.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

П.Н нь 2018 оны 6 сард алт олборлох гэж байна ахаа 40 000 000 төгрөг хэрэг болоод олборлолт явуулаад таньд гомдоохгүй буцаагаад өгнө гэхээр нь би өөрийн Хаан банк дах данснаас 40 000 000 төгрөгийг авч бичиг үйлдээд түүнд өгсөн. Би түүн рүү удаа дараа утасдахад удахгүй орон нутгаас нь зөвшөөрөл аваад ажил эхлэх гэж байгаа та санаа зоволтгүй гэсэн. Тэгээд ковидын үе таарсан өөртэй нь уулзахад манайх гэр бүлээрээ ковид тусаад гээд маш турчихсан бие нь тааруу явахаар нь чи авсан мөнгөө боломжгүй бол цувуулаад ч болов төлөөрэй гэхэд би таны мөнгийг 9 сард багтаагаад төлнөө гэхээр нь итгээд явсан. Гэтэл дараа нь бүүр утасаа авахаа больсон. Таньдаг хүнээс нь сонсоход наад Нэргүй чинь олон хүнээс мөнгө аваад өгөхгүй хулхидаад явдаг гэж сонсоод намайг залилсан юм гэж бодоод Цагдаад хандахад очиж мэдүүлэг өгөхдөө мөнгө авсанаа хүлээн зөвшөөрсөн боловч эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаа явуулж болохгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан хариу ирүүлсэн. Иймд П.Н-гээс 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. П.Н-тэй өмнө нь ах, дүүгийн хувиар харилцаж байсан. 2018 оны 6 сард П.Н уул уурхайн ажил эхлээд Заамарт ашиглалтын лиценз авсан, тэгээд мөнгө зээлээч гэхээр нь 40 000 000 төгрөгийг бичиг хийж зээлүүлсэн. Тэгээд ковидын хууль гараад утсаа авахаа больсон. Заримдаа утсаа аваад ярихаараа би ковид туссан байгаа гэдэг байсан. Тэгээд миний мөнгийг цувуулж өгөхөөр тохирсон. Сүүлд олон хүнээс мөнгө зээлсэн өгөөгүй гэж сонсоод цагдаад хандсан. Гэтэл цагдаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан, иргэний маргаан гээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Тэгээд П.Н утсаа авахгүй, мөн гэрийнх нь хаягийг тодорхой мэдэхгүй тул цагдаагаас асууж байгаад Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан. Үүний дараа П.Н утсаар яриад 40 000 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийг нь эхэлж өгөөд 30 000 000 төгрөгийг нь дараа нь өгье гэсэн хэдий ч одоо болтол мөнгө өгөөгүй байгаа тул шүүхэд хандсан юм. Иймд 40 000 000 төгрөгөө нэхэмжилж байна, хэдийгээр хариу тайлбар дээрээ 2 000 000 төгрөгийг төлсөн гэсэн боловч мөнгө өгөөгүй бөгөөд хэрэв өгсөн бол баримтаа шүүхэд ирүүлэх байсан байх гэв.

 

 2.Хариуцагч П.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие П.Н С.Б аас 2019 оны 5 дугаар сард 40 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй авсан нь үнэн. Гэрээ хийж авсан. Гэрээний дагуу 2 000 000 төгрөг хүү болгон өгсөн. Түүнээс хойш өгч чадахгүй явсаар өдий хүрсэн. Одоо хугацаа тохирч С.Б ы төлбөрийг өгч барагдуулна гэсэн.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.Б ы 507*****02 тоот дансны хуулга, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 5393 тоот  Баянгол дүүргийн Прокурорын газрын  “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол /хэргийн 2-4-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар гэсэн баримтыг /хэргийн 29-р хуудас/ шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Прокурорын газраас П.Н гийн гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /16-20-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч П.Н д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон. 

3.Хариуцагч П.Н нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй, хүү 2 000 000 төгрөгийг буцаан өгсөн тул үлдэх мөнгийг хугацаа тохирч төлж барагдуулна гэж тайлбарласан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч П.Н д 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 40 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь түүний хэрэгт авагдсан ХААН банк ХХК-ний 50********602 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна.

5.Талуудын маргааны зүйл нь хүү болох 2 000 000 төгрөгийг өгсөн эсэх талаар байна, зээлийн гэрээний зүйл болох 40 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хүлээн авсан талаар маргаагүй байна.

6.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагч С.Б д шилжүүлсэн, хариуцагч нь зээлийн гэрээний зүйл болох 40 000 000 төгрөгийг буцаан өгөөгүй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

Хариуцагч  П.Н нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд зээлийн хүүнд 2 000 000 төгрөгийг буцаан нэхэмжлэгчид өгсөн гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” бөгөөд хариуцагч нь тус дүүргийн шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан бөгөөд эрх үүрэгтэй танилцаж, баримтад гарын үсгээ зурсан, нэхэмжлэлийг гардан авч хариу тайлбараа 2023, оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн боловч татгалзлын үндэслэлээ буюу 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв.

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар заасан бөгөөд зохигчийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан буюу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн боловч мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан.

            Нэхэмжлэгч нь шаардах эрх хариуцагчийн 2019 оны 9 сард багтаагаад мөнгийг өгнө гэснээр үүссэн гэж тайлбарласан, хариуцагчид холбогдуулан тус дүүргийн шүүхэд 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй, мөн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн газар П.Н гийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “...би шатсан ба тэрнээс болж өдийг хүртэл мөнгийг нь өгч чадахгүй явж байна. Сүүлдээ удахгүй өгнө гэж хэлсээр байгаад хэлэх үггүй болсон учраас санаа зовоод Батсайхан ахтай ярьж чадахгүй байсан юм”, тус дүүргийн шүүхэд ирүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн хариу тайлбарт “...одоо хугацаа тохирч Батсайханы төлбөрийг өгч барагдуулна” гэсэн болно.

 

Иймд хариуцагч П.Н гээс зээлийн гэрээний зүйл болох 40 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б д олгохоор шийдвэрлэв.

 

7.Хариуцагч П.Н д 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд санал, хүсэлт ирүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-д заасан “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх”, 76 дугаар зүйлийн 76.2-т заасан “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 950  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Н гээс улсын тэмдэгтийн хураамжид 357 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б д олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар хариуцагч П.Н гээс зээлийн гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 950  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Н гээс улсын тэмдэгтийн хураамжид 357 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б д олгосугай.

                                                                                                              

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ХУЛАН