Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2023/00340

 

 

2023 оны 01 сарын 27 өдөр        Дугаар 183/ШШ2023/00340                        Улаанбаатар хот

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Х дүүрэг, А-27 тоотод байрлах, Д ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Х дүүрэг, 83 тоотод байрлах, Ж ХХК /РД:*******/-д холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: Гүйцэтгээгүй ажлын хөлс, алданги торгууль нийт 565 720 160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А /цахимаар/,

Хариуцагчийн төлөөлөгч Б.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Ж ХХК -д холбогдуулан гүйцэтгээгүй ажлын хөлс болон алданги, торгууль нийт  565 720 160 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д ХХК нь Ж ХХК -тай 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч нь Б дүүрэг, ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц ХХК-ийн эзэмшлийн газарт 24 м өргөн 72 м урт 6-9 м өндөр бүхий 1728 м.кв талбай бүхий сендвичин агуулахын барилгыг барих, барилгад шаардлагатай материалууд бэлтгэн нийлүүлэх, суурийн ажлаас бусад улсын комисс хүлээн авах хүртэл гүйцэтгэлийн бүх ажлууд багтсан ба түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг 789 516 288 төгрөгөөр тохиролцсон. Д ХХК нь гэрээнд заасны дагуу дараах байдлаар төлбөрийг шилжүүлсэн байдаг. Үүнд: 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр урьдчилгаа 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн, 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Peace town 2, 33 дугаар байрны 43 тоотод байрлах 54,79 м2 олон сууцыг 123 277 500 төгрөгт тооцон, К хотхоны 304 тоотод байрлах 137 м2 талбай бүхий орон сууцыг 383 600 000 төгрөгт тооцон, 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Deleka D5 автомашиныг 24 000 000 төгрөгт тооцон, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 100 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ж ХХК нь агуулахын төмөр карказыг босгочихоод үлдэгдэл бараа материал хил дээр гацсан мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 20 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 20 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд нийт 720 877 500 төгрөгийг шилжүүлсэн. Ж ХХК нь агуулахын төмөр карказын ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн. Манай талаас агуулахыг бүрэн ашиглалтад оруулж өгөхийг удаа дараа шаардсан боловч ажлын гүйцэтгэл гараагүй. Ингээд 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр бидний зүгээс гэрээ цуцлах тухай мэдэгдсэн. Тус агуулахын барилгыг цааш нь үргэлжлүүлэн бариулахаар Туул констракшн ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан. Сэндвичин барилгыг Туул констракшн ХХК-иар бариулахад 563 141 804 төгрөгийг зардал гарсан. Бидний хооронд байгуулсан гэрээний гол нөхцөлийн 1.1 дүгээр зүйлийн "й" хэсэгт Барилгыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,2 хувийн алдангийг захиалагч талд төлнө, мөн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.3 дахь хэсэгт “...гэрээ цуцлах бол захиалагч нь хийгдээгүй үлдсэн ажлын үнийн дүнгийн 10%-тай тэнцүү торгуулийг гүйцэтгэгчээс шаардах эртхэй” гэж харилцан тохирсон байдаг бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу бодохоор 281 570 902 төгрөг болж байна. Иймд Ж ХХК -иас 844 712 706 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Д ХХК нь Ж ХХК -тай 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Ж ХХК нь Б дүүрэг, 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц ХХК-ийн эзэмшлийн газарт 24 метр өргөн, 72 метр урт, 6-9 метр өндөр бүхий 1728 м.кв талбай бүхий сендвичин барилга барих, барилгад шаардлагатай материалууд бэлтгэн нийлүүлэх, суурийн ажлаас бусад улсын комисс хүлээн авах хүртэл гүйцэтгэлийн бүх ажлуудыг хийж, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр хийж гүйцэтгэх байсан. Д ХХК нь уг гэрээний телберт 789 516 288 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөөс хийж гүйцэтгээгүй ажлын төлбөрийг гаргуулах тухайд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2019 оны байдлаар Ж ХХК -ийн хийж гүйцэтгэсэн ажлыг 367 302 400 төгрөгөөр үнэлсэн. Гэрээний төлбөрт Д ХХК -ийн гэрээний төлбөрт шилжүүлсэн 720 877 500 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 367 302 400 төгрөгийг хасаж тооцоход Ж ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлаас 353 575 100 төгрөгөөр үнэлэгдэх ажлыг хийж гүйцэтгээгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний 1.1.й-д алданги төлөхөөр ажлыг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гүйцэтгэж дуусахаар тохиролцсон. Д ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гэрээг цуцлах талаар мэдэгдсэн. Ж ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж дуусах ёстой байсан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс гэрээ цуцлах талаар мэдэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 24-ний ѳдрийг хүртэлх хугацаанд 153 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Нийт хэтрүүлсэн хугацааны алданги 176 787 550 төгрөг байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт алдангийн талаар заасан, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.3.3-д торгуулийг төлөхөөр тохиролцсон. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 353 575 100 төгрөгийн 10% нь 35 357 510 төгрөг байна. Иймд Ж ХХК -аас нийт 565 720 160 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Алданги, торгуулийг багасгах боломжгүй, 2019 оны 10 дугаар сард барилга ашиглалтад орох ёстой байсан. Нэхэмжлэгч тал тухайн барилгыг агуулахын зориулалтаар бараа материал хадгалах зориулалтаар бараа материалаа татаад гуравдагч компанийн агуулахыг түрээслээд маш их хэмжээний зардал гарсныг хариуцагч талаас нэхэмжлэх боломжтой байсан. Ковидын нөхцөл байдлаас болоод барилга удааширсан гэж байна. 2020 оны 11 дүгээр сараас хөл хорио тогтоосон тэрнээс өмнө ямар нэг хөл хорио тогтоож үйл ажиллагааг зогсоосон зүйл байгаагүй. Барилгын үйл ажиллагаа зогссон гэсэн баримт өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

1.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Үндсэн мөнгө дээр эвлэрэх боломжгүй, гэрээний дагуу хариуцагч компани алданги, торгуулийг төлөх үүрэгтэй. 132 хоног хугацаа хэтэрсэн улмаас үүссэн алдангийг нэхэмжилж байна. 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс хойш хугацаа сунгаад явсан боловч, гүйцэтгэгч тал ажлаа хийгээгүйн улмаас гэрээг цуцалсан. Хариуцагчийн зүгээс нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч Б.Ушүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нэхэмжлэгч Д ХХК-тай 2019 оны 8 дугаар сард гэрээ хийсэн нь үнэн, энэ талаар маргахгүй. Гүйцэтгэгч талаас 50 хувь нь бэлэн мөнгө, 50 хувь нь бартераар хийнэ гэж тохиролцсон боловч графикийн дагуу гүйцэтгэгч тал өгч чадаагүй. Гэрээний үүргээ зөрчсөн тал нь анх 20, 10, 50 хэдэн сая төгрөг өгөөд үлдсэнийг бартераар өгсөн. Төлбөрөө байнга л хойшлуулж байсан. Бид бараа материалыг Хятад улсаас захиалсан боловч 2021 онд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хойшилсны улмаас бид зарж борлуулж чадаагүй байсан. 2020 оны 5, 6 сард гэрээ цуцлах санал хүргүүлээд талууд маргаж эхэлсэн. Тухайн үед төлбөрт өгсөн 2 байраа буцааж авсан боловч манай компани хохирол амссан. 2019 оны 10 сараас хойш алданги тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Манайд бүх албан бичиг байгаа, авчирч өгөх гэсэн боловч амжсангүй. Алдангийг 2019 оны 11 сараас хойш тооцсон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал улс даяараа зогсонги байдалд байсанг мэдэж байж алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Манайх гэрээ байгуулсан, нэхэмжлэгчээс ажлын хөлсийг шилжүүлсэн, гэрээ цуцласан, мөн хөрөнгийн үнэлгээгээр гарсан ажлын үнэлгээг бүгдийг зөвшөөрч байгаа. Тиймээс уг 353 575 100 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, бид төлнө. Харин адилхан бизнес хийдэг хүмүүс, мөн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаад алданги, торгуулиа нэхэмжлэхээ больчихвол эвлэрээд 353 575 100 төгрөгөө төлье. Манайх бэлэн мөнгө шууд өгөх боломжгүй бол бараа материал солилцох боломжтой, манайд бараа материал байгаа гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчид удаа дараа мэдэгдсэн боловч хариу хэлээгүй. Тиймээс алданги, торгуулиас татгалзчихвал гүйцэтгээгүй ажлын үнийн дүнг төлөөд маргаанаа эвийн журмаар шийдвэрлэмээр байна, эсхүл маргаад давж, хянагдаад хугацаа л удааширна гэв.  

 

3.Нэхэмжлэгчээс Д ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  шилжүүлгийн баримт, төлбөрийн даалгавар, Ц.М-д олгосон итгэмжлэл, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөрийн даалгавар, шилжүүлгийн баримтууд, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Авто машин хүлээлцэх акт, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Орон сууц хүлээлцэх акт, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийн тооцоо нийлсэн акт, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Туул констракшн ХХК-ийн үнийн санал хүргүүлэх тухай албан бичгүүд, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Гэрээт ажлууд дүгнэсэн акт, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, Туул констракшн ХХК-ийн 48*60=2880м2хэмжээтэй А блокийн гадна тохижилт, Чулууны үйлдвэр, бохирын систем үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, 72*24 хэмжээтэй Б блок нэмэлт ажил, 72*24=1728м2 хэмжээтэй Б блокийн нэмэлт ажил, гэрэл зургууд, Uka гэх чатны бичвэрийн хуулбар, П.Э-т олгосон итгэмжлэл, П.Э, М.А нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 19/03 тоот Д ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, Ц ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага /хэргийн 4-45, 69-78, 123, 134-138, 143-144-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Ж ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ч.Ж-д олгосон итгэмжлэл, Э.Х, Ч.Ж нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ /хэргийн 48, 54, 126-128-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт /хэргийн 90-118-р хуудас/-ийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д ХХК-ийн хариуцагч Ж ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 388 932 610 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 176 787 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-хариуцагч Ж ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул гэрээг цуцлаж, гүйцэтгээгүй ажлын хөлс 353 575 100 төгрөг,

-үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 176 787 550 төгрөг,

-гэрээ цуцласны торгууль 35 357 510 төгрөг, нийт 565 720 160 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч Ж ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж байсан боловч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас ажил гүйцэтгэх боломжгүй болж гэрээ цуцлагдсан тул гүйцэтгээгүй ажлын хөлс 353 575 100 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрсөн боловч алданги, торгууль нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д ХХК , хариуцагч Ж ХХК нар нь 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 24м өргөн 72м урт 6-9 метр өндөр бүхий 1728 м.кв талбай бүхий агуулахын барилгыг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 60 хоног буюу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг 789 516 288 төгрөг байхаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, ажлын хүрээ, ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийн тооцоо нийлсэн акт, төлбөрийн даалгавар, шилжүүлгийн мэдээлэл, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

5.Талуудын маргааны зүйл нь гэрээ цуцлагдсантай холбоотой үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги, гэрээ цуцлагдсан улмаас нэхэмжилсэн торгууль байна, гэрээ байгуулсан, гэрээг цуцласан, гүйцэтгээгүй ажлын хөлс 353 575 100 төгрөгийг төлөх талаар маргаагүй байна.

 

 6.Зохигч талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэж байсн талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид ажлын хөлсөнд нийт 720 877 500 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч нь гэрээнд заасан ажлаа гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул гүйцэтгээгүй ажлын хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй”, 355.2-д “ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж заасан.

Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгчийн санаачилгаар цуцласан талаар маргаагүй бөгөөд ажлын хөлсөнд нийт 720 877 500 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайланд “...хийж гүйцэтгэсэн ажлын дүн 367 302 400 төгрөг” гэснийг хүлээн зөвшөөрсөн болно.

Хэрэгт авагдсан Х ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №284 тоот Барилгын ажлын гүйцэтгэл үнэлсэн тухай тайланд “...2016 оны байдлаар Ж ХХК -ийн хийж гүйцэтгэсэн ажлын дүн 367 302 400 төгрөг болохыг тодорхойлов” гэжээ.

Иймд хариуцагч Ж ХХК -иас гүйцэтгээгүй ажлын хөлс болох 353 575 100 төгрөгийг гаргуулан /720 877 500-367 302 400=353 575 100/ нэхэмжлэгч Д ХХК-нд олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

7.Нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул алданги 176 787 550 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд ажил гүйцэтгэж дуусах байсан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс гэрээ цуцлах талаар мэдэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд 153 хоног гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарласан.

Талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний  1.1 дүгээр зүйлийн "й"-д “Барилгыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,2 хувийн алдангийг захиалагч талд төлнө”, 5.5-д “гүйцэтгэгч ажил дуусах өдөр ажлаа дуусгаж чадаагүй хугацаа хэтрүүлсэн бол гэрээний гол нөхцөлд заасан хэмжээгээр алданги төлнө” гэж харилцан тохиролцжээ.

Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээг цуцлах талаар 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэж, гэрээг цуцласан атлаа үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж алданги шаардсан байх бөгөөд гэрээг цуцлахад үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүссэн шаардах эрх мөн дуусгавар болдог. Нэхэмжлэгч нь хэдийгээр үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алдангийг гэрээг цуцлах хүртлэх хугацаагаар нэхэмжилсэн боловч хариуцагч нь гэрээний үнийн дүн буюу ажлын хөлс болох санхүүжилтийг хугацаандаа олгогдоогүй, мөн цар тахалтай холбоотойгоор үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэж тайлбарласан.

Талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний 1.1-ийн б,в-д “ажлыг эхлүүлэх огноо 2019 оны 8 сарын 23, ажлыг гүйцэтгэх хугацаа эсхүл гүйцэтгэж дуусгах огноо хуанлийн 60 хоног буюу 2019 оны 10 сарын 23”, е-д төлбөрийн нөхцөлийг тусгасан байх бөгөөд “...дундын санхүүжилт 200 000 000 төгрөг БНХАУ-ын Эрээн хотод бараа материал ирснээр буюу 2019 оны 9 сарын 20-ны өдөр” гэсэн байхад хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “Ж ХХК -ийн 2019-08-23-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийн тооцоо нийлсэн акт-01” баримтад дундын санхүүжилтийг 2019 оны 10 дугаар сарын 10-нд 100 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний 8.1-д захиалагчийн санаачилгаар гэрээг цуцлах талаар заасан бөгөөд 8.1.2-д заасан үндэслэл буюу ажлыг хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй нь илэрхий байгаа бол 8.2-д зааснаар нэхэмжлэгч буюу захиалагч нь хариуцагч буюу гүйцэтгэгчид мэдэгдэл өгөх эрхтэй бөгөөд гэрээнд заасан ажил гүйцэтгэх хуанлийн 60 хоногийн хугацаа өнгөрсөн байхад энэ талаар мэдэгдэж байсан талаарх баримтыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлээгүй, мөн цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоогдож байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

8.Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээ цуцласан торгуульд 35 357 510 төгрөгийг нэхэмжилж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.3-д “...гэрээ цуцлах бол захиалагч нь хийгдээгүй үлдсэн ажлын үнийн дүнгийн 10%-тай тэнцүү торгуулийг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй” байхаар харилцан тохиролцсон гэсэн.

Зохигчийн хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.3-д “...гэрээ цуцлах бол захиалагч нь хийгдээгүй үлдсэн ажлын үнийн дүнгийн 10%-тай тэнцүү торгуулийг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй” гэж заасан байх бөгөөд зохигч талууд гэрээг цуцласан талаар маргаагүй, мөн хариуцагч нь хийгдээгүй үлдсэн ажлын дүн нь 353 575 100 төгрөг байгаа талаар хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул түүний 10 хувьтай тэнцүү торгуулийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч Ж ХХК -иас гүйцэтгээгүй ажлын хөлс 353 575 100 төгрөг, гэрээ цуцласан торгуульд 35 357 510 төгрөг, нийт 388 932 610 төгрөгийг гаргуулж, алданги 176 787 550 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

 

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 381 520  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК -иас 2 102 613 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК -д олгох үндэслэлтэй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр “Х” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн зардалд 3 000 000 төгрөгийн баримтыг шинжээчээс шүүхэд ирүүлсэн, хариуцагчийн төлөөлөгч нь дээрх шинжээчийн зардлыг төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ”, 53.1.1-д “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс”-ийг нөхөн төлөхөөр заасан тул шинжээчийн ажлын хөлс болох 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Доечэвэллэ ХХК болон хариуцагч Ж ХХК -иас тус тус гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч Ж ХХК-иас 388 932 610 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 176 787 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 381 520  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК -иас 2 102 613 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК-д олгож, хариуцагч Ж ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 1 500 000  төгрөг, нэхэмжлэгч Д ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 1 500 000 төгрөгийг тус тус гаргуулан Х ХХК-ийн 10000*****787 тоот дансанд олгосугай.

                                                                                                    

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                                 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН