Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2023/00404

 

2023 оны 01 сарын 31 өдөр                   Дугаар 183/ШШ2023/00404                        Улаанбаатар хот

     

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С  дүүрэг,  501 тоотод байрлах, И ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 32 тоотод оршин суух, М овогт Б.Г/РД:********/,

Хариуцагч: Ч дүүрэг, 15 тоотод оршин суух, Б овогт Г.Г /РД:********/ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 36 372 848 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш,

Хариуцагч Б.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б,

Хариуцагч Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.Г, Г.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36 372 848 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Г, Г.Г нар нь тус компаниас 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Зээлийн гэрээ болон фидуцын гэрээгээр 20 000 000 төгрөгийг 3,9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан. Гэвч зээлдэгч нар нь зээл авсанаас хойш нийт үндсэн зээлэнд 2 335 008 төгрөг, зээлийн хүүнд 1 524 584 төгрөг, алдангид 211 821 төгрөг нийт 4 071 413 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш буюу 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор буюу хуваарийн дагуу төлж барагдуулаагүй өдийг хүрсэн. 2022 оны 9 дүгээр сарын 23-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 17 664 992 төгрөг, зээлийн хүү 9 875 360 төгрөг, алданги 8 832 496 төгрөг нийт 36 372 848 төгрөг болж байна. Гэтэл 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн фидуцын гэрээнд Тоёото кровн 28-79 УАН улсын дугаартай авто машинаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаанд тавьсан боловч тухайн авто машины зах зээлийн үнэлгээ ханш нь манай компаний нэхэмжилж буй мөнгөн дүнд хүрэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг төгрөгөөр гаргаж байгаа болно. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 36 372 848 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол зээлийн гэрээний үүргийг шаардсан юм. Хариуцагч талууд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, заалтыг ярьж байгаа нь буруу бөгөөд бид Иргэний хуулийн 451 дүгээр зүйлээр шаардаагүй. Хамтран хариуцагч Г.Г энэ компанид өөрөө ажиллаж байсан, энэ байгууллага нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг гэдгийг мэдэж байгаа.

Манай И ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд юм. Хариуцагч талууд өөрсдөө хүсэлт гаргаад зээлийн гэрээ байгуулаад 20 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр өөрөө хүсэлт гаргаад оролцсон. Хэргийн 9 дүгээр талд хариуцагч Ганзоригийн гараар бичсэн зээл авах талаарх хүсэлт нь байгаа бөгөөд хэн аль нь харилцан тохиролцоод зээлийн гэрээг байгуулсан. Автомашины хувьд хариуцагч тал өөрсдөө хүсэлт гаргасны үндсэн дээр Фидуцын гэрээ байгуулсан. Манайх барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг буюу ломбард гэдэг талаар маргаагүй, үүнтэй холбоотой улсын бүртгэлийн гэрчилгээ дээр тусгай зөвшөөрөл байгаа. Машиныг фидуцийн гэрээ байгуулан авсан боловч уг машиныг хариуцагч нь өөрөө унаж, эзэмшиж ашиглаж байгаа талаараа өөрөө ч зөвшөөрч байна. Тиймээс бид үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйл болох автомашинаар хангуулах шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн байгууллага биш учраас нэмэгдүүлсэн хүү тооцоогүй, тооцохгүй. Иймд үндсэн зээл, зээлийг ашигласан хугацааны хүү, үүргээ хугацаандаа биелүүлээгүй алданги нийт 36 372 848 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүргээ шаардаж байгаа юм, нэхэмжлэлдээ хохирол гээд бичсэн нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирч байгаа гэдэг агуулгаар бичсэн гэдгийг ойлгоорой гэв.  

 

 2.Хариуцагч Б.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Зээлийн гэрээний үнийн дүн гэж байснаа хохирлын үнэ гэж төгсөж байгаа нь ойлгомжгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ нь зээлийн гэрээ нэрээр З-050049464 дугаартай байгуулагдсан. Энэхүү гэрээг дагалдаж Ф****гэх фидуцийн гэрээ байгуулагдсан. Тиймээс зээлийн гэрээ байгуулж байгаа зээлдэгчийн эрх зүйн байдлыг тогтоох нь зүйтэй. Манай талаас зээлдэгчийн эрх зүйн байдал хууль зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд үндэслэл нь зээлдүүлэгч гэрээндээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйл болон 282 дугаар зүйлүүдэд зааснаар зээлийн гэрээ байгуулсан байна. Гэтэл энэ байгууллага нь барьцаалан зээлдүүлэх ломбардын үйл ажиллагаа явуулдаг тэрнээс биш Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх хэмжээ байхгүй юм. Тиймээс хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөлтэй эсэхийг тогтоох ёстой. Тэгэхээр И ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан эрх хэмжээтэй байгууллага юм. Энэ нь хавсралтаар орж ирж байгаа Фидуцийн гэрээ байгуулах эрхгүйг харуулж байна. Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж зааснаар эрхгүй учир зарах боломжгүй юм. Ингээд тусгай зөвшөөрөлгүй байгууллага хүү, алданги тооцох эрхгүй гэж үзэж байна. Тиймээс гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай талаас нэхэмжлэлийг зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл болох 17 664 992 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч байгаа бөгөөд 17 664 992 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Харин хүү, алданги төлөх үндэслэл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.1.Хариуцагч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 17 664 992 төгрөг үлдсэн гэж байна. Зээлийн хүүнд 436 хоногийн болох 9 875 360 төгрөг, алданги 8 832 496 төгрөгийг нэхэмжилсэн байгаа бөгөөд уг тооцооллыг үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлдэгчийн эрх зүйн байдлаас хамаараад зээлийн гэрээний төрлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгүүдэд нарийвчлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл 474 кодтой барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлнэ гэх бөгөөд үйл ажиллагааны үндсэн чиглэл нь барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгогдохоор байна. Тус компанийн зээлийн үйл ажиллагаа Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт хамаарна. Барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох харилцааг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно хэмээн заасан. Тус хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй, мөн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээг хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилсан байна. Ийнхүү барьцаалан зээлдүүлэх газар нь хөдлөх хөрөнгийг барьцаалж зээлдэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг хуульд заасан журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулдаг учир үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэх боломжгүй. Улмаар алданги төлөх үүрэг үүсэхгүй гэж үзэж байна. Ингээд Фидуцийн гэрээ нь 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байх бөгөөд фидуцийн гэрээ байгуулснаар хуульд заасан журмын дагуу барьцаа хөрөнгийг зээлийн үүргийн гүйцэтгэлээс хангуулах арга замыг хэрэглэх боломжгүй байна. Хугацаа хэтэрсэн нь өөрийнх нь буруутай үйлдлээс шалтгаалсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги шаардах боломжгүй. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдахаар байна. Иймд хариуцагч нарт зээл олгохдоо Иргэний хуулийн 286.3-т заасан шаардлагыг хэрэгжүүлэх боломжгүй, хуульд заасан хийвэл зохих үйл ажиллагааг өөрийн буруутай үйлдлээс болоод хийгээгүй буюу барьцаа хөрөнгө байхгүй учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй юм. Тиймээс алданги тооцох хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй байх тул энэ эрхээ алдсан гэж үзэж байна. Түүнчлэн хүүний хувьд нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх эрхтэй атлаа зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.4-т заасан зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл зээлийн үлдэгдэл, зээлийн хугацаа дууссанаас үл хамааран энэхүү гэрээнд заасан хүүг төлнө хэмээн банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн эрхийн хүрээнд зээлийн нөхцөлийг тодорхойлж зээлдүүлэгч нь хэтэрсэн хугацааны хүү нэмэгдүүлсэн хүүг шаардахаар Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлүүдэд заасан үүргийг хүлээхээр харилцан тохиролцсон нь хуульд нийцээгүй байна. Иймд хариуцагч нараас 436 хоногийн хүү хэтэрсэн гэж хүүний мөнгө нэхэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр И ХХК нь алданги тооцох эрх, хугацаа тооцох эрх цаашлаад хүчин төгөлдөр бус гэрээ хэлцлүүд хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн миний дансанд зээлийн гэрээний зүйл болох мөнгө ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Ш-т олгосон итгэмжлэл, И ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ, 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, мөнгө хүлээн авсан баримт, Б.Г-ийн зээлдэгчийн анкет /хэргийн 2-9-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Б.Гоос хариу тайлбар, Ш.Бямбадоржид олгосон итгэмжлэл /хэргийн 19, 34-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Г.Г-аас 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ, гэрээний хавсралт, Б.Г, Г.Г нарын иргэний үнэмлэхний хуулбар, Б.Г-ийн гараар бичсэн баталгаа /хэргийн 23-29-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч И ХХК -иас зээлийн төлбөрийн хуваарь, дансны хуулга /43-45-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч И ХХК -ийн хариуцагч Б.Г, Г.Г нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 23 089 346 төгрөгийг гаргуулж, 13 283 502 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.Г, Г.Г нараас 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, хугацаандаа үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 17 664 992 төгрөг, түүнийг ашигласны хүү 9 875 360 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 8 832 496 төгрөг, нийт 36 372 848 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч Б.Г нь 20 000 000 төгрөгийн зээлийг авсан талаар маргаагүй боловч нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг атлаа банк бус санхүүгийн байгууллагатай адил хүү шаардсан нь үндэслэлгүй, эрх зүйн байдал тодорхойгүйгээс зээлдүүлэгчийн эрх ашгийг хохироож алданги нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч Г.Г нь нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгосон бөгөөд зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах байхад хууль зөрчиж фидуцкийн гэрээ байгуулсан, үүргээ гүйцэтгээгүйд нэхэмжлэгч өөрөө буруутай тул алданги шаардах эрхгүй, мөн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлэн аваагүй тул хариуцагч биш гэж маргасан.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №3-05-00049464 дугаартай зээлийн гэрээг нэг талаас И ХХК , нөгөө талаас Б.Г, Г.Г нар байгуулж, 20 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 30 хоногийн 3,9 хувийн хүүтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглахаар харилцан тохиролцжээ.

Мөн 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр №Ф-05-00049464 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг /фидуцийн гэрээ/ И ХХК , Б.Г нар байгуулж, 28-79 УАН улсын дугаартай, сувдан цагаан өнгөтэй Тоёота кроун маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байна.

 

6.Талуудын маргааны зүйл нь гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн эсэх, хүү болон алдангийг төлөх талаар байна, зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй байна.

 

7.Зохигч талуудын хооронд буюу нэхэмжлэгч И ХХК , хариуцагч Б.Г, Г.Г нарын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.5-д зааснаар 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний мөнгө хөрөнгө болох 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зээлийн төлбөрийн хуваарь, харилцагчийн төлсөн төлөлт, мөнгө хүлээн авсан баримтаар тогтоогдож байна гэж үзэв.

Хариуцагч Г.Г нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийн хүлээн аваагүй тул зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй гэж маргасан.

Хариуцагч Г.Г нь зээлийн гэрээнд зээлдэгчээр гарын үсгээ зурсан байх бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авч, захиран зарцуулаагүй гэсэн боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран зээлдэгч гэдэг нь хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн ойлголтод хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн өмнө адил үүрэг хүлээхээр гэрээнд тохиролцсон байх тул зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч нь гэрээний тал болох хэн алинаас нь шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч нар нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний эрх зүйн байдал нь тодорхойгүй, банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөлгүй атлаа хүү, алданги тооцсон, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг байж фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж мэтгэлцсэн.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч И ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн №000209223 дугаартай гэрчилгээнд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэхээр заасан байх бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281, 282 дугаар зүйлд заасныг үндэслэн байгуулсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдохгүй, харин нэхэмжлэгч нь  барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийн хувьд зээл олгохдоо хөдлөх хөрөнгө барьцаалах эрхтэй байтал өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй болно.

 

Иймд зохигч талууд 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр №3-05-00049464 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж гарын үсгээ зурсан, хариуцагчид гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ...”, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэсэн зохицуулалтыг зөрчөөгүй, гэрээ хүчин төгөлдөр байх тул хариуцагч нар нь зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 17 664 992 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 9 875 360 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс алданги 8 832 496 төгрөг, нийт 36 372 848 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 17 664 992 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй боловч банк бус санхүүгийн байгууллагын зарчмаар хүү тооцсон, барьцаалан зээлдүүлэх газар нь зээл олгохдоо хүчин төгөлдөр бус фидуцийн гэрээ байгуулснаар хуульд заасан журмын дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болж хугацаа хэтэрсэн нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс хамаарсан тул хүү, алдангийг төлөхгүй гэж тайлбарласан.

Зохигч талууд зээлийн гэрээг 12 сарын хугацаатайгаар байгуулсан, гэрээний хугацаа сунгагдаагүй, гэрээний хугацаа нь 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хүүг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.  

Мөн зээлийн гэрээний 2.1.6-д “зээлдэгч зээлийн гэрээний үүргийг хавсралт1-т заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд зээл төлөх эцсийн хугацаа дуусахаас үл хамааран хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан алдангийн талаар харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.   

 

Гэвч Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-д зааснаар барьцаалан зээлдүүлэх газар нь хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, зээл олгодог, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулахдаа энэ тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгодог.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч нарыг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс алданги шаардах эрх үүссэн боловч хариуцагчтай хууль зөрчин фидуцийн гэрээ байгуулснаар зээлдэгч үүргээ биелүүлээгүй бол нэн даруй бичгээр мэдэгдэх, мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулж үүргээ хангуулах боломжгүй буюу хариуцагч нарыг үүргээ хугацаандаа биелүүлээгүйд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн тул алданги шаардсан нь үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн эрсдлээ өөрөө хариуцах ёстой гэж үзэв.

Иймд хариуцагч Б.Г, Г.Г нараас 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 17 664 992 төгрөг, хүү болох 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх хүү 5 424 354 төгрөг, нийт 23 089 346 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ХХК -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 283 502 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

 8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339 814 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г, Г.Г нараас 273 396 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3-д зааснаар хариуцагч Б.Г, Г.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 23 089 346 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ХХК -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 283 502 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339 814 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-оос 136 698 төгрөг, хариуцагч Г.Гас 136 698 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК -нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН