Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 281

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Улсын яллагч Ц.Сүхбат,  

Шүүгдэгч Р.Сэнгээ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балжир овогт Равсангийн Сэнгээд холбогдох эрүүгийн 201725020978 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1952 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 21 дүгээр гудамж 4а тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,  /одоо Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Могойн дэнжийн задгай/-д түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Балжир овогт Равсангийн Сэнгээ, /РД: НЭ52051530/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Р.Сэнгээ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэм” кафед хохирогч Б.Батсүхтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Р.Сэнгээ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Эрүүгийн 201725020978 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Р.Сэнгээ нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...надад сонсгож байгаа ял зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Эрхэм кафед орж нэг шил архи хоол унд идэж уусан. Тэгээд бид хоёр архиа ууж байгаад Батсүх эмнэлэгт ажилладаг хүүхэнтэй уулзана гээд гараад явсан. Тэгээд удалгүй буцаж орж ирээд намайг чи хамт явсангүй гэж маргалдаад бид хоёр барилцаж аваад зодолдсон юм. Би тухайн үед болсон явдлыг сайн санахгүй байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-62 дугаар хуудас/,

                 Хохирогч Б.Батсүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Р.Сэнгээгийн дүүгийн “Эрхэм” гэдэг кафед 12 цагийн үед орж 1 шил 0.75 граммын архи уусан. Тэгээд Р.Сэнгээ надад агсамнаад босож ирээд үснээс зулгаагаад цохиод түлхээд архины шилээр цохисон. Тэгээд намайг газар унасаны дараа цээжин дээр хөлөөрөө дэвссэн. Намайг үснээс зулгааж байгаад толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Бид нэг өрөөнд хоёулахнаа байсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

  Гэрч Я.Батбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр манай авга ах Р.Сэнгээ манай кафед найз Батсүх гэдэг хүнтэй хамт орж ирсэн. Би тэр хоёрыг ви ай пи өрөөндөө оруулаад цагаан архи 0.75 граммын нэг шилийг хоолтой авч өгсөн. Тэгээд манай тогооч Баярмаа над руу 15 цагийн үед залгаад танай ах чинь хамт ирсэн хүнтэйгээ зодолдоод байна гэхээр нь би шууд гадуур ажилтай явж байгаад кафе дээрээ ирэхэд буйдангийн хоёр захад унтацгааж байсан. Шалан дээр цус болсон байсан. Өрөө нь камерийн хяналт байхгүй байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹5207 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Б.Батсүхийн биед зүүн 2,10,11 дүгээр хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” гэжээ. /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Цэрэндэлгэрийн мэдүүлэг /хх 20-21/, гэрч Н.Нямсүрэнгийн мэдүүлэг /хх 46-47/, гэрч А.Улаанхүүхэний мэдүүлэг /хх 48/, гэрч Я.Сүглэгмаагийн мэдүүлэг /хх 63-65/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32/, хорооны тодорхойлолт /хх 36/, иргэний үнэмлэхний хуулбар /хх 37/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 56/, эвлэрсэн тухай баталгаа /хх 70/, хүсэлт /хх 71/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Р.Сэнгээ нь согтуурсан үедээ 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэм” кафед хохирогч Б.Батсүхтэй нийлж архидан согтуурч хоорондоо таарамжгүй харилцсаны улмаас хохирогч Б.Батсүхийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Р.Сэнгээгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Батсүх, гэрч Я.Батбаяр нарын мэдүүлэг, шинжээчийн ¹5207 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Сэнгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

   Иймд шүүх шүүгдэгч Р.Сэнгээг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

   

          Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болохыг тэмдэглэв.

            Шүүх шүүгдэгч Р.Сэнгээгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан  торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч Р.Сэнгээд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 Хэрэгт авагдсан хохирогч Б.Батсүхээс бичгээр гаргасан хүсэлтдээ “хохирлыг нөхөн төлсөн, гомдол саналгүй. 400.000 төгрөг хохиролд төлөв” /хх 56/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.Сэнгээ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

            1. Балжир овогт Равсангийн Сэнгээг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Сэнгээг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Сэнгээд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Р.Сэнгээ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Сэнгээд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож солих болохыг анхааруулсугай.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Сэнгээд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН