| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борын Дэнсмаа |
| Хэргийн индекс | 1939005210016 |
| Дугаар | 2021/ДШМ/26 |
| Огноо | 2021-07-27 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2021/ДШМ/26
2021 оны 07 сарын 27-ны өдөр 2021/ДШМ/26 Хэрлэн сум
А-т холбогдох
эрүүгийн хэргийн талаар
226/2021/00026/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,
Прокурор Ж.Батбаатар /цахимаар/,
Иргэний хариуцагч Хэнтий аймаг дахь “Х” ТӨХК--ийн өмгөөлөгч Б.Болортунгалаг /цахимаар/,
Шүүгдэгч А-, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл,
Нарийн бичгийн дарга М.Уугантуяа нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ар-ын өмгөөлөгч Г-ийн давж заалдах гомдлоор А-т холбогдох эрүүгийн 1939005210016 дугаартай 3 хавтас 739 хуудас бүхий хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн итгэснээр хянан хэлэлцэв.
Дорноговь аймгийн Сайншанд суманд 1979 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай, ам бүл 6, эхнэр, 3 хүүхэд, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбатын 47 дугаар байр А-33 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Г-н А нь
Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг хөдөө хэсэгт буюу Чингис хотоос зүүн урагшаа 16 км зайд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Т.Prius” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2 “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно” а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал”, 13.4 Дараах гадруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтуудыг зөрчин “Т.Приус” маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас БНХАУ-н иргэн Х амь нас хохирч, БНХАУ-ын иргэн W/, Q нарын эрүүл мэндэд хүнд хохирол, H-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, “T.Prius” маркийн автомашинд зорчиж явсан У-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Г-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироож, хоёр хүний эрүүл мэндэд хүнд, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасны дагуу шүүгдэгч А-т тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хязгаарлалт зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 206327962 төгрөгийн нэхэмжлэлээс 166834569 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ар-ын өмгөөлөгч Г- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: А-ын буруутай үйлдлийн улмаас нэг хүний амь хохирсон, хоёр хүний эрүүл мэндэд хүнд, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Үүнээс үүдэн хохиролд нийт 206327962 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүх 166834569 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь хохирогч нар нь А-ын үйлдлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд эрүүл мэндийн хувьд хэвийн байдалд оруулах, үүнтэй холбоотойгоор ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, олох ёстой орлогыг олох боломжгүйд хүргэсэн, үүнийг өөрийн оршин суугаа улсын хэлнээс зохих журмын дагуу Монгол хэл дээр орчуулуулан шүүхэд гаргаж өгсөөр атал хэрэгт хамааралгүй гэж үзэн шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч А-т хорих ял оногдуулахгүйгээр түүнийг 3 жилийн хугацаагаар тэнссэн нь эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэн үзвэл А- нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа эсрэг урсгалд орж тээврийн хэрэгсэл мөргөсний улмаас нэг хүний амь нас хохирсон, хоёр хүний эрүүл мэндэд хүнд, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан буюу нийт 5 хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан байхад шүүхээс “...учирсан хор уршгийн шинж чанар, ...эмч мэргэжлээр ажилладаг зэргийг харгалзан” хэмээн илтэд үндэслэлгүй дүгнэлт хийж, шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг анхааран үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч А-ын өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: А- нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн.
А-ын хувьд ямар нэгэн шалтгаангүйгээр эсрэг урсгал руу орсон асуудал байдаггүй, урд явж байсан машин гэнэт зогсохоор нь мөргөхгүй гэсэн үүднээс эсрэг урсгал руу орж тойрч гарах үйлдэл хийж байгаад зам тээврийн осолд гаргасан байдаг.
Шинжээчид зам тээврийн осол гарахад замын эвдрэл, А-ын буруутай үйлдэл тус тус нөлөөлсөн гэсэн дүгнэлт гаргадаг. Энэ үндэслэлээр Хэнтий аймаг дахь “Х” ТӨХК--ийг иргэний хариуцагчаар татсан байдаг. Хохирогч нараас 206327962 төгрөгийг нэхэмжилсэн байдаг ба иргэний хариуцагчаар Хэнтий аймаг дахь “Х” ТӨХК- татагдсан учир А-ын нэгэн адил хариуцлага хүлээх ёстой гэсэн ойлголттой байна.
Зам тээврийн ослын талаарх дүгнэлтэд зам тээврийн осол гарахад хуулийн этгээдийн болон А-ын буруутай үйлдэл тус тус нөлөөлсөн гэж дүгнэлт гарсан байтал А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татчихаад, гэм буруутай хуулийн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгах үндэслэл байхад шалгаагүй. Анхан шатны шүүхээс хуулийн этгээдийг гэм буруугүй гэж үзэн иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож гэмт хэргээс учирсан хохирлыг А-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. А-ын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч шүүхээс тогтоосон хэмжээний хүрээнд хохирлыг төлж барагдуулсан.
Уг гэмт хэргийн улмаас БНХАУ-н 1 иргэний амь нас хохирч, 3 иргэний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учирсан. Хохирогч нар эмчилгээний болон оршуулгын зардалд нийт 206327962 төгрөгийг нэхэмжилж, баримтуудыг хэрэгт хавсаргасан байдаг. Хохирогч нарын гаргасан 206327962 төгрөгийн нэхэмжлэлийн баримтуудтай танилцаад хүн тус бүрээр тооцож гаргахад талийгаач улмаас БНХАУ-н иргэн Х-ны оршуулгын зардалд 98775146 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Үүнээс сэтгэл санааны хохиролд 37800000 төгрөгийг нэхэмжилдэг. Монгол Улсын хэмжээнд сэтгэл санааны хохирлыг мөнгөөр хэмжих хуулийн зохицуулалт байдаггүй тул сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 98775146 төгрөгийг гаргуулах боломжгүй юм.
Мөн талийгаач Х-ны орон сууцны зээлийн үлдэгдэл 19372500 төгрөгийг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хохирогчийн оршуулгатай холбогдуулан зайлшгүй гарсан зардлыг гаргуулахаар хуульчилсан байдаг. Уг орон сууцны зээл нь оршуулгын зардалд орохгүй тул А-аас гаргуулах боломжгүй юм.
Талийгаачийн оршуулгын зардалд 107.8 юань буюу 40774867 төгрөгийг зарцуулсан гэсэн баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан байдаг. Талийгаач Х нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нас барсан бөгөөд 4574178 төгрөгөөр буяны ажилд ирсэн хүмүүсийг цайлсан баримт байдаг. Энэ баримтыг үндэслэлтэй гэж үзэж байна. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2 удаагийн хоолны мөнгө 5030000, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2-4 удаагийн хоолны мөнгө 5621610, архи, пиво уусан зардал 1738008 төгрөгийг гаруулахаар материалыг хэрэгт хавсаргасан нь талийгаачийн оршуулгаас өмнөх зардал тул гаргуулах боломжгүй юм.
Миний хувьд оршуулгын зардалд 17085000, эмчилгээ зардалд 808000, нийт 17893978 төгрөгийг Х-ын оршуулгын болон эмчилгээний зардалд зарцуулсан гэж үзсэн. Анхан шатны шүүх 30847608 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна.
Талийгаач Х-ны эмчилгээний зардалд 9440550 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс Хэнтий аймагт хагалгаанд орсон гэх 5000000, Хэнтий аймгаас Хятад улс руу явсан зардал 2498202 төгрөгийн баримтууд хэрэгт байдаггүй тул хохирлоос хасч тооцох нь зүйтэй. Мөн цаашид эмчилгээ хийлгэх зардал 3749760 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнийг бодит заралд тооцож гаргуулахгүй байх нь зүйтэй. Ингээд Талийгаач Х-ны эмчилгээний болон оршуулгын зардалд нийт 1942348 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Анхан шатны шүүхээс 1923000 төгрөгийг гаргуулсан бөгөөд энэ талаар маргаан байхгүй.
Гэмт хэргийн улмаас БНХАУ-ын иргэн W-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Эмчилгээний зардалд нийт 84387610 төгрөгийг нэхэмжилсэн. Цаашид хийлгэх эмчилгээний зардалд 4144000 төгрөг нэхэмжилснийг шүүхээс гаргуулаагүй нь зөв байна. Мөн цалингийн зөрүү 6200995 төгрөгийг нэхэмжилсэн. W нь залуучуудын үйл ажиллагааны төвд ажилладаг гэсэн тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан боловч энэ нь цалингийн зөрүүг гаргахад хангалттай нотлох баримт болж чадахгүй, хөдөлмөрийн гэрээ, цалингийн хүснэлт зэрэг нотлох баримтуудыг ирүүлээгүй. Үүнийг анхан шатны шүүхээс гаргуулаагүй нь үндэслэлтэй байна. Ингээд W-ийн гэмт хэргийн улмаас хохирсон бодит зардалд 2622295 төгрөгийг анхан шатны шүүхээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Мөн гэмт хэргийн улмаас Q -ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Эмчилгээ 5499132 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс бодит хохиролд 2977695 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Миний зүгээс 2625220 төгрөгийг бодит зардалд тооцсон. Гэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.
А- нь Хэнтий аймаг дахь “Х” ТӨХК--ийн буруутай байж болзошгүй нөхцөл байдлаас үүдэн анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргээс учирсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлж барагдуулсан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, А- нь эмч мэргэжилтэй учир хохирогч нарт анхан шатны тусламж үзүүлж хагалгаанд яаралтай хийх нөхцөл боломжоор хангаж, Хэнтий аймагт эмчлүүлсэн эмчилгээний зардлуудыг бүрэн хариуцаж, БНХАУ-н хилээр гаргасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс А-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа учир мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар А-т оногдуулсан тэнсэн харгалзах ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү гэжээ.
Иргэний хариуцагч Хэнтий аймаг дахь “Х” ТӨХК--ийн өмгөөлөгч Б.Болортунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хохирогч нарын зүгээс Хэнтий аймаг дахь “Х” ТӨХК--ийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн осол гаргасан гэж гомдол гаргаагүй.
Хэнтий аймаг дахь “Х” ТӨХК- нь Хэнтий аймгаас Дорнод аймгийн чиглэлд 297 киломерт замыг тавьж ашиглалтад өгсөн бөгөөд жилдээ эвдрэл гэмтлийн улмаас 200 тооны нүх зам дээр гардаг. Уг эвдрэл гэмтлүүдийг засахын тулд тусгай график гаргаж Зам тээврийн яамаар оруулж төсөв батлуулдаг учир тэр болгон засвар хийгээд байх боломжгүй байдаг. Осол гарсан гэх Хэнтий аймгаас зүүн урагш байх 16 киломерт замын хувьд 2008 оны төсөл төлөвлөгөөнд орж 6-7 сард засахаар төлөвлөгдсөн хуучин зам байсан. Иймд осол гарахад Хэнтий аймаг дахь “Х” ТӨХК--ийн буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй гэж үзэж байна.
А- нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж заасны мөрдөөд явсан бол осол гарахгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч А- давж заадлах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг гарахад зам ангийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэсэн шинжээчийн хоёр удаагийн дүгнэлт гарсан. Дээрх дүгнэлтүүдийг мэргэжлийн хүмүүс ослын газарт хэмжилт хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Замын эвдрэл гэмтлийн улмаас жирийн иргэн амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирч байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: А- нь тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлсэн, гэм буруугаа хүлээн зөршөөрч шүүхээс тогтоосон хэмжээгээр хохирлыг төлж барагдуулсан, мөн хохирол төлөхөө илэрхийлсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэж А-т тэнсэн харгалзах ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ар-ын өмгөөлөгч Г-ийн гаргасан давж заалдах гомдлын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар А-т холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулснаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад эрүүгийн гэмт хэрэгт нотолбол зохих “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” байдлуудыг нотолсон байхыг шаарддаг билээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэж заасан байдаг.
Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 29, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 489 тоот дүгнэлтүүдэд /1хх 100-101, 107-108/ “Зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч, хохирогчдын өгсөн мэдүүлэг зэргээс үндэслээд уг осол, хэрэг гарахад тээврийн хэрэгсэлийн зорчих хэсэг дээр үүссэн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлтэй байх бөгөөд “Х” ТӨҮГ-ын ажилтан, албан тушаалтан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3-д “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээр хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэл байна гэж тусгасан байна.
Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтүүдэд замын эвдрэл нь зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлсөн талаар нарийвчлан тодорхойлж тусгаагүй байна гэсэн дүгнэлт хийсэн хэрнээ, прокурорын яллах дүгнэлтэд дурьдагдаагүй Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх хэсгийн “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгон явна” гэсэн заалтаар шүүгдэгчийг буруутгажээ.
Эдгээрээс дүгнэлт хийхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг гарахад замын эвдрэл нөлөөлсөн эсэх, тухайн эвдрэлийг засч, цэвэрлэх үүрэг бүхий “Х” ТӨХК- гэм буруутай эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ар-ын өмгөөлөгч Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг энэ удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хэнтий аймгийн Прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Я.АЛТАННАВЧ
Б.ДЭНСМАА