| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/04342/И |
| Дугаар | 183/ШШ2023/00405 |
| Огноо | 2023-01-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 183/ШШ2023/00405
2023 оны 01 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2023/00405 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С дүүрэг, 42 тоотод байрлах, Ж ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, 67 тоотод оршин суух, Б овогт З.Ш /РД:*********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: худалдан авсан бараа, бүтээгдэхүүний төлбөрт 1 419 340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С,
Гэрч: Б.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.
Хариуцагч З.Ш нь товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд ямар нэгэн хүсэлт, санал ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч З.Ш-д холбогдуулан худалдан авсан бараа, бүтээгдэхүүний төлбөрт 1 419 340 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 19 цагийн үед иргэн З.Ш нь найзуудтайгаа манай баараар үйлчлүүлсэн ба шөнийн 2 цагийн үед гарахдаа тооцоогоо хийлгүй гарч явсан юм. Гарахаас нь өмнө манай ажилчид эелдгээр маш олон удаа тооцоогоо хийхийг сануулсан ч иргэн З.Ш нь манай ажилчид руу зэрлэгээр дайрч айлган сүрдүүлсэн бөгөөд амь насанд нь заналхийлэн 1 419 340 төгрөгийн тооцоогоо хийлгүй гарч зугтаасан тул төлбөрийг гаргуулж өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. З.Ш нь найзуудтайгаа орж ирж юм захиалж авсан бөгөөд манайх тооцоогоо хийх үү гэх байдлаар байнга түүнд сануулж байсан. Учир нь манайх өндөр үнийн дүнтэй ширээгээ алдаж магадгүй гэж сэргийлж байн байн тооцоогоо хийх талаар сануулдаг. Ингээд зөөгч хүүхэд ширээнд нь очих болгонд тэднийг удахгүй хийнэ, байн байн битгий ирээд бай гээд уурлаад бас хийчихнэ гээд байгаа юм биш үү гээд айлгаад байсан. Тэгээд энэ тооцоог хэн хийх вэ гэхэд хариуцагч З.Ш нь би хийчихнэ, санаа зоволтгүй гэсэн болохоор олны танил хүн болохоор нь итгэсэн. Гэтэл хамт байсан найз нөхөд нь нэг нэгээрээ яваад сүүлд нь З.Ш үлдсэн, зөөгч хүүхэд тооцоогоо хийхгүй байна гэж манай менежерт хэлсэн бөгөөд манай менежер тооцоогоо хийнэ үү гэж З.Шд шаардлага тавихад хийх гэж байхад, хийчихнэ гээд уурлаад сүрдүүлж айлгаад гараад явсан тул манай менежер ямар нэгэн үйлдэл хийж чадаагүй, тооцоогоо авч чадаагүй. Олны танил хүн болохоор эргээд ороод ирэх байх, тооцоогоо хийчих байх гэж хүлээсэн. Гэтэл ирээгүй учраас л шүүхэд хандахад хүрсэн. Тухайн өдөр камерын бичлэг бичигдээгүй байсан. Тиймээс эдгээр үйл явдлыг тухайн үед ажиллаж байсан зөөгч, менежер нар нотолно. Бас З.Штай хамт байсан хүмүүс нь нотлох байх. Бид тооцоогоо би хийнэ гэсэн учраас З.Шас нэхэмжилж байгаа, олны танил хүн учраас тухайн үед цагдаа дуудаагүй, итгэсэн байсан юм гэв.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн LOCO restaurant захиалгын баримт, Ж ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.Солонгод олгосон итгэмжлэл /хэргийн 2-4, 19-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч З.Шд холбогдуулан 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр манай ресторанаар үйлчлүүлж 1 419 340 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн буюу уух зүйлсийг авсан боловч төлбөрөө төлөөгүй гэж худалдан авсан бараа, бүтээгдэхүүний төлбөрт 1 419 340 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч З.Ш нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж ХХК нь цайны газрын үйл ажиллагаа эрхэлдэг болох нь шүүхэд ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн №000210790 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд хариуцагч З.Ш нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр уг цайны газар буюу ресторанаар үйлчлүүлж, нийт 1 419 340 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн захиалан авсан болох нь захиалгын хуудас, гэрч Б.Д-ийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэв.
5.Хариуцагч З.Ш нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гардаж авч, эрх үүрэгтэй танилцаж, баримтад гарын үсгээ зурсан, нэхэмжлэлийг гардан авч хариу тайлбараа хуульд заасан хугацааны дотор буюу 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлэх үүрэгтэй байсан боловч ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна.
6. Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Хариуцагч З.Ш нь нэхэмжлэгчээс 1 419 340 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг захиалан авсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, захиалгын хуудас, гэрч Б.Д-гийн “...тухайн өдөр би ширээнд зөөгч хийж байсан, З.Ш их уух юм авсан учраас санаа зовоод төлбөрөө төлөөрэй гэж хэлэхэд би төлчихнө, байж бай, битгий байн байн ирээд бай гээд загнаад байсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй, хариуцагч нь захиалан авсан бараа, бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” бөгөөд хариуцагч нь тус дүүргийн шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа, татгалзаж байгаа эсэх талаарх хариу тайлбар, татгалзлын үндэс болох нотлох баримтаа хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй, энэ хууль болон Үндсэн хуулинд заасан хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасан үүргээ хариуцагч З.Ш нь биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-д “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчаас худалдан буюу захиалан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрт 1 419 340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Тус дүүргийн шүүхээс хариуцагч З.Шд түүний холбогдох утасны дугаар болох 93*****00 дугаарын утсаар нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 16 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг нээхэд ямар нэгэн санал хүсэлт ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37 660 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ш-аас улсын тэмдэгтийн хураамжид 37 660 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч З.Ш-аас 1 419 340 гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37 660 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ш-аас улсын тэмдэгтийн хураамжид 37 660 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН